| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00416/И |
| Дугаар | 102/ШШ2017/00460 |
| Огноо | 2017-02-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2017/00460
2017 оны 02 сарын 08 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00460 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө “БСБ Мегастор” их дэлгүүрийн байранд байрлах “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Э.Баттулга нь БСБ финанс банк бус санхүүгийн байгууллага ХХК-аас 2016 оны 4-р сарын 08-ны өдөр 2/199 тоот зээлийн гэрээгээр 1 439 000 төгрөгийг 3.7 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2017 оны 4-р сарын 08-ны өдөр барьцаат зээлийн гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлсэн. Зээлдэгч Баттулга нь зээл авах үедээ Сүхбаатар дүүргийн 16-р хороо, Бэлхийн 14-р гудамж 332 тоотод оршин суух, Хишиг арвин групп компанид ажиллаж байсан бөгөөд зээл авснаас хойш 4 дэх сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин хугацаа хэтрүүлж төлөлт хийж байгаад 2016 оны 9-р сарын 22-ны өдөр 150 000 төгрөгийг төлсөн, түүнээс хойш төлөлт хийхээ больсон. Одоо зээлдэгчийн оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгааг мэдэхгүй байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Э.Баттулгыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
“БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Э.Баттулгатай 2016 оны 4-р сарын 08-ны өдөр 2/199 тоот зээлийн гэрээгээр 1 439 000 төгрөгийг 3.7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлжээ.
Э.Баттулга нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Сүхбаатар дүүргийн 16-р хороо, Бэлхийн 14-р гудамж 332 тоотод амьдарч байсан боловч тус хаягтаа амьдардаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хорооны тодорхойлолтоор тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Э.Баттулга нь утас:9952-6963, регистр УШ89032535, Сүхбаатар дүүргийн 16-р хороо Бэлхийн 14-р гудамж 332 тоотод амьдарч байсныг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогтой Эрдэнэбатын Баттулгыг эрэн сурвалжилсугай.
2. Э.Баттулгыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
| |