Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 183

 

 

 

 

 

 

 

 

 

   Л.Сд холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Э.Одончимэг,

            шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

хохирогч Э.Л,  

            нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 574 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2015260000103 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Бор овгийн Лувсанцэрэнгийн Л.С, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1971 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 14-1 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: У..................../;

 

 Л.С нь 2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч Э.Лаас нийт 15,221,000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд хохирогч С.Мэс нийт 48,900,000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан, өөрийн болон бусдын нэрийг ашиглаж “зээл” нэрээр залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Л.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

Л.Сг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 163 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л.Сгээс 37,975,000 төгрөг гаргуулжан хохирогч С.Мд 24,595,000 төгрөг, Э.Лд 13,380,000 төгрөг олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байгаа бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн байдал биш, хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна.

Би 1997 оноос эхлэн “Хархорин” худалдааны төв дээр наймаа эрхлэж, амьдралаа авч явдаг байсан. Худалдаагаа хэвийн үргэлжлүүлэх зорилгоор 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн С.Мэс 20 хувийн хүүтэй өдөр бүрийн эргэн төлөлтэйгээр зээл авч бараандаа явсан. Манай зах дээр наймаа эрхэлдэг нилээд хүн тус зээлийг авдаг байсан. Ингээд зээл авсан өдрөөс эхлэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нэг ч өдөр таслахгүй зээлээ хүүгийн хамт төлж байсан бөгөөд тухайн үед барааны борлуулалт эрс муудаж байсан тул 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш зээлээ төлж чадахаа больсон юм. Үүнээс хойш цагдаад дуудагдаж байгаад 2015 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж эхэлсэн. Анх тус хэрэг үүсэхэд 27,588,000 төгрөгийн хохиролтой байсан ба мөрдөн байцаалтын явцад 5,160,000 төгрөгийг төлсөн байдаг. Ингээд бодит хохирол 22,428,000 төгрөг үлдсэн. Мөрдөн байцаалтын явцад хохирогч С.М миний Э.Лаас нотариатын гэрээ хийж, иргэний журмаар авсан зээлийг тус эрүүгийн хэрэгт нэмж оруулсан нь хохирогч С.М өөрийн нөхрийн ажил, албан тушаалыг урвуулан ашиглаж миний эрх зүйн байдлыг санаатайгаар дордуулсан гэж үзэж байна.

Би иргэн Э.Лаас 10,580,000 төгрөгийг зээлийн гэрээгээр аваад 4,550,000 төгрөгийг эргүүлэн төлж, 6,030,000 төгрөгийг төлж чадахгүй байгаа нь үнэн. Би тус зээлүүдийг эргүүлэн төлөөгүй байдал нь санхүүгийн эрсдэл болоод улс орны эдийн засгийн хямрал дагасан иргэдийн худалдан авах чадвар муудсан зэрэг байдлаас болсон байтал итгэл эвдэж, хууран мэхлэх, санаатайгаар эргэн төлөхгүй байгаа мэтээр хэл амаар доромжилж хэрэг хүлээлгэж болох юм шиг авирлаж байгаад гомдолтой байна.

Би өөрийн эрхлэж буй наймаагаа хэвийн ажиллуулж амьдралаа залгуулах гэж мөнгө зээлж авсан маань үнэн ч миний бодол санаа, хичээл зүтгэлээс үл хамаарч борлуулалт муудаж зээлээ эргүүлэн төлж чадахгүй эрсдэлд орсон болохоос биш хүнийг хууран мэхлэж итгэл алдан хохироох гэсэн зорилго байгаагүй.

Миний хохирол 37,977,000 төгрөг байдаг. Анх эрүүгийн хэрэг үүсгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн. Гэтэл улсын яллагч хохирлыг бодит бусаар тооцож, үүнийг өөрчилж 148.4 болгосон. Эрүүгийн хуульд заахдаа хохирлын хэмжээнээс хамаарч зүйлчлэл тогтоодог байтал ийнхүү хүндрүүлэн миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

Мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлээр ялласан нь миний эрх зүйн байдлыг дордуулсан. Хуучин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12.1-д зааснаар миний эрх зүйн байдлыг дээрдүүлж, мөн хуулийн 1.9-д зааснаар хуучин хуулийг буцаан хэрэглэж 2015 оны Өршөөл үзүүлэх хуульд хамруулж, миний хувийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар оногдуулахыг хүсч байна.” гэв.

 

Шүүгдэгч Л.Сгийн өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэхгүй байна. Хавтаст хэргийн материалыг шинжлэн судлахад хохирогч Э.Л нь 3 хүнтэй хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулж, мөнгө зээлсэн байдаг. Л.С анх хүүтэй мөнгө зээлнэ гэсэн зарын дагуу Э.Лтай холбогдон Э.Л тэрээр найдвартай зээлдэгч олж өгөөч гэх санал тавьсан. Тэр дагуу Л.С хүмүүс дагуулж очоод, нотариатаар зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээ байгуулсан. Үүнийг иргэний журмаар шийдвэрлэх ёстой байтал эрүүгийн хэрэгт хамааруулсан гэж үзэж байгаа. Мөнгө зээлсэн хүмүүсээс мөнгөө нэхэмжлэлгүй, Л.Сгээс гаргуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хохирогч гэх С.Мэс Дөлгөөн мөнгө зээлсэн байдаг. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд асууж тодруулалгүй утсаар асуусан байдлыг хохиролд багтаасан нь учир дутагдалтай байгаа. Хохирогч С.Мөнх-Эрдэнийн хохирлын тооцоог үндэслэлтэй зөв тогтоож чадаагүй. Л.С С.Мтэй тооцоо нийлэх асуудал тавихаар “би чамтай хохирлын тооцоо нийлэхгүй” гээд явчихдаг. Үүнд прокурор хяналт сайн тавиагүй. Л.Сгийн ганц охин Хуримцэцэг нь бага насны хоёр хүүхэдтэй. Хуримцэцэг нь Солонгос улс руу явсан учраас хоёр хүүхэд нь айлд байгаа асуудал яригдсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Э.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү. Л.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг сонслоо. Л.С бид хоёр мөрдөн байцаалтын шатанд хохирлыг хоёр талаасаа нийлж, маргаангүй гэдгээ мөрдөн байцаагчид илэрхийлсэн. Хохиролд ямар ч хүү, алданги тооцохгүйгээр үндсэн зээлсэн мөнгөө оруулсан.” гэв.

 

Прокурор Э.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь хорих, албадан ажил хийлгэх, торгох ялтай байгаа. Л.С хохирлоо төлж чадахгүй байгаа учраас торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх үзсэн байх. Албадан ажил хийлгэх, эсхүл хорих ялын хэмжээг хасах, нэмэх, тэнсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Л.С нь 2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч Э.Лаас нийт 10,671,000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд хохирогч С.Мэс нийт 29,097,000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан, өөрийн болон бусдын нэрийг ашиглаж “зээл” нэрээр залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

- хохирогч С.Мөнх-Эрдэнийн “... 2014 оны 8 сарын сүүлээр миний утас руу Л.С гэж эмэгтэй залгаж “мөнгө зээлүүлнэ гэж сонслоо, мөнгө зээлэх гэсэн юм, би Хархорин зах дээр наймаа эрхэлдэг” гээд... нилээн олон хоног мөнгө зээлээч гэж гуйж залгасан. Ингээд 2014 оны 8 дугаар сарын сүүл, 9 дүгээр сарын эхээр байх Хархорин зах дээр Л.Стэй уулзахад өөрийгөө “Хархорин захыг анх байгуулах үед нь ажиллаж байсан, одоо болтол ажиллаж байна, Хархорин захын бүх хүмүүсийг танина, би бол найдвартай” гэсэн зүйл яриад надаас мөнгө зээлэхийг хүссэн... “эгч нь батлан даалт гаргаад мөнгө зээлэх өөрийнхөө сайн найдвартай хүмүүсийг хэлээд өгье, чи тэр хүмүүстэй уулзаад хэрэггүй, маш олон янзын хүн байгаа болохоор чи өөрөө уулзаад хэрэггүй, надаар дамжуулаад мөнгө зээлэх хүмүүст мөнгөө зээлээд бай, би тэр хүмүүсээс мөнгийг чинь хурааж аваад чамд өгөөд байя, манай нэг мөнгө зээлдэг дүү байсан юм. Тэрийг маань зарим хүмүүс аягүй их хохироосон тул чамайг бас хохироочих вий гэж айж байна” гэж ярьсан. Л.С надаас 2 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй 2,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд уг мөнгө зээлсэн талаар Л.Сгээс цаасан дээр бичиг бичүүлж авсан юм... Үүнээс 2-5 хоногийн дараа “Хархорин зах дээр наймаа хийдэг Алтанзагас, Батбаатар, Түмэндэлгэр, Цэцэгдэлгэр гэсэн хүмүүс мөнгө зээлмээр байна гэж байна, энэ хүмүүс ёстой найдвартай, анх зах нээгдэх үеэс наймаа хийж байгаа хүмүүс... эгч нь өөрөө дамжуулаад мөнгийг чинь тэд нарт зээлчихье” гэж хэлээд надаас 8,000,000 төгрөгийг авч явсан. Дээрх 4 хүн нь тус тусдаа 2,000,000 төгрөгөөр хувааж авсан. Би мөнгө зээлсэн талаар, мөнгөө эргүүлэн төлсөн талаар хуудсыг хоёр хувь үйлдээд мөнгө зээлсэн хүмүүстээ нэг хувийг нь өгөөрэй гээд Л.С эгчид өгөөд, үлдсэн нэг хувийг нь өөртөө авч үлдсэн юм. Тэр цаасан дээр би өөрийн нэр, гар утасны дугаарыг бичсэн байсан. Тэгсэн дараа нь миний нэр болон гар утасны дугаарыг штрихээр дарчихсан байхаар нь Л.С эгчээс “та яаж байгаа юм бэ” гэсэн чинь “би чамд хэлсэн шүү дээ энэ захын янз янзын хүмүүс чамаас мөнгө нэхээд амраахгүй, чиний утсыг хүмүүс асуугаад байна, тэгэхээр нь би өөрийнхөө утсыг биччихлээ, чи өөрөө энэ хүмүүстэй уулзаад хэрэггүй” гэж надад хэлсэн. Ингээд Л.С эгчтэй уулздаг байсан. Мөнгө зээлсэн хүмүүсийг асуухаар Л.С эгч надад өдөр болгон зээлсэн мөнгөний хүү гэж өгдөг байсан бөгөөд “мөнгө зээлсэн хүмүүсийг сайн байгаа” гэдэг байсан. “Түмэндэмбэрэл гэдэг хүн нэг хоногийн хүүний мөнгө өгөөгүй, эгч нь өөрөөсөө өгчихье” гээд мөнгө өгсөн бөгөөд би “тэр хүнтэй чинь ярья” гэсэн чинь “эгч нь чамайг тийм зүйлд хутгаад яахав, би өөрөө байнга байдаг юм чинь өөрөө үүнийг зохицуулъя” гэж хэлж байсан. Намайг нөгөө хүмүүстэй уулзуулдаггүй байсан. Нэг удаа Түмэндэмбэрэлтэй утсаар ярихад “би орлого байхгүй учир мөнгө төгрөг байхгүй байна” гэж загнасан. Тэгэхэд Л.С эгч “за за боль боль эгч нь чамайг ийм юмтай хутгахгүй, би өөрөө зохицуулчихна” гэж байсан. Ингээд дээрх маягаар Л.С эгчээр дамжуулаад нийт 27 хүний нэрээр 2014 оны 9 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл цувуулаад нийт 80,000,000 төгрөгийг надаас авсан... Наранхүү надаас 9,000,000 төгрөг зээлнэ гээд 6,000,000 төгрөгийг нь яг өөрөө ирж авсан. Үлдсэн 3,000,000 төгрөгийг нь болохоор Л.С бас замаас нь авчихсан...

Л.Сгийн хувьдаа авсан 17 хүний мөнгө нь 54,000,000 төгрөг болоод байна. Энэ мөнгөнөөс эргэн төлөгдсөн мөнгө нь 23,000,000 төгрөг болж байгаа. Цаана нь 31,000,000 төгрөгийг Л.С яг цэвэр хувьдаа завшсан байгаа. Дээрх 17 хүнээс Алтантариа гэж эмэгтэй 3,000,000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр авсан гэж бичигдсэн. Гэхдээ 3,000,000 төгрөг нь Алтантариа гэж хүнд өөрт нь очоогүй Л.С авсан байсан. Саранцэцэг гэж эмэгтэй 3,000,000 төрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр авахаар зээл хүссэн өргөдлийг Л.С надад өгсөн. Би 3,000,000 төгрөгийг Л.Сд гаргаж өгсөн боловч мөн энэ мөнгө Саранцэцэгт очоогүй Л.С дундаас нь авсан байсан. 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Болорчимэг гэх эмэгтэйн 3,000,000 төгрөгийг зээлэхийг хүссэн өргөдөл авчирч өгсөн. Би 3,000,000 төгрөгийг мөн Л.Сд гаргаж өгсөн боловч уг мөнгийг Л.С Болорчимэгт аваачиж өгөөгүй өөрөө бас авсан байсан. 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Отгонбаатар гэж хүн 3,000,000 төгрөг зээлэхийг хүссэн өргөдөл өгсөн. Түүний дагуу мөн 3,000,000 төгрөгийг би Л.Сд өгсөн. Тэгсэн энэ мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг нь Отгонбаатарт өгөөд өөрөө 1,000,000 төгрөгийг нь хувьдаа авсан байсан. Үүний дараа 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Алтанзагас гэж эмэгтэй 3,000,000 төгрөгийг хүссэн өргөдлийг Л.С авчирч өгсөн. Үүний дагуу 3,000,000 төгрөгийг би Л.Сд өгсөн. Гэхдээ энэ мөнгийг Л.С цааш нь Алтанзагасд өгсөн үгүйг мэдэхгүй. Сүүлд Л.Стэй уулзахад Алтанзагасд өгсөн тэр 3,000,000 төгрөгийг би өөрөө авчихсан юм гэж надад хэлж байсан юм. 2014 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Наранхүү гэж эмэгтэй өөрийгөө Л.Сгийн төрсөн эгч нь байгаа юм гэж хэлээд 6,000,000 төгрөгийг өөрийнхөө данс руу хийлгэж надаас авсан. Тэгсэн сүүлдээ Наранхүү гэх эмэгтэй би Л.Сгээс өөрийнхөө өрийг авсан юм, тэгэхээр наад мөнгийг нь Л.С төлнө гээд яриад байгаа. Л.С нь мөн л энэ мөнгийг би төлнө гэж ярьдаг юм. 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Цэцэгдэлгэр гэх эмэгтэй 3,000,000 төгрөгийг авах хүсэлтийг Л.С авчирч өгсөн. Түүний дагуу 3,000,000 төгрөгийг Л.Сд өгсөн. Л.С уг мөнгийг Цэцэгдэлгэрт өгөөгүй би өөрөө авчихсан юм гэж хэлдэг. 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Гэрэлзул гэх эмэгтэй 3,000,000 төгрөгийг зээлэхийг хүссэн өргөдөл гаргасан ба мөн л 3,000,000 төгрөгийг гаргаж Л.Сд өгсөн. Мөн л Л.С Гэрэлзулд өгөөгүй өөрөө авчихсан байсан. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Далангэрэл гэх хүн 3,000,000 төгрөг зээлэх хүсэлтийг гаргаж, Л.С надад өгснийг нь би 3,000,000 төгрөгийг өгсөн. Л.С мөн л энэ хүнд мөнгө өгөөгүй өөрөө уг мөнгийг авчихсан байсан. Үүнээс гадна 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Л.С нь өөрөө надаас 4,000,000 төгрөгийг зээлсэн. 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Мөнх-Отгон гэж хүний нэр дээр 3,000,000 төгрөгийг авахыг хүссэн хүсэлт гаргаж 3,000,000 төгрөгийг Л.С надаас авсан. Энэ мөнгийг бас л цааш нь өгөлгүй өөртөө авчихсан байсан. 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хандхишиг гэж эмэгтэй нэр дээр 1,000,000 төгрөгийг зээлэхийг хүсч өргөдөл авчирч өгөөд 1,000,000 төгрөг аваад мөн цааш нь өгөлгүй өөрөө авсан байсан. 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Бямбасүрэн гэж хүний нэр дээр 3,000,000 төгрөгийг зээлэхийг хүссэн хүсэлтийг авчирч өгсөн. Тэгэхэд нь би энэ мөнгийг Бямбасүрэнд өөрт нь гарт нь өгсөн. Тэгсэн намайг явсаны дараа Л.С нь Бямбасүрэнгээс уг мөнгийг нь наадах чинь чиний мөнгө биш миний мөнгө гэж хэлээд түүнээс уг 3,000,000 төгрөгийг булаагаад авчихсан гэж байсан. 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Ундармаа гэж эмэгтэй Л.Стэй хамт хүрч ирээд 3,000,000 төгрөг зээлэхийг хүссэн хүсэлтээ бичээд надаас 3,000,000 төгрөгийг авсан юм. Тэгсэн уг авсан мөнгөө Л.Сд бүгдийг нь өгчихсөн гэж байсан. Л.С түүнээс загнаж байгаад тэр 3,000,000 төгрөгийг нь авчихсан гэж байсан. Үүний дараа 2014 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Бат-Орон гэх эмэгтэй Л.Стэй хамт ирсэн бөгөөд энэ хүн зээл авъя гээд байнга л гуйгаад байдаг байсан юм. Тэгээд би түүнд 4,000,000 төгрөгийг яг гарт нь өгсөн. Л.С түүнээс уг мөнгийг нь бас загнаж байгаад авчихсан гэсэн. 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Л.Сгийн нөхөр Батбаатар нь Л.Стэй хамт ирээд 4,000,000 төгрөгийг зээлж авсан. Энэ мөнгийг бас Л.С авсан байсан. Батбаатараас мөнгөө нэхэхээр “мэдэхгүй ээ, ах нь тийм мөнгө авсан билүү, Л.С чи авсан билүү” гээд хачин юм яриад байдаг... Энэ мөнгөнөөс тэр зээл хүссэн хүмүүсийг зээлээ төлж байгаа нэрийдлээр буцааж бага хувийг нь эргүүлж надад төлөөд дахин дараа дараагийнхаа мөнгийг залилж авахын тулд л эргэн төлөлт нэрийдлээр тодорхой хэмжээний мөнгийг буцааж төлж байгаа юм шиг харагдаад байгаа... Би зээл авсан хүмүүстэйгээ нүүр тулж уулзъя гэсэн чинь л Л.С нь надтай уулзахаа байгаад энэ мөнгөө төлөхөө больчихсон... Л.С нь энэ 17 хүний зээл хүссэн материалыг өөрөө надад авчирч өгөөд өөрөө мөнгийг нь өгнө гээд л аваад явдаг байсан. Би ганцхан Л.Стэй харьцаж энэ мөнгөнүүдийг өгдөг байсан... Алтантариа Л.Сгээс ерөөсөө мөнгө хүлээж аваагүй......” /1-р хх-11-12, 13-14, 190-191, 2-р хх-84-86/,

- мөн түүний “... Л.С өөрийн болон бусдын нэр барьж 2014 оны 10 дугаар сарын 29-нөөс 2014 оны 12 дугаар сарын 11-нийг хүртлэх хугацаанд 48,900,000 төгрөг залилан мэхэлж авсан байх ба үүнээс 20,575,000 төгрөгийг графикийн дагуу буцаан төлж, 28,325,000 төгрөгийг төлөөгүй. 2014 оны 12 дугаар сарын 17-нд 230,000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 12 дугаар сарын 18-нд 200,000 төгрөгийг дансаар, 2014 оны 12 дугаар сарын 29-нд бэлнээр 110,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-нд 150,000 төгрөгийг дансаар мөрдөн байцаалтын явцад 3,000,000 төгрөг нийтдээ 3,690,000 төгрөг төлсөн. Нийтдээ Л.С 48,900,000 төгрөг аваад, 24,635,000 төгрөгийг төлөөгүй байна...” /3-р хх-221/,

- хохирогч Э.Лын “... 2013 оны 9 дүгээр сард би мөнгө зээлүүлнэ гэж зар тавьсан. Тэгэхэд Л.С гэх эмэгтэй надтай холбоо барьж, Хархорин зах дээр худалдаа эрхэлдэг дөрвөн эмэгтэй зээл авах хэрэгтэй байна, ирээд бид нарын лангууг үзээд зээл өгөөч гэсэн. Тэрний дагуу орой 18 цагийн үед Хархорин зах дээр очиход Л.Сгийн хар өнгийн номергүй жижиг автомашин дотор Мөнхжаргал, Гэрэлзул, Алтанзагас, Л.С гэх дөрвөн эмэгтэй хүлээгээд сууж байсан. Л.С гэх эмэгтэй надад бид дөрөв зээл авч, төлж сурсан хүмүүс. Бид дөрөв одоо тус тусдаа хоёр хоёр сая төгрөг зээл авмаар байна гэж хэлэхээр нь маргааш захын тодорхойлолт, оршин суух хаягийн тодорхойлолтоо авчираад зээл ав гэж хэлсэн. Нөгөө дөрвөн эмэгтэйтэй Батбаатар гэх эрэгтэй нэмэгдэж ирээд бас хоёр сая төгрөгийн зээл авсан. 10-аад хоногийн дараа Батбаатар нь Л.Сгийн нөхөр болохыг нь мэдсэн. Л.С намайг чи нялх хүүхэдтэй юм байна. Би мөнгөнүүдийг өдөр өдөрт нь хураагаад өгч байя гэж байсан боловч би эхэндээ итгээгүй, эхний 10-аад хоног өөрөө болон эрэгтэй дүү Э.Ням-Очирыг явуулж мөнгөө авдаг байсан. Тэгэхэд Л.С ирэхээрээ эгч рүүгээ залга, эгч нь бэлдээд байж байя гээд, намайг очихоор тэр хүмүүсээс мөнгийг нь аваад гарын үсгийг зуруулаад бэлэн болгосон байдаг байсан. Сүүлдээ Л.С мөнгөө хураагаад гарын үсгийг нь зуруулаад гэрт авчирч өгдөг болсон. Дараа нь Л.С нөгөө 4 хүнээс гадна нэмж хэдэн хүмүүс оруулж ирээд зээл авч байсан. Тухайн үед Л.С надад чи ямар нэгэн зээлгүй юм чинь өөрийнхөө байрыг барьцаанд тавиад зээл аваач, эгч нь чамд тусална, тэр мөнгөө өдрийн зээлэнд гаргачих, чи зээлүүлсэн мөнгөний зөвхөн хүүгээр нь зээлээ төлөх бүрэн боломжтой гэж ятгаад байсан... Л.С миний мөнгийг бүрэн цаг хугацаанд нь авчирч өгөөд байхаар нь би итгэж эхэлсэн. Л.С 10 дугаар хорооллын Эрэл банкны салбарын захирал, эдийн засагч нарыг таньдаг мөн надаас өөр хүмүүст зээл гаргаж өгч байхыг хараад итгэсэн. Тэгээд би зөвшөөрөөд 2013 оны 11 дүгээр сард байраа барьцаанд тавиад 44,000,000 төгрөгийг зээлсэн... Энэ мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг өөрийн гэрийн тавилга болон засварт зарцуулсан. Үлдсэн 34,000,000 төгрөгийг бүгдийг нь зээлэнд гаргасан. Ингээд 1 сарын хугацаанд хэвийн төлөгдөөд явж байсан. Гэтэл нэг өдөр Л.С “би хөдөө явахаар болчихлоо, миний утас холбогдохгүй болох байхаа, зах дээрх мөнгийг Батбаатар ахад нь хэлсэн, мөн Алтантариа гэх эмэгтэй байгаа, ингээд энэ хүмүүс мөнгийг нь хураагаад өгнө, эгч нь 3-4 хоног болоод ирнэ, сүлжээгүй газар очих болохоор утас холбогдохгүй байх” гээд сураггүй болсон... Ламгомбо, Нансалмаа, Хэрлэнчимэг гэх хүмүүсээр зээлийн гэрээг хийлгүүлж авсан мөнгийг Л.С хувьдаа авсан. Энэ мөнгө Ламгомбо 2,000,000 төгрөг зээл авснаас 1,560,000 төгрөг, Хэрлэнчимэг мөн адил 2,000,000 төгрөгийн зээл авсанаас 1,240,000 төгрөг, Нансалмаа 2,000,000 төгрөгийг зээл авснаас 980,000 төгрөг, Цэцэгдэлгэр 2,000,000 төгрөгийн зээл авсанаас 1,550,000 төгрөг өгөөгүй. Би эдгээр хүмүүсээс мөнгө авах гэсэн боловч бид нар мөнгө аваагүй. Л.С дундаас нь авсан бид нар мөнгө төлөхгүй гэж хэлсэн...” /2-р хх-2-3, 89-90/,

- мөн түүний “...Л.Стэй уулзаж нийт тооцоогоо 2 талаасаа байгаа баримтуудад үндэслээд хийсэн. Л.С өөрийн болон бусдын нэрээр надаас нийтдээ 15,621,000 төгрөгийн зээл авсан байна... Дээрх мөнгөнөөс одоогийн байдлаар 2014 оны 9 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөгийг дансаар, 2014 оны 10 дугаар сарын 2-нд 515,000 төгрөгийг дансаар, 2014 оны 10 дугаар сарын 16-нд дансаар 1,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 21-нд 435,000 төгрөгийг дансаар, 2014 оны 11 дүгээр сарын 22-нд 2,000,000 төгрөгийг дансаар, 2014 оны 12 дугаар сарын 28-нд 400,000 төгрөгийг дансаар нийтдээ 4,550,000 төгрөгийг буцаан төлсөн байна...” /3-р хх-220/,

- гэрч Б.Бямбасүрэнгийн “... 2014 оны 12 дугаар сард байхаа намайг ажил дээр байхад Л.С намайг дуудаад “Алтантариа эгчийн нэр дээр мөнгө зээлэх гэсэн чинь С.М өгөхгүй байна, таны нэрээр мөнгө гаргуулъя” гэсэн. Манай эхнэр уг нь Л.Сд С.Мэс 3,000,000 төгрөг зээлж өгөөч гээд хүсэлт маягийн юм бичээд өгсөн юм билээ. Түүнийг нь Л.С аваад явсан, мөнгө гаргахгүй байна гээд удаад байсан. Тэгсэн Л.С манай эхнэрийн нэр дээр 3,000,000 төгрөгийг С.Мэс аль эрт авчихсан тэр мөнгөө бид нарт өгөлгүй өөртөө авчихсан, бид нарт хэлээгүй нуусан байсан. Тэгээд сүүлд нь намайг дуудаад Алтантариа эгчийн нэр дээр зээл гаргаж болохгүй байна, таны нэр дээр би зээл гаргаад өгье гээд надаар 3,000,000 төгрөг зээлэхийг хүссэн өргөдөл дээр гарын үсэг зуруулсан. Уг мөнгө хүссэн өргөдлийг Л.С өөрөө бичсэн байсан. Тэр бичиг дээр нь ямар ч байсан 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлэхийг хүссэн зүйл бичсэн байсан. Надаар гарын үсэг зуруулаад дагуулаад С.Мтэй очиж уулзсан. Гэхдээ намайг С.Мд харуулаад “энэ мөнгө зээлэхийг хүссэн Бямбасүрэн ах байгаа юм найдвартай хүн” гэж хэлсэнээ “та бууж бай” гээд намайг машинаас буулгачихаад Л.С өөрөө С.Мтэй машин дотор уулзаад байсан. Тэгээд намайг дуудаад С.М нь надад 87,000 төгрөг өгөөд яваад өгсөн. Үлдсэнийг нь дансаар хийнэ, удахгүй таны данс руу шилжүүлчихнэ гэж байна гэж хэлсэн. Л.С надад “таны үлдсэн мөнгийг дансаар чинь шилжүүлчихнэ гэж байна наад 87,000 төгрөгөө надад буцаагаад өгчих би хураалт хийгээд мөнгө цуглуулахаар таны наад мөнгийг чинь нэмээд яг 3,000,000 төгрөг болгоод данс руу чинь хийчихнэ” гэж хэлээд надаас тэр 87,000 төгрөгийг авсан. Үндсэндээ би нэг ч төгрөг аваагүй. Ингээд мөнгө нь орж ирэхгүй 7 хоног өнгөрсөн. Тэгсэн С.М ирээд “Бямбасүрэн ах та 3,000,000 төгрөгөө авсан биз дээ, Алтантариа эгчид бас 3,000,000 төгрөгийг өгсөн энэ мөнгөнүүдээ авсан уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь мөнгө аваагүй, Л.С мөнгө өгөөгүй гэдгийг нь хэлсэн. Манай эхнэр Алтантариа ч мөнгө аваагүй гэдгээ хэлсэн... Тэгээд асуугаад байсан чинь Л.С нь эхнэр бид хоёрт зээлүүлэхээр өгсөн 6,000,000 төгрөгийг дундаас нь хувьдаа завшсан байсан...” /1-р хх-16-17/,

- гэрч Ч.Саранцэцэгийн “... 2014 оны 8 сар билүү 9 сард өдрийг нь сайн санахгүй байна. Л.С надад “хүүтэй мөнгө зээлж байгаа, С.М гэж хүнээс өөрийнхөө нэр дээр өдрийн эргэн төлөлтэй хүүтэй мөнгө зээлээд өгөөч, тэгвэл би өөрөө тэр мөнгийг аваад эргэн төлөлт бүх юмыг нь хариуцаад буцаагаад төлнө” гээд гуйгаад байхаар нь би өөрийнхөө нэр дээр С.Мэс 1,500,000 төгрөгийг зээлэхийг хүссэн өргөдөл, хүсэлт бичиж Л.Сд өгсөн. Л.С намайг дагуулаад тэр С.Мтэй уулзуулсан. С.М “та мөнгө зээлэх хүн нь юм уу” гэхээр нь би “тиймээ, би мөнгө зээлэх гэж байгаа юм” гэж хэлсэн. С.М надад бэлнээр 1,500,000 төгрөгийг өгсөн. Тэрийг нь аваад С.М явсаны дараа Л.Сд уг мөнгийг өгсөн. Л.С тэр үед хамт байсан ба өөрөө тэр мөнгөний эргэн төлөлт бүх юмыг хариуцна гэж хэлээд дээрх мөнгийг бүгдийг нь надаас авсан. Үүний дараа 2014 оны 10 сарын сүүлээр 11 сарын эхээр байхаа Л.С дахин С.Мэс хүүтэй мөнгө нэр дээрээ зээлээд өгөөч гэж гуйсан бөгөөд Л.С урьд авсан 1,500,000 төгрөгөө төлөөд дуусгачихсан байсан юм шиг байна лээ. Тэр үед дахиад 3,000,000 төгрөг зээлж авах гэсэн юм гээд гуйгаад байхаар нь би өөрийнхөө нэр дээр С.Мэс 3,000,000 төгрөг зээлэхийг хүссэн өргөдөл бичээд мөн Л.Стэй хамт С.Мтэй хамт очиж уулзсан юм. Тэгэхэд С.М “урьд авсан 1,500,000 төгрөгийг төлөөд дуусчихсан, тийм болохоор дахин мөнгө авч болно” гээд надад 3,000,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 20 хувийн хүүтэй зээл өгсөн. Тэр мөнгийг С.М надад манай лангуун дээр авчирч өгсөн бөгөөд түүнийг явсаны дараа Л.С ирээд надаас уг 3,000,000 төгрөгийг аваад явсан. Надад бол нэг ч төгрөг өгөөгүй...” /1-р хх-18/,

- гэрч М.Болорчимэгийн “... Тухайн үед би Хархорин зах дээр наймаа хийхээ больсон байсан. Тэгсэн Л.С “өөрийнхөө нэр дээр С.М гэж эмэгтэйгээс 3,000,000 төгрөгийг зээлээд өгөөч, эгч нь тэр мөнгийг чинь яг өдөр тутам нь төлөөд цаг алдахгүй дуусгана, эгчид нь мөнгө хэрэг болоод, яахаа мэдэхээ больчихоод байна.” гээд гуйгаад ерөөсөө салахгүй байсан. Тэгээд би өөрийнхөө нэр дээр 3,000,000 төгрөгийг зээлэхийг хүссэн өргөдөл бичиж өгсөн. 2014 оны 12 дугаар сарын сүүл шинэ оны өмнөхөн байсан байх хугацааг нь сайн санахгүй байна. Л.С надаар 3,000,000 төгрөгийг зээлэхийг хүссэн өргөдөл надаар гуйж бичүүлээд мөн ТҮЦ машинаас миний иргэний үнэмлэхийн лавлагааг аваад явсан юм. Тэрнээс хойш долоо хоногийн дараа байх Л.С ирээд намайг дагуулаад Цамбагаравын хойд талын байрны тэнд С.М гэж эмэгтэйн нөхөртэй уулзуулсан бөгөөд намайг мөнгө зээлэх гэж байгаа хүн юм гэж Л.С тэр залууд хэлсэн. Тэгээд тэр хоёр зээлийн эргэн төлөлт өдөрт тэдэн төгрөг тушаах юм байна гэж яриад байсан. Тэр залуу гар утсаа гаргаж ирээд мөнгө мобайл банкаар шилжүүлэхээр болоход Л.С нь мөнгөө миний данс руу шилжүүлчих гэж хэлээд өөрийнхөө дансыг өгөөд шилжүүлсэн. Л.С утсаа харж байгаад өө мөнгө чинь орчихлоо гэж хэлж байсан. Тэгээд тэр залуу машинаасаа буугаад яваад өгсөн. Би тэр үед мөнгө зээлж байгаа хүн нь би байхад надаас яагаад данс асуухгүй Л.С эгчийн данс руу хийчихэж байгаа юм бол гэж гайхаж байсан... Сүүлд сонссон миний нэрээр авсан тэр 3,000,000 төгрөгөө төлөөгүй бас манай ээж Цэцэгдэлгэрийн нэрээр бас 3,000,000 төгрөг аваад төлөөгүй байсан бөгөөд захын хүмүүс болон тэр мөнгө зээлсэн хүмүүстээ ээж бид хоёрыг зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа гэж ярьсан байсан...” /1-р хх-19/,

- гэрч Ж.Цэцэгдэлгэрийн “... Би хамгийн анх 2,000,000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сард байхаа Л.Сгээр дамжуулж С.Мэс зээлээд уг мөнгөө төлөөд дуусгасан. Ингээд ахиад мөнгөний хэрэг болоод 3,000,000 төгрөгийг зээлье гэсэн. Л.С нь намайг дагуулаад С.Мтэй уулзуулсан. С.М “мөнгө одоогоор алга байна, удахгүй мөнгийг чинь гаргаад өгнө, хүлээж бай” гэсэн. Би мөнгө хүссэн өргөдлөө бичээд хүлээгээд байж байсан чинь Л.С нэг өдөр над дээр ирээд “та нөгөө мөнгө хүссэн өргөдлөө өгч бай” гээд надаас аваад явсан юм. Тэгэхээр нь би Л.С миний мөнгийг бүтээж өгөх гэж байгаа юм байна гэж бодоод хүлээж байсан чинь таг чиг алга болчихсон. Тэгж байтал Л.С ирээд “Цэцгээ эгчээ та өөрийнхөө охин Болорчимэгийн нэр дээр дахин зээл аваач” гэхээр нь би өөрийнхөө охин Болорчимэгтэй уулзсан... сүүлд нь зөвшөөрөөд Болорчимэг өөрийнхөө нэр дээр 3,000,000 төгрөгийг зээлэхийг хүссэн өргөдлийг бичүүлээд Л.С аваад явсан. Тэгсэн бас л мөнгө нь байхгүй алга болчихсон. Сүүлд нь сонссон Л.С нь миний бичиж өгсөн мөнгө зээлэхийг хүссэн өргөдлийг аваад явсан өдрийнхөө маргааш нь С.Мэс 3,000,000 төгрөгийг авсан байсан. Уг мөнгөнөөсөө нэг ч төгрөгийг надад өгөөгүй. Бас манай охин Болорчимэгийн зээл хүссэн өргөдлийг аваад явсан бас л тэр бичгээр нь 3,000,000 төгрөгийг С.Мэс авсан байсан. Тэр мөнгөө бас л өөрөө авсан байсныг нь сүүлд мэдсэн...” /1-р хх-20-21/,

- гэрч Ч.Алтанзагасын “... Би 3,000,000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Л.С нь намайг С.Мтэй шөнийн зах дээр аваачиж машинд уулзуулж байсан... Хамгийн анх 2014 оны 9 сард 3,000,000 төгрөгийг аваад уг мөнгөө төлөөд дуусгасан. Үүний дараа 2014 оны 11 сард дахин 3,000,000 төгрөгийг С.Мэс зээлэхийг хүссэн юм. Ингээд Л.Стэй хамт очиж С.Мтэй уулзахад хэд хоногийн дараа мөнгийг чинь гаргаад өгье гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь Л.Сгээр дамжуулж миний зээлэхийг хүссэн 3,000,000 төгрөгийг өгсөн байсан. Уг мөнгөнөөс Л.С 2,000,000 төгрөгийг өөртөө аваад үлдсэн 1,000,000 төгрөгт нь бараа татаж, надад өгсөн. Би надад өгсөн 1,000,000 төгрөгийн барааг нь зарж борлуулаад өдөрт нь орсон орлогоо байнга Л.Сд өгч хураалгадаг байсан. Тэгсэн 2014 оны 12 сарын эхээр С.М ирээд та 3,000,000 төгрөгийг яг авсан уу гэж асуухаар нь би тухайн үед нэг сая төгрөгийг авсан байсан болохоор авсан гэж хэлсэн...” /1-р хх-21, 2-р хх-47/,

- гэрч Ж.Алтантариагийн “... Л.Сгээс Мөнх-Эрдэнийн утасны дугаарыг өгчих гэхээр “та надаар дамжуулж мөнгөө зээлж авна, би та нарт Мөнх-Эрдэнийн гар утасны дугаарыг өгөхгүй” гэсэн болохоор уулзаж чадаагүй. Л.Сгээр дамжиж харилцахаар болсон. Анх 2014 оны 9 дүгээр сарын 20-ны үед байх Л.Сд 2,000,000 төгрөг зээлэх гэсэн юм дамжуулаад хэлээд өгөөч гэсэн чинь, дамжуулаад хэлээд өгье гэсэн. Тухайн үед надаас мөнгө зээлэхийг хүссэн өргөдөл, хүсэлт бол аваагүй. С.М нь нөхөр Болор-Эрдэнэ гэж залуутай хамт ирээд надтай уулзсан бөгөөд Л.С намайг тэр хоёр хүнтэй танилцуулж харуулаад надаас мөнгө зээлэх хүсэлтийг маань Иргэний бүртгэлийн машинаас авсан лавлагааны ард бичүүлж уг хүсэлтийг С.М Л.Сгээс авсан. Ингээд эхний гурав хоногийн мөнгийг суутгаад надад 1,800,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байсан бөгөөд хугацааны дагуу төлж байгаад наймаа сайн явахгүй болохоор 14 хоногийн мөнгө болох 620,000 төгрөгийг буцааж өгч чадаагүй. Уг мөнгийг Л.С миний өмнөөс хийгээд төлж барагдуулж дууссан юм. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Л.Стэй уулзаад дахин 3,000,000 төгрөг зээлье гээд Л.С Болор-Эрдэнэ гурвуулаа уулзсан. Тэгэхэд Болор-Эрдэнэ өөр хүний зээл өгчихөөд хоёр хоногийн дараа таньтай уулзая гэж надад хэлсэн. Хоёр хоног өнгөрсөн чинь Л.С надтай уулзаад чи дахиад иргэний үнэмлэхийн лавлагаа аваад хүсэлтээ бичээд өг гэхээр нь өөр хүмүүст зээл өгөхдөө урьд өмнө өгсөн баримт дээрээ нэмээд бичээд өгч болж байсан. Яагаад дахиад надаас лавлагаа авчир гэж байгаа юм бэ гэхэд Л.С, Болор-Эрдэнэ “мөнгө зээлэх хүмүүсээс лавлагаа хүсэлтийг нь ав гэсэн юм” гэхээр нь би лавлагаа аваад дээр нь 3,000,000 төгрөгийг зээлэх хүсэлт бичээд Л.Сд өгсөн. Л.С хоёр хоногийн дараа мөнгө чинь ороод ирэх юм чинь мөнгөө авсан гээд бичээд өг гээд надаар мөнгө авсан картын бичиг дээр 3,000,000 төгрөгийг хүлээж авлаа гэдгийг надаар бичүүлээд уг бичгийг надаас авсан юм… Мөнгө гаргаж өгөхгүй 20 гаруй хонохоор нь Л.Сгээс “зээл авахаа болилоо, мөнгө авахыг хүссэн бичгээ буцааж авмаар байна” гэсэн чинь “тэр бичиг чинь байж л байгаа” гэдэг ч, гаргаж өгдөггүй байсан. Тэгсэн мөртлөө захын хүмүүст намайг С.Мэс 3,000,000 төгрөг зээлж авсан гээд яриад байсан. 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байх Болор-Эрдэнэ манай ажил дээр ирээд “та яагаад авсан мөнгөө төлөхгүй байгаа юм бэ, та 3,000,000 төгрөг авсан уу, үнэнээ хэл” гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь “эхний авсан 2,000,000 төгрөгийн зээлээ өгсөн. Одоо чамд өргүй. Чи харин надад өгнө гэсэн 3,000,000 төгрөгөө зээлэх гэж байгаа юм уу” гэхэд Болор-Эрдэнэ “юу яриад байгаа юм бэ, та 3,000,000 төгрөг авсан юм биш үү, мөнгө авсан бичиг чинь энэ байна” гээд Л.Сгийн надаар 3,000,000 төгрөгийг хүлээж авлаа гэж бичүүлээд авсан мөнгө олгох карт бичгийг гаргаж үзүүлсэн... С.М Л.Сгээс та 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Алтантариа эгчид 3,000,000 төгрөгийг өгнө гээд аваад явсан биз дээ гэсэн чинь Л.С би тэр 3,000,000 төгрөгийг авчихсан юм гээд үнэнээ хүлээсэн... Манай нөхөр Бямбасүрэн нь Болор-Эрдэнээс 2,000,000 төгрөгийг мөн зээлээд уг зээлсэн 2,000,000 төгрөгөөс 620,000 төгрөгийг тоолоод Л.Сд өгсөн бөгөөд одоо манай нөхрийн зээлсэн 2,000,000 төгрөгийн төлөлт үлдсэн байгаа...” /1-р хх-27-28/,

- гэрч Б.Наранхүүгийн “... Л.С... миний С.Мэс зээлсэн 6,000,000 төгрөгөөс зээлд төлсөн 900,000 төгрөгийг “та наад мөнгөө надад өгчих, би хүний зээл хаагаад шинээр зээл аваад таны зээлийг тэр мөнгөнөөс хаана” гээд 500,000 төгрөгөөр нэг удаа 400,000 төгрөгөөр аваад миний биш өөр хүний зээлийг хааж С.Мд өгсөн байсан... Бас Л.С миний нэрээр С.Мэс 3,000,000 төгрөгийг зээлээд авчихсан байсан. Л.С баахан эргэн төлөлтийн хуудас барьсан байхаар нь үзсэн чинь миний нэр дээр ахиад 3,000,000 төгрөг зээлсэн гэсэн хуудас барьчихсан байсан. Тэгэхээр нь би яахаараа миний нэр дээр 3,000,000 төгрөгийн зээл байгаа юм гэхэд Л.С “харин таны нэр дээр авчихсан юм би төлөөд явж байгаа” гэхээр нь “наад зээл чинь төлөхгүй бол яах юм бэ, хэн хариуцах юм бэ” гэхэд Л.С “би төлөөд явж байгаа үүнд санаа зоволтгүй” гэж хэлсэн. Би бол 3,000,000 төгрөгийг зээлэхийг хүсэж С.Мд хандаагүй Л.Сд ч гэсэн тийм зүйл бичиж өгч байгаагүй...” /1-р хх-30-31/,

- гэрч Б.Ундармаагийн “… Би С.М гэж хүнтэй яг уулзаж мөнгө авч байгаагүй. Түүний нөхөр болох Болор-Эрдэнэ гэж хүнтэй уулзаж мөнгө авч байсан. Хамгийн анх 2,000,000 төгрөгийг Л.Сгээр дамжуулж 2014 оны өмнөхөн авсан. Уг мөнгөө эргэн төлөөд хүүний мөнгө болох 400 орчим мянган төгрөг үлдсэн байсан. Гэхдээ зээл төлөх хугацаа нь бол болоогүй байсан. Тэгсэн чинь Л.С ирээд “эгчдээ өөрийнхөө нэр дээр наад үлдсэн мөнгөн дээрээ нэмээд 3,000,000 төгрөг зээлээд өгчих, эгч нь яг хугацаанд нь эргээд төлөөд дуусгачихна” гээд гуйгаад байхаар нь 3,000,000 төгрөг зээлэх хүсэлтийг бичээд Л.Сд өгсөн. Л.С эгч намайг дагуулаад Болор-Эрдэнийн 1 дүгээр хороололд байдаг байрны гадаа очсон. Болор-Эрдэнэ гэрээсээ гарч ирээд надад 3,000,000 төгрөг өгсөн. Үүнээсээ урд дахь зээлийн хүүний үлдэгдэл 400 гаруй мянган төгрөгийг хасаад 2,600,000 орчим төгрөг надад өгсөн... Болор-Эрдэнэ мөнгөө өгөөд машинаас буунгуут Л.С надаас 2,600,000 төгрөгийг авсан. Тэгээд тэр хүүний үлдэгдэл мөнгө болох 400,000 төгрөгийг өөрөө төлөөд дуусгачихаарай гэж хэлсэн... Суутгуулсан 400,000 төгрөгийг өдөр өдөрт нь төлөөд энэ оны цагаан сарын өмнө төлж дуусгасан. Уг мөнгийг Болор-Эрдэнэ ирж надаас авдаг байсан. Миний хувьд одоо Болор-Эрдэнэд ямар нэгэн төлбөрийн асуудал байхгүй... Болор-Эрдэнэ чи тэгвэл өгөх ёстой 400,000 төгрөгөө өөрөө төлөөд дуусгачих гэхээр нь би уг мөнгийг нь төлж дуусгасан...” /1-р хх-32, 236/,

- гэрч Б.Бат-Оронгийн “... Би С.М гэж хүнийг танихгүй. Л.С л анх надад мөнгө гаргана гэж хэлсэн. Тэр үед надад 3.5 сая төгрөгийн хэрэг байсан учир Л.Стэй уулзаад мөнгө зээлээд өг гэж хүссэн. Л.С намайг дагуулаад анх С.Мтэй уулзуулсан. Ингээд би 3.5 сая төгрөгийг өөрөө зээлж аваад, мөнгийг мөн өөрөө зарцуулаад, зээлээ төлж яваад 500 гаруй мянган төгрөг төлөх дутуу үлдсэн... үлдэгдэл 500 гаруй мянган төгрөг дутуу, хугацаа нь дуусах болоогүй байхад Л.С эгч “чи өөрийнхөө нэр дээр эгчдээ 4,000,000 төгрөг зээлээд өгөөч, эгч нь бүх юмыг нь жин тан эргээд төлөөд дуусгачихна” гээд гуйгаад байхаар нь Л.С эгчтэй хамт очоод Мөнх-Эрдэнийн нөхөр Болор-Эрдэнээс 4,000,000 төгрөгийг өөрийнхөө нэр дээр зээлсэн. Машин дотор орж мөнгөө авсан. Гэхдээ урьдны зээлийн үлдэгдэл 500 гаран мянган төгрөгийг тэр өдөр өгсөн 4,000,000 төгрөгөөс суутгаад надад 3.5 сая төгрөгийг өгсөн. Болор-Эрдэнийг явсны дараа Л.С надаас уг мөнгийг авсан. Ингээд би урьдны зээлийн үлдэгдэл болох 500 гаруй мянган төгрөгийг нөхөөд Л.Сд өгсөн. 4,000,000 төгрөгийг Л.Сд өгсөн...” /1-р хх-33/,

- гэрч Л.Батбаатарын “... Би Л.Стэй 2009 оноос эхлэн 2015 оны 4 сарыг хүртэл хамтран амьдарч байсан. Би С.Мэс өөрийн биеэр мөнгө зээлж авч үзээгүй. Миний нэрийн өмнөөс Л.С мөнгө авдаг байсан. Л.Сд би өөрийн иргэний үнэмлэхээ хуулбарлаж өгөөд доот талд нь гарын үзэг зураад өгдөг байсан. Тэр хуулбар дээр Л.С мөнгө авах хүсэлтээ бичээд байдаг байсан... Л.С миний өмнөөс С.Мэс 2 удаа мөнгө зээлж байсан... Мөнх-Эрдэнийн гэрийн гадаа Л.Сгийн машин дотор би С.Мэс 4,000,000 төгрөг зээлсэн боловч энэ 4,000,000 төгрөг надад биш Л.Сд өгсөн. Тэр үед Алтанзагас, Цээгий эгч, бас 1 танихгүй эмэгтэй хамт байсан. Тэр өдөр С.Мэс 4,000,000 төгрөг аваад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажуу байранд очоод танихгүй эмэгтэйд мөнгө өгсөн. Тэр танихгүй эмэгтэйд урьд нь өртэй байсан юм шиг санагдсан. С.Мэс мөнгө авч тэр эмэгтэйн өрийг дарсан гэж бодож байна. Тэр эмэгтэйд хэдэн төгрөг өгснийг би мэдэхгүй байна…” /1-р хх-193/,

- гэрч Э.Болор-Эрдэнийн “... Л.Сг өнгөрсөн оны 8 дугаар сараас эхлэн манай эхнэр С.М рүү утсаар ярьж мөнгө зээлэх эсэх талаар лавлаж асууснаар тэр 2 хоёр биенээ мэддэг болсон... Тэрнээс хойш уг захад наймаа эрхэлдэг хүмүүст манай эхнэрээс мөнгө авч өгдөг болсон. Ингээд тэрээр захын наймаачидтай холбох зуучлагчийн дүрээр манай эхнэртэй, зарим тохиолдолд надтай харьцах болсон... Би нэг зээлдэгчтэй нь уулзъя гэж бодоод 32 дугаар байрны нэг орцонд оёдлын цех ажиллуудаг Алтантариа гэгч эмэгтэйтэй очиж уулзсан. Тэрээр Л.Сгийн хажууд юм ярьж чадахгүй эмээгээд байгаа бололтой санагдахаар нь би Л.Сг та машинд хүлээж бай гээд Алтантариа болон түүний нөхөр Бямбасүрэн хоёртой ярилцахад өнгөрсөн 10 дугаар сард зээл хүссэн хүсэлтээ Л.Сд өгсөн. Тэрнээс хойш би мөнгө гар дээрээ аваагүй, мөнгө өгөхгүй юм бол бичсэн хүсэлтээ буцааж авах гэхэд өгөхгүй байсан хэмээн ярьснаар Л.Сгийн залилан мэхлэх үйлдэл илэрсэн. Уг нь би 3,000,000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сард 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны 1 дүгээр орцны гадаа Л.Сгийн машинд Бямбасүрэн гэгчид тоолж хүлээлгэн өгсөн. Гэтэл тэр машинаас намайг буунгуут Бямбасүрэнгээс нэхсээр байгаад Л.С авчихсан гэж байсан. Яг энэ мэтээр тус захад барилгын материал зардаг Э.Эрдэнэчимэгт 4 сая, Ж.Эрдэнэчимэгт 3 сая төгрөг өгсөн. Гэтэл тэрнээс нь тус бүр 1 сая төгрөгийг нь Л.С авсан гэж ярьдаг... Л.Сгийн энэ мэт залилан мэхлэх үйлдлийн шинж тэмдэг урьд өмнө нэг бус удаа ажиглагдсан боловч орой бүр уулзаад итгэл үнэмшил төрүүлэхээр зүйлүүд ярьж, зээлийн буцаан төлөлтийг чинь хураагаад ирлээ гээд байсан болохоор нь итгэсэн...” /1-р хх-195-196/,

- гэрч Б.Гэрэлзулын “... би Хархорин захын замын хойд талд машин дотор 2,000,000 төгрөгийг 20%-ийн хүүтэй, 50 хоногийн хугацаатай зээлж авсан. Тэр үед машинаас гарсаны дараа Л.С 1 сая төгрөгийг нь өгчих гэж гуйхад нь би 1,000,000 төгрөгийг нь өгсөн... Л.С надад С.М 3,000,000 төгрөгөөр зээл өгч байгаа чи зээл авахгүй юм уу гээд байхаар нь авъя гэж хэлсэн. Тэгээд С.Мэс мөнгө зээлэх гэхэд миний өмнө авсан 2,000,000 төгрөгөөс Л.Сгийн авсан 1 сая төгрөгийн төлөлт 540,000 төгрөг дутуу байсан. Би Л.Сгээр дамжуулж С.Мэс 3,000,000 төгрөг 20%-ийн хүүтэй 50 хоногийн хугацаатай зээлэхээр тохироод С.Мтэй утсаар ярих үед Л.Сгийн зээлийн үлдэгдэл 540,000 төгрөгийг хасаад 2,460,000 төгрөг өгөхөөр тохирсон. Тэр үед би Л.Сд 300,000 төгрөгийн өртэй байсан болохоор тэр өрийг оруулаад зөвшөөрсөн юм. Тэгээд би Л.Сд 3,000,000 төгрөгийг зээл хүссэн хүсэлт, бичиг баримтын хуулбарын хамт өгсөн. Тэр өдрөөс хэд хоногийн дараа би Л.Сгээс мөнгө яасан бэ гэж асуухад Мөнх-Эрдэнийн мөнгө бүтэх болоогүй байна, удахгүй өгнө гэж хэлсэн... 12 сарын эхээр Хархорин захын лангуун дээрээ зогсож байхад Болор-Эрдэнэ ирээд яагаад зээлээ төлөхгүй байгаа юм бэ гэж асуусан. Би Болор-Эрдэнэд мөнгө аваагүй гэдгээ хэлэхэд... Л.С надаас ирээд мөнгө аваад явсан гэж хэлсэн...” /1-р хх-232/,

- гэрч Т.Хандсүрэнгийн “... Хархорин зах дотор “ХААН” банкинд мөнгө тушаах гэж зогсох үедээ Алтанзагастай тааралдаад мөнгөний хэрэг болоод байна мөнгө зээлэх хүн байна уу гэж асуухад миний хажууд худалдаа эрхэлдэг Л.С гэх эмэгтэй мөнгө гаргаж байгаа, би хэлээд гуйгаад үзье гэсэн юм. Тэгээд манай охин бид хоёр хамт Л.Стэй уулзаж тус тусдаа 3 сая төгрөг зээлье гэхэд үгүй тус тусад нь 2 сая төгрөг зээлэх боломжтой гэхдээ цаад хүндээ хэлье гэсэн. Удалгүй Л.С жирэмсэн эмэгтэй дагуулж ирээд манай охин Цэрэндулам бид хоёрын лангууг үзээд захын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар аваад хэд хоногоос мөнгө өгөх боломжтой болно гэж хэлээд явсан. Тэр өдрөөс хойш мөнгө өгөхгүй удаад байхаар нь би Л.Стэй уулзаж яасан их уддаг юм бэ, зээлээ авахаа болилоо, бүрдүүлсэн бичиг баримтаа авъя гэхэд Л.С, Болор-Эрдэнэтэй утсаар яриулсан. Тэгсэн Болор-Эрдэнэ би 7-8 сая төгрөгийн зээл гаргах гэж байгаа болохоор таны мөнгийг одоо гаргах боломжгүй байна. Хэд хоногийн дараа гаргаж өгье гэсэн юм. Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа миний Цэрэндулам бид хоёрт 2 сая төгрөгийг тус тусад нь өгсөн. Тэгсэн Цэрэндулам бид хоёрын зээлж авсан мөнгөнөөс Л.С 1 сая төгрөг өгчих нэг хүний зээл хаах гэсэн юм, 1 хоногийн хугацаатай зээлчих гэхээр нь Цэрэндулам бид 2 тус тусдаа 500,000 төгрөг өгөөд 1 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас Л.Сгийн “ХААН” бакны данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь Л.Сгээс мөнгөө авах гэсэн юм бараандаа явах гээд байна гэсэн чинь Л.С мөнгөний боломжгүй байна хэд хоногийн дараа өгье гэхээр нь нэгэнт би тэр мөнгийг нь аваагүй юм чинь чи өөрөө хүүтэй нь төлөөд яв гээд өөрийнхөө зээлсэн мөнгийг хүүтэй нь, Цэрэндуламын зээлсэн мөнгө, төлөлтийн хамт Л.Сд өгдөг байсан...” /1-р хх-233/,

- гэрч С.Хандхишигийн “... Би хорооны тодорхойлолт, Хархорин зах дээр худалдаа эрхэлдэг нь үнэн гэсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, 1 сая төгрөг 10%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатай, өдрийн төлөлтөөр мөнгө зээлэх хүсэлт гаргасан бичгийн хамт Л.С эгчид өгсөн. Л.С эгч санхүүжилт орж ирэхгүй байна гээд өгөхгүй удаад байсан... Нэг хүн над руу залгаад чиний нэр дээр Л.С, С.М гэх хүнээс мөнгө зээлж авсан байна гэж хэлж байсан. Би Л.Сгээс огт мөнгө аваагүй...” /1-р хх-234/,

- гэрч Г.Эрдэнэ-Очирын “... Намайг Хархорин зах дээр зогсоогүй байхад Л.С манай эхнэр Ундармаагийн нэр дээр 3,000,000 төгрөг зээлж авсан байсан. Энэ 3,000,000 төгрөгөөс манай эхнэр нэг ч төгрөг аваагүй. Манай эхнэр Ундармаа Л.Сгээр 3,000,000 төгрөгийг Л.С төлж дуусгана гэж өөрөөр нь бичүүлж авсан...” /1-р хх-235/,

- гэрч Ж.Далангэрэлийн “... Би иргэний үнэмлэхээ хуулбарлаад Хархорин зах дээр худалдаа эрхэлдэг нь үнэн гэсэн тодорхойлолтын хамт Л.Сд өгсөн. Болор-Эрдэнэ мөнгө өгөх үедээ дуудна гэж байсан. Тэр өдрөөс хойш огт дуудаагүй. Эхнэр бид хоёр мөнгө аваагүй. Нилээн хугацааны дараа Болор-Эрдэнэ залгаад та цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөөрэй таньд өгсөн мөнгийг Л.С дундаас нь авсан байна гэж хэлсэн...” /1-р хх-237/,

- гэрч Б.Гэрэлзулын “... Э.Лыг 2013 онд анх Л.С над дээр ирж танилцуулсан. Анх 2,000,000 төгрөгийг 20%-ийн хүүтэй, 50 өдрийн дотор төлөхөөр зээлж авсан... 560,000 төгрөгийн үлдэгдэл үлдтэл Л.С шахаад гурван сая төгрөг аваач гялс үлдэгдэлээ дуусга гэж байсан... Надаас 560,000 төгрөг бэлнээр аваад тухайн өдрөө Э.Лт өгнө гэж байсан боловч миний мөнгийг өөр дээрээ 3-4 хоног байлгаж байгаад баригдаад явсан. Ямар ч байсан миний мөнгийг Э.Лт өгөлгүйгээр завшсан байсан... Одоо бол Э.Л бид хоёрын хооронд ямар нэг өр авлага байхгүй... ” /1-р хх-231-232, 2-р хх-50/,

- гэрч Г.Нансалмаагийн “... Нотариатын гэрээ хийлгэсэн бөгөөд уг гэрээн дээр хоёр сая төгрөгийг өдрийн 40,000 төгрөгөөр 60 хоногийн хугацаатай зээлж авсан... Тухайн үед би өөрөө бэлнээр хоёр сая төгрөг аваагүй бөгөөд 600,000 гаруй төгрөг авсан... Л.С энэ мөнгөнөөс 1 сая төгрөгийг нь надад өгөлгүйгээр дундаас нь завшсан бөгөөд энэ тухай Э.Лт би өөрөө хэлсэн. Л.С ч гэсэн энэ талаар мэдэж байгаа...” /2-р хх-48, 93/,

- гэрч Б.Мөнхжаргалын “... 2013 онд Л.С Э.Л гэх өндөр хүүтэй мөнгө зээлдэг хүүхнийг дагуулж ирсэн... Хоёр сая төгрөгийг өдрийн 40,000 төгрөгийн эргэн төлөлтөөр зээлсэн... Тэгсэн Л.С нэг өдөр дуудаад чиний үлдэгдэл 680,000 төгрөг дутуу байна, чи үлдэгдэлээ шахчихвал 3,000,000 төгрөг авч өгье гэж надад хэлсэн. Тэгэхээр нь надад 280,000 төгрөг бэлэн байсан бөгөөд 400,000 төгрөг хүнээс зээлээд 680,000 төгрөгийг Л.Сд өгсөн... Удалгүй Л.С баригдаад явсан бөгөөд тухайн үедээ над руу утсаар ярьж “чи намайг уучлаарай би чиний мөнгийг чинь хэрэглэчихсэн шүү хэнд ч хэлэлгүй тэвчээд байж байгаарай” гэж хэлсэн... Э.Л “маргааш би Л.Стэй уулзана цагдан хорих анги орно, таны 680,000 төгрөгийн учрыг асууя” гэж хэлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа Э.Л ирээд би Л.Сгээс асуусан, та өгсөн нь үнэн байна гэж хэлсэн... Л.С 3,000,000 төгрөг зээлж авч өгнө гэж намайг хуурч мэхэлж миний үлдэгдэл 680,000 төгрөгийг шахуулж авсан...” /2-р хх-51, 95/,

- гэрч М.Ламгомбын “... Л.С манай хамгийн том эгч байгаа юм. 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Л.С эгчээр дамжуулж Э.Лаас 2,000,000 төгрөг зээлж байсан. Тухайн үед хоёр сарын хугацаатай 10%-ийн хүүтэй зээлж байсан. Л.С эгчид би өдөр болгон 40,000 төгрөгөө өгдөг байсан бөгөөд Л.С эгч Э.Лд аваачиж өгдөг байсан... Э.Лаас 2,000,000 төгрөг зээлэхэд би мөнгө аваагүй. Харин 2,000,000 төгрөгийг бүгдийг нь Л.С эгч авсан. Э.Л дээр очихоос өмнө эгчдээ туслаад энэ хүнээс зээл аваад өг гэж хэлж байсан. Тэгэхээр нь би яаж ч чадалгүй зөвшөөрсөн юм... Л.С эгчийн хамтаар харьж явах замдаа зээл авсан 2,000,000 төгрөгөө Л.С эгчид өгсөн...” /2-р хх-90-91/ гэсэн мэдүүлгүүд,

- С.Мэс 3,000,000 төгрөг Ж.Далангэрэл,  4,000,000 төгрөг Л.С, 3,000,000 төгрөг Алтанзаяа, 2,000,000 төгрөг Г.Цэрэндулам, 1,000,000 төгрөг Э.Дөлгөөн, 3,000,000 төгрөг Б.Бямбасүрэн, 3,000,000 төгрөг Ч.Саранцэцэг, 3,000,000 төгрөг Ж.Цэцэгдэлгэр, 3,000,000 төгрөг Ж.Алтантариа, 4,000,000 төгрөг Б.Бат-Орон, 4,000,000 төгрөг Л.Батбаатар, 2,000,000 төгрөг Т.Хандсүрэн, 1,000,000 төгрөг С.Хандхишиг  зээлсэн тухай баримтууд /3-р хх-40, 44, 46, 48, 51, 56, 57, 59, 61, 63, 66, 67/,

- Э.Лаас 2,000,000 төгрөг М.Ламгомбо, 2,000,000 төгрөг Т.Хэрлэнчимэг, 2,000,000 төгрөг Л.С, 2,000,000 төгрөг Л.Батбаатар, 2,000,000 төгрөг Г.Нансалмаа зээлж авсан тухай баримтууд /3-р хх- 91-100/,

 - Л.Сгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүх, Л.Сг “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч мэхлэн бусдыг эд хөрөнгийг залилж үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль буцаан хэрэглэх зарчимыг баримтлан холбогдох хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь тохирсон байна.

 

Шүүгдэгч Л.С нь хохирогчдын мөнгийг удаа дараа залилан авах үедээ зээлийн эргэн төлөлт нэрээр хохирогч Э.Лд 4,550,000 төгрөг, хохирогч С.Мд 19,803,000 төгрөг буцаан төлсөн байхад прокурор хохирлын хэмжээнд оруулан тооцож, 64,121,000 төгрөг залилан авсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх хохирогч нарт төлсөн 23,353,000 төгрөгийг хохирлын хэмжээнээс хасч тооцон, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Л.С нь хохирогч Э.Л, С.М нарт “зээл авах хүмүүс олж өгнө, холбогдох материалыг хүлээн авах, зээл авсан хүмүүсийн эргэн төлөлтийг цуглуулж өгнө” гэж худал амлалт өгч, хохирогчдод итгэл, үнэмшил төрүүлэн, улмаар бусдын нэрээр баримт бүрдүүлэн зээл авсан, зээлийг зохих эзэнд нь өгөлгүй өөрөө авч ашигласан, зээлдэгч нарын төлсөн зээлийн эргэн төлөлтийг зээлдүүлэгчид өгөлгүй өөртөө авч ашигласан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогджээ.

 

Тэрээр дээрх аргаар бусдын итгэлийг эвдэж, хуурч мэхлэн зээлдүүлсэн мөнгийг хувьдаа авч ашигласан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул хохирогчдыг залилах санаа зорилго байгаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Л.Сгийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас 39,768,000 төгрөгийн хохирол учирсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсгээр зүйлчлэгдэхээр байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад зааснаар өршөөлд хамаарахгүй нөхцөл байдалд тооцогдож байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “... хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэсэн шүүгдэгч Л.Сгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

           

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 574 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН