Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1085

 

 

 

 

 

 

 

 

2020            10            12                                       2020/ШЦТ/1085

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Н,            

Улсын яллагч О.П,  

Шүүгдэгч Г.М  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.М д  холбогдох 2008 000001343 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 8-311а тоотод оршин суух хаягтай, Б овгийн Г-ны М /РД:................../,

Холбогдсон хэргийн талаар :     

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гадаа сааданд иргэн Г.Б-гийг тодорхой шалтаг шалтгаангүйгээр зодож биед “хамар ясны хугарал, зүүн гуя, шилбэ, өвдөг зулгаралт, зүүн чихэнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь :    

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :    

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Г.М  нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Б-гийг тодорхой шалтаг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :     

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /х-2/,

-хохирогч Г.Б-гийн :...2020 оны 09 дүгээр сарын 02-ны орой би Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 5-125 тоот гэрийнхээ урд талын сааданд найз нартайгаа уулзаж байхад танихгүй хүмүүс машинтай ирээд нэг намхан хар хувцастай залуу машинаас бууж ирснээ манай найз М-той  хэрэлдээд зогсоод байсан... Гэртээ орчихоод 23 цаг өнгөрч байхад гэрийн нойл орох гээд явж байхад сааданд манай найз Энхномин орилоод байхлаар яваад очсон чинь нөгөө М-той  хамт яваад байсан охин энэ байна гээд миний хамар руу М  гэх залуу гараараа цохиод...элэгдэж цохиод...үснээс зулгаасан...би арай хийн мултраад гэр рүүгээ гуйж цагдаа дуудсан...Намайг цохиж зодож байхад хажууд хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-7-9/

- гэрч Н.Э “.... 2020 оны 09 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын саадан дээр М  бид хоёр архи уугаад байж байсан чинь саадан дээр машинтай хүмүүс ирээд М-той  маргалдаад байсан...М гийн найз охин гэх Б , М  бид гурав саадан дээр юм ярьж байгаад Б  гэр рүүгээ орлоо гээд яваад өгсөн чинь төд удалгүй нөгөө машинтай залуус ирээд дахиад М-той  маргалдахад М  зугтааад яваад өгсөн. Би ганцаараа сааданд  үлдсэн чинь нөгөө машинтай залуус нь намайг барьж аваад газар унагааж үснээс чирэхээр нь би орилж чаралсан чинь М гийн найз охин гэрээсээ гарч ирэхэд наадах чинь М гийн найз охин байна гээд Б ийг 1 залуу барьж аваад, үснээс чирч, газар унагаасан...гэх мэдүүлэг /хх-12/,   

- шинжээчийн дүгнэлт : Г.Б-гийн  биед хамар ясны хугарал, зүүн гуя, шилбэ, өвдөг зулгаралт, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.../х-20-21/,

- шүүгдэгч Г.М гийн...2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонхор гэх газрын сааданд М  гэх залуутай таарч, М  бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдаж эхэлсэн. Тэгсэн цаанаас нь нэг эмэгтэй гарч ирээд М г аваад явах гэхээр нь би нөгөө эмэгтэйг цохиод авсан, тухайн үед би хааш нь яаж цохисноо бол мэдэхгүй байна...Би Б ийн нүүрэн тус газар нь цохисон, түүний биед учирсан гэмтлийг би учруулсан...гэх мэдүүлэг /хх-57-58/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.         

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч, шинжээч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрчээ.   

Иймд шүүгдэгч Г.М г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч нь хохиролд 120.000 төгрөг авсан /хх-9/, шүүгдэгч нь хохирогчид нийт 170.000 төгрөг төлсөн тухайгаа тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, харин хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5  дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувиараа ажил эрхэлдэг, тээврийн хэрэгслийн өмчлөгч зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримт тус хэрэгт /х-29, 33-41/ авагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хөдөлмөр эрхэлдэг зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.                

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :     

     

1. Шүүгдэгч Г.М д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.М г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М д оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг Г.М д мэдэгдсүгэй.       

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогч нь  гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ :                            Г.ГАНБААТАР