Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00571

 

2017 оны 02 сарын 21 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00571

Улаанбаатар хот

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

         Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Жуулчны гудамж, Тайваны төв 206  тоотод байрлах “Мөстийн өвөр булаг” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7А байрны 25 тоотод оршин суух, регистр ИЮ54012801, Шүхэрт овогт Очирбатын Дэмбэрэлсүрэн,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7А байрны 25 тоотод оршин суух, регистр  ИЮ81011908, Боржигон овогт Хүрэлбаатарын Уранбилэг нарт холбогдох 25 722 250 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “Мөстийн өвөр булаг” банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Дэмбэрэлсүрэн, Х.Уранбилэг нар нь 2013 оны 7-р сарын 01-ний өдөр манай байгууллагад хандан 25 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээл олгож өгнө үү гэсэн өргөдөл гаргасан. Уг өргөдлийг манай байгууллага хүлээн авч хянаад 2013 оны 7-р сарын 05-ны өдрийн ҮЗГ-1307-1 тоот зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг 1 сарын 3.5 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээл олгосон билээ. Ингэхдээ дээрхи зээлийн барьцаанд О.Дэмбэрэлсүрэн, Х.Уранбилэг нар нь өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, 7А байр 25 тоот дахь орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөө барьцаалуулсан ба ҮБГ-1307-1 тоот барьцааны гэрээ байгуулсан, №40453 тоот барьцаалбар үйлдэж зээл авсан юм. Зээлдэгч О.Дэмбэрэлсүрэн, Х.Уранбилэг нар нь 2016 оны 8-р сарын 05-ны өдрөөс 2016 оны 10-р сарын 27-ныг хүртлэхи хугацаанд үндсэн зээлд 8 280 000 төгрөг, зээлийн хүүнд 20 028 650 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 832 730 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч  О.Дэмбэрэлсүрэн, Х.Уранбилэг нар нь анх манай байгууллагаас зээл авахдаа, зээлийн зориулалтыг Хүрэлбаатар овогтой Цолмон хүүдээ ажлын байр худалдаж авахад зарцуулна. Зээлийг ажлын байраа барьцаанд тавьж 25 000 000 төгрөгөө төлнө гэж зээл хүссэн өргөдөлдөө бичсэн байсан. Өөрөөр хэлбэл дээрхи зээлдэгч нар зээлийн мөнгийг цааш нь өөрсдийн хүү буюу ах болох О.Цолмон гэдэг хүнд дамжуулан зээлж байсан юм. Харин байгууллагын хувьд зээлийн болон барьцааны гэрээг О.Дэмбэрэлсүрэн, Х.Уранбилэг нартай байгуулсан тул эдгээр этгээдээс зээлийн төлбөрийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Манай байгууллагын хувьд зээлдэгч О.Дэмбэрэлсүрэн, Х.Уранбилэг нараас зээлийн гэрээнд заасан зээлдэгчийн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаарддаг байсан ба  эдгээр зээлдэгч нар нь анх зээл авсан үеэс 2016 оны 10-р сарын 27-ны өдрийн хүртэлх хугацаанд тодорхой хэмжээний мөнгө төлдөг байсан. Одоо О.Дэмбэрэлсүрэн, Х.Уранбилэг нараас 25 722 250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.   

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Дэмбэрэлсүрэн, Х.Уранбилэг бид өөрсдийн өмчлөлийн орон сууцаа барьцаалж 25 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй зээлж авсан ба зээлийн төлөлт хүндэрч тус байгууллага 25 722 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Дээрхи нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд доорхи хуваарийн дагуу зээлээ төлөх хүсэлттэй байна. 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-нд 13 222 000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулна гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч “Мөстийн өвөр булаг” банк бус санхүүгийн байгууллага нь О.Дэмбэрэлсүрэн, Х.Уранбилэг нарт холбогдох 25 722 250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч О.Дэмбэрэлсүрэн, Х.Уранбилэг нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 25 722 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-нд 13 222 000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Мөстийн өвөр булаг” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн 25 722 000 төгрөгийг, 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-нд 13 222 000 төгрөгийг тус тус бүрэн төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч О.Дэмбэрэлсүрэн, Х.Уранбилэг нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 143 285 төгрөг, хариуцагч О.Дэмбэрэлсүрэн, Х.Уранбилэг нараас 143 285 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мөстийн өвөр булаг” банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

 

   3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА