Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2021/0573/З |
Дугаар | 221/МА2022/0312 |
Огноо | 2022-05-11 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2022/0312
“Д Б Ж” ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “Д Б Ж” ХХК ХХК-ийн захирал Ц.Думаацоогийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
“Д Б Ж” ХХК ХХК-ийн захирал Ц.Думаацоо
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Д Б Ж” ХХК ХХК
Хариуцагч Нийслэлийн Татаврын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б,
Хариуцагч Нийслэлийн Татаврын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Т.Э нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22201103648 тоот актыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О
Хариуцагч Б.Б
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2021/0573/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Бүрэнжаргал, Т.Эрдэнэчимэг нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Бүрэнжаргал, Т.Эрдэнэчимэг нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22201103648 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Д Б Ж” ХХК ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч “Д Б Ж” ХХК ХХК-ийн захирал Д.Ц дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 “...хий бичилттэй падааныг үндэслэн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх нь хууль зөрчсөн үйлдэл, ... бодитоор худалдан авалт хийгээгүй, хий бичилт хийсэн болох нь тогтоогдсон гэж үзсэн.
Нэхэмжлэгчийн хувьд “Н п к” ХХК ХХК-тай 2014, 2015 онд худалдан авалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа 2 компани тусган тайлагнасан байдаг ба нэг техникийн алдаа гаргасан нь “Н п к” ХХК ХХК-ийн зүгээс оронгийн нарийвчлал алдаж тайландаа тусгасан байдаг. Энэхүү алдаа гаргаснаа тус компаниас хүлээн зөвшөөрч тайлбарласан мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнаж алдаагаа залруулсан байдаг. Энэ нь маргаж буй актаар тогтоогдсон гэх зөрчлийн дүнд ногдох албан татварын асуудал шийдвэрлэгдсэн байхад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа шинээр тайлагнасан, хориглосноос бусад хилээр мэдүүлээгүй нэвтрүүлсэн бараагаа гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа /цаашид "орлогоос бусад албан татвар ногдох зүйл" гэх/-нд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй” гэж заасныг зөрчин тухайн зөрчлийн дүнд албан татвар, хүү, торгууль алдангийг маргаан бүхий актаар ногдуулсан нь дээрх хуулийн заалттай зөрчилдөж байгааг анхан шатны шүүхээс анхаарч тайлбарлан хэрэглээгүй нь буруу болсон гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл нэг зөрчлийн дүнгийн асуудалтай холбоотой, 2 аж ахуй нэгжийн хооронд бий болсон асуудлыг ямар ч хамааралгүй гэж шүүхээс үзэх нь буруу бөгөөд харин ч эсэргээрээ нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг татварын байцаагч нарын зүгээс шалгаж давхар татвар ногдуулж, хүү, алданги, торгууль ногдуулж нэхэмжлэгчийг маш их хэмжээний татварын өрөнд оруулж байгаа нь үндэслэлгүй байхад үүнийг анхаарч дүгнээгүй.
Түүнчлэн уг асуудлыг “Д Б Ж” ХХК ХХК-ийн зүгээс мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлангаа шинээр тайлагнаж гаргасан ба дээрх актад дурдсан зөрчлийг мөн давхар тайлагнаж дээрх хуулийн заалтын дагуу албан татвар, хүү, торгууль алданги ногдуулахгүй байх, дахин актаар шалгагдахгүй байх эрх үүссэн байхад уг эрхийг нь алдагдуулж хариуцагч нарын зүгээс хуулийг зөрчин дахин акт тогтоосон нь буруу бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн зүгээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлангаа шинээр тайлагнаж гаргасан баримтыг шалгаж, нэгэнт шийдвэрлэгдсэн асуудалд дахин хууль зөрчиж акт тогтоосон эсэхийг шалгах ажиллагааг явуулаагүй, энэ талаарх баримтыг холбогдох байгууллагаас гаргуулж хэрэгт аваагүй атлаа хариуцагчийн гаргасан актыг хууль зөрчөөгүй гэж дүгнэх нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно” гэж заасантай тус тус нийцэхгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0080 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Хуулиар нэгэнт дахин шалгахгүй гэсэн асуудлыг хариуцагч татварын байцаагч нар хуулийг үл тоон акт гаргах нь захиргааны акт гаргахдаа хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчмыг алдагдуулж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.
2. “Д Б Ж” ХХК ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22201103648 дүгээр актаар 2015 онд “Ньюпрестиж констракшн” ХХК-иас хий бичилт бүхий падаан авсан 717,535,799.35 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж, 71,535,799.35 төгрөгийг нөхөн татвар, 21,526,074.00 төгрөгийн торгууль, 14,350,716.00 төгрөгийн алданги, нийт 107,630,369.90 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь бодит худалдан авалт хийгээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй болох нь хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдүүлгүүд, 2014 оны цагаан будаа нийлүүлэх гэрээ болон хариуцагчийн “... нийт худалдан авсан цагаан будаа, импортоор оруулж ирсэн будааны хэмжээнээс 500 гаруй тонн зөрүүтэй, 2014 оны худалдах худалдан авах гэрээнд 2015 оны 12 дугаар сард үйлдсэн падааны дугаар тусгагдсан зэргээр бодит худалдан авалт хийсэн нь тогтоогдоогүй учраас төлбөр ногдуулсан” гэх хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдсон гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
4. Нэхэмжлэгч компанийн захирал Д.Цдавж заалдах гомдолдоо “... “Н п к” ХХК ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлан гаргахдаа энэхүү зөрчлийг тусгаж алдаагаа залруулсан. Нэг зөрчлийн дүнгийн асуудалтай холбоотой 2 аж ахуйн нэгжийн хооронд бий болсон асуудлыг ямарч хамааралгүй гэж шүүхээс үзэх нь буруу. Тус хуулийн 4.2, 6.1-д заасан “... эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно” гэж заасанд нийцэхгүй ...” гэжээ.
5. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр, ... Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ” гэж зааснаас үзвэл энэ хуулийн дагуу тайлангаа гаргасан хувь хүн, хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлж, түүнд тухайн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэхийг хориглосон байна.
6. Харин нэхэмжлэгч “Д Б Ж” ХХК ХХК нь уг хуулийн дагуу татварын улсын байцаагчийн актад дурдсан зөрчлийг тусгасан тайланг гаргаагүй байх тул мөн хуулийн 2.2-д “Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй” гэж заасны дагуу өөр этгээдийн гаргасан тайлангийн дагуу тайлангаа гаргаагүй нэхэмжлэгчийг тус хуулиар хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.
7. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д Б Ж” ХХК ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. .
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ