| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2020/0081/э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2020-08-07 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн, хохирогч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019001340098 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Д.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь “Гантиг хаус” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Д.Цыг компанийн ажилтнаар авахдаа хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, ажил үүрэг гүйцэтгүүлэх үедээ Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог” гэсэн, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэсэн, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэсэн, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэсэн, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасан “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэсэн, мөн хуулийн 28.1.8 дахь хэсэгт заасанс “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтууд болон Монгол Улсын стандарт MNS4969:2000-ийн 4 дүгээр зүйлийн 4.16-д заасан “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч, тодорхой байх ба ажил эхлэхээс өмнө бичгээр өгөгдөнө” гэсэн заалтуудыг хангаж ажиллаагүй, зөрчсөний улмаас тус компанийн бутлуурын оператороор ажиллаж байсан Д.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Билэгт баялаг” ХХК-ийн хашаанд бутлуурын машиныг асаах үедээ үйлдвэрлэлийн осолд орж, зүүн гарын эрхийн хуруугаа тасалж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай компанийн менежер Сүхбаатар залгаад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр баг, “Билэгт баялаг ХХК”-ны хашаанд манай нүүрсийг бутлаж байсан бутлуурчин Д.Ц хуруугаа тасалсан гэнэ би очих гэж байна гэж ярьсан. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин залгаад Д.Ц бутлуурын ременд гарынхаа эрхий хурууг тасалсан байна, сумын эмнэлэг рүү аваад явж байна гэсэн, хэсэг хугацааны дараа дахин залгаад Сайншанд руу авч явах шаардлагатай боллоо гээд түүнийг аваад явсан. ...би Цыг ажилд авахдаа ямар нэгэн гэрээ байгуулаагүй, туршилтын хугацаанд түүнийг ажиллуулж байсан. ...манай компанид хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан ажилтан байхгүй. ...хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй байсан ...Д.Цыг өдрийн 38000 төгрөгний буудалд буулгаж, өдрийн хоолны мөнгө 20000 төгрөг шилжүүлж нийт 12 хоног гадуур эмчлүүлсэн ба бүх гарсан зардлыг би хариуцан төлсөн. Тэгээд тэр өдрөөс хойш эмнэлгээс гараад болсон асуудлыг хоорондоо ярилцаж тохиролцье гэж байснаа гэнэт цагдаагаар шалгуулахаар болж шалгуулсан” гэв.
Хохирогч Д.Цын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багт нүүрс бутлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гантиг хаус ХХК”-д бутлуурын оператороор ажиллаж эхэлсэн. ...2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхээ гэх тухайн байгууллагын менежер намайг ковшийн жолооч Базараагийн хамт “Билэгт баялаг ХХК”-ны хашаанд авч ирээд энд нэг ийм бутлуур байна, энийг ажиллуулж нүүрс бутлана гэж нэг бутлуурыг заасан. Тухайн үед очоод нүүрс бутлаагүй ба урьд өдөр нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нүүрс бутлаж байхад бутлуурт ойр ойрхон нүүрс хийгээд бутлуурыг гацаасан байсан ...би 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр очоод бутлуурын бункерт байсан нүүрсийг цэвэрлээд асаахад бэлэн болгосон байсан ба коллектрын хоолойн шланкыг сугалаад гал соруулж асаах гээд даавуу бэлдээд каньвер холбож эргүүлдэг ремен резин дээр тавьсан байж байгаад бутлуур асаадаг түмблүүр ажиллахгүй болохоор нь утсаар холбож асаахад ремен дээр байсан алчуур дагаж эргээд ирэхээр нь авах гээд алчуурыг чимхтэл гар дагаж ороод зүүн гарын эрхий хуруугаа үеэр нь тасалсан, зүүн гарын долоовор хурууны хумс сөхөгдсөн. Тэгээд Даланжаргалан сумын эмнэлэг дээр очиж тусламж авч оёдол тавиулсан. ...намайг “Гантиг хаус ХХК”-ны захирал М, менежер Сүхээ нар ажилд авсан ба ажилд ороход ямар нэг гэрээ байгуулаагүй. ...намайг анх ажилд ороход хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан байгаагүй, надад тухайн байгууллагаас аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. ...гомдолтой байна. би Гантиг Хаус ХХК-ниас 6 сарын ажилласан хугацааны нөхөн төлбөр ...нэг өдрийн 75.000 төгрөгөөр тооцож, сарыг 30 хоногоор бодож үржүүлэхэд 13.500.000 төгрөг болж байгаа учраас 13.500.000 төгрөг нэхэмжилж байна. ...би мэргэжлийн хяналтын ажил эрхэлдэг хүнээс асуухад 6 сарын хугацааны хөдөлмөрийн чадвар алдсан нөхөн төлбөр нэхэмжилж болно гэж сонссон болохоор уг хугацаагаар тооцон нэхэмжилж байгаа юм. ...зүүн гарын эрхий хуруу тасарч би эд эрхтэнээрээ хохирсон, би гомдолтой байна. Би тухайн компаниас хөдөлмөрийн чадвараа тодорхой хугацаанд алдсан нөхөн төлбөр болох 13.500.000 төгрөгийг гаргуулан авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-21-23, 29-31/,
Гэрч Ж.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ковшийн оператор Д, бутлуурчин Ц нарыг “Билэгт баялаг ХХК”-ны нүүрсний уурхайд байрлах манай өөрийн бутлуурын машин руу “юмаа бэлдэж бай, цаашаа өөр уурхай руу нүүнэ” гэж хэлээд явуулсан ба тэр хооронд би Цтай цуг ажиллаж байсан Гг Чойроос ирэхийг нь хүлээж байх хооронд уурхай дээрээс Д утсаар залгаад Ц хуруугаа бутлуурын хөдөлгүүрийн ременд тасалчихлаа гэж ярихаар нь уурхай руу явах гэж байтал Д энд нэг приус байна суулгаад явуулья гэхээр нь хүлээж байгаад ирэхээр нь түүнийг аваад Даланжаргалан сумын эмнэлэг рүү авч явж үзүүлээд Сайншандын нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Ц нь манай байгууллагад ажилд орохдоо ямар нэг гэрээ байгуулаагүй. ...манайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-24/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №04/47 тоот “...Д.Цын биед зүүн гарын эрхий хурууны тасрал гэмтэл тогтоогдлоо. ...хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүснэ. ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана” гэсэн дүгнэлт /хх-08-09/,
Яаралтай тусламжийн хуудас №58 “...Даланжаргалан ЭМТ ...Дансран овогтой Ц РД: ОЮ76120974 эрэгтэй, 44 настай. Бутлуурт хуруугаа тасалсан ...зүүн гарын эрхий хуруу тасарсан өвдөлт ихтэй ...өөрийн хүсэлтээр тасарсан хуруунд оёдол тавьсан ...эмч Янжинлхам” /хх-7/,
Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Бийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №11-06-040/07 тоот “...Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гантиг хаус” ХХК-ны бутлуурын оператор ажилтай Д.Ц нүүрс бутлуурын тоног төхөөрөмжөө ажилд бэлтгэж байхдаа зүүн гарын эрхий хурууг эргэлдэж байгаа ремен дамжуулгад хавчуулж таслан биедээ хүндэвтэр зэргийн гэмтэл авсан осол нь Засгийн газрын 2015 оны 269 тоот тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан ажлын байранд ажил гүйцэтгэж байх үедээ осолд өртсөн тул үйлдэрлэлийн ослыг судлан бүртгэж, акт тогтооно гэсэн заалтанд хамаарах тул үйлдвэрлэлийн осол гэж дүгнэж байна. ...тухайн осол гарахад “Гантиг хаус” ХХК болон осолдогч Д.Ц нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартыг хангаагүй байдлаас ажил гүйцэтгүүлэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн олон заалт, шаардлагыг өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүйгээс ... бүрдсэн байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-17/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.М нь “Гантиг хаус” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Д.Цыг компанийн ажилтнаар авахдаа хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, ажил үүрэг гүйцэтгүүлэх үедээ Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог” гэсэн, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэсэн, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэсэн, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэсэн, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасан “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэсэн, мөн хуулийн 28.1.8 дахь хэсэгт заасанс “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтууд болон Монгол Улсын стандарт MNS4969:2000-ийн 4 дүгээр зүйлийн 4.16-д заасан “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч, тодорхой байх ба ажил эхлэхээс өмнө бичгээр өгөгдөнө” гэсэн заалтуудыг хангаж ажиллаагүй, зөрчсөний улмаас тус компанийн бутлуурын оператороор ажиллаж байсан Д.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Билэгт баялаг” ХХК-ийн хашаанд бутлуурын машиныг асаах үедээ үйлдвэрлэлийн осолд орж, зүүн гарын эрхийн хуруугаа тасалж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Цын “бутлуур асаадаг түмблүүр ажиллахгүй болохоор нь утсаар холбож асаахад ремен дээр байсан алчуур дагаж эргээд ирэхээр нь авах гээд алчуурыг чимхтэл гар дагаж ороод зүүн гарын эрхий хуруугаа үеэр нь тасалсан, зүүн гарын долоовор хурууны хумс сөхөгдсөн. Тэгээд Даланжаргалан сумын эмнэлэг дээр очиж тусламж авч оёдол тавиулсан. ...намайг “Гантиг хаус ХХК”-ны захирал М, менежер Сүхээ нар ажилд авсан ба ажилд ороход ямар нэг гэрээ байгуулаагүй. ...намайг анх ажилд ороход хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан байгаагүй, надад тухайн байгууллагаас аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-21-23/, гэрч Ж.Сын “ковшийн оператор Д, бутлуурчин Ц нарыг “Билэгт баялаг ХХК”-ны нүүрсний уурхайд байрлах манай өөрийн бутлуурын машин руу “юмаа бэлдэж бай, цаашаа өөр уурхай руу нүүнэ” гэж хэлээд явуулсан ба тэр хооронд би Цтай цуг ажиллаж байсан Гг Чойроос ирэхийг нь хүлээж байх хооронд уурхай дээрээс Д утсаар залгаад Ц хуруугаа бутлуурын хөдөлгүүрийн ременд тасалчихлаа гэж ярихаар нь уурхай руу явах гэж байтал Д энд нэг приус байна суулгаад явуулья гэхээр нь хүлээж байгаад ирэхээр нь түүнийг аваад Даланжаргалан сумын эмнэлэг рүү авч явж үзүүлээд Сайншандын нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Ц нь манай байгууллагад ажилд орохдоо ямар нэг гэрээ байгуулаагүй. ...манайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-24/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №04/47 тоот дүгнэлт /хх-08-09/, Яаралтай тусламжийн хуудас /хх-7/, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Батхуягийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №11-06-040/07 тоот дүгнэлт /хх-ийн 14-17/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдлоо.
Шүүгдэгч Д.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийн талаар;
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ц хохиролд 13.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч хохирлын баримт гаргаж өгөөгүй болно.
Хохирогч Д.Ц нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь маргаагүй тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид ............ ял шийтгэл оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэр бүлийн байдал, .................... зэргийг харгалзан тус зүйл ангид заасан хамгийн бага хэмжээгээр торгуулах саналыг тус тус гаргасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн, гомдол саналгүй, хувийн байдал, ар гэрийн ахуй амьдрал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ......................... ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Д Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ