| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2020/0085/э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2020-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
улсын яллагч Э.Ариунболд,
хохирогч Ч.Буянтогтох, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн
шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019001270097 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, А.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.С нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Монгол давхар” гэх орон сууцны барилгын хажууд Ч.Бтой маргалдаж, нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, хамрын ясны хугарал, хамрын салстын мурийлт зэрэг гэмтэл учруулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч А.Сий мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгтэл Цээням машинаа асаагаад сумруу явсан. Би араас нь алхаад очиход манай сумын захын айл болох Амгалан ахын хашаанд Цээням машиндаа сууж байсан. Би очоод намайг орхиод явлаа гэж уурлаад хэрэлдэж маргаж эхэлсэн. Би уурандаа нэг удаа нүүр, нүд хэсэг рүү нь нэг удаа цохисон. Цаашид хэсэг зуур юу болсон эсэх талаар санахгүй байна. Би уурлахаараа зарим юмаа санахаа больчихдог юм. Тэгээд нэг мэдсэн Цын хамарнаас нь цус гарсан байсан. Тэндээ цусыг нь арчиж цэвэрлэж байгаад хамт хөдлөөд хадам аавын гэрийн гадаа очоод гэрт нь ортол манай хадам ээж Оюунтуул уурлаад цагдаад мэдэгдсэн. ...Яг зодолдож байхад бол харсан хүн байгаагүй, хэсэгхэн зуур болоод өнгөрсөн болохоор. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Цаас уучлалт гуйж одоо бол учраа олж эвлэрсэн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-35-36/,
Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сайншанд сумын 3 дугаар сургуулийн хойд талын хөлбөмбөгийн талбайд Ж, Ө, Б, Хнартай хамт гитар тоглож сууж байгаад хөзөр тогтлохоор манай гэр лүү явцшааж байтал Ө, Б 2 дэлгүүр орчихоод араас чинь хүрээд очье гээд явсан. Тэгсэн Ө Ж руу утсаар яриад Сээ миний араас Өгээд дуудаад байна та нар хүрээд ирээч гэхээр нь бид нар Монгол давхар байрны баруун талд очсон. Биднийг очиход С найз нартайгаа байсан ...С Өнадтай мэндлэхээ больжээ, том болчихжээ гэхээр нь би Сийг хоёулаа ийшээ яваад юм ярья гээд дагуулаад жоохон зайтай зогссон. ...тэгээд би Сийг чи яагаад Жамкатай муудалцаад байгаа юм гэхэд наад шээс нар чинь том болчихжээ, бүгдийг нь ална шүү гээд миний хөлийг дэгээдээд намайг түлхтэл би арагшаа унасан, тэгэхээр нь би босож ирээд Сийг заамдаад автал хамт явсан найзууд ирээд биднийг салгахаар нь би, бид 2 зодолдохгүй ийшээ яваад учраа ольё гэхэд С намайг дорд гаралтай п...нууд том болжээ жалганы бацаан гэхээр нь чамтай муудалцмааргүй байна, чи яагаад том том дуугараад байгаа юм гэхэд миний хамар луу баруун гараараа нэг удаа цохьсон тэгтэл миний хамарнаас цус гарсан, тэгэхээр нь би хамраа дараад доошоо тонгойтол С дахиад миний нүүр лүү 3-4 удаа өшиглөсөн. ...би Сд зодуулснаас болоод миний хамар хугарсан тул Улаанбаатар хотод ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгт хамрын мэс засалд 2.920.000 төгрөгөөр орж эмчлүүлсэн эм, тариа, эмчилгээ, зөрдөл мөнгөөр хохиросн тул эдгээр зардлыг нэхэмжилнэ. Намайг 6 сарын хугацаанд гам барьж 14 хоног, 1 сарын дараа давтан үзүүл гэсэн миний хамар хугарсан, таславч мурийсан байна гээд хагалгаанд орсон... Надад нийт 3.627.000 төгрөгийн хохирол учирсан” гэсэн мэдүүлэг /хх-7-11/;
Гэрч Т.Хмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 20-21 цагийн үед ...БСийг дагуулаад хажуу талд нь байсан амбаарын дэргэд очоод юм яриад зогсоод байсан, биднээс хол байсан тул юу ярьсныг нь мэдэхгүй байна. Тэгсэн Бгазар унасан байсан, яг яаж унасныг бол би хараагүй юм, тэгээд бид нар очиж салгасан. БС 2 хоорондоо барьцалдсан байсан, биднийг очиж салгатал дахиад хоёулаа хэл амаараа учраа ольё гээд биднээс зайдуу холдоод зүгссон. Тэгэж зогсож байхдаа маргалдаад байх шиг байсан, С, Бунтогтохын нүүр орчимд баруун гараараа 2 удаа цохьсон, тэгэхэд Бынхамарнаас цус гараад хамраа дараад доошоо суусан, чи хамар цохьчихлоо шүү дээ гээд байсан. Бид нар Сийг татаад автал хөлөөрөө Быннүүр орчим газарт 2-3 удаа өшиглөсөн. Бид тэр хоёрыг салгатал С дахиад Быннүүр орчимд гараараа нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-15-18/,
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “С Өыг чи яасан их дуудуулдаг юм бэ, ийм том болчихсон юм уу, би чамтай юм ярих гээд байна ш тэ гэтэл Бтэр хоёрын маргааныг таслах гээд болио хөгшөөн гээд Сийг бид нараас холдуулаад аваад явсан. ...тэгтэл С Буянтогтохыг хавираад газарт унагасан, унагаж байхыг нь бид нар хараад хүрээд очтол Ббосож ирээд Сийг тэврээд авсан, БСийг ...яриад учраа ольё гээд биднээс дахиад жаахан зайтай зогссон. Тэр хоёрг зодолдох байх гээд бид нар хараад дагаад явж байсан, тэгтэл С Быннүүр лүү баруун гараараа 2 удаа цохиод авсан, тэгэхээр нь бид очиж салгасан. Сийг салгах үед хөлөөрөө Быннүүр лүү 2 удаа өшиглөсөн. Энэ үед Бхамраа дараад газар сууж байсан, хамар хугалчихлаа ш тэ хөгшөөн гээд байсан. Сийг бид нар салгаад аваад явсан. Тэгээд орхитол буцаж очоод Быннүүр лүү баруун гараараа 2 удаа цохьсон, хажууд нь зогсож байсан Жыг нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-19-22/,
Гэрч Б.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ...биднийг очиход С Өыг дуудаад байхад чи яагаад эргэж харахгүй байгаа юм, чи бид 2 чинь царай царайгаа таньдаг хүмүүс биз дээ би чамтай зүгээр юм ярих гэж байна ш тэ өчигдөр бол миний буруу байсан гэж хэлсэн. Тэгээд С Бгар барьсан юу байна гэчихээд тэр 2 биднээс цаашаа яваад зайдуу зогсоод юм яриад байсан ...тэгсэн тэр 2 хоорондоо зодолдоогүй боловч барилдах ч биш ноцолдох ч биш байдалтай байхаар нь бид очиж салгасан. ...С Бхоёрыг бид салгасны дараа тэр 2 учраа ольё гээд тэнд байсан амбаарын цаагуур орсон, тэгсэнээ дахиад хоорондоо барьцалдаад авахаар нь бид очиж салгасан, С та нар намайг согтуу байхад олуулаа ингэж болноо, манай найзыг ийм байгаарай гэсэн Бтэгнээ гээд байсан. Энэ үед Сий найз Гансэлэм төмөр замын клубын сааднаас ганцаараа хүрээд ирсэн. С найзыгаа харчихаад Бынхамарт нь гараараа цохьсон, Бхамраа бариад доошоо суутал С дахиад нүүрэнд нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Бнаадах чинь хамар луу цохьчихлоо ш тэ гээд босоод иртэл С дахиад гараараа хамар луу нь цохьсон. Тэгэхэд Бдахиад миний хамар луу цохьчихлоо ш тэ та нар хорьдоггүй юм уу гээд босож ирээд Сий өөдөөс дайрахаар нь бид салгасан. Тэгтэл С намайг энэ яадаг болчихсон юм гээд миний ам орчим гараараа цохьсон, тэгэхэд би газарт унахад С дахиад гараараа миний толгой орчим цохьсон, тэгээд хамт явсан найзууд салгасан. Миний биед гэмтэл байхгүй тул цагдаагийн байгууллагад хандаагүй, цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй, надад учирсан бэртэл гэмтэл байхгүй” гэсэн мдүүлэг /хх-23-25/,
Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэр хоёрыг муудалцахаар нь салгасан, гадаа харанхуй болсон байсан тул хэн нь хэнийгээ цохьсоныг би хараагүй, Бын хамарнаас цус гарчихсан байсан ...тэр хоёрыг муудалцаж байхад нь би голоор нь орж салгасан, намайг салгаж байх үед хэн хэнийгээ цохьсон өшиглөсөн байж магадгүй, Бын хамрыг С цохьсон юм шиг билээ, Бын хамарнаас цус гарсан, С гар эвгүй болчихлоо гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-33-34/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №02/098 дугаартай шинжээчийн “...Ч.Б биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, доод уруулын дотор салстын шарх гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтлүүд тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-67-68/ зэрэг болно.
Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Сий гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хуульд заасан бүх шинжийг хангасан, хуулийн зүйл, хэсэг тохирсон, мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй тул улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ч.Бнь шүүгдэгч А.Сд зодуулсны улмаас хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, доод уруулын дотор салстын шарх гэмтлүүд авч, эмчилгээ хийлгэсэн болон холбогдох бусад зардалд нийт 3.737.260 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч А.С нь шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хохирол төлбөрөөс төлөөгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хагалгаанд орсон баримтууд маргаангүй, харин Кофе шопд орсон болон хуушуур авч идсэн зардал бол зайлшгүй гарах зардал биш, С заавал хамт явах шаардлага байсан эсэхийг шүүх анхааран үзнэ үү. Монгол хуушуураар үйлчлүүлсэн баримт 25.400 төгрөг, кофе шопоос хотдог авсан баримт 3.500 төгрөг, Тэнгэр плазагаас цай авсан баримт 2360 төгрөг, Сийн замын зардлын баримтуудыг хасуулах саналтай байна. Иймээс 49.060 төгрөгийг эргэлзээтэй зардал гэж үзэж байна.” гэсэн санал, тайлбарыг, хохирогч Ч.Б“С бол манай найз охин. Хагалгааны дараа удаан сууж, алхвал ухаан алдах магадлалтай учраас заавал асран хамгаалагч, сахиуртай бай гэсэн” гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан, улмаар эмчилгээ хийлгэхэд цаг хугацаа, сэтгэл санаа, эд хөрөнгийн холбогдох зардлууд гарсан, эмнэлгийн байгууллагын өгсөн заавар зөвлөгөөний дагуу сахиуртай байсан зэргийг харгалзаад шүүгдэгч А.Сээс 3.737.260 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Бд олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;
Шүүгдэгч А.С нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх шүүгдэгч А.Сийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан тул
торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулах заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч А.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгчид торгох ял оногдуулж, торгох ялыг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулах заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Учир нь; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүн шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван найман насанд хүрсэн бол энэ хуулийн 8.6 дугаар зүйл хамаарахгүй” гэж заасан тул шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүй бөгөөд шүүгдэгчид энэ зүйл, хэсэг хамаарахгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасан байна.
Шүүхээс шүүгдэгчийн нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зорилгоор түүний хэргийн үйл баримт болоод гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг
харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, тодорхой хугацаагаар буюу 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч А.Сд гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.Сд сануулах нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186, 189 дүгээр зүйлүүдэд зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэж тэнссэн хугацаанд шүүгдэгч А.Сд хяналт тавихыг зохих газарт хариуцуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, энэ хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.В овогт Аын Сийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч А.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд
заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.Сд сануулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186, 189 дүгээр зүйлүүдэд зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэж тэнссэн хугацаанд шүүгдэгч А.Сд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх
хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Сээс 3.737.260 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Буянтогтоход олгосугай.
6.Шүүгдэгч А.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, энэ хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ