Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/00336

 

2017 оны 01 сарын 25 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00336

Улаанбаатар хот

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 45А байрны 33 тоотод байрлах оршин суух, регистр ЙК83090713, Боржигон овогт Дамбын Батжаргалын  нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 3-р хороолол, 77-р байрны 4-7 тоотод  оршин суух, регистр ХВ64052722, Монгол овогт Норовын Энхжаргалд холбогдох 3 470 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр, хариуцагч Н.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл  нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.Батжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэдээ: Би 000378146 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, 71-р байрны 1102 тоотын 56,1 квадрат метр талбайтай 2 өрөө бүхий орон сууцыг 2015 оны 05-р сарын 21 нд Н.Энхжаргалтай Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулан түрээслүүлсэн. Гэрээнд сарын байрны түрээсийг 600000 төгрөгөөр тохиролцож бусад хэрэглээний зардлуудлыг түрээслэгч тал төлөхөөр тохиролцон байрандаа оруулж, гэрээний 3 сарын хугацаа дуусахад Н.Энхжаргалын хүсэлтээр хөлслүүлсэн. Төлбөрийг сар бүр урьдчилан төлөхөөр тохиролцсон байсан боловч Н.Энхжаргал нь байнга дутуу өгч явсаар байгаад 2016 оны 06-р сарын 23-нд 3 400 000 төгрөгийн төлбөр үлдсэн. Мөн Н.Энхжаргалыг эрэн сурвалжлуулах ажилд төлсөн 70200 төгрөг нийт 3 470 000 төгрөг болсон. Байрны түрээслэх гэрээ хийсэн цагаас эхлэн өнөөг хүртэл Н.Энхжаргалтай байрны төлбөр төлөх талаар маш олон удаа шаардаж байсан боловч маргааш, нөгөөдөр өгнө, төмөр замаас мөнгө орж ирэхээр өгнө гэх зэргээр удаа дараа шалтаг тоочин хохироосон. Иймд Н.Энхжаргалаас байр түрээслэсэн төлбөрийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 3 470 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

            Хариуцагч Н.Энхжаргал хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Батжаргалын нэхэмжилсэн байрны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3 470 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би байрны түрээсийн төлбөрөө цаг тухайд нь бүрэн төлж чадалгүй ийм төлбөр гаргаж Д.Батжаргалыг хохироосондоо харамсаж байна. Би Д.Батжаргалд  3 470 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч  Д.Батжаргал нь Н.Энхжаргалд холбогдуулан 3 470  000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх шатанд хариуцагч Н.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлага 3 470 000  төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Батжаргалын нэхэмжлэлийн шаардлага 3 470 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Н.Энхжаргалын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 470 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Н.Энхжаргалаас 35 235  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА