| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2020/0060/э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2020-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
улсын яллагч Б.Мөнгөнтуяа,
шүүгдэгч Б.Т /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019000000070 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Т,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Т нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Дорноговь аймгийн Иххэт сумын 1-р баг, Хөх хад гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Батболдыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад, шүүгдэгч Б.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Батболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бид хоёр муудалцаад би нэг удаа шанаа руу нь цохисон. Тэгтэл гэрээс эгч нь гэх эмэгтэй гарч ирээд “дүүг маань зодлоо, одоо би чамайг ална” гээд хутга бариад гараад ирсэн, тэгээд л муудалцаад байх шиг байсан, би болсон зүйлийг сайн санахгүй байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эмчилгээний зардлыг төлсөн, сүүлд дахиад эмчилгээ хийлгээрэй гээд 200.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-55-56/,
Хохирогч М.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг шууд газар унагаагаад нүүр рүү минь цохисон, хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Тэгж байтал гэрээс манай эгч Навчаа гарч ирээд бид хоёрыг салгах гэтэл манай эгчийг хэл амаар доромжилж бас үснээс нь чирсэн, бид хоёрыг хоёуланг нь үсдээд хооронд нь мөргөлдүүлсэн, ...миний баруун эрүү хавдсан байсан, ...баруун чамархай хэсэг, баруун эрүү одоо болтол өвдөж байна” гэх мэдүүлэг /хх-22-23, 65-66/,
Гэрч М.Навчаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Түвшинээ гэх залуу “...чи миний дууг хорьдог хэн юм бэ” гээд уурлаад гэрээс гарсан. Удалгүй манай охин “...гадаа Батболд ахыг зодож байна” гэхээр нь би гэрээс гарахад Түвшинээ гэх залуу манай дүү Батболдыг газар унагаагаад өшиглөж байсан” гэсэн мэдүүлэг /хх-10-11/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02/091 дугаартай:
“М.Батболдын биед дагзны цууралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-13/, Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-1/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-68-74/, “Хөх бишрэлт” ХХК-ийн тодорхойлолт /хх-30/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 419 дүгээр нээлттэй хорих ангийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/735 дугаар албан бичиг /хх-63/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Дорноговь аймгийн прокурорын газраас Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Тын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.Т урьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд,
харин өөрийн сайн дураар учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тус тус харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Прокурорын яллах дүгнэлтэд Б.Тыг урьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тсгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар,
мөн шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн гэж тус тус бичигдсэн байх боловч Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 42 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Үүний дараа 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/129 дугаар шийтгэх тогтоолоор Б.Тд холбогдох хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байх тул шүүгдэгчийг урьд нэг удаа ял шийтгүүлсэн гэж үзнэ.
Хохирол төлбөрийн хувьд:
Шүүгдэгч Б.Т нь эмчилгээний зардалд 226.000 төгрөгийг хохирогч М.Батболдод өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Мөн тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Батзоригийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ