| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00468/И |
| Дугаар | 102/ШШ2017/00461 |
| Огноо | 2017-02-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2017/00461
2017 оны 02 сарын 08 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00461 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5-р хороо, Ажилчдын гудамж, Акума төвийн байранд байрлах “Акума-Эрин” ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Акума-Эрин” ХХК нь 2016 оны 2-р сарын 23-ны өдөр “Монголын Үндэсний Алмазан Өрөмдлөг” ХХК-аас гэрээний төлбөрт 5 403 000 төгрөг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдийн ч хариуцагч нь Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хорооллын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсний дараа бид “Монголын Алмазан Өрөмдлөг” ХХК-ийн оршин байгаа хаягийг тодорхойлохын тулд гэрээ байгуулах үеийн удирдлагууд болон ажилчидтай утсаар холбоо барьсан боловч удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон, ажиллахаа больсон, хаана үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тодорхой мэдэхгүй байх тул “Монголын Алмазан Өрөмдлөг” ХХК-ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Акума-Эрин” ХХК нь “Монголын Алмазан Өрөмдлөг” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
“Акума-Эрин” ХХК нь “Монголын Алмазан Өрөмдлөг” ХХК-тай 2012 оны 6-р сарын 18-ны өдөр 42 тоот “Тос, тосолгооны материал, аккумулятор нийлүүлэх гэрээ” байгуулжээ.
“Монголын Алмазан Өрөмдлөг” ХХК нь бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөр гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хорооллын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3-р сарын 17-ны өдрийн 101/ШЗ2016/11245 дугаар шүүгчийн захиарамж, хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь компаний үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
“Монголын Алмазан Өрөмдлөг” ХХК нь Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, АО сууц 57 тоотод үйл ажиллагаа явуулж байсныг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар “Монголын Алмазан Өрөмдлөг” ХХК-ийг эрэн сурвалжилсугай.
2. “Монголын Алмазан Өрөмдлөг” ХХК-ийг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА