Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

 

 

       Д.Гт холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор С.Энхтуул,

            шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

хохирогч Г.Ц,  

            нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн эсэргүүцлийг үндэслэн Д.Гт холбогдох 201725030276 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шарайд овгийн Дашзэвэгийн Д.Г, Улаанбаатар хотод 1988 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Дорнын цас” ХХК-ийн үнэт эдлэлийн тасагт худалдагчаар ажиллаж байсан, ам бүл 2; эхийн хамт амьдардаг, Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Өндөр толгойн 4-58 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 45-270 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УП..................../;

 

Д.Г нь 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын 5-ны хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дорнын цас” ХХК-ийн үнэт эдлэлийн тасагт худалдагчаар ажиллаж байхдаа 18,856,610 төгрөгийн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Д.Гт холбогдох хэргийн яллах дүгнэлтэд заасан хохирлын хэмжээг “... 18,856,610 төгрөг...” гэснийг “... 8,266,610 төгрөг...” гэж өөрчилж, Д.Гийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчилсөн бол хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Гаас 8,266,610 төгрөг гаргуулан хохирогч Л.Г.Цд олгохоор шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Д.Булганцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасныг шийтгэх тогтоолд буруугаар тайлбарлан шүүгдэгч бусдад учруулсан хохирлоосоо тодорхой хэсгийг нь хохирогчид буцаан төлснийг гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлоос хасч, шууд хохирлын хэмжээг өөрчлөн тогтоосон нь үндэслэлгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Д.Г хохирогчид 10,580,000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байгаа.” гэв.

 

Хохирогч Г.Ц “шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй” гэв.

 

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байгаа тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Д.Г нь 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын 5-ны хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дорнын цас” ХХК-ийн үнэт эдлэлийн тасагт худалдагчаар ажиллаж байхдаа борлуулалтын орлого 18,856,610 төгрөг завшсан болох нь:

 

- хохирогч Г.Цгийн “... “Лэндс үнэлгээний компаний үнэлэх үеийнхээ ханшаар буюу 1 грамм монетон эдлэлийг 85,000 төгрөгөөр бодсон ба Д.Г бид хоёр тооцоо нийлэхдээ анх бөөндөж авсан үнээрээ тооцсон... Би Д.Гтай тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрч байна. Нийт хохирлын хэмжээ 22,115,810 төгрөг байна... Тооцоо хийсний дараа 4 ширхэг монетон бөгж, 4 ширхэг алтан бөгж, 3 ширхэг монетон кулон, 1 хос монетон ээмэг зэргийг Д.Г буцааж өгсөн..., үүний үнэ болох 3,259,200 төгрөг хохирлоос хасагдана... Д.Г 10,590,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн...” /хх-9-10, 177/,

- Гэрч А.Амар-Отгоны “... миний бие 2006 оноос гоёл чимэглэл, үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр “Дорнын цас” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Д.Г нь 2014 онд манай компанид худалдагчаар ажилд орсон. 2006 оны 6 дугаар сараас эхлэн дутагдал гарч эхэлсэн бөгөөд сүүлд 2017 оны 1 дүгээр сард тооцоо нийлэхэд 24 сая төгрөгийн бараа дутсан байдаг...” /хх-14/,

- Гэрч Б.Гүрбазарын “... Би “Дорнын цас” ХХК-д 2012 онд алт, мөнгөний дарханаар ажилд ороод, 2014 онд тооллого, тооцооны ажил хариуцаж эхэлсэн. Д.Гийн лангууны орлого маш муудсан тул өөр газар ажиллуулж үзье гэж бодоод нэг бүрчлэн тооллого явуулахад монетон бөгж 23, монетон гинж 5, мөнгөн аяга 6, алтан бөгж 18, монетон кулон 8, монетон бугуйвч 1, мөнгөн бугуйвч 1, мөнгөн товч 1, нийт 24 сая төгрөгийн бараа дутсан. Ойролцоогоор 3 сая төгрөгийн бараа олдсон. Бусад нь олдоогүй...” /хх 15/ гэх мэдүүлгүүд,

- “Дорнын цас” ХХК-ийн тооллого хийсэн баримтууд /хх-91-121/,

- “Лэндс” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-27-34/,

- Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 4 жилийн өмнөөс Г.Цолзолмаа эгчийн алт, мөнгөний лангуун дээр худалдагчаар ажиллаж эхэлсэн. Г.Цолзолмаа нь нөхөрийн хамт “Дорнын цас” нэртэй мөнгөн аяганы үйлдвэр ажиллуулдаг юм. Би уг байгууллагын нэр дээр ажилладаг ажилтан нь юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Тулга гоёл” дэлгүүр дээр Г.Цгийн алт мөнгөний лангуун дээр худалдагчаар ажилласан... Тэгж байгаад 2016 оны 6 дугаар сараас эхлээд уг лангуун дээр байгаа эд зүйлсийг өөр газарт өгч, зарж борлуулдаг болсон... Би Шүрэнцэцэгт 700,000 гаруй төгрөгийн монетон ээмэг, бөгж зээлээр өгөөд буцаагаад мөнгийг нь цувуулж өгөхөөр нь өөртөө зарцуулсан. Мөн манай авга Амарсайхан надаас 1,130,000 төгрөгийн үнэтэй монетон ээмэг, бөгж, гинжийг зээлээр авсан. Мөнгийг нь цувуулж аваад хувьдаа ашигласан. Манай дэлгүүрийн үйлчлэгч Ариунаа бөгж авсан ба мөнгийг нь цувуулж аваад өөртөө зарцуулсан. Төрсөн ах Отгонбилэгт 580,000 төгрөгийн үнэтэй хуримын бөгж зээлээр өгөөд мөнгийг нь цувуулж аваад хувьдаа ашигласан байдаг. Өөр надад бусдад зээлээр өгсөн бараа байхгүй. Бусад нь лангуун дээрээс зарагдсан бараануудын мөнгийг хувьдаа завшсан. Ямар ч байсан Г.Ц эгчтэй хийсэн тооцоог хүлээн зөвшөөрч байна...” /хх-40-45, 180/ гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

- Гэрч Д.Ариунаагийн “... Би “Мөнгөн завъяа” худалдааны төвд 2016 оны 11 дүгээр сард үйлчлэгчээр ажилд орсон. 2016 оны 12 дугаар сард Д.Гаас 328,000 төгрөгөөр алтан бөгж худалдаж авсан...” /хх-20/,

- Гэрч Г.Отгонцэцэгийн “... Д.Г хэлэхдээ “Дарга сарын сүүлээр тооцоо нийлдэг. Сарын эхээр танай бараа гайгүй зарагдаад байдаг. Ганц хоёр үнэт эдлэл тавьж борлуулж байх уу” гэсэн санал тавьсныг зөвшөөрч түүнээс бараа аваад “Модны хоёр”-т байрлалтай лангуун дээрээ заруулдаг болсон...” /хх-22/,  

- Гэрч Р.Амарсайханы “... Д.Г нь манай төрсөн ахын охин байгаа юм. Би 2016 оны 8 дугаар сард 1,300,000 төгрөгийн үнэтэй Солонгос монетон ээмэг, бөгж, гинж аваад мөнгийг нь цувуулж өгсөөр 2017 оны 1 дүгээр сард дуусгасан...” /хх-23/,

- Гэрч П.Шүрэнцэцэгийн “... 2016 оны 9 дүгээр сард 700,000 төгрөгийн үнэтэй монетон ээмэг, бөгж худалдаж аваад мөнгийг нь цувуулж өгч дуусгасан...” /хх 24/ гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байна.  

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүх, Д.Гийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос ихэнх хэсгийг төлж, үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хассан буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин мөрдөн байцаалтын ажиллагаагаар Д.Г нь үнэт эдлэлийн борлуулалтын орлого болох 18,856,610 төгрөгийг хувьдаа завшсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байхад анхан шатны шүүх, Д.Гийн хохиролд төлсөн 10,590,000 төгрөгийг хасч хохирлын хэмжээг 8,266,610 төгрөг болгон өөрчилсөн нь үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгө ...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасны дагуу энэ гэмт хэргийн хохирлын хэмжээ нь завшсан хөрөнгийн үнийн дүнгээр буюу 18,856,610 төгрөгөөр тогтоогдохоор байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолоос хохирлын хэмжээг өөрчилсөн 1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй. 

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтооно” гэж үүрэг болгосон заалтыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул хохирол төлөх хугацаа тогтоох асуудлыг давж заалдах шатны шүүхээс нөхөн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийн хохирогч Г.Цд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 8,266,610 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

М.ПҮРЭВСҮРЭН