| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2020/0075/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Энэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Чулуунгэрэл
Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт О.Х-д холбогдох эрүүгийн 2019000000083 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О.Х,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, сумын төвд 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Д-ын нүүрэн тус газарт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би найзтайгаа хамт ... соёлын төвийн хойгуур явж байтал хохирогч биднийг гэрийнхээ гаднаас дуудсан. Бид хоёртой мэндлэх гэж дуудсан юм байна лээ. Би тухайн үед согтуу байсан учраас “Ахын дүү” гэж хэлснээс нь болж маргалдсан.Гэм буруугаа ойлгож байна,нотлох баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлнө” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр амралтын өдөр байсан ба Сайншанд суманд ажлаар явж байгаад орой 18 цагийн орчимд сумандаа ирсэн. Суманд орж ирчихээд 19 цагийн орчимд өөрийнхөө гэр рүү орох гээд явж байтал манай сумын Хувьтөгөлдөр, Б нар нь мотоциклтой явж байгаад намайг дуудсан юм. Би тэр хоёрыг дуудахаар нь хашааныхаа үүдэнд зогсож байтал миний ард ирээд зогссон. Тэгээд Х нь мотоциклын араас бууж ирээд намайг хэл амаар доромжилж, чиний Засаг даргын тамгын газарт ажилладаг чинь хамаагүй шүү, удмаар чинь хүйс тэмтэрнэ шүү гэж хэлээд намайг цохих гэж оролдсон. Би тэр үед Х-ийн гарыг барьж заамдахад Х бас намайг зөрүүлж заамдсан. Х надтай зууралдаж байх хооронд Б нь мотоцикл дээрээ суугаад байсан. Х надтай ноцолдоод дийлэхгүй болохоороо Б-д хандан, Б чи яваад Э-г аваад ир гэж хэлэхэд Б нь мотоциклиороо явж Э-г авч ирсэн. Э нь Х бид хоёр дээр ирээд, за больцгооё, одоо ингээд салъя гээд намайг та гэррүүгээ орчих гэж хэлсэн. Тэгтэл Х миний фудболкны ар хэсгээс барьж аваад тавихгүй, намайг явуулахгүй байсан. Тэр үед миний баруун гар талд Э, зүүн гар талд Х нар зогсож байсан. Б нь мотоцикл дээрээ суугаад юу ч ярихгүй байсан. Яг энэ үед миний нүүрний дух хэсэгт Э, Х хоёрын нэг нь гараараа нэг удаа цохисон. Би яг хэн цохисныг нь харж чадаагүй. Энэ үед миний толгой манараад хойш унасан. Намайг хойшоо ухарч байхад энэ хоёр намайг үргэлжлүүлэн миний толгойн хэсэг рүү нилээн олон удаа цохисон. Миний толгой эргэж доош тонгойх үед Х нь миний нүүр рүү доороос нь өлгөж өшиглөсөн. Х намайг өшиглөхөд миний үүдэн 2 шүд хугарч, 1 хиймэл шүд хугарсан. Би шүд хугарчихлаа шүү дээ гэж хэлэхэд эдгээр хүмүүс нь намайг орхиж явсан. ...Х миний эрүүл мэндэд учирсан хохирлыг, эмчлэх зардлыг төлж барагдуулаагүй. Миний тооцсоноор 4 500 000 төгрөг болж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
Гэрч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мотоцикльд сундлаад соёлын төвийн ард ирэхэд Х, Д нар бие биенээ заамдаад муудалцаад зогсож байсан. Би мотоциклоос буугаад тэр хоёрыг салгасан. Тэгсэн ч гэсэн энэ 2 хоорондоо маргалдаад байсан. Улмаар Д-ыг дахиж зодолдох гээд Х рүү дайраад байхаар нь би Д-ыг түлхэж холдуулсан. Х нөгөө талаас нь гарч ирээд Д-ын нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн. Д газар суугаад гараараа амаа оролдоод өө шүд унагачихсан байна шүү дээ гэж хэлээд гэррүүгээ орсон” /хх-ийн 29 дүгээр хуудас/
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д Х-г тавихгүй дагаад яваад байсан. Тэгтэл Х Д-ын нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн” /хх- ийн 33 дугаар хуудас/
Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрээсээ гараад хашааныхаа дээгүүр өнгийж харахад манай хашааны гадна Х, Б 2 Д-тэй маргаан үүсгэн зогсож байсан. Х, Д нар тэврэлдээд зогссон байдалтай, Б мотоцикл дээрээ сууж байсан. ...Гэртээ ороод байж байтал мотоцикл ирж буй чимээ сонсогдсон. Би гэрээсээ гараагүй байж байгаад сүүлд гарахад Д нь хашаандаа орж ирээд утсаар яриад байгаа харагдсан. Тэгээд би юу болов оо, ахын дүү гэхэд намайг зодоод миний 2 шүд хугалаад хаячихлаа гэж хэлсэн” /хх-ийн 39 дүгээр хуудас/
Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эргэж гарч ирээд хашааныхаа үүдээр гарахад Д доошоо сууж байсан. Тэр үед Д амаа дараад байсан би бодохдоо эдгээрийн хэн нэгэн нь Д-ын шүд амруу нь цохьчихлоо гэж бодсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны 04/49 дугаартай “...Б.Д-ын биед үүдэн баруун дээр 1 дүгээр шүд хажуу хэсгийн эмтрэл, баруун дээд 2 дугаар шүд уг хэсгийн хугарал гэмтэл, духны дунд хэсэгт зулгаралт, духны баруун талд зулгаралт, хүзүүний зүүн талд, хүзүүний ар баруун хэсгээр зулгаралт, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтлийн үүдэн баруун дээр 1 дүгээр шүд хажуу хэсгийн эмтрэл, баруун дээд 2 дугаар шүд уг хэсгийн хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 11.51.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, дунхны дунд хэсэгт зулгаралт, духны баруун талд зулгаралт, хүзүүний зүүн талд, хүзүүний ар баруун хэсгээр зулгаралт, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 59 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн уедээ Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, сумын төвд 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Д-ын нүүрэн тус газарт өшиглөж, үүдэн баруун дээд 1 дүгээр шүд хажуу хэсгийн эмтрэл, баруун дээд 2 дугаар шүд уг хэсгийн хугарал духны дунд хэсэгт зулгаралт, духны баруун талд зулгаралт, хүзүүний зүүн талд, хүзүүний ар баруун хэсгээр зулгаралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр амралтын өдөр байсан ба Сайншанд суманд ажлаар явж байгаад орой 18 цагийн орчимд сумандаа ирсэн. Суманд орж ирчихээд 19 цагийн орчимд өөрийнхөө гэр рүү орох гээд явж байтал манай сумын Х, Б нар нь мотоциклтой явж байгаад намайг дуудсан юм. Би тэр хоёрыг дуудахаар нь хашааныхаа үүдэнд зогсож байтал миний ард ирээд зогссон. Тэгээд Хувьтөгөлдөр нь мотоциклын араас бууж ирээд намайг хэл амаар доромжилж, чиний Засаг даргын тамгын газарт ажилладаг чинь хамаагүй шүү, удмаар чинь хүйс тэмтэрнэ шүү гэж хэлээд намайг цохих гэж оролдсон. ...Миний толгой эргэж доош тонгойх үед Х нь миний нүүр рүү доороос нь өлгөж өшиглөсөн. Х намайг өшиглөхөд миний үүдэн 2 шүд хугарч, 1 хиймэл шүд хугарсан. Би шүд хугарчихлаа шүү дээ гэж хэлэхэд эдгээр хүмүүс нь намайг орхиж явсан. ...Х миний эрүүл мэндэд учирсан хохирлыг, эмчлэх зардлыг төлж барагдуулаагүй. Миний тооцсоноор 4 500 000 төгрөг болж байгаа” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мотоциклд сундлаад соёлын төвийн ард ирэхэд Х, Д нар бие биенээ заамдаад муудалцаад зогсож байсан. Би мотоциклоос буугаад тэр хоёрыг салгасан. Тэгсэн ч гэсэн энэ 2 хоорондоо маргалдаад байсан. Улмаар Д-ыг дахиж зодолдох гээд Х рүү дайраад байхаар нь би Д-г түлхэж холдуулсан. Х нөгөө талаас нь гарч ирээд Д-ын нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х Д-ын нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д нь хашаандаа орж ирээд утсаар яриад байгаа харагдсан. Тэгээд би юу болов оо, ахын дүү гэхэд намайг зодоод миний 2 шүд хугалаад хаячихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны 04/49 дугаартай дүгнэлт ,гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч О.Х-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдринй 04/49 дугаартай дүгнэлтээр“...Б.Д-ын биед үүдэн баруун дээд 1 дүгээр шүд хажуу хэсгийн эмтрэл, баруун дээд 2 дугаар шүд уг хэсгийн хугарал гэмтэл, духны дунд хэсэгт зулгаралт, духны баруун талд зулгаралт, хүзүүний зүүн талд, хүзүүний ар баруун хэсгээр зулгаралт, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд тогтоогдсон ба уг гэмтлийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч О.Х учруулсан болох нь тогтоогдсон, духны дунд хэсэгт зулгаралт, духны баруун талд зулгаралт, хүзүүний зүүн талд, хүзүүний ар баруун хэсгээр зулгаралт, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул эдгээр гэмтлийг өөр хэн нэгэн этгээдийн үйлдэлтэй холбон шалгах шаардлагагүй гэж үзлээ .
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны 04/49 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан “Шинжилгээ хийлгэх журам”-д нийцэж гарсан тул уг шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт гэж үзсэн болно. Дээрх шинжээчийн дүгнэлтийг хохирогчид танилцуулахад /хх-ийн 24/ дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэх ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна.
Иймд шүүгдэгч Ц овогт О.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/ улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч О.Х-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хохирогч шүүх хуралдаанд оролцох эрхтэй байна. Хохирогч Б.Д-д шүүх хуралдааны тов мэдэгдэхээр Дэлгэрэх сумын хэсгийн төлөөлөгч дэслэгч Б.Г-ын 9990**** дугаарын утсаар 2020 оны 07 сарын 24-ны өдөр холбогдож хохирогч байгаа эсэх талаар лавлахад Дэлгэрэх суманд байхгүй, өөр орон нутагт аяллаар явсан гэж мэдэгдсэн, хохирогчийн 965***** дугаарын утас луу шүүгчийн туслах Б.Бүжмаагаас 2020 оны 07 сарын 22,23-ны өдрүүдэд залгасан боловч холбогдож чадаагүй талаарх баримт, хохирогчийн ээж Т.О-ийн 9677**** дугаартай утсанд 2020 оны 07 сарын 27-ны өдөр холбогдож шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх ба хохирогч Б.Д хавтаст хэргийн 16 дугаар талд өгсөн мэдүүлэгтээ “...шүүх хуралдаанд оролцохгүй...” гэж мэдүүлсэн тул 2020 оны 07 сарын 28-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулахгүйгээр явуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд “...Х миний эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлэх зардлыг төлж барагдуулаагүй. Миний тооцсоноор 4500000 төгрөг болж байгаа. 1 хиймэл шүд төмөр холбогчтой,сүүлийн үеийн паалантай/ хугарсан. Тэр шүдийг би 2020 оны 1 сард Улаанбаатар хотод 1 сая төгрөгөөр хийлгэж байсан. Үндсэн 1 шүд хугарч, 1 шүд эмтэрсэн” гэж мэдүүлжээ. Хохирогч нь өөрт учирсан хохиролд 4500000 төгрөг нэхэмжилсэн боловч хугарсан шүдээ эмчлүүлэх,шинээр хийлгэх талаар ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй,энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ шийтгэх тогтоолоор хохирлыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Х нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 59/ тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц овогт О.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-д оногдуулсан 800000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Х нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6.Хохирогч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол,хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН