| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00345/И |
| Дугаар | 102/ШШ2017/00379 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2017/00379
2017 оны 02 сарын 01 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00379 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10-р хороолол, 21-р байрны 14 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧИ57020219, Боржигон овогтой Галсандагвийн Төмөрхуягийн хүсэлттэй хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Төмөрхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Төмөрхуяг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Галсандагва овогтой Төмөрхуяг би 1972 оноос 1974 онд Тээврийн техник мэргэжлийн сургуульд сурагч, 1974 оноос 1977 онд мөн 1980 оноос 1988 онд Авто засварын газрын заводад токарчин, фреурчинээр, 1988 оноос 1993 онд Тээврийн техник мэргэжлийн сургуульд мастер багшаар тус тус ажиллаж байсан. 1972 оноос 1974 он, 1988 оноос 1993 онд Тээврийн техник мэргэжлийн сургуульд “Галсандавга” овгоор, 1974 оноос 1977 он, 1980 оноос 1988 онуудад Авто засварын заводод “Галсандагва” овгоор тус тус бичигдсэн. Одоо тэтгэвэр тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэрийн нэр зөрүүтэй болсон, одоогийн бүх бичиг баримт “Галсандагва” гэж байгаа тул хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Төмөрхуяг нь хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Галсандагвийн Төмөрхуяг нь Улаанбаатар хот 2-р төрөх эмнэлэгт 1957 оны 2-р сарын 02-ны өдөр төрж, түүнд 28 тоот төрсний гэрчилгээ, улмаар иргэний үнэмлэх олгогджээ. /хх-5/
Г.Төмөрхуягийн иргэний үнэмлэхт бичигдсэн регистрийн ЧИ57020219 дугаар, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн төрсөн он нь түүний төрсөн он, сар, өдөртэй тохирсон байна.
Түүнд олгогдсон 100317 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт эцгийн нэрийг “Галсандавга” гэж бичсэн нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэн эцгийн нэр “Галсандагва” гэж бичсэнтэй зөрүүтэй байна. Иймд “Галсандавгийн Төмөрхуяг” нэрээр бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Галсандагвын Төмөрхуяг” болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 135-р зүйлийн 135.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар “Галсандавгийн Төмөрхуяг” нэрээр бичигдсэн 100317 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь “Галсандагвын Төмөрхуяг” болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6-р зүйлийн 2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА