Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/00585

 

2017 оны 02 сарын 22 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00585

 

Улаанбаатар хот

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 11-р хороо, Туулын 39-р гудамж 38 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧМ64101013, Бичээчийнхэн овогтой Занын Зоригтын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, 34-р байрны 17 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр МЗ73040100, Боржигон овогтой Лумбаевын Оюунбилэгт холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Зоригт, хариуцагч Л.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч З.Зоригт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Оюунбилэгтэй 1998 онд гэр бүл болоод 10 гаруй жил амьдарсан. Бидний дундаас 1998 оны 12 дугаар сарын 03-нд хүү З.Батхишиг, 2003 оны 11 дүгээр сарын 15-нд хүү З.Батцэнгэл, 2010 оны 1 дүгээр сарын 15-нд хүү З.Бат-Ирээдүй нар төрсөн. Хамтран амьдрах хугацаандаа бидний үзэл бодол таарахгүй, хэрүүл маргаан их гарсан. Одоо тусдаа амьдраад 5 жил болж байна. Эхнэр маань өөр хүнтэй болсон байна. Бидэнд эд хөрөнгийн болон, хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Оюунбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид 1998 оны 02 дугаар сарын 04-нд Баянгол дүүрэгт гэрлэлтээ бүртгүүлж албан ёсоор гэр бүл болсон. Бидний дундаас 1998 онд хүү З.Батхишиг, 2003 онд хүү З.Батцэнгэл, 2010 онд хүү З.Бат-Ирээдүй нар мэндэлсэн. Бид зан заншил, ёс суртахууны хувьд зан ааш нийлэхгүй байсан. Тэгсэн боловч би болгохыг зүтгэж амьдарсан. Таарамжгүй байдал маань үргэлжилсээр  5 жилийн өмнөөс тусдаа амьдрах болсон. Би гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгө, үр хүүхдийн асуудал дээр бид хоорондоо зөвшилцсөн, З.Зоригт үр хүүхэддээ тусалсаар ирсэн. Ээж ааваасаа өвлөн ирсэн Баянгол дүүргийн 34-р байрны 17 тоот 3 өрөө байрыг хүүхдүүдээ үлдээхийг З.Зоригт зөвшөөрсөн, гэрлэлтээ цуцлуулна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  З.Зоригт нь Л.Оюунбилэгт холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

 

З.Зоригт, Л.Оюунбилэг нар нь 1998 онд гэр бүл болж, 1998 оны 12 дугаар сарын 03-нд хүү З.Батхишиг, 2003 оны 11 дүгээр сарын 15-нд хүү З.Батцэнгэл, 2010 оны 1 дүгээр сарын 15-нд хүү З.Бат-Ирээдүй нарыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үнэнч байх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.

 

Харин талууд хамт амьдрах хугацаанд бие биедээ халамж анхаарал тавьдаггүй, үзэл бодол таарахгүй байснаас хэрүүл маргаантай, хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2012 оноос тусдаа амьдарч байгаа  нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Харин гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд насанд хүрээгүй хүү З.Батцэнгэл, З.Бат-Ирээдүй нар эхийн асрамжинд байсан, цаашид эхийн асрамжид үлдээхээр тохирсон байна. 

 

Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2017 оны 2-р сарын 8-ны өдөр дуусгавар болгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                              ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Занын Зоригт, Лумбаевын Оюунбилэг нарын гэрлэлтийг цуцалж, 2003 оны 11 дүгээр сарын 15-нд төрсөн хүү З.Батцэнгэл, 2010 оны 1 дүгээр сарын 15-нд төрсөн хүү З.Бат-Ирээдүй нарыг эх Л.Оюунбилэгийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Талуудын хооронд эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүйг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Л.Оюунбилэгээс  70 200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.  

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                     

    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА