Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/280

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт Д-д холбогдох эрүүгийн 1921003970293 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын ..........-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг, ...................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ........... овогт Д. /РД: ................./

 

Шүүгдэгч Д нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт орших ойд зохих зөвшөөрөлгүйгээр 119.336 /нэг зуун арван есөн мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг шинэс, 20 ширхэг нарс буюу нийт 40 ширхэг 1.3784 м3 хэмжээтэй мод бэлтгэсэн, дээрх зөвшөөрөлгүй бэлтгэсэн хэрэглээний модыг ******* ДОА улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэв.

Иргэний нэхэмжлэгч Р.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Д, ******* нарын байгаль экологид учруулсан 119.336 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэжээ. /хх-ийн 26-27 тал/

Гэрч Р.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Баян-Уул суманд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй, байгаль хамгаалагчийн ажлыг одоо 3 дахь жилдээ хийж байна. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баян-Уул сумын Сум дундын ойн ангиас иргэд болон Аж ахуйн нэгж байгууллагуудад мод бэлтгэх талбай тусгаарлах, мөн хяналт шалгалт хийх ажлаар хөдөө явсан юм. Экологийн асуудал хариуцсан байцаагч Ж.*******, ойн ангийн инженер А.*******, байгаль хамгаалагч Б.*******, ойн ангийн жолооч Б.******* нарын хамт Баян-Уул сумын 1, 6 дугаар багийн ой, мод бүхий газраар явж байхад ой модон дотроос цагаан өнгийн “Портер” маркийн мод ачсан тээврийн хэрэгсэл гараад ирсэн. Очоод шалгатал Баян-Уул сумын 5 дугаар багийн иргэн Д, эхнэр Б.*******ын хамт 40 ширхэг бөөрөнхий мод аччихсан явж байсан. Ингээд тэр хоёрыг дагуулаад мод бэлтгэсэн газар дээр нь очиход 8 ширхэг босоо нарс мод унагаж бэлтгэсэн байсан. Энэ үед ой нээгдсэн байсан боловч иргэд, аж ахуйн нэг байгууллагуудад мод бэлтгэх эрхийн бичиг олгогдоогүй байсан...” гэжээ. /хх-ийн 36-37 тал/

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ой модон дотроос цагаан өнгийн мод ачсан тээврийн хэрэгсэл гараад замд явж байхад нь очиж шалгасан. Тэгсэн чинь Баян-Уул сумын 5 дугаар багийн иргэн Д, эхнэр Б.*******ын хамт мод аччихсан явж байсан. Тэр хоёрыг дагуулаад мод бэлтгэсэн газарт очиход 8 ширхэг босоо мод унагаж бэлтгэсэн байсан. Энэ үед ой нээгдсэн байсан боловч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад мод бэлтгэх эрхийн бичиг олгогдоогүй байсан. Тийм болохоор тэдгээр хүмүүс мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар босоо мод унаган тайрч бэлтгэн машиндаа ачиж яваад үйлдэл дээрээ баригдсан тул цагдаагийн газраар шалгуулж, зохих хуулийн дагуу арга хэмжээ тооцуулах гэж хандсан...” гэжээ. /хх-ийн 38-39 тал/

Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтэд:

1. 20 ширхэг шинэс төрлийн хэрэглээний бөөрөнхий мод, 0,5193 м3, 20 ширхэг нарс төрлийн хэрэглээний бөөрөнхий мод, 0,8591 м3 байна.

2. Дээрх 20 ширхэг шинэс, 20 ширхэг нарс төрлийн бөөрөнхий моднууд нь 2020 оны 04 дүгээр сарын 15-нд Баяндун сумын нутаг дэвсгэрээс Баян-Уул сумын нутаг руу орж ирсэн ой хээрийн түймэрт өртөж шатсан ургах чадваргүй модыг тайрч бэлтгэсэн байна. Гэхдээ бүрэн хатаагүй нойтон моднууд байна.

3. Баян-Уул сумын 1 дүгээр баг “*******” гэх газар нь аль ч ашиглалтаар мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй байсан.

4. Мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй. Эхлэл төгсгөлийн акт, технологийн карт үйлдэгдээгүй.

5. 2-р муж, ашиглалтын бүсийн ойд хамаарна. 2018 оны ойн тооллогын материалыг үндэслэв.

6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор:

Бэлтгэсэн мод нь хэрэглээний бөөрөнхий мод, гуалин учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1,8 шууд үр ашгийн 2-р мужийн ургах экологи-эдийн засгийн үнэлгээ нь 48098 төгрөг байна.

0,8591м3+0,5193м3=1,378м3 модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь 40 ширхэг мод 1,3784м3х1,8х48098=119336,90976 төгрөг болно...” гэжээ. /хх-ийн 42-45 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13 тал/

- Прокурорын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4/65, 64 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 14-15, 18-19 тал/

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 17, 21 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 46-47 тал/

- “Hyundai Porter” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 70 тал/

- Д-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-30, 58-60 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч .............овогт Д нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг  “*******” гэх газарт орших ойд зохих зөвшөөрөлгүйгээр 119.336 /нэг зуун арван есөн мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг шинэс, 20 ширхэг нарс буюу нийт 40 ширхэг 1.3784 м3 хэмжээтэй мод бэлтгэсэн, дээрх зөвшөөрөлгүй бэлтгэсэн хэрэглээний модыг “Hyundai Porter” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, ирэгний нэхэмжлэгч Р.*******, гэрч Р.*******, Б.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, прокурорын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4/65, 64 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, “Hyundai Porter” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Д-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Д-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мяна/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан боловч шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Д-ын хууль бусаар бэлтгэсэн 20 ширхэг шинэс, 20 ширхэг нарс буюу нийт 40 ширхэг 1,3784 м3 хэмжээтэй модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 119.336 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 358.008 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai Porter” маркийн ******* ДОА улсын дугаартай 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, мөн “YD-81” загварын 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий мод хөрөөддөг автомат хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1.3784м3 хэмжээтэй 20 ширхэг шинэс, 20 ширхэг нарс буюу нийт 40 ширхэг 119.336 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий модыг тус тус хураан авч, гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 358.008 төгрөгийг нөхөн төлүүлж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй ба хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai Porter” маркийн ******* ДОА улсын дугаартай 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, мөн “YD-81” загварын 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий мод хөрөөддөг автомат хөрөө зэрэг нь шүүгдэгч Д-д, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1.3784м3 хэмжээтэй 20 ширхэг шинэс, 20 ширхэг нарс буюу нийт 40 ширхэг 119.336 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий мод нь Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт тус тус хадгалагдаж байгаа болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai Porter” маркийн ******* ДОА улсын дугаартай 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, мөн “YD-81” загварын 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий мод хөрөөддөг автомат хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1.3784м3 хэмжээтэй 20 ширхэг шинэс, 20 ширхэг нарс буюу нийт 40 ширхэг 119.336 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий мод зэргийг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4/65, 64 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Дын ЖВ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........... овогт Д-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Прокурорын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4/65, 64 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн эзэмшлээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai Porter” маркийн ******* ДОА улсын дугаартай 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, мөн “YD-81” загварын 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий мод хөрөөддөг автомат хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1.3784м3 хэмжээтэй 20 ширхэг шинэс, 20 ширхэг нарс буюу нийт 40 ширхэг 119.336 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий мод зэргийг хураан авч, гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 358.008 төгрөгийг нөхөн төлүүлж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авсугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 4.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д-аас гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохирол 358.008 төгрөг /экологи эдийн засгийн үнэлгээ болох 119.336 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/-ийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

6. Хэрэгт эд хөрөнгөөр битүүмжлэгдсэн шүүгдэгч Д-ын өмчлөлийн “Hyundai Porter” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хөрөө зэрэг нь шүүгдэгч Д-д, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1.3784м3 хэмжээтэй 20 ширхэг шинэс, 20 ширхэг нарс буюу нийт 40 ширхэг мод нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт тус тус хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д-ын ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ