Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/00586

 

2017 оны 02 сарын 22 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00586

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Алтан төгрөг дэлгүүрийн байр, “Тэмүүлэн од” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бюльдин төв, 307 тоот, “Монгол дайвин” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 62 861 700 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн тгэмлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол дайвин” ХХК нь 2015 онд  “Тэмүүлэн-Од” ХХК-тай “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулж “Улиастайн” блокны үйлдвэрээс 2015, 2016 онд нийт 62 861 700 төгрөгний үнэ бүхий хөнгөн блокыг худалдан авсан байдаг. 2015 онд 5 удаагийн падаанаар 26 861 700 төгрөгний 233.58 м.куб хөнгөн блок худалдаж авсан. Гэрээгээр 185 м.куб блок авах байсан боловч нэмж авах хүсэлт гаргаснаар 233.58 м.кубыг авсан. 2016 оны 6 дугаар сард 100 м.куб блокыг 2 удаагийн нийлүүлтээр 12 000 000 төгрөгийн хөнгөн блокыг нийлүүлсэн. Дахин блок авъя гэхээр нь 2016 оны 07-р сарын 07-ны өдөр “Бараа материал зээлээр худалдан авах гэрээ” байгуулж 1м.куб хөнгөн блокыг 120 000 төгрөгөөр үнэлсэн. Хариуцагч компани гэрээнд зааснаас илүүг авсан. Нийтдээ 36 000 000 төгрөгний үнэтэй 250 м.куб хөнгөн блок нийлүүлсэн. Ингээд 2016 онд нийт 350 м.куб 42 000 000 төгрөгний блок авсан. Монгол дайвин ХХК нь нийт 62 861 700 төгрөгийг төлөхөөс 21 000 000 төгрөг төлсөн. Үлдэх 41 861 700 төгрөгийг Монгол дайвин ХХК төлөөгүй байгаа учраас  гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол дайвин” ХХК нь 2015, 2016 онд Эрчим хүчний яамны дэд бүтцийг хөгжүүлэх төслийн хүрээнд цахилгаан станцын дэд бүтцийн шугам сүлжээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор “Тэмүүлэн-Од” ХХК-ний хөнгөн блокны үйлдвэрээс хөнгөн блок худалдан авах гэрээг 2015, 2016 онуудад байгуулсан. Энэ гэрээний дагуу 2015 онд 21 852 500  төгрөний, 2016 онд 36 000 000 төгрөгний нийт 57 852 500 төгрөгний хөнгөн блок худалдан авалтыг хийсэн. Түүнээс 21 000 000 төгрөгийг төлсөн. “Тэмүүлэн-Од” ХХК болон “Монгол дайвин” ХХК-тай гэрээний дагуу ямар нэгэн хэлбэрээр тооцоо нийлсэн акт үйлдээгүй байдаг. Үүнтэй холбоотой нягтлан бодох бүртгэлийн бүртгэгдсэн дүн нь 57 852 500 төгрөгний өглөг, авлага бүртгэгдсэн байна. “Тэмүүлэн-Од” ХХК нь хариуцагчид төлсөн үнийн дүнгийн  2 181 810 төгрөгийн НӨАТ-ын баримтыг өгөөгүй байдаг. Нэхэмжилж байгаа 41 861 700 төгрөгийн шаардлагаас манай компани 2 181 810 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаад 34 466 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                           

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “Тэмүүлэн-Од” ХХК нь “Монгол дайвин” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 41 861 700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

“Тэмүүлэн-Од” ХХК нь “Монгол дайвин” ХХК-тай 2015 онд  “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулж 21 275 000 төгрөгийн үнэ бүхий 185 м.куб хөнгөн блокыг, 2016 оны 07-р сарын 07-ны өдөр “Бараа материал зээлээр худалдан авах гэрээ” байгуулж 21 000 000 төгрөгийн үнэ бүхий 175 м.куб блокыг худалдахаар /хх 8-9, 12-13/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 243-р зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Худалдагч “Тэмүүлэн-Од” ХХК нь 2015 онд 26 861 700 төгрөгний 233.58 м.куб хөнгөн блок, 2016 онд 36 000 000 төгрөгний 250 м.куб хөнгөн блокыг худалдан авагчид нийлүүлсэн нь 11 удаагийн зарлагын баримт, бараа материалын зарлагын падаанаар /хх 10-11, 14-15/ тогтоогдсон байх ба үүнээс худалдан авагч нь 21 000 000 төгрөгийг төлсөн, энэ талаар талууд маргаагүй байна.

Харин “Монгол дайвин” ХХК нь бусад 41 861 700 төгрөгийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас  34 466 500 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн боловч тус компаний нягтлан бодох бүртгэлийн тайланд 2015 онд 21 861 700 төгрөгийн өглөг бүртгэгдсэн, худалдагч, худалдан авагч хоорондоо нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцох эсэх нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийг бүрэн төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Монгол дайвин” ХХК-иас 41 861 700 /дөчин нэгэн сая найман зуун жаран нэгэн мянга долоон зуу/ төгрөг гаргуулж “Тэмүүлэн од” ХХК-д олгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366 720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол дайвин ХХК-иас 366 720 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.    

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Р.АЛТАНТУЯА