Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 566

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/1579 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох,

 

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Хэрлэн голын 163.1 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажилд зохиогчийн хяналт гүйцэтгэсэн ажлын хөлс 20 749 972 төгрөг, Баруун-Урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлийн 132 км авто замын барилын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 52 815 844 төгрөг, Сайншанд- Замын-Үүд чиглэлийн 116,25 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт гүйцэтгэсэн ажлын хөлс 44 769 269 төгрөг нийт 118 335 085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сансар-Од

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Энхчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь Зам, тээврийн яамны захиалгаар 2012 онд Баруун урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлийн 132 км авто замын, 

2012 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Хэрлэн голын 163.1 у/м ба 127 у/м төмөр бетон гүүрийн,

 2005 онд Чойр-Замын-Үүд чиглэлийн 116.25 км автозамын инженерийн  нарийвчилсан зураг төслийг тус тус боловсруулан хүлээлгэн өгсөн. Иймд энэхүү төслийн зураг төсөл зохиогч байгууллага юм.

 Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралт болох "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм"-ийн 4.6-д заасны дагуу замыг ашиглалтад өгөхөд зайлшгүй зохиогчийн дүгнэлт гаргуулсан байна, мөн дүрмийн 1.1-д замын барилгын ажлын явцад зураг төсөл зохиогч зохиогчийн хяналт тавих үүрэгтэйг тус тус заасан байдаг.

 Барилга хот байгуулалтын Сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралт болох Захиалагч, зураг төсөл зохиогч, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч тэдгээрийн эрх үүрэг, зохиогчийн хяналт, дүгнэлт, үнэлгээ хийх зэрэг харилцааг зохицуулах тухай тусгагдсан бөгөөд энэхүү дүрмийг баримтлан зохиогчийн хяналтын дүгнэлтийг гаргадаг.

Дээрх нөхцөлүүдийг үндэслэл болгон захиалагч Зам, тээврийн яамны 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 9/2390 тоот албан бичгээр Баруун урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлийн автозамын

2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06/4328 тоот албан бичгээр бетон гүүрнүүдийн,

2014 оны 9/2390, 9/3924 тоот албан бичгүүдээр Чойр-Замын-Үүд чиглэлийн автозамын  зохиогчийн хяналт хийлгүүлэх захиалгаа тус тус ирүүлсэн.

Үүний дагуу 1. Баруун-Урт-Мөнххаан Өндөрхаан чиглэлийн автозамд зохиогчийн хяналт хийх гэрээний төслийг 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 283/14 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч, гэрээг өнөөдрийг хүртэл ямар нэгэн шалтгаангүйгээр байгуулаагүй болно.

Зохиогчийн хяналтын ажлыг "Эм Си Пи Си Жи Ар"ХХК хийж, 2015 оны 9 дүгээрр сарын 28-ны өдрийн 244/15 тоот албан бичгээр дүгнэлтийг хүргүүлсэн,бид дүгнэлт гаргаж хүргүүлснээр Баруун урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлийн 132 км улсын чанартай авто зам 2015 онд албан ёсоор ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан юм.

Ийнхүү санхүүжилтийн тооцоо, нэхэмжлэлийг 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 353/14 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч, өнөөдрийг хүртэл олгогдохгүй байгаа болно.

Зам, тээврийн яамны 2015 оны 10 сарын 04/4309 тоот албан бичгээр Сангийн яаманд зохиогчийн хяналтын зардлын эрх нээлгүүлэх албан бичиг хүргэгдсэн байдаг. Улмаар санхүүжилтийг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 16/16 тоот болон 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 143/16 тоот албан бичгээр гэрээний төслийг дахин хүргүүлж, гэрээ байгуулахыг хүссэн боловч гэрээ хийгдээгүй.

 Иймд бид хамгийн сүүлд буюу 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 169/16 дугаартай санхүүжилт олгохыг дахин хүссэн албан бичгийг дахин захиалагчид хүргүүлсэн. Бид өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ нэгэнт Төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч, захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн.

 "Эм Си Пи Си Жи Ар "ХХК-ийн Баруун урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлийн 132 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 52 815 844 төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргуулж өгнө үү.

 2.  Захиалгын дагуу "Эм Си Пи Си Жи Ар"ХХК нь гүүрний  зохиогчийн хяналтыг хийж, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 263/15 тоот албан бичгээр дүгнэлтийг хүргүүлсэн. Улмаар захиалагчаас дээрх дүгнэлтийн дагуу хийгдсэн ажлын биелэлтийг хянаж шалгаж, баталгаажуулах захиалгыг 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 08/5033 тоот албан бичгээр ирүүлсэн. Үүний дагуу зохиогчийн хяналтыг хийж, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 290/15 тоот албан бичгээр дүгнэлтийг хүргүүлсэн.

Бид дүгнэлт гаргаж хүргүүлснээр Хөлөнбуйр сумын Хэрлэн голын 163.1 у/м ба 127 у/м төмөр бетон гүүрнүүд 2015 онд албан ёсоор ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан юм. Энэхүү ажлын үнэлгээг, нэхэмжлэлийн хамт 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 315/15 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч, ямар нэгэн шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл олгогдоогүй тул 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16/16 тоот албан бичгээр дахин санхүүжилт хүссэн.

Ийнхүү удаа дараа хандсан боловч, ямар нэгэн шийдвэр хариу өгөөгүй тул 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 169/16 тоот албан бичгээр санхүүжилтийн тухай хүргүүлээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. "Эм Си Пи Си Жи Ар "ХХК-ийн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Хэрлэн голын 163.1 у/м ба 127 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 20 749 972 төгрөгийг Зам, тээврийн яамнаас гаргуулж өгнө үү.

3. Зам, тээврийн хөгжлийн яамны 2014 оны 9/2390, 9/3924 тоот албан бичгээс гадна  төсөл хэрэгжүүлэгч Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төслийн төслийн удирдах албаны 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 02/14-126 тоот албан бичгээр зохиогчийн хяналт хийлгүүлж, дүгнэлт гаргуулах захиалга ирүүлсэн.

Үүний дагуу зохиогчийн хяналт хийх гэрээний төсөл, зардлын тооцоог 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 282/14 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч, ямар нэгэн шалтгаангүйгээр гэрээ өнөөдрийг хүртэл байгуулагдаж, санхүүжилт олгогдоогүй болно.

Зохиогчийн хяналтын ажлыг "Эм Си Пи Си Жи Ар"ХХК хийж, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 325/14 тоот албан бичгээр NP-I хэсгийн 62.2 км, 326/14 тоот албан бичгээр NP-II хэсгийн 54 км авто замын дүгнэлтүүдийг тус тус хүргүүлсэн. Бид дүгнэлт гаргаж хүргүүлснээр Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 116.25 км улсын чанартай авто зам 2014 онд албан ёсоор ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан юм. Санхүүжилтийн тухай 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 353/14 тоот, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 16/16 болон 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 169/16 тоот албан бичгүүдээр захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч, захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн.

 "Эм Си Пи Си Жи Ар "ХХК-ийн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 116.25 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 44 769 269 төгрөгийг Зам, тээврийн яамнаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  "Эм Си Пи Си Жи Ар" ХХК нь Баруун-Урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлийн 132 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 52 815 844 төгрөгийг тус яамнаас гаргуулах нэхэмжлэл дурдсан үйл баримт 2015 онд болсон ба зохиогчийн хяналтын ажлыг "Эм Си Пи Си Жи Ар" ХХК 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 244/15 тоот албан бичгээр дүгнэлтийг хүргүүлсэн байх бөгөөд Барилга, хот байгуулалтын сайдын "Барилгын норм ба дүрэм шинэчлэн батлах тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай" тушаал нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185 дугаар тушаалаар батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Харин Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185 дугаар тушаал батлагдахаас өмнө Зураг төсөл зохиогч барилгын ажилд хяналт тавихтай холбоотой харилцааг Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм"-ээр зохицуулж ирсэн бөгөөд Зам, тээврийн яамны /хуучнаар/ 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 9/2390 тоот албан бичгээр зохиогчийн хяналт хийлгүүлэх хүсэлт хүргүүлсэн боловч гэрээ байгуулаагүй нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм"-ийн 1.9-т "Зохиогчийн хяналтыг барилгын захиалагч, зураг төслийн байгууллагын хооронд аж ахуйн гэрээ байгуулах үндсэн дээр хийнэ." гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Мөн Зам, тээрийн яамнаас хүргүүлсэн/2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 9/2390 тоот албан бичгийг Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Жаргал явуулсан нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

2. Нэхэмжлэгч "Эм Си Пи Си Жи Ар" ХХК нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Хзрлэн голын 163.1 у/м ба 127 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлыг   "Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралт болох БНбД 11-04-15-д Захиалагч, зураг төсөл зохиогч, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч тэдгээрийн эрх үүрэг, зохиогчийн хяналт, дүгнэлт, үнэлгээ хийх зэрэг харилцааг зохицуулах замын барилгын ажлын явцад зураг төсөл зохиогч зохиогчийн хяналт тавих үүрэгтэй гэж заасан бөгөөд уг дүрмийг баримталж зохиогчийн хяналтыг хийсэн гэж тайлбарлажээ.  

Гэтэл Зам, тээврийн яамнаас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06/4328 тоот албан бичгээр зохиогчийн хяналт хийлгүүлэх хүсэлт хүргүүлсэн боловч "Эм Си Пи Си ЖиАр" ХХК нь Зам, тээврийн яамтай гэрээ байгуулаагүй нь Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм"-ийн 2.1, 2.2, 2.3, 3.2.1-т заасан  заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Мөн Зам, тээврийн яамнаас хүргүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06/4328 тоот албан бичгийг Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандаас явуулсан нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

3. Нэхэмжлэгч "Эм Си Пи Си Жи Ар" ХХК нь Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 116.25 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлыг "Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралт болох БНбД 11-04-15-д заасан бөгөөд уг дүрмийг баримталж зохиогчийн хяналтыг хийсэн гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч талын маргаж буй үйл явдал 2014 онд болсон болох нь нэхэмжлэлийн үндэслэлдээ "Зохиогчийн хяналтын ажлыг "Эм Си Пи Си Жи Ар" ХХК 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 264/14 тоот албан бичгээр захиалагчид дүгнэлтийг хүргүүлсэн" гэснээр нотлогдож байна. Үндэслэл болгож буй Барилга, хот байгуулалтын сайдын Барилгын норм ба дүрэм шинэчлэн батлах тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 185 дугаар тушаал нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, мөн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Харин Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185 дугаар тушаал батлагдахаас өмнө Зураг төсөл зохиогч барилгын ажилд хяналт тавихтай холбоотой харилцааг Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм"-ээр зохицуулж ирсэн. Ийнхүү "Эм Си Пи Си Жи Ар" ХХК нь Зам. тээврийн яам /хуучнаар/-тай гэрээ байгуулаагүй нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм"-ийн 1.9-т заасныг ноцтой зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэлд дурдсан Зам, тээврийн яамнаас хүргүүлсэн гэх 2014 оны 9/2390, 9/3924 тоот албан бичгүүд нь Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Жаргалын гарын үсэгтэй явсан байна.

Дээрх үндэслэлүүдээр  "Эм Си Пи Си Жи Ар" ХХК болон Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хооронд ямар нэг хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зураагүй нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заалтуудыг тус тус зөрчигдөж, гэрээ, хэлцэл хийгдсэн гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ "Бид өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ нэгэнт Төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч, захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн." гэсэн нь үндэслэлгүй болох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан баримт бичиг үйлдэгдээгүйгээр нотлогдож байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 52 815 844 төгрөг, 20 749 972 төгрөг, 44 769 269 төгрөгийг тус тус хэрхэн тооцож гаргасан, ямар баримт бичгийг үндэслэн шаардаж байгааг нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаагүй нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцож тодорхойлоогүйг нотолж байгаагаар уг хуулийн заалт зөрчигдсөн байна.

Иймд Иргэний хуулийн холбогдох заалтууд, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалт болон Дэд бүтцийн хөгжпийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм"-ийн холбогдох заалт зөрчигдсөн байх тул "Эм Си Пи Си Жи Ар" ХХК-ний шаардаж буй нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Зам Тээвэр Хөгжлийн яамнаас 118 335 085 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эм Си Пи Си Ар” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 065 525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд 1 065 525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дурдахдаа "Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна. "Иргэний хууль"-ийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх эрх зүйн харилцаа үүсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна" гэж тэмдэглэжээ.

Гэтэл "Эм Си Пи Си Жи Ар" ХХК нь зохиогчийн хяналтын дүгнэлт гаргахаас өмнө болон зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасны дараа захиалагчтай гэрээний талаар болон хөлс хөлсний талаар хэлэлцэн тохиролцсон зүйл байхгүй нь хэргийн материалд нотлох баримтаар авагдаагүйгээр нотлогдох бөгөөд энэ нь "Иргэний хууль"-ийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан "...гүйцэтгэгч нь нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ." гэж заасан байтал тохиролцоогүй хөлсийг төлөх ёстой гэж шүүхээс шийдвэрлэсэн нь "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай" хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчиж байна.

Мөн зураг төсөл зохиогчийн хяналтын дүгнэлт нь барилгын ажлын явцад хяналт хийсний үндсэн дээр гаргадаг дүгнэлт бөгөөд барилгын ажил эхлэхэд гэрээ байгуулан ямар төрлийн хяналт тавих, ажлын хөлс хэдэн төгрөг байх зэрэг хөлс хөлсийг захиалагчтай тохироогүй нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм"-ийн 1.9, 5.1, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм"-ийн 2.1-т заасныг "Эм Си Пи Си Жи Ар" ХХК зөрчсөн байтал шийдвэрийн үндэслэх нь хэсэгтэй дурьдаагүй нь 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Мөн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас "Эм Си Пи Си Жи Ар" ХХК-нд ажил гүйцэтгүүлэхээр ямар нэг байдлаар хүсэл зоригоо илэрхийлсэн зүйл байхгүй бөгөөд "Эм Си Пи Си Жи Ар" ХХК-ийн зүгээс зардлын тооцоо, гэрээний төсөл зэргийг зохиогчийн хяналтын дүгнэлт гаргахаас өмнө болон дараа Захиалагчийн төлөөлөх эрх бүхий этгээдэд хандаагүй байхад Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т заасны дагуу хэлцэл хийгдсэн гэж үзсэн нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг шүүгч анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчиж байна.

Дээр дурдсанчлан зохиогчийн хяналтын дүгнэлт нь барилгын ажлын явцад хяналт тавьсны үндсэн дээр хийгддэг ажиллагаа бөгөөд нэхэмжлэгч "Эм Си Пи Си Жи Ар" ХХК нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Хэрлэн голын 163,1 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил, Баруун-Урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлийн 132 км авто замын барилгын ажил, Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 116,25 км авто замын барилгын ажил тус тус эхлэхэд Захиалагчтай барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийж гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, ажлын хөлс, зардал зэргийг тохироогүй байж зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасан нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг "Эм Си Пи Си" Жи Ар ХХК зөрчсөн байна.

Барилгын ажлын зураг төсөл зохиох, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх, зураг төсөл зохиогчийн хяналт дүгнэлт гаргах зэрэг нь цогц ажиллагаа бөгөөд "Эм Си Пи Си" Жи Ар ХХК нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Хэрлэн голын 163,1 у/м төмөр бетон гүүр, Баруун-Урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлийн 132 км авто замын барилгын ажил, Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 116,25 км авто замын барилгын ажлын зураг төслийг боловсруулж тус яаманд хүлээлгэж өгөн хөлс хөлсөө авсан талаар нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд зохиогчийн хяналтын дүгнэлт нь зураг төсөл зохиогоод авсан ажлын хөлсөндөө багтдаг юм.

Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн 43.1.3, 343 дугаар зүйлийн 343.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь заалтууд, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 болон Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм", "Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм"-ийн дээр дурдсан холбогдох заалтууд зөрчигдсөн байх тул "Эм Си Пи Си Жи Ар" ХХК-ийн шаардаж буй 118 335 085 төгрөгийн нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан 3 ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 118 335 085 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд бичгийн гэрээ байгуулаагүй тул ажлын хөлс төлөхгүй гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь Дорнод баймгийн Хөлөнбуйр сумын Хэрлэн голын 163.1 у/м болон 127 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлын зураг төслийг 2012 онд, Баруун-Урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлийг 132 км автозамын барилгын ажлын зураг төслийг 2012 онд, Сайшанд-Замын-Үүд чиглэлийн 116.25 км автозамын барилгын ажлын зураг төслийг 2005 онд хариуцагчийн захиалгаар хийж гүйцэтгэсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

            Бетон гүүр болон автозамууд ашиглалтад орсон үйл баримт тогтоогдсон.

            Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185 тоот тушаалын 1 дэх заалтаар “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм” /БНбД11-04-15/-ийг хавсралтаар баталсан ба өмнө үйлчилж байсан, Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 196 тоот тушаалаар батлагдсан “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм”-ийг хүчингүй болгосон байна.  

 

            “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 244/15 тоот албан бичгээр Баруун-Урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлийн 132 км автозамын барилгын ажилд хийсэн дүгнэлтийг /1 дүгээр хавтас, 14 дэх тал/, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 325/14, 326/14 тоот албан бичгүүдээр Сайшанд-Замын-Үүд чиглэлийн 116.25 км автозамын барилгын ажилд хийсэн дүгнэлтийг / 2 дугаар хавтас, 13, 67 дах тал/, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 263/15 тоот албан бичгээр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Хэрлэн голын 2 гүүрний барилгын ажилд хийсэн дүгнэлтийг хариуцагч талд тус тус хүргүүлжээ. Иймд дээрх дүгнэлт гаргах ажиллагаа нь 1999 оны “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрмийн дагуу явагдана.

 

            1999 оны дүрмийн агуулгаас үзвэл барилгын ажлын явцад зохиогчийн хяналтыг заавал хийлгэсэн байх, зохиогчийн хяналтыг тухайн барилга, байгууламжийн зураг төслийг боловсруулсан байгууллага, аж ахуйн нэгжийг төлөөлсөн зохиогчид нь хийсэн байх зарчмыг тодорхойлжээ.

 

Иймд дээр дурдсан гурван барилгын ажлын зураг төслийг боловсруулсан “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь маргаан бүхий 2 автозам, хоёр гүүрний барилгын ажлын зохиогчийн хяналтыг хийж гүйцэтгэсэн гэж шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

1999 оны дүрмээр зохиогчийн хяналтыг барилгын захиалагч, зураг төслийн байгууллагын хооронд аж ахуйн гэрээ байгуулах үндсэн дээр хийхээр зохицуулжээ. Хариуцагч байгууллага нь захиалагч тал болох талаар маргаангүй байх бөгөөд дүрмийн уг зохицуулалтаас үзвэл гэрээ байгуулах талын хэн алины оролцоогүйгээр уг гэрээ байгуулагдахгүй юм. Иймд гэрээ байгуулагдаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн буруутгаж буй хариуцагч байгууллагын тайлбар үндэслэлгүй болжээ.

 

Түүнчлэн гэрээ байгуулах саналыг нэхэмжлэгч удаа дараа хариуцагч талд хүргүүлж байсан ба хариуцагч нь татгалзсан хариуг ирүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3 дах хэсэгт зааснаар нэг талын хэлцэл хийх саналд нөгөө тал хариу өгөөгүй, хариу өгөх боломжит хугацаа өнгөрсөн тул тэдний хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Түүнчлэн хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид дээрхи гурван барилгын ажлын зохиогчийн хяналт хийж, дүгнэлт гаргуулах талаар 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 9/2390, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06/4328, Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төслийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ын өдрийн 02/14-126 тоот албан бичгийг хүргүүлж байсан ба эдгээр албан бичгийг хариуцагч талын эрх бүхий этгээд бичээгүй байдалд нэхэмжлэгч талыг буруутгах үндэслэлгүй байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажлыг гүйцэтгэж холбогдох дүгнэлтүүдийг хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 244/15 тоот албан бичиг, Баруун-Урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлйн 132 км автозамын барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн дүгнэлт / 1 дүгээр хавтас, 14-42 дахь тал/, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 325/14, 326/14 тоот албан бичгүүд, Сайшанд-Замын-Үүд чиглэлийн 116.25 км автозамын барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн дүгнэлт / 2 дугаар хавтас, 13-110 дахь тал/, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 263/15 тоот албан бичгээр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Хэрлэн голын 2 гүүрний барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн дүгнэлт / 1 дүгээр хавтас, 75-104 дэх тал/-ээр тус тус тогтоогдсон.

 

Иймд ажил гүйцэтгэгч тал ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн тул ажлын хөлсийг шаардах эрхтэй бөгөөд  Баруун-Урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлийн 132 км автозамын барилгын ажилд хийсэн зохиогчийн хяналтын хөлсөнд 52 815 844 төгрөг, Сайшанд-Замын-Үүд чиглэлийн 116.25 км автозамын барилгын ажилд хийсэн зохиогчийн хяналтын ажлын хөлсөнд 44 769 269 төгрөг, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Хэрлэн голын 2 гүүрний барилгын ажилд хийсэн зохиогчийн хяналтын хөлсөнд 20 749 972 төгрөг гаргуулахаар тодорхойлж, зардлын тооцоог баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг баримтын хүрээнд тодорхойлж хариуцагчааас нийт 118 335 085 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/1579 дүгээр дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА