| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2020/0087/э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2020-08-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
улсын яллагч Э.Ариунболд,
шинжээч эмч Б.Гэрэлмаа,
гэрч Л.Ж,
шүүгдэгч Ж.У, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Харчин овогт Жаргалсайханы Ут холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019001140093 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Ж.У,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Ж.У нь Дорноговь аймгийн Сайншанд сумын ...тоотод оршин суух иргэн О.А гэрт 2020 оны 3 дугаар сарын 10-ны орчимд нэвтэрч, хиам 1.5 кг, найруулдаг “Зөв” аарц 20 ширхэг, элэгний нухаш 3 ширхэг, хонины мах 4кг, бууз 5кг, сахлын 2 үйлдэлтэй машин, цэнэглэгч зэрэг эд зүйлийг хулгайлж, 116.918 төгрөгийн,
мөн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө иргэн О.А гэрт нэвтэрч, 1 литр сүү, хонины мах 1кг, бууз, үзэм 1кг зэрэг эд зүйл хулгайлж, түүнд 27.467 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлуүүлэгт мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шинжээч эмч Б.Гшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Ж.У 16 наснаасаа 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттайгаар групп тогтоолгосон, хүүхэд байхдаа тархины гэмтэл авсан, уналт таталт өгдөг гэсэн оноштойгоор миний хяналтад ороод 11 жил болж байна. Гэмтлийн дараах тархины гэмтлийн улмаас уналт таталтын хам шинж үүссэн, зан төлөвийн өөрчлөлттэй, дух чамархай хэсгийн гэмтэлтэйгээр сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Гэмтлийн дараах уналт таталт, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эмчийн байнгын хяналтад эм уугаад, ар гэрийн асаргаанд байдаг. Өвчин сэдэрсэн, хурцадсан үед хэвтүүлэн эмчилж эмийн эмчилгээний тун дээр зохицуулалт хийж өгдөг. Уналтын үед сэтгэцийн өөрчлөлт гарч байвал сэтгэцийн эм, унтуулах, тайвшруулах хавсарсан эмчилгээ хийгдэнэ. Хэрэв хурц сэтгэцийн өөрчлөлтөд ороод догширол, дэмийрэлд ороод нийгэмд болон өөртөө аюултай үйлдэл хийж байгаа тохиолдолд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд, эсвэл өөрийн эмнэлгийн мэдрэл, сэтгэцийн тасагт хэвтүүлж эмчилдэг. Гэмтлийн дараах тархины гэмтэл хоёр янз байдаг. Дух чамархайн хэсэгт гэмтэл авсан тохиолдолд сэтгэхүйн үйл ажиллагаанд уналт өгөөд, голомтлог өөрчлөлтөд ордог учир тархинд орж байгаа голомтлог өөрчлөлтөөсөө шалтгаалаад дух, чамархайн хэсэг дээр хувь хүн өөрийгөө бүрэн илэрхийлж, хэргийг үнэн зөв мэдүүлэх чадваргүй болдог. Ж.У дух, чамархайн хэсгийн хүнд гэмтэлтэй. Хүн тамхи татахад тархины нэг эс үхдэг бол уналтын голомт үүсэхэд хэдэн сая эс эргэж сэргэх боломжгүй. Тархинд үүссэн голомтлог өөрчлөлтийн нөлөөлөл нь эмийн дарангуйлалгүй бол уналт таталт өгч, сэтгэцийн үйл ажиллагаа алдагддаг эмгэг үүсгэдэг. Уналтыг цөөрүүлж, голомтыг сэдрээхгүйн тулд тасралтгүй эм уулгадаг. Ж.У насан туршдаа хэрэг хариуцах чадваргүй” гэв.
Хохирогч О.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр эзгүй, би ээжийндээ очиж хоноод маргааш гэртээ иртэл манай гэрийн үүдний хятад цоожийг эвдээд хүн орсон байдалтай байсан, гэрт байсан 1.5кг хиам, “Зөв” аарц 20 ширхэг, элэгний нухаш 3 ширхэг, хонины мах 4кг, бууз 5кг, манай нөхрийн сахалын машин, цэнэглэгч зэрэг эд зүйл алга болсон байсан...2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ээжийндээ очиж хоноод 4 дүгээр сарын 01-ний өглөө гэртээ ирэхэд манай том өрөөний вакум цонх нээгдсэн байсан, гэрт ороод үзэхэд литр сүү, хонины мах, бууз үзэм зэрэг эд зүйл алдагдсан байсан...манай хажуу талын дугуй засварт ажилладаг Ж.У гэх залуу хоёр удаа орж, хулгай хийсэн байсан. Тухайн тэр залуу болон ээж нь надтай уулзаад, надад учирсан хохирол төлбөрийг барагдуулж, өгөхөөр тохирсон болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-9, 40/,
Ж.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр би Дэнжид дугуй засварын газар ажил дээрээ ганцаараа байсан, 16 цагийн орчимд би ажлын баруун талд залгаа хашаанд байдаг байшинтай айл руу хашааг нь урд талаас нь давж ороод байшингийн урд талын вакум цонхыг түлхэж онгойлгоод орсон тэгээд тус айлын хөргөгчийг онгойлгоод савлагаатай 1 ширхэг сүү, 1кг орчим мах, 1кг орчим бууз, орны хажуу талын шүүгээнээс 1кг орчим үзэм аваад буцаад цонхоор нь гараад явсан, мөн 10 орчим хоногийн өмнө байх өдрийг нь санахгүй байна, ажлын баруун талд байдаг айл руу хаалгаар нь ороод хөргөгчнөөс нь 5кг орчим мах, 1 ширхэг хиам, найруулдаг “Зөв” аарц 6 ширхэг, элэгний нухаш 3 ширхэг тус тус авч байсан...Би өөрөө унаж татдаг өвчтэй, группт байдаг, группын мөнгөө зээл хийгээд банкнаас авчихсан, дугуй засвар дээр өдрийн 17.500 төгрөгийн цалинтай ажилладаг, цалингаа урьдчилаад зээлээд авчихсан болохоор цалин мөнгө байхгүй болоод, хоол ундгүй, эхнэр маань жирэмсэн хэзээ мөдгүй төрөх болсон болохоор хулгай хийсэн.” гэсэн мэдүүлэг /хх-11, 35/,
Гэрч Л.Жны мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэгтээ; “...Ж.У миний дунд хүү байгаа юм. 1 дүгээр ангид дөрвөн удаа сурсан, хичээл, сургуульд сурч чадахгүй болохоор нь сургуулиас гаргасан. Долоон настайдаа байшин дээрээс унаж толгойдоо төмөр оруулж байсан түүнээс хойш унаж татдаг, мөн сэтгэцийн өөрчлөлттэй болж, эмнэлгийн байнгын хяналтанд байх болсон.” гэсэн мэдүүлэг /хх-41/,
Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай шинжээч эмч Л.А, Ж.Г, Б.Га нарын гаргасан; “...Ж.У нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө “Эмэнд тэсвэртэй уналт, таталт, зан төрх, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий” сэтгэцийн өвчтэй байсан болно. Ж.У нь “Эмэнд тэсвэртэй уналт, таталт, зан төрх, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий” сэтгэцийн өвчтэй болно. Ж.У нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Эмэнд тэсвэртэй уналт, таталт, зан төрх, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий” сэтгэцийн өвчтэй тул өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадваргүй болно. Ж.У нь “Эмэнд тэсвэртэй уналт, таталт, зан төрх, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий” сэтгэцийн өвчтэй хэрэг хариуцах чадваргүй” гэсэн дүгнэлт /хх-46-47/,
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/,
Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-12-13/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-820/019 дугаартай “...өглөө сүү 3000 төгрөг, хонины мах 9167 төгрөг, бууз 8500 төгрөг, үзэм 6800 төгрөг, нийт дүн 27.467 төгрөг.” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-20/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-820/020 дугаартай “...хиам 12.750 төгрөг, “Зөв” аарц 22.000 төгрөг, элэгний нухаш 3000 төгрөг, бууз 42.500 төгрөг, хонины мах 36.668 төгрөг, сахлын машин 30.000 төгрөг, нийт дүн 146.918 төгрөг.” гэсэн дүгнэлт” /хх-21-23/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57/,
Дорноговь аймаг Сайншанд сум 4 дүгээр баг “Талст зам” ӨЭМТ-ийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай “...Ж овогтой У 27 / эрэгтэй, Эмэнд тэсвэртэй уналт үргэлжилсэн таталтанд ордог, зан төрх, танин мэдэхгүйн өөрчлөлттэй өвчний учир мэдрэл болон өрхийн эмчийн хяналтанд /4-25-б заалтаар/ 70% группт байдаг, тогтмол эмчилгээ хийгддэг, эцэг, эхийн байнгын онцгой хараа хяналтанд байдаг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт /хх-60/,
Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүд болон Ж.Уын өвчний түүхүүд /хх-61-67/,
Хохирогч О.Ас 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие хохиролд 200.000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хх-74/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Ж.У нь “бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.А “...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэрт байсан 1.5кг хиам, “Зөв” аарц 20 ширхэг, элэгний нухаш 3 ширхэг, хонины мах 4кг, бууз 5кг, манай нөхрийн сахалын машин, цэнэглэгч зэрэг эд зүйл алга болсон байсан...2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр литр сүү, хонины мах, бууз үзэм зэрэг эд зүйл алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-9, 40/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7/, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-12-13/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-820/019 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-20/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-820/020 дугаартай дүгнэлт” /хх-21-23/, хохирогч О.Ас 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие хохиролд 200.000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хх-74/, зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Уын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан, хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ж.У нь бусдын хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.
Хохирогч О.А “...Тухайн залуу болон ээж нь надтай ирж уулзаад, надад учирсан хохирол төлбөрийг барагдуулж, өгөхөөр тохирсон болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн /хх-39-40/ мэдүүлэг болон 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хохирогчоос Дорноговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие хохиролд 200.000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хх-74/ зэргээр шүүгдэгч Ж.Уыг учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Ж.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Ж.У нь “бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэвч Ж.У нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө “Эмэнд тэсвэртэй уналт, таталт, зан төрх, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий” сэтгэцийн өвчтэй, уг өвчний улмаас өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадваргүй, мөн хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай шинжээч эмч .... нарын гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Б.Гийн “...Ж.У Гэмтлийн дараах тархины гэмтлийн улмаас уналт таталтын хам шинж үүссэн, зан төлөвийн өөрчлөлттэй, дух чамархай хэсгийн гэмтэлтэйгээр сэтгэцийн эмчийн хяналтад байдаг...энэ эмгэгтэй хүмүүс байнгын эмчийн хяналтад эмээ уугаад, ар гэрийн асаргаанд байдаг. Өвчин сэдэрсэн, хурцадсан үед хэвтүүлж эмчилдэг...Дух чамархайн хэсэгт гэмтэл авсан тохиолдолд сэтгэхүйн үйл ажиллагаанд уналт өгөөд, голомтлог өөрчлөлтөд ордог учир тархинд орж байгаа голомтлог өөрчлөлтөөсөө шалтгаалаад дух, чамархайн хэсэг дээр хувь хүн өөрийгөө бүрэн илэрхийлж, хэргийг үнэн зөв мэдүүлэх чадваргүй болдог... Ж.У насан туршдаа хэрэг хариуцах чадваргүй” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Ж.Уыг гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, цаашид асран хамгаалагчийн халамж болон эмчийн байнгын хяналтад эм ууж, өвчин сэдэрсэн, хурцадсан үед эмчилгээ хийлгэсний үр дүнд өөртөө болон бусдад аюул учруулахааргүй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, мөн асран хамгаалагчид халамжлуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Ут хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, энэ хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 3., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Жы Уыг “Бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ут эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр шаардлагатай үед Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, сэтгэцийн тасагт хэвтүүлэн эмчлүүлэх, мөн асран хамгаалагч эх Л.Жд халамжлуулахаар шилжүүлсүгэй.
3.Шүүгдэгч Ж.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
4.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ