Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01783

 

Ө.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

         2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01018 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1486 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ө.Д

         Хариуцагч: Ит холбогдох

         Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийн дуустал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, мөн үндэслэлгүй хасч, дутуу олгосон үр дүнгийн шагналт цалин 230 000 төгрөг, илүү 31 цаг ажилласан хөлс 405 120 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Би ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаагүй. 2016 оноос миний бие ажилчдынхаа саналаар ҮЭ-ийн хороон даргын сонгуульт ажлыг хийж байна. Гэтэл захиргааны зүгээс нийт ҮЭ-ийн гишүүдийн эрх ашгийг зөрчөөд жилийн эцсийн үр дүн болон илүү цагийг өөрийнхөө үзэмжээр хасч, хүйтний нэмэгдэл өгөхгүй байна гэж Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргатай 2017-12-25-ны өдөр уулзсан. Энэ уулзалтаар үл ойлголцолд хүрээд маргасан. Тэрээр намайг тэтгэвэрт гарах нас чинь болсон байна тэтгэвэртээ гар гээд хөөсөн. Захиргаа удирдлагын газрын даргатайгаа тохироод 2018 онд тэтгэврээ тогтоолгохоор Иргэний нисэхийн салбарт 10 жил болох бөгөөд жилээ гүйцэхээр яриад тохирсон тул та захиргааны ажилд бүү оролц гээд маргааш нь 2017-12- 26-ны өдөр тэтгэвэрт гарах эрх үүссэн гэдгээр ажлаас халсан. Ажил олгогчдоо ҮЭ-ийн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалан зүй ёсны шаардлага тавьсны төлөө надад хэлэлгүйгээр шууд тэтгэвэртээ гар гэсэнд гомдолтой байна. Мөн миний жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нэгжийн дарга 100 хувь өгөхөөр тодорхойлсныг 50 хувь үндэслэлгүйгээр өөрийн үзэмжээр хасч, илүү ажилласан 31 цагийн мөнгийг олгохгүй  миний хөдөлмөрлөх эрхэнд  эдийн засгийн хэлтсийн даргад дур мэдэн халдаж байгаад гомдолтой байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, мөн үндэслэлгүй хасч, дутуу олгосон үр дүнгийн шагналт цалин 230,000 төгрөг, илүү 31 цагаар ажилласан хөлс буюу 405,120 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01018 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан Иаас илүү цагийн хөлсөнд 405,102 төгрөг гаргуулж Ө.Дд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Аж ахуйн тасагт барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 6,970,250 төгрөг гаргуулах, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, дутуу олгосон үр дүнгийн шагналт цалин 230,000 төгрөг гаргуулах, өндөр насны тэтгэмжид дутуу олгосон 1,380,336 төгрөг гаргуулах, бууруулсан цалингийн зөрүү 260,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12 803 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1486 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдолдоо: 2017-03-10-ны өдөр 60 нас хүрсэн нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар цуцалсан нь хууль зүйн хувьд  үндэслэлгүй  байна. Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч тэтгэвэрт гарсан гэж байгаа боловч нэхэмжлэгч нь 2016 оноос Иын ҮЭ-ийн хорооны даргын сонгуульт ажлыг хийж байхдаа үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй давхар хийж байсан тул ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэж заасан байхад хамт олны саналыг харгалзахгүйгээр ажлаас халсан байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй. /хх-ийн 12, 13/ Өөрөөр хэлбэл, захиргааны санаачлагаар ажлаас халах гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан 7 тохиолдол дотор 40.1.3 гэдэг зохицуулалт хамааралтайг 2 шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд ажлаас халагдсаны тэтгэмжид хэдэн төгрөг авсан тухай баримт байхгүй байна гэсэн нь үндэслэлгүй. Хэргийн материалд ИНЕГ-ын даргын 2017-12-28-ны өдрийн А/856 тоот тушаалаар нэхэмжлэгчийг тэтгэвэрт гарсан тул 12 сарын цалин хөлс олгох гэсэн бөгөөд хариуцагчаас гаргуулсан материал болох ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэлд түүний нийт 12 сард авсан цалин хөлс болох дүн нь байгаа болно. Эндээс үзэхэд 22,418,400 төгрөг өгөхөөс 20,120,067 төгрөг өгсөн нь харагдаж байхад яагаад үүнийгээ нотлох баримт байхгүй гээд байгаа юм бэ. Мөн шүүх хуралдаан дээр 21,809,308 төгрөг авахаас 20,120,067 төгрөг авсан гэдгийг тайлбараар хэлсэн бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгээгүй гагцхүү зөвхөн яагаад хасагддаг тухай л тайлбарласан болно. Жилийн эцсийн буюу 12 сарын үр дүнгийн урамшууллыг 40 хувь олгох ёстой атал 20 хувиар өгсөн байна гэдгийг хариуцагчаас гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байхад нотлох баримтаар нотлоогүй гэдэг нь үндэслэлгүй. 12 сард өгсөн урамшуулал нь 40 хувь гэсэн атлаа 20 % тооцож өгсөн байгаа нь харагдана. Тухайлбал, цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэлээс нэхэмжлэгчид 12 сард 40 хувь гэсэн мөртлөө 20 хувиар тооцон 197,658 төгрөг өгсөн бөгөөд өмнөх 40 хувиар тооцоход 439 240 төгрөг өгсөн байгаа нь харагдана. Үүнийг л хэлээд байгаа бөгөөд энэхүү баримтаар нотлогдохоос өөр ямар нотлох баримтаар нотлогдох ёстой юм бэ. Дутуу цалин хөлс авах асуудлаар шаардах эрх нь хэзээ үүссэн болон шүүхээр асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад тус дүүргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болохоос огт шүүхэд хандаагүй байж байгаад гэнэтхэн хандаагүй. Шүүхээр явж байсан асуудал бол хүндэтгэн үзэх шалтгаанд орох ёстой гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие үзэж байна. Иймд  нэхэмжлэлийг хангаж  өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Ө.Д 2018-01-26-ны өдөр Ит холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажилт хийлгэх, дутуу олгосон үр дүнгийн шагналт цалин 230,000 төгрөг, илүү цагийн хөлс 405,120 төгрөг, өндөр насны тэтгэмж дутуу олгосон 1,380,336 төгрөг, цалин бууруулсан зөрүү 260 900 төгрөг гаргуулахыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

         Анхан шатны шүүх илүү цагийн хөлсөнд 405,102 төгрөг гаргуулж Ө.Дд олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Шүүх нэхэмжлэлээс дутуу олгосон үр дүнгийн шагналт цалин, өндөр насны тэтгэмжтэй холбоотой шаардлагыг “...баримтгүй байна...” гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

       Түүнчлэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтыг анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ. 

       Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно.

         Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэлээ “...захиргааны зүгээс нийт үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эрх ашгийг зөрчөөд жилийн эцсийн үр дүн болон илүү цагийг үзэмжээрээ хасаж, хүйтний нэмэгдэл өгөхгүй байсан тул Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргатай  уулзсан... уулзалтаар үл ойлголцолд хүрээд маргасан тул маргааш нь намайг ажлаас халсан...” гэж тайлбарласан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

        Шүүх маргааны зүйл болсон үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй, хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх буюу өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01018 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1486 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРСАЙХАН

                            ШҮҮГЧ                                                          Б.УНДРАХ