| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2020/0076/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/80 |
| Огноо | 2020-09-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/80
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Х.Анхсүрэн,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Л.Х,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Л-ын Хд холбогдох эрүүгийн 2017000000082 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 06-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Шивээ-Овоо ХК-д гэрээт барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг Шивээговь сум, 1 дүгээр баг .......... дүгээр байр, ............... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Б овогт Л-ын Х /РД:............../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б овогт Л-ын Х нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт байх 14 дүгээр байрны 3 дугаар орц 36 тоотод байх гэртээ 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин 9 нас 8 сар 17 хоногтой Н.Пг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хувцасны халааснаас мөнгө авсан гэх шалтгаанаар зүүн дал, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуя хэсэгрүү нь будаа агшаагчны залгуураар ороолгож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Боржигон овогт Л-ын Х нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт байх 14 дүгээр байрны 3 дугаар орц 36 тоотод байх гэртээ 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин 9 нас 8 сар 17 хоногтой Н.Пг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хувцасны халааснаас мөнгө авсан гэх шалтгаанаар зүүн дал, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуя хэсэгрүү нь будаа агшаагчны залгуураар ороолгож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Л.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Миний халааснаас удаа дараа мөнгө алга болдог байсан. Охиноосоо авсан уу? гэж удаа дараа асуухад аваагүй гэж хариулдаг байсан. Тиймээс би зөндөө учирлаж хэлж байсан. Тэр орой хүнд өгөх ёстой байсан мөнгийг авчихсан байсан. Мөнгө авсан уу гэж асуухад үгүй гээд байсан болохоор гэнэт уур хүрч эвдэрсэн будаа агшаагчны залгуураар 2-3 удаа цохисон. Миний буруугаас болсон, маш их харамсаж байна гэв.
Насанд хүрээгүй хохирогч Н.П мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Манай ээж Х 2020 оны 08 дугаар сарын 19-ний орой 17 цагийн үед ажлаасаа гэртээ ирсэн. Тэгээд ээж гэрт зурагт үзэж байгаад унтаж байхад манай дүү Д надад ээжийн хувцасны халаасанд мөнгө байгаа гэж хэлсэн. Тэгээд би халаасыг нь үзсэн чинь 2 ширхэг 10 000 төгрөгний дэвсгэрт байхаар нь би 10 000 төгрөгийг нь авсан. Тэгээд гэрээсээ гараад төв талбайд зайрмаг зардаг хүнээс найз Аийн хамт 4 ширхэг зайрмаг 4000 төгрөгөөр, 2 ширхэг чихэр 400 төгрөгөөр, 2 ширхэг зүүлт тус бүрийг 1500 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд үлдсэн мөнгийг нь найз Аьт өгсөн. Тэгээд гэртээ орсон чинь манай ээж сэрчихсэн байсан. Ээж надаас мөнгө авсан уу гэж асуухаар нь би аваагүй гэсэн чинь ээж будаа агшаагчны залгуур нугалж бариад хэд хэдэн удаа нуруу болон зүүн гарлуу цохисон. Яг хэдэн удаа цохисон гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэгээд би Дөө надад зааж өгөөд би авсан гэсэн чинь ээж мөнгөө яасан гэхээр нь юм авч идээд илүү гарсан мөнгийг нь Аьт өгсөн гэж хэлсэн. Тэгсэн чинь ээж намайг аваад ир гэхээр нь би гэрээсээ гараад Аийн гэрт очсон чинь Аь байгаагүй тэгээд би гадаа тоглож байгаа гэртээ орох гэсэн чинь ээжээсээ айгаад хажуу талын орцонд байх Баагий ахын гэрт ороод аав, ээж дүү нарыг аваад явчихсан гэж хэлээд гэрт нь хоносон...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/
Насанд хүрээгүй гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би 2020 оны 08 дугаар сарын 19-ний орой ээж ажлаасаа ирсэний дараа буйдан дээр сууж байгаад үүдрүү харсан чинь П эгч ээжийн халааснаас 10 000 төгрөг аваад гараад явсан. Тэгээд ээж унтаж байгаад сэрээд халаасанд байсан мөнгөө хайгаад байхаар нь би ээжид П эгч авсан гэдгийг нь хэлсэн. Тэгээд ээж П эгчээс мөнгө авсан уу гэсэн чинь эгч аваагүй гээд байхаар нь ээж уурлаад будаа агшаагчны залгуураар 3 удаа П эгчийг зүүн талынх нь гарлуу ороолгосон. Манай ээж заримдаа загнадаг болохоос зодож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/
Гэрч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би өчигдөр орой 21 цаг өнгөрч байхад ээж Ө-ийн хамт гэртээ байж байсан чинь гаднаас Г ахын охин П манай гэрт ороод ирсэн. Тухайн үед ээж унтчихсан байсан юм. Тэгээд манай гэрт орж ирээд ээж аав 2 ажилтай байгаа танайд хоночих гэсэн гэхээр нь би дүү нар чинь хаана байгаа юм гэсэн чинь ээж дагуулаад явсан гэхээр нь би аав ээжтэйгээ ярьсан юм уу гэхэд ээж утасгүй, аавын утас унтраалттай байгаа гэсэн. Тэгээд би зурагт үзэж байгаад гал тогооны өрөөндөө ор засаад унтсан. Тэгээд өглөө ээж сэрээд энэ хүүхэд манайд хоносон юм уу одоо гэртээ харь эцэг эхийн чинь санаа зовж байгаа гээд өглөө 08 цаг өнгөрч байхад гаргасан. Тэгсэн чинь байж байгаад манай гэрт хүн байхгүй байна гээд ороод ирсэн. Тэгээд манай гэрт байж байсан чинь гаднаас манай дүү Эрхэс орж ирээд чамайг ээж чинь хайгаад байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Х их шударга зантай сэргэлэн, амьдралын төлөө аль болох бүтхээрээ зүтгэж байдаг хүүхэн юм. Бусдад их тусархуу, нэг ажил эхлүүлсэн бол заавал дуусч байж салдаг их тууштай хүн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Манай найз Х их шаргуу хөдөлмөрч, шударга зантай хүн байгаа юм. Бусдад их тусархуу, шударга хурц ааштай нэг ажил эхлүүлсэн бол заавал дуусгадаг. Уг нь тэгэж их уурлаад хүүхдээ зодож цохиод байдаггүй юм. Хүүхэд нь урд нь удаа дараа халааснаас нь мөнгө авч байсан юм байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/
Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 259 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд:
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, гэрэл зургийн үзүүлэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 61-78, 81-83/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, насанд хүрээгүй хохирогч Н.Пгийн төрсний гэрчилгээний хуулбар, /хх-ийн 48, 53/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хохирогч Н.П, насанд хүрээгүй гэрч Г.Д, гэрч Ө.Б нарын мэдүүлэг болон яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №259 дугаартай дүгнэлт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч, яллагдагч нарын хүсэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх шүүгдэгч Л.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Учир нь : Гэр бүлийн хамаарал бүхий, бага насны хүүхэд, биеэ хамгаалах чадваргүй гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... гэр бүлийн гишүүн, тэдгээрийн асран хамгаалалтанд байгаа этгээд, мөн гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт ... тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд... гэр бүлийн хамаарал бүхий, бага насны /12 настай/ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 2017000000082 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн будаа агшаагчны залгуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Л-ын Хыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны, биеэ хамгаалах чадваргүй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуу мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2,
1.4- дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хар өнгийн будуу агшаагчны залгуур 1 ширхэгийг устгасугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ