| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07725/И |
| Дугаар | 102/ШШ2017/00262 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2017/00262
2017 оны 01 сарын 18 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00262 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Согинохайрхан дүүргийн 29-р хороо, Москва хороолол, 131/5-р байр 51 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ТГ47060207, Боржигон овогт Жамсрангийн Дарьхандын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, Замчдын гудамж, 46-р байр 77 тоотод оршин суух, регистр ЧЗ71041607, Олхонууд овогт Сампилын Дэлгэрт холбогдох 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэдээ: Миний бие 1996 онд С.Дэлгэр хэмээх бүсгүйд 1 300 000 төгрөгөө зээлдүүлсэн юм. Тэрбээр Холбооны бүгд найрамдах Герман улсын сургуульд явахад мөнгөний хэрэг гарлаа гэж зовлон тооцож, миний амин зуулгын тулгуур болсон дээрх мөнгийг авсан. Намайг дагуулан банкны салбарт очиж, 1 300 000 төгрөгийг минь тэр үеийн ханшаар 5000$ болгон солиулж аваад надтай хэлцлийн гэрээ бичиглэн хийж, Германд намайг урих, ирж очихын зардал даах, автомашин авч өгөх зэрэг амлалтаа бичиглэн үлдээсэн билээ. С.Дэлгэр нь Германд очсоноос хойш хэл сураггүй болсон тул миний бие 1998 онд Берлин хотноо арга буюу очсон минь өрөө нэхэх гагцхүү зорилго агуулсан. С.Дэлгэр намайг гэртээ оруулалгүй гудамжинд гурав хонуулаад, онгоцны буудал дээр төөрүүлээд, өөрөө зугтсан. Би цагдаад баригдаж, визний хугацаа хэтэрүүлсэн гэх үндэслэлээр тэндэхийн шоронд бүтэн 25 хоног хоригдсон. Эцэж туйлдаж сайн санаатны дэмээр эх орондоо ирсэн. С.Дэлгэртэй холбоо барих гэхээр утсаа авдаггүй байлаа. Ингэснээр он цаг явсаар 20 жилийг өнгөрөөв. С.Дэлгэрийн эх оронд буцаж ирснийг 2013 онд мэдээд түүнтэй уулзаж мөнгөө нэхсэн ч ямар ч мөнгө өгөлгүй өнөөдрийн хүрсэн. 1996 онд 1 300 000 төгрөг минь тэр үеийн ханшаар 5000$ болж байсныг дахин дурьдъя. Энэ мөнгөөр би орон сууц авах байсан юм. Амьдралын тулгуур мөнгөө С.Дэлгэрт залилуулсан би орон сууцгүй, аж төрөх баталгаагүй ядарч зүдэрч явна. Харин С.Дэлгэр миний дээрх мөнгөөр бэл хийж хөлжиж баяжсаныг ойр тойрны хүмүүс мэднэ. Хэдий багаар бодход 10 000 000 төгрөгийн хохирол учирсан болно. С.Дэлгэрт орон сууц худалдан авах байсан мөнгөө би итгэж зээлүүлсэн. Иймд С.Дэлгэрээс 10 000 000 төгрөг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд иргэн Ж.Дарьханд нь хариуцагч С.Дэлгэрт холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан иргэний хэрэгт нэхэмжлэгч Ж.Дарьхандын эрхийг хамгаалж хуульд заасны дагуу өмгөөлөгчөөр оролцож байгаа билээ. Өмгөөлөгч миний бие нь хавтаст хэргийн материалтай уншиж танилцсан бөгөөд хуульд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Дарьханд нь С.Дэлгэрт холбогдуулан 10 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Дарьханд нь С.Дэлгэрт холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр хэдийд ч нэхэмжлэлээ татан авч болох бөгөөд энэ нь 2017 оны 1-р сарын 17-ны өдөр нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгч Ж.Дарьханд нь нэхэмжлэлээ татан авах нь нэхэжлэлээсээ татгалзаж байгаа хэлбэр тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.Дэлгэрт холбогдох 10 000 000 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Ж.Дарьханд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА