Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01784

 

Б.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

         Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 396 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Б.У

         Хариуцагч: “Д” Төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/-д холбогдох     

          117 882 021,12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж, Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэл болон тайлбартаа: Ц.Б нь 1989 оны 10 дугаар сараас Д ТӨХК-д засварын монтёр албан тушаалтнаар ажилд орж тасралтгүй 28 жил үр бүтээлтэй ажиллаж байгаад 2017-10-10-ны өдөр ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан. Нас барсан шалтгаан нь зүрхний өвчний улмаар зүрхний хурц дутагдлаар нас барсан нь Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны 89 дугаар дүгнэлтээр нотлогдсон. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 28.4-т зааснаар ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь хариуцах бөгөөд ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх үндэслэл болохгүй. Иймд Д ТӨХК-с амь насны даатгалын тэтгэмжийн нөхөн төлбөрийг ажилтны 96 сарын цалингаар тооцож 117,882,021.12 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 28.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 97-г үндэслэл болгожээ. Тус хуулийн 21.9-д Эрсдэлийн түвшин их ажлын байрны жагсаалтыг Засгийн газар батална гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ жагсаалт гараагүй тул ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах боломжгүй юм. 2017 онд Д ТӨХК-ийн захиргаа үйлдвэрчний эвлэлтэй хамтын гэрээ байгуулснаар ар гэрт нь 2,2 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг олгосон. Үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг заасан байдаг. Гэтэл талийгаач нь үйлдвэрлэлийн сөрөг нөлөөлөлд өртөөгүй нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр батлагдсан тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэжээ.

      Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 396 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасныг баримтлан хариуцагч Д ТӨХК-аас 54,456,660 төгрөг гаргуулан  Б.Ут олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 430 233 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

      Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 396 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасныг баримтлан Д ТӨХК-иас 54 456 660 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ут олгож, нэхэмжлэлийн үлдэх 42 674 639 төгрөг 12 мөнгө гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.4-т Эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулна. Ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97-т заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх үндэслэл болохгүй гэсэн заалт, мөн хуулийн 3.1.7-д ажлын байран дахь эрсдэл гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг, мөн хуулийн 3.1.8-д эрсдэлийн үнэлгээ гэж ажлын байрны эрсдэлд үнэлэлт өгөх үйл явцыг хэлнэ гэсэн заалтуудыг шууд хэрэгжүүлсэн нь хуульд нийцэхгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.7-д заасан ажлын байрны нөхцөлөөр талийгаач /үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөл гэдгийг баталсан баталгаа нь хуульд нийцээгүй учир нь энэ хуулийн заалтанд орсон үйлдвэрийн осол мөн мэргэжлээс шалтгаалах өвчнөөр/ нас бараагүйг Дархан-Уул аймгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний албаны 2017-10-11-ний өдрийн 89 дугаартай дүгнэлтээр нотлогдож байгааг мэдсээр байж буруу дүгнэлт гаргасан . 3.1.8-д “эрсдэлийн үнэлгээ” гэж ажлын байрны эрсдэлд үнэлэлт өгөх үйл явцыг хэлнэ гэсэн заалтыг үндэслэн мөн хуулийн 28.1.5-д заасны дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг “ДДЦС” ТӨХК нь 2011, 2013, 2016, 2017 онуудад үнэлгээг хийж ирсэн. Гэтэл энэ ажлын эрсдэлийн үнэлгээг үндэслэн хуулийг шууд хэрэгжүүлж байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 21.1.9-т Эрсдэлийн түвшин их ажлын байрны жагсаалтыг Засгийн газар батална; гэсэн заалтыг зөрчсөн. Хуульд өөрөөр заагаагүй тул “ДДЦС” ТӨХК-ийн гаргасан эрсдэлийн үнэлгээг шууд хэрэгжүүлэх нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Манай компанийн хувьд цахилгаан цехийн ажлын хэвийн үедээ байнгын хүчдэлтэй байдаг ажлын байр бөгөөд хэрэв ажилтан ажлын байрны тодорхойлтонд заагдсан ажлын байранд ажил хийх тохиолдолд эрсдэлийг 100 хувь бууруулж хүчдэлгүй болгож ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэдэг. Мөн цахилгаан цехийн ажлын байруудыг өнөөдөр эрсдэлийн түвшин өндөр гэдгийг баталсан Улсын Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн шинжилгээ судалгааны дүгнэлт, Хөдөлмөр нийгэм хамгаалал яамны эрсдэлийн түвшин өндөр ажлын байрны жагсаалт гараагүй байхад хуулийг хэт нэг талыг барин шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээр талийгаач Ц.Бын сарын дундаж цалинг 1,512,685 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлгүй хэт өндөр дүн тавьсан бөгөөд дараах хүснэгтээр цалингийн сарын дундаж цалин 1,206,147.4 төгрөг буюу 36 сараар 43,421,306 төгрөг гарсан. Иймд магадлалыг  хянаж үзэж, Монгол Улсын хэмжээнд ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалтай холбоотой энэ төрлийн маргаан цаашид шүүхээр хэрхэн шийдвэрлэх вэ? гэдэг асуудал ажил олгогч нарт асуудал болон үлдэж байгаа тул Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 21.1.9-т “Эрсдэлийн түвшин их ажлын байрны жагсаалтыг Засгийн газар батална” гэсэн заалтыг үндэслэн хамтран хариуцагчаар Хөдөлмөр Нийгэм хамгааллын яамыг оруулж хуулийг үнэн зөв, шударга нэг талыг баримтлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Б.У 2018-01-25-ны өдөр  “Д” Төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, амь насны даатгалын тэтгэмжийн нөхөн төлбөрийг 96 сарын цалингаар тооцож 117.882.021,12 төгрөг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа “...Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн цахилгаан цехэд 4 дүгээр зэрэгтэй Кабель шугамын засварын монтёрын ажил, албан тушаал нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл, эрсдэлийн түвшин их ажлын байр болох нь тогтоогдож байна...Ажил олгогч Дархан дулааны цахилгаан станц ТӨХК нь ажлын байрны эрсдэлийн үнэлгээг тодорхойлж гаргасан байх тул уг эрсдэлийн үнэлгээг үндэслэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.4-т заасан үүргээ биелүүлэх боломжтой байхад уг үүргээ биелүүлээгүй байна...иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 28.4-т заасны дагуу сарын дундаж цалин 1,512,685 төгрөгийг 36 сараар тооцож, нийт 54,456,660 төгрөгийг гаргуулна...” гэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулжээ.   

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Хэрэгт авагдсан баримтаар Ц.Б Д ТӨХК-д засварын монтёроор ажилдаг байсан, 2017-10-10-ны өдөр  ажил үүргээ гүйцэтгэж байхдаа  зүрхний хурц дутагдлаар нас барсан нь тогтоогджээ.

      Үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгох бөгөөд “...Ц.Б ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зүрхний хурц дутагдлаар нас барсан...”-г үйлдвэрлэлийн осол гэж үзэхгүй талаарх хариуцагчийн тайлбар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

       Иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг “ажлын байран дахь эрсдэл” гэж ойлгох бөгөөд  эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулна. Ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх үндэслэл болохгүй.

       Ажил олгогчийн зүгээс эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т нийцээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шийдвэр болон магадлалыг хүчингүй болгох, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.   

        Харин, хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

       Эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах үүргээ ажил олгогч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасны дагуу нөхөн төлбөр авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нь тогтоогджээ.

       Бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 54,456,660 төгрөг гаргуулна.

       Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасан үүргээ биелүүлээгүй байх бөгөөд хариуцагчийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдсонгүй.

       Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-г баримтлан гэм хорыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийн хэмжээгээр тооцон хариуцагчаас гаргуулна. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 396 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д ТӨХК-с 54,456,660 төгрөг гаргуулж Б.Ут олгож, нэхэмжлэлээс үлдэх 42,674,639 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 430.233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                         Б.УНДРАХ