| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2020/0073/э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
улсын яллагч Б.Мөнгөнтуяа,
шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Чандмана улаан толгой овогт Мэндбаярын Гт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019 0010 80080 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, ... тоот хашаанаас иргэн Б.Оын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Б.Он мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг найз Сын гэрт 21 цагийн орчимд өөрийн, улсын дугаар номергүй БНХАУлсад үйлдвэрлэсэн Даюун маркийн улаан өнгийн мотоцикльтой найз Нэргүйгийн хамт хөзөр тоглох гээд очсон...хөзөр тоглож байгаад 23 цагийн орчимд...С миний мотоциклийг унаад Нэргүйг гэрт нь хүргэж өгчихөөд удалгүй ирээд мотоциклоо хашаанд оруулж ирээд байшингийн цонхон доор тавьсан...шөнө 01 цагийн орчимд хашааны гадна, ард мотоцикль асаад явчихаар нь би нээх юм бодолгүй унтаад өгсөн, өглөө 03 цаг өнгөрч байхад С “мотоцикль чинь байхгүй болчихож” гэхээр нь би тухайн үед тоглоод байгаа байлгүй гээд гарч хараагүй. Тэгээд өглөө 06 цаг гэж босоод явах гээд гартал миний мотоцикль байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-13/,
Гэрч Э.Яийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр найз Сын гэрт С, Ө, М нарын хамт хөзөр тоглож байсан...21 цагийн орчим гаднаас О найз Нийн хамт мотоцикльтойгоо ирж хамт тоглосон, 23 цаг өнгөрч байхад С, Оын мотоциклийг унаад, Нг гэрт нь хүргэж өгсөн. С Нэргүйг хүргэж өгчихөөд удалгүй ирээд хашаан дотор цонхны дор мотоциклийг тавьсан, шөнө 03 цагийн орчимд С бие засах гэж байгаад “мотоцикль нь байхгүй, алга болсон байна” гэж От хэлсэн. Тэгэхэд О тоолгүй унтаад өгсөн, өглөө нь босоод мотоцикль байхгүй болсон байснаа харсан юм” гэсэн мэдүүлэг /хх-21/,
Яллагдагч М.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр найз С ганцаараа улаан өнгийн мотоцикльтой Эийн гэрт ирсэн...С буцаад мотоцикльтойгоо явахаар нь би явган, Сийн араас дагаж...хашааны хаалга онгорхой байхаар нь хашаанд орсон...байшингийн цонх зурагтын гэрэлтэй...хөшгөө татсан байсан...цонхон доор мотоцикль байхаар нь түрээд хашаанаас гаргаад маниулыг нь гишгэтэл асахаар нь унаад эмээ Дийн гэрт очиж гэрийн ард талд мотоциклийг тавиад гэртээ ороод унтсан” гэсэн мэдүүлэг /хх-42/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-820-020 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-24-26/, Эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-31, 35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 6-7 тоот хашаанаас иргэн Б.Он өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Он “ ...өглөө 06 цаг гэж босоод явах гээд гартал миний мотоцикль байхгүй байсан учир би цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-13/, гэрч Э.Яийн “...03 цагийн орчимд Сумъяабазар бие засах гэж байгаад “мотоцикль нь байхгүй, алга болсон байна” гэж От хэлсэн...өглөө нь босоод мотоцикль байхгүй болсон байснаа харсан юм” гэсэн мэдүүлэг /хх-21/, гэрч М.Гын “...би мотоциклийг хэлэлгүй түрж гаргаад хашааны гадна асуугаад яваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-23/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8/, хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-820-020 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-24-26/, эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-31, 35/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдлоо.
Шүүгдэгч М.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Г нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хохирогч Б.О эд зүйлээ хүлээн авсан болох нь хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, мөн түүний “...би мотоциклоо буцаагаад авсан тул надад учирсан хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-16/ гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч М.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь маргаагүй тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч тус зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хамгийн бага хугацаагаар оногдуулах саналыг тус тус гаргасан ба шүүх шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг 300 цагаар тогтоон шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч овогт Мын Гыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гын нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч М.Гт оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ