| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2020/0078/э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Түмэд овогт Эрдэнэтогтохын Од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019001300090 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.О нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “Гүн шанд” гэх газраас иргэн Э.Бийн 14 тооны хонийг буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө босоод адуугаа услаад эргээд зүүн худаг орж сувиа хонио усалсан, манай худгийн зүүн хойно 14 тооны хонь явж байхаар нь тууж ирж усалчихаад өөрийнхөө хоньтой нийлүүлж орхисон. 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэг эр хонины голыг нь таслаад, ганзагалаад аймаг явж Сугар ченжед 100.000 төгрөгөөр зарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч М.Дийнн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө нөхөр Бийн хамт хонио тоолсон тухайн үед бүрэн байсан...аймаг руу яваад оройн 18 цагийн орчимд гэртээ ирэхэд хүү Д “...манай хониноос хагас нь байхгүй байна” гэсэн...21-нд нөхөр Б тасарсан малдаа яваад олоогүй ирсэн...2020 оны 4 дүгээр сарын 23-ны үдээс хойш 16 цагийн орчимд Д хөдөө гэрээсээ залгаад “...танайхаас манай зүүн овоонд 8 хонь байна” гэж хэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 24-нд манай нөхөр О,Б, Ц нарыг сэжиглээд аймаг руу ганцаараа явсан, аймагт Бын авга ах болох Эын гэрт ирэхэд нэг хонины толгой, арьстайгаа байхаар нь харсан чинь манай хонины толгой, арьс мөн байхаар нь “...энэ ямар учиртай арьс, толгой вэ” гэж асуухад Э “...О, Ц хоёр 21-нд хөдөөнөөс гэдсийг нь гаргасан нэг хонь авч ирээд хуулж янзлаад ченжид зарчихаад явсан” гэж хэлсэн гэсэн. Бас О нэг хүн рүү залгаад “...9 төлөг авах уу” гэж ярьж байсан гэж Эын эхнэр Н хэлсэн гэсэн...одоо гомдол саналгүй, нэхэмжлээд байх зүйл байхгүй болсон, 14 хонио бүтэн болгож авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 39/,
Гэрч Ү.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 23-ны оройн 20 цагийн орчимд найз Нтай хамт гэрт нь байж байтал О ганцаараа мотоцикльтой хөдөөнөөс нэг хонь гэдсийг нь гаргасан байдалтай ганзагалаад ирсэн. О, Цг дуудаад авч ирсэн хонио гэрт оруулж янзлаад гулуузлаад байж байтал махны ченж дуудсан гэсэн нэг эрэгтэй хүн ирээд аваад явах шиг болсон...ямар им тэмдэгтэй хонь байсныг хараагүй, манай гэрт тэр хонины арьс, толгой хоёр үлдсэн...2020 оны 4 дүгээр сарын 24-ний орой манай сумын Бгэдэг залуу, ах Ууганаатайгаа хамт орж ирээд манай гэрт байсан Огийн авч ирж янзалсан хонины толгой, арьс хоёрыг үзээд “...манай хонины толгой мөн байна, битгий хаяарай” гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О “...хөдөө гэрээсээ ирлээ” гээд нэг хонь гэдсийг нь авсан байдалтай гулдмайлаад ганзагалаад ганцаараа ирсэн...О хонио янзалж дуусаад надаас “...С ченжийн дугаарыг мэдэх үү” гэж асуухаар нь “мэднэ” гээд Эын утсаар ... дугаар луу залгаж “...хонины мах хэдтэй байна, нэг хонины мах авах уу” гэхэд “авья” гээд өөрөө “Старекс” ...тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирээд 1кг 7000 төгрөгөөр бодож...15кг гэж тооцоолоод өгсөн. О эргэж орж ирээд А бид хоёрыг “...хөдөө очоод хэдэн мал янзлалцаад өг” гэж хэлсэн, ямар учиртай мал гэдгээ хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч М.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын сүүлээр ...манай нөхрийн эгч Н над руу залгаад “хурдан ир, О хаяад явчихлаа, манай гэрийн ойролцоо айлын мал байна” гэж хэлсэн. Тэгээд би хадам ээж Мийн хамт хөдөө гэр рүү явсан. Очоод өөрийн малаа харахдаа айлын малыг үзээд эзэнд нь хэлсэн...Бгэх манайхаас урагш нутагладаг айлын мал байсан, 8 тооны дандаа төлгөн хонь байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Яллагдагчаар Э.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр мал ахуйгаа худаг дээр услаад байж байтал худгийн зүүн хойно...14 тооны өөр айлын хонинууд байхаар нь өөрийнхөө хоньтой нийлүүлээд гэрлүүгээ туусан...надад мөнгө хэрэгтэй болоод байхаар нь сүүлд нийлүүлсэн хүний 14 хониноос 1 хар толгойтой төлөгийг төхөөрөөд...махаа аваад аймагт 16 цагийн үед ирээд...А орж ирэхээр нь “...чи энэ төлөгний арьсыг хуулаад өгчих” гэж гуйтал зөвшөөрсөн...С гэх ченжийг би утсаар дуудаж ирүүлээд махаа өгтөл 15кг-р бодож 100.000 төгрөг өгсөн...2020 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө хонинуудыг янзлах гээд байж байтал Оын эхнэр Д эгч над руу залгаад “би аймгаас одоо гэрлүү гарлаа” гэж хэлэхээр нь бид гурав төхөөрөхөө болиод Бын гэрлүү явж тэндээ амарцгаасан...үлдсэн байсан 9 тооны хонийг О, Д хоёроор хүргүүлж хохирогчид хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх-31/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл /хх-3-4/, ХАС үнэлгээ ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 5 тоот “...хонь төлөг, 14 ширхэг, нэгж үнэ 120.000 төгрөг, нийт 1.680.000 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээ /хх-19/, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/, Дорноговь аймгийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2019001300090 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-25-27/, гэрч И.Ч /хх-41/, гэрч Э.С /хх-43/, гэрч Б.Г /хх-45/ нарын мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай албан бичиг /хх-55/, мөн газрын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын баримт /хх-59-62/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-67/, хохирогч М.Дийнн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандсан гаргасан хүсэлт /хх-69/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар;
Шүүгдэгч Э.О нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймаг Сайхандулаан сумын “Гүн шанд” гэх газраас иргэн Э.Бийн 14 тооны хонийг буюу “олон тооны мал”-ыг хулгайлж, түүнд 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Дийнн “...Э “...О, Ц хоёр 21-нд хөдөөнөөс гэдсийг нь гаргасан нэг хонь авч ирээд хуулж янзлаад ченжид зарчихаад явсан гэж хэлсэн” гэсэн” гэх мэдүүлэг /хх-7-8/, гэрч Ү.Эын “...О ганцаараа мотоцикльтой хөдөөнөөс нэг хонь гэдсийг нь гаргасан байдалтай ганзагалаад ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-10/, гэрч Э.Бын “...О ардаас “...хөдөө гэрээсээ ирлээ” гээд нэг хонь гэдсийг нь авсан байдалтай гулдмайлаад ганзагалаад ганцаараа ирсэн...1кг 7000 төгрөгөөр бодож өгсөн...О эргэж орж ирээд А бид хоёрыг “...хөдөө очоод хэдэн мал янзлалцаад өг” гэж хэлсэн, ямар учиртай мал гэдгээ хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-11-12/, гэрч П.Мягмарсүрэнгийн “...том охин Нарангэрэл “...О манай хонинд 8 хонь авч ирчихээд байна, нөгөө хонинууд нь тогтохгүй байна” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-15-16/, гэрч М.Дын “...эгч Нл надруу залгаад “хурдан ир, О хаяад явчихлаа, манай гэрийн ойролцоо айлын мал байна” гэж хэлсэн... Бгэх манайхаас урагш нутагладаг айлын 8 тооны дандаа төлгөн хонь байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/, гэрч Б.Гансугарын “...О,Б нар утсаар залгаад “...нэг хонь авах уу, махалчихсан байна” гэж дуудсан...би электрон хэмжүүртэй очоод махыг хиллэж үзэхэд 15кг болж байсан, тэгээд 100.000 төгрөг өгчихөөд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 44-45/, ХАС үнэлгээ ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хх-19/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Огийн олон тооны мал хулгайлж, бусдад 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл холбогдлыг Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь холбогдох хуулийн зүйл, заалтад заасан бүх шинжийг хангасан, хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.О нь бусдын мал гэдгийг мэдсээр байж хохирогч Э.Бийн 14 хонийг өөрийн хонин сүрэгт нийлүүлсэн, улмаар мөнгөний хэрэгцээ гарсан гэх шалтгаанаар нэг хонийг төхөөрч, бусдад худалдан борлуулан өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар завшиж, ашиг олсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг “бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Огийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 1.680.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох нь хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан ХАС үнэлгээ ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр тогтоогддог бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч хохирол болох 14 хонийг хүлээн авсан нь хавтаст хэргийн 37, 39 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлгүүдээр болон 69 дүгээр хуудсанд авагдсан хохирогч М.Дийнн “...одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болсон. 14 хонио бүрэн бүтэн болгож авсан” гэсэн баримтаар тогтоогдсон байна.
Иймээс шүүгдэгч Д.Ог бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Э.Ог гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь маргаагүй тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн хувьд “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, ял шийтгэлийн хувьд шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, 1 сараас 3 настай хүүхдүүдтэй, гэм буруугаа шударгаар хүлээж байгаа зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Э.Од ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Харин шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн шаардлагыг хангаж байгаа тул түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж, нэг жилийн хугацаагаар хорих оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар;
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүйг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овгийн Эын Ог “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Ог 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Од оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч Э.О энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.
6.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ