Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/282

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Д-д холбогдох эрүүгийн 2021000000288 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Дорнод аймгийн Халхгол сумын ................. багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 390.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн боловч уг торгуулийг нөхөн төлөөгүй, ......... овогт Д. /РД: ............../

Шүүгдэгч Д нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Чойбалсангийн 3 дугаар гудамж 13 тоот хашаанд байрлах иргэн Э-н монгол гэрт нэвтэрч, 250.000 төгрөгийн үнэ бүхий Монел маркийн 39 инчийн зурагт 1 ширхэг, 40.000 төгрөгийн үнэ бүхий “Цацраг Трейд”-ийн зурагтын антенн хулгайлсан,

- мөн 2020 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн С-н өмчлөлийн 600.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Note-9” маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч авах замаар залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…гэв.

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед том охинтойгоо гэртээ ирэхэд манай нөхөр ******* гэртээ унтаж байсан. Тэгээд харахад манай хойморт байсан 39 инчийн “Монел” маркийн өнгөт зурагт, удирдлага, мөн  Цацраг тредийн төхөөрөмж болон манай хойно газар дэлгээстэй байсан цэцэгтэй ногоон өнгийн зузаан орны бүтээлэг зэрэг байхгүй байсан. ...Намайг гэрээсээ явахад түлхүүр маань зүгээр хэвийн ажиллагаатай байсан харин гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож нь түлхүүр хэрэглэхгүй гараар татаад онгойдог болчихсон байсан...“Монел” маркийн 39 инчийн зурагтаа 400.000 төгрөгөөр 2019 онд, Цацраг трейдийн төхөөрөмжөө 70.000 төгрөгөөр тус тус худалдаж авч байсан. ...алдагдсан зурагт, Цацраг трейдийн төхөөрөмж, орны бүтээлэг зэргээ хүлээж авлаа. ...Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 22-24 тал/

Хохирогч С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр таксины тооцоо хийгээд зогсож байтал үл таних залуу гартаа нэг том пиво барьчихсан араас над руу хандаж мэндлээд “тамхи байна уу” гэхэд нь тамхи гаргаж өгөөд бид хоёр бетонон дээр суунгаа тамхилаад танилцахад надад өөрийгөө Халхгол сумын Ууганаа /Д/ гэж танилцуулсан. Ингээд яриа өрнүүлж 2 том пиво ууж дуусгаад Ууганаа гэх залуу  “Маргааш өглөө эхнэр хүүхдээ дагуулаад манай морины уяан дээр оч, аймгийн төвөөс ойрхон, одоо харин манай хадам ээжийнд очиж амаръя” гэхэд нь би зөвшөөрөөд тэндээсээ такси аваад хороолол дундуур яваад нилээн хол хашаагүй, задгай айлд очоод бууцгаасан. Нөгөө Ууганаа гэх залуу тэр айлын гэрийн хаалгыг нүдээд тавихгүй болохоор нь “манай ахых энэ урд ойрхон байдаг, ахыг дуудаж хаалгыг нь тавиулъя, намайг согтуу болохоор тавихгүй юм шиг байна” гээд миний  гар утсыг аваад байхгүй болчихсон. Тэгээд би тэр залууг ирчих байх гээд 20 гаруй минут хүлээж байтал нэг машин миний хүлээж байсан айлын хойно зогсоод дотроос нь хүмүүс буугаад хойд хашаа руу ороход нь би тэр таксины жолоочийн утсаар цагдаад дуудлага өгсөн. Их л итгэл олж үнэмшүүлж байсан. Миний гар утсыг аваад явна гэж санаагүй. Миний хар өнгийн хавтсан гэртэй, “Самсунг нөүт-9” маркийн хар өнгийн, давхар шилэн наалттай, шилэн наалт нь нарийн цуурсан  зураастай гар утас байгаа. 1200.000 төгрөгөөр үнэлнэ. ...Алдсан утсаа буцааж авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх-ийн 57-59 тал/

Иргэний нэхэмжлэгч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрийн ажиллуулдаг Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* тоотод байх “Оюу Их Ундарга” ХХК-ийн байранд байхад 13 цагийн үед 39 инчийн “Монел” маркийн хар зурагтыг зүс танихгүй үйлчлүүлэгч орж ирээд 250.000 төгрөгөөр, иргэний үнэмлэх үлдээгээд 14 хоногийн хугацаатай тавиад гарсан. ...Манайд 250.000 төгрөгийн хохирол учирсан. ...Өөрт учирсан хохирлыг яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 26-27 тал/

Иргэний нэхэмжлэгч А  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад Д өөрийнхөө гар утсыг ломбарданд тавьсан хүний нэр дээр байгаа авчихаарай гээд бичиг өгсөн. Гар утас тавьсан хүнтэй нь холбогдоод гар утсыг ломбарднаас 186.000 төгрөгөөр нөгөө хүнд нь 5000 төгрөг өгсөн. ...Надад 191.000 төгрөгийн хохирол учраад байна. ...Надад учирсан хохирлыг яаралтай гаргуулж өгнө үү...” гэжээ. /хх-ийн 63-64 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 тал/

- Прокурорын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Эд мөрийн баримт хураан авах тухай” 4/60 тоот зөвшөөрөл /хх-ийн 12 тал/

- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэр зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17, 51-52 тал/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18, 53 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19, 54 тал/

- Гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/

- Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/

- Д-ы гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-37, 67-68 тал, 41-42, 77-78 тал / зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ....... овогт Д нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Чойбалсангийн 3-13 тоот хашаанд байрлах иргэн Э-н монгол гэрт нэвтэрч, 250.000 төгрөгийн үнэ бүхий “Монел” маркийн 39 инчийн зурагт 1 ширхэг, 40.000 төгрөгийн үнэ бүхий “Цацраг Трейд”-ийн зурагтын антенн хулгайлсан,

-мөн 2020 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч С-н өмчлөлийн 60.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Note-9” маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч авах замаар залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г, С, иргэний нэхэмжлэгч О, А, гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Эд мөрийн баримт хураан авах тухай” 4/60 тоот зөвшөөрөл, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэр зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан, мөн бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан, мөн бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч Д-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 390 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 390.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг торгох ялыг биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан, шүүгдэгч Д-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 390 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 390.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 26 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

Хохирогч Г, С нар нь алдагдсан эд зүйлээ авсан учир шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д-ыг дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч О-т 250.000 төгрөгийн, А-д 191.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх тул шүүгдэгч Даас 441.000 төгрөгийг гаргуулж 250.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч О-т, 191.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч А-д тус тус олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ы цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцвол зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д-ы ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .......... овогт Д-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг,

- Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Д-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 390.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 390.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-д оногдуулсан 2 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ы цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д-ы ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д-аас бусдад учруулсан эд хөрөнгийн хохиролд нийт 441.000 /дөрвөн зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж, 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, О /РД: ................./-т, 191.000 /нэг зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, ******* тоотод оршин суух, А /РД: ................/-д тус тус олгож, хохирогч Г, С нар нь “алдагдсан эд зүйлээ буцааж авсан учир шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ