Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Насан овогт Лхамсүрэнгийн Ст холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2020 0005 10088 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Л.С,

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.С нь 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэн Ж.Жийн нэг тооны тэмээг тус аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт өөрийн тэмээнд нийлсэн байх үед нь тухайн тэмээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин бусдад зарж, иргэн Ж.Жд 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 12 дугаар сард нэг бууран тайлаг манай тэмээнд ирсэн, Болдбаяр “...энэ тэмээ Энхболдын тэмээ байх” гэж хэлсэн. Надад манай алдсан тэмээ юм шиг санагдаад байсан. Би Эд “...ирээд тэмээгээ үзээч” гэж хэлүүлсэн боловч ирээгүй. 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос махны ченж ирэхээр нь тэмээг 1.000.000 төгрөгөөр зарсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Ж.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 4 дүгээр сарын 08-10-ны хооронд Улаанбадрах сумын 1 дүгээр багийн нутаг “Үүдэн шанд” гэх газраас хар зүсмийн 5 настай, зөв талын гуяндаа хэвтээ, босоо зуузай тамгатай, буруу талын чих урдаасаа ухам, зөв талын чих урдаасаа хагалбар имтэй атан тэмээ алдсан...Би алдсан тэмээгээ засаагүй байсан учраас ороо нь орж буурлаад 2019 оны намар 11 сард Улаанбадрах сумын 1 дүгээр багийн нутаг “Ү” гэх газраас Хөвсгөл сумын 2 дугаар баг, “Х” гэх газарт очиж айлын тэмээ хураагаад буурлаад байна гэж хүнээс сонссон, очиж авч чадахгүй байсаар байгаад алдчихлаа...тэмээгээ 2.000.000 төгрөгөөр үнэлнэ” гэсэн мэдүүлэг /хх-5, 8/,

Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ж эгчийн бод мал манайд байгаа. 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл сумын иргэн Р.С над руу залгаад “...танай зөв чих ганзага, буруу чих дээрээс ухам имтэй, зөв талын гуяндаа хэвтээ, босоо зуузай тамгатай тайлган тэмээг Л.С махлаад Улаанбаатар хотын ченж А гэдэг хүнд өгөөд явуулсан” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-11/,

Гэрч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл сумын 2 дугаар багийн нутаг “Хавирга” гэх газар мал худалдаж авч яваад Л.С гэх хүнээс анх удаа зөв чих ганзаг, буруу чих дээрээсээ ухам имтэй зөв талын гуяндаа хэвтээ, босоо зуузай тамгатай хүрэн бор зүсмийн тайлаг тэмээг 1.000.000 төгрөгөөр худалдан авч тэр газар нь төхөөрөөд Улаанбаатар хотод авч очиж борлуулсан...багийн засаг даргын тодорхойлолт, мал эмнэлгийн гэрчилгээг Хөвсгөл сумаас авсан харин тухайн үед Хөвсгөл сумын цагдаа байгаагүй учир шууд Улаанбаатар хот явсан...Л.С “...миний тэмээ саран дэвсгэртэй зуузай тамгатай” гэж хэлж өгсөн, сүүлд нь би хотод очсон хойноо ширнийх нь ноосыг нь хяргаж үзэхэд хэвтээ, босоо зуузай тамгатай байсан” гэсэн мэдүүлэг /хх-12/,

Гэрч Р.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хотоос ирж мал худалдаж авч байсан А гэх хүнд үхэр зарах санаатай Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар баг “Х” гэх газарт очсон. Тэр үед Л.С, Ад 5-6 настай бололтой нилээн бүдүүн хүрэн бор зүсмийн бууран тайлаг зараад барьж авахаар тэмээн дундаа оруулчихсан хөөж явсан. Соос буураа хэдэн төгрөгөөр зарж байгааг асуухад 800.000 төгрөг гэж хэлсэн...би буцаад хадам аав Тд очиход С гэж хүн байсан, би Ст Соо буураа Баганаад зарж байна гэсэн. Тэгэхэд С “...тэр буур Эын тамгатай буур даа” гэж ярьж байсан. Тэгэхээр нь би Эыг таньдаг болохоороо утсаар уг явдлыг хэлж буураа мөн эсэхийг шалга гэж хэлсэн. Сын зарж байсан буурны тамгыг хараагүй...Эын малдаа дардаг тамгыг бол мэднэ. Хэвтээ, босоо зуузай тамга дардаг” гэсэн мэдүүлэг /хх-32/,

Яллагдагч Л.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сард Хөвсгөл сумын Улаантолгой гэх газар хар зүсмийн бууран тайлаг  манай тэмээтэй байсан, зуузай тамгатай байсан, зуузай тамганы доод талд саран дэвсгэр байх шиг байсан. Улаанбадрах сумын 1 дүгээр багийн нутаг “Үүдэн шанд” гэх газар байдаг Ч надаас “...чихлээс хийж тавьсан хар зүсмийн зөв талын гуяндаа хэвтээ, босоо зуузай тамгатай, буруу талын чих урдаасаа ухам, зөв талын чих урдаасаа хагалбар имтэй буур харагдсан уу” гэж асууж байсан. 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр би Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар багийн нутаг “Хавирга” гэх газар очиж хар зүсмийн зөв талын гуяндаа хэвтээ, босоо зуузай тамгатай, буруу талын чих урдаасаа ухам, зөв талын чих урдаасаа хагалбар имтэй бууран тайлган тэмээг мал, мах аваад явж байсан А гэдэг хүнд 1.000.000 төгрөгөөр өгсөн. 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Болдоо гэдэг Улаанбадрах сумын хүн залгаад “...бууран тайлга яагаад төхөөрөөд хүнд өгчихөв, тэр тайлган тэмээ чинь манай эгч Жгийн тэмээ” гэж хэлэхээр нь би “...тэгсээн ченжид өгөөд явуулсан” гэж хэлсэн. Сүүлд нь А гэдэг хүн ноосыг нь хяргаад хэвтээ, босоо зуузай тамгатай байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-55/,

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар багийн засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №30 дугаартай гарал үүслийн тодорхойлолтод: “Хөвсгөл сумын 2-р багийн иргэн Л.Соос ат-1, ...тус тус худалдан авч ... улсын дугаартай РИНА маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваа нь үнэн болно. Хүрэх газар: Улаанбаатар хот Хүчит шонхор, Жолооч Ж.Б гэх тодорхойлолт /хх-17/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Тэмээний ширний гэрэл зургууд “хэвтээ, босоо зуузай тамга, хагалбар им, ухам им” /хх-23/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №554 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын “...5 настай атан тэмээ, 2015 онд төрсөн, зах зээлийн үнэ 1.400.000 төгрөг байна” гэх үнэлгээ /хх-28/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.С нь 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэн Ж.Жийн 1 тооны тэмээг тус аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт өөрийн тэмээнд нийлсэн байх үед нь тухайн тэмээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Жийн “...би 2020 оны 4 дүгээр сарын 08-10-ны хооронд Улаанбадрах сумын 1 дүгээр багийн нутаг “Үүдэн шанд” гэх газраас хар зүсмийн 5 настай, зөв талын гуяндаа хэвтээ, босоо зуузай тамгатай, буруу талын чих урдаасаа ухам, зөв талын чих урдаасаа хагалбар имтэй атан тэмээ алдсан” гэсэн мэдүүлэг /хх-5, 8/, гэрч Д.Эын “...Р.С над руу залгаад “...танай зөв чих ганзага, буруу чих дээрээс ухам имтэй, зөв талын гуяндаа хэвтээ, босоо зуузай тамгатай тайлган тэмээг Л.С махлаад Улаанбаатар хотын ченж А гэдэг хүнд өгөөд явуулсан” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-11/, гэрч Д.Аын “...Л.С гэх хүнээс анх удаа зөв чих ганзаг, буруу чих дээрээсээ ухам имтэй зөв талын гуяндаа хэвтээ, босоо зуузай тамгатай хүрэн бор зүсмийн тайлаг тэмээг 1.000.000 төгрөгөөр худалдан авч тэр газар нь төхөөрөөд Улаанбаатар хотод авч очиж борлуулсан” гэсэн мэдүүлэг /хх-12/, гэрч Р.Сийн “...Л.С, Ад 5-6 настай бололтой нилээн бүдүүн хүрэн бор зүсмийн бууран тайлаг зараад барьж авахаар тэмээн дундаа оруулчихсан хөөж явсан. Соос буураа хэдэн төгрөгөөр зарж байгааг асуухад 800.000 төгрөг гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-32/, яллагдагч Л.Сын “...2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр би Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар багийн нутаг “Хавирга” гэх газар очиж хар зүсмийн зөв талын гуяндаа хэвтээ, босоо зуузай тамгатай, буруу талын чих урдаасаа ухам, зөв талын чих урдаасаа хагалбар имтэй бууран тайлган тэмээг мал, мах аваад явж байсан А гэдэг хүнд 1.000.000 төгрөгөөр өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-55/, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар багийн засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №30 дугаартай тодорхойлолт /хх-17/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-23/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №554 дугаартай хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээ /хх-28/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдлоо.

Шүүгдэгч Л.Сын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.С нь бусдын алдуул мал гэдгийг мэдсээр байж худалдсан борлуулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.С 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 1.400.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн /хх-71/ болон хохирогч Ж.Жигжидцоо нь мөрдөн байцаалтын шатанд “...Соос тэмээнийхээ мөнгийг авсан учир надад гомдол байхгүй” гэсэн баримт хавтаст хэрэгт /хх-72/ хавсаргагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүх шүүгдэгч Л.Сийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь маргаагүй тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

          Шүүгдэгч Л.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэр бүлийн байдал, эхнэр нь 2 талын дунд чөмөгний хугарал оноштойгоор группт орсон, шүүгдэгч Л.Сын байнгын асаргаанд байдаг зэргийг харгалзан тус зүйл ангид заасан хамгийн бага хэмжээгээр торгуулах саналыг тус тус гаргасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн, гомдол саналгүй, хувийн байдал, ар гэрийн ахуй амьдрал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Н овогт Лийн Сыг “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ст оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХТУНГАЛАГ