| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2018/0666/З |
| Дугаар | 723 |
| Огноо | 2018-11-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 723
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х.Б
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэлийн 87.7 м.кв газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах буюу газар эзэмших журмаар тусгаарлаж нэр дээр баталгаажуулах журмаар газар эзэмшүүлэхээр захиргааны акт гаргуулахыг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Х.Б 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/125 дугаар бүхий хуулийн хүчин төгөлдөр бөгөөд иргэний гүйлгээнээс хасагдаагүй үйлчлэл нь хэвээр хадгалагдаж буй амжаар шийдвэрлэгдсэн 432м2 газрыг тус шийдвэрт заахдаа эзэмших, ашиглах гэх тийн нэр, томьёолол тодорхой бус газрын зөвшөөрөл гэх нэршлээр гаргасан байдаг. Гэсэн хэдий ч өмнөх захирамжийн хүрээнд холбогдох хүмүүс 17 жилийн хугацаанд эзэмших эрх зүйн хүрээнд мөнхүү газрыг эзэмшиж ирсэн байна. Тэгээд ч газар өмчлөх, газар ашиглах зэрэг эрх зүйн асуудал тусгай хууль, журмаар гадаадын иргэнд хамааралтай зохицуулагдсан байх учраас энд зөвхөн газар эзэмших сараар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх зүйн боломжтой гэж үзсэн.
Иймд нэхэмжлэлийн 87.7м2 газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах буюу газар эзэмших журмаар эарлаж нэр дээр баталгаажуулах журмаар газар эзэмшүүлэхээр захиргааны акт гаргуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2000 оны Б/125 дугаар захирамжаар эрх зүйн үндэслэл үүссэн байдаг. Нийт 432 мкв газар дээр граж барихыг зөвшөөрсөн захирамж гарсан. Нэхэмжлэгч үүнээс 87.7 мкв газрыг бусдаас шилжүүлж авсан гэж тайлбарладаг. Иргэн Х.Б –аас хүсэлт ирсэний дагуу манайхаас 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр албан тоотоор хариу өгсөн. Тус албан тоотод ... иргэн Х.Б-ийн хүссэн 87.7 мкв газар дээр цахилгаан дамжуулах сүлжээ, бохир ус зайлуулах шугам, цэвэр ус дамжуулах шугамын хамгаалалтын зурвастай давхцалтай байна гэсэн байдаг. Мэдээллийн санд байдаг шугам сүлжээний зураг болон нэхэмжлэгчийн газрын зургийг авч ирсэн. Тус зураг дээр давхцалын хэмжээ гараагүй. Учир нь мэдээллийн санд нэхэмжлэгчийн хүсч байгаа газрын тухай мэдээлэл ороогүй. Мэдээллийн санд тийм нэгж талбар байхгүй. Х.Бгийн гражийн зургийг сансрын зурагтай давхцуулж, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдээллийн санд байршсан албан ёсны зургийг ирүүлсэн. Тус зургаас бохир, цэвэр усны шугамтай хэрхэн давхцалтай байгаа нь тодорхой харагддаг. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн газрыг эзэмших тухай хүсэлт гаргаж байгаагүй учраас энэ тухай мэдээллийн санд байхгүй. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 397 дугаар Орон сууцны хороолол орчмын гражуудыг журамлах тухай захирамжийг ирүүлсэн. Тус захирамжид ...Орон сууцны хорооллын орчимд төлөвлөлт, зураг төсөлгүй, эмх замбараагүй баригдсан төмөр болон тоосгон гражуудыг буулган газар эзэмшил, ашиглалтын нягтралыг сайжруулах замаар оршин суугчдын дэмжлэгтэйгээр дээрээ хүүхдийн тоглоом, амралтын талбай бүхий газар доогуур давхар авто машины граж барих ажлын үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагтай холбогдуулан Нийслэлийн бүх дүүргүүдийн орон сууцны хорооллын орчимд баригдсан авто машины граж ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад газар эзэмших эрх олгох, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг 2011 оны 05 дугаар сарын 01-ий өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоосугай... гэж заасан байна. 2011 оны 05 дугаар сарын 01-ий өдрөөс эхлэн Улаанбаатар хотын харъяа бүх дүүргүүдийн орон сууцны хооронд байх гражууд дээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргахыг хориглосон.
Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын уг захирамжийг мэдсэн байх үндэслэлтэй. Учир нь иргэн Х.Б нь 87.7 мкв газрыг шилжүүлж авахаас өмнө Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохгүй байх тухай захирамж гаргасан байсан. Үүнийг нийслэлийн бүх дүүргүүд хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тиймээс энэ захирамжийг мэдсэн байх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Эзэмшил газрын зарим буюу 87.7 м.кв газрыг хэсэгчлэн тусгаарлаж нэр дээр баталгаажуулах журмаар захиргааны акт гаргуулахыг хариуцагчид даалгах гэж тодорхойлж байгаад Нэхэмжлэлийн 87.7 м.кв газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах буюу газар эзэмших журмаар тусгаарлаж нэр дээр баталгаажуулах журмаар газар эзэмшүүлэхээр захиргааны акт гаргуулахыг хариуцагчид даалгах гэж тодруулжээ.
Нэхэмжлэгч тал ... Б дүүргийн Засаг даргын 2000 оны Б/125 дугаар захирамжаар шийдвэрлэгдсэн эзэмшлийн 432 м.кв газраас 87.7 м.кв газрыг хэсэгчлэн бусдаас шилжүүлж авсан учраас уг газрыг эзэмших эрхтэй гэж гэж, хариуцагч тал нийслэлийн Засаг даргын 2011 оны 397 дугаар захирамжийн дагуу 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотын харьяа бүх дүүргүүдийн орон сууцны хооронд байх гражууд дээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргахыг хориглосон тул нэхэмжлэгчийн 87.7 м.кв граж доорх газрыг эзэмшүүлэх үндэслэлгүй гэж тус тус маргаж байгаа болно.
Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэлээ.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, ... болно, 38.4-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана гэж зааснаар иргэн, хуулийн этгээдийн хүчин төгөлдөр газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай шийдвэр гаргах эрх хэмжээтэй байх ба эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг талууд гаргахдаа нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татвар, хураамж төлсөн тухай баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт-ыг хавсаргах шаардлагыг мөн зүйлийн 38.2-т зохицуулснаас үзвэл, газар эзэмших эрх шилжүүлэх харилцаа нь хүчин төгөлдөр гэрчилгээ бүхий этгээдүүдийн хооронд хэрэгжихээр байна.
Мөн газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т ... газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох-оор хуульчилжээ.
Гэтэл нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээгүй этгээдээс худалдан авсан гражийн газрыг эзэмших эрхийг шилжүүлэхийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал, дүүргийн Засаг даргын 2000 оны Б/125 дугаар захирамжаар иргэн П.Дорж, Барилга үйлдвэрлэлийн С ХХК /Д.Д*******/-д 24 граж барих зөвшөөрөл олгосныг үндэслэж, Д.Д******* газрын албатай гэрээ байгуулан 432 м.кв газрыг 1 жилийн хугацаатай газар ашиглах эрхийн гэрчилгээ авчээ.
Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 432 м.кв газраас хэсэгчлэн 87.7 м.кв газрыг худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үед С ХХК -ийн 432 м.кв газар ашиглах эрхийн хугацаа дууссан байна.
Улмаар 2002 он гэхэд газар ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа дууссан бөгөөд тэрээр 432 м.кв газрыг ашиглах эрхээ сунгуулах болон эзэмших талаар ямар нэгэн хүсэлтийг гаргаж байгаагүй, түүнд газар эзэмшүүлэх тухай аливаа шийдвэр гараагүй, гэрчилгээ олгогдож байгаагүй байх тул маргаан бүхий гражийн газрын хувьд өмнөх эзэмшигчид хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх үүсээгүй буюу баталгаажаагүй газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх боломжгүй.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн төлбөр хүлээн авсан тухай баримтыг нэхэмжлэлдээ хавсаргажээ. Энэхүү баримтаас үзэхэд иргэн Ч.Д******* листэн төмрөн гаржийн төлбөрт 3,000,000 төгрөгийг иргэн Х.Бгаас хүлээн авсан болох нь тогтоогдож байх бөгөөд харин уг гэрээ болон 2000 оны 06 дугаар арын 13-ны өдрийн Б/125 тоот захирамжийг үндэслэн уг газрыг эрх шилжүүлэн авсан гэж маргах хууль зүйн үндэслэлгүй байна. Уг захирамжаар иргэн Ч.Д*******д газар ашиглах, эзэмших аливаа эрх үүсээгүй байна.
Газрын тухай хуулинд гражийн доорх газрыг эзэмшүүлэхийг хориглосон заалт байхгүй хэдий ч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газрын албанаас иргэн Х.Бд цахилгаан дамжуулах сүлжээний Х зурвас бохир ус татах шугам, хамгаалалтын зурвас, цэвэр ус дамжуулах шугаман хамгаалалттын зурвастай давхцсан гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгсөн байна. Иргэн эрх бүхий байгууллагаас эдгээр шугам байхгүй гэдгийг нотолж, граж доорх газраа эзэмших хүсэлтийг шинээр гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч нь тухайн худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа граж түүний доорх газрыг худалдан авч байна гэж төөрөгдөж, уг гэрээг хийсэн бол гэрээг хүчингүй болгож, хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр захиргааны байгууллагыг үндэслэлгүйгээр бусдын газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байна гэж үзэх буруутгах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг баримтлан Х.Бгийн нэхэмжлэлтээр нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаснаар Эзэмшил газрын зарим буюу 87.7 м.кв газрыг хэсэгчлэн тусгаарлаж нэр дээр баталгаажуулах журмаар захиргааны акт гаргуулахыг хариуцагчид даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ