Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 567

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ганболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 104/ШШ2016/00588 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Ганболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Эрхумарт холбогдох,

 

Эд хөрөнгөд учирсан хохирол 28 265 321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Ганболд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Мөнхбаатар

Хариуцагч: Б.Эрхумар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Б.Эрхумар нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1005 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, нэгдсэн эмнэлгийн хойд талын замд өөрийн өмчлөлийн Камаз маркийн 60-56 НАА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас миний жолоодож явсан Бенз GL-450 маркийн 08-58 УБЧ улсын дугаартай автомашиныг мөргөж 28 265 321 төгрөгийн, автомашинд оношилгоо, үнэлгээ хийлгэсэн, мөн ачилтын зардал нийт 1 800 250 төгрөгийн шууд хохирлыг учруулсан.

Уг хэрэгт Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын зам тээврийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.Тээврийн прокурорын газраас хэргийг хянаж үзээд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 488 тоот тогтоолоор 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Автомашинд оношилгоо, үнэлгээ хийлгэсэн, мөн ачилтын зардал гэж 1 800 250 төгрөг гарсан учраас нийт 30 125 571 төгрөгийг Б.Эрхумараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Үнэлгээг 2 тал байлцаж хийх ёстой байсан. Гэтэл үнэлгээний газраас намайг дуудаагүйд би гайхаж байна. Нэг өдөр Хохирол үнэлгээчдийн холбооны нарийн бичиг рүү нь залгахад “комисс томилоогүй байна” гэж хэлсэн. Тэгээд гэнэт шүүх дээр үнэлгээний дүгнэлт ирсэнд гайхаж байна.

Компьютерийн нарийн оношилгоонд оруулж, сэлбэгийн үнэлгээг хийх ёстой байсан. Гэтэл урд үнэлгээ хийсэн компаний сэлбэг бичсэн дарааллаар үнэлгээг хийсэн нь үндэслэлгүй байна. Мөн сэлбэг нь хэтэрхий их байна. Иймд үнэлгээг үнэн зөв гаргуулахыг хүсэж байна.

Миний хувьд 12 000 000 төрөгийн хохирол төлөхөд татгалзах зүйлгүй, мөн оношилгоо машиныг ачиж тээвэрлэсэн зардал 1 800 250 төгрөг төлнө. Үлдэх 16 325 321 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Эрхумараас 23 892 571 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 6 233 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч Б.Эрхумараас 277 413 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие Б.Эрхумар нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэзмшлийн Камаз маркийн 60-56 НАА улсын дугаартай автомашинтай явж байгаад зам тээврийн осол гаргаж Б.Ганболдын эзэмшлийн Бенз GL450 маркийн авто машиныг мөргөж, хохирол учруулсан.

Би Б.Ганболдын автомашиныг засуулаад өгье гэхээр зөвшөөрдөггүй, үнэлгээ хийлгэдэг, зах зээлийн ханшнаас өндөр үнэтэй үнэлгээ гардаг, үнэлгээ хийхдээ намайг оролцуулдаггүй, оролцуулаагүй байж үнэлгээ хийхэд байсан юм шиг нэр бичдэг. Тэгээд гарсан үнэлгээгээр хохирлоо нэхэмжилдэг. Би бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан нь үнэн, энэ талаар маргадаггүй. Харин машиныг засуулаад өгөхөд татгалзах зүйл байхгүй. Өмнө нь байсан байдалд нь сэргээх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр хохирлыг төлье гэхээр шүүх хүлээж авалгүй мөнгөөр нөхөн төлүүлэхээр шийдсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэлт хийж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон автомашины үнэлгээг миний бие хүлэээн зөвшөөрөхгүй, үнэлгээ хийхэд байлцах хүсэлтийг удаа даргаа гаргаж байсан ч намайг оролцуулаагүй. Дээрх үнэлгээний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлсэн нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Ганболд нь хариуцагч Б.Эрхумарт холбогдуулан гэм хорын хохиролд 28 265 321 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 276 дугаар захирамжаар автомашинд учирсан эд хөрөнгийн хохирлын үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон ба шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлжээ.

 

            Уг дүгнэлтийг хариуцагч тал эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар тогтоолоор дахин шинжээч томилохдоо шинжээчээр “Даатгалын хохирол үнэлгээчдийн холбоо” ТББ-г томилж, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр албан бичиг явуулжээ.

 

            Дээрх тогтоолын дагуу “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дүгнэлт гаргасан байна. Шүүхийн тогтоолоор томилсон шинжээч байгууллага, шинжилгээ хийсэн байгууллагын нэр зөрүүтэй байгааг шүүхээс томилсон шинжээч дүгнэлт гаргасан гэж үзэхгүй юм.

 

            Түүнчлэн шүүхийн 12 тоот тогтоолын 3 дахь заалтаас маргаж буй автомашинд учирсан эд хөрөнгийн хохирлын үнэлгээг тогтоох агуулгатай байхад “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/16 тоот шинжээчийн дүгнэлтэд “...МХҮХ-ны бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирол үндэслэлтэй байна...” гэж дүгнэлт гаргасан нь шүүхийн тогтоолыг биелүүлээгүй гэж дүгнэхээр байна.

 

            Учир нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар томилсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилж буй тохиолдолд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар дүгнэлт гаргах байжээ.

 

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан хөндлөнгийн байгууллагаар шинжилгээ хийлгэж байгаа бол шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлаж, эс биелүүлбэл зохих хүлээх хариуцлагыг нь танилцуулах ажиллагааг шүүх хийх үүрэгтэй бөгөөд уг ажиллагааг хийгээгүйг хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд зохигчдын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 104/ШШ2016/00588 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Эрхумараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 412 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА