| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2020/0090/э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2020-08-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
улсын яллагч Б.Мөнгөнтуяа,
хохирогчУ.Э,
хохирогч Т.Г,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Бийн Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019000610056 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт иргэн У.Эыг хүү Чд нь “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 10 дугаар сард виз гаргах бичиг баримтны мөнгө болох 72.000 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 680.000 төгрөг, 11 дүгээр сарын 14-ний өдөр 1.200.000 төгрөгийг тус тус өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, нийт 1.952.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2019 оны 10 дугаар сард Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Гийг “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар удаа дараагийн үйлдлээр нийт 3.245.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хохирогч У.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Манай нөхөр таксинд явж байгаад Б.М гэдэг хүнтэй танилцаад гэртээ хонуулсан, “хүүхдэд виз гаргаж өгнө” гэхээр нь итгээд эхлээд 72.000 төгрөг, дараа нь 680.000 төгрөгийг О гэдэг хүний дансанд хийсэн. Дараа нь манайд ирж 2-3 удаа хоноод “бичиг баримт элчин дээр байхад ногоон болгочихдог” гээд 1.200.000 төгрөгийг М гэдэг хүний дансанд хийлгэсэн, буцаагаад шилжүүлье гээд 100.000 төгрөг авснаа өгсөн, дараа нь дахиад 100.000 төгрөг авсан, тэрийгээ буцааж өгөөгүй.” гэв.
Хохирогч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; ”...2019 оны 10 сард фейсбүүкээр төрсөн өдрийн мэнд хүргэснээр байнгын холбоотой байх болсон. “Солонгосоос ирчихсэн байна, удахгүй буцна” гэхээр нь “намайг хамт аваад явах боломжтой” эсэхийг асуухад “болно” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа утсаар ярихад “материалаа бүрдүүлээд ир, би ногоон карттай учраас нэг хүн аваад явах эрхтэй” гэж хэлсэн. 2019 оны 10 дугаар сарын дундуур би бүх материалаа бүрдүүлээд визний мөнгө болох 75.000 төгрөгийн хамт өгсөн, дараа нь визний орчуулгын мөнгө гэж 480.000 төгрөгийг О гэдэг хүний дансаар шилжүүлж өгсөн. Мөн “бичиг баримт чинь дутуу байгаа учраас элчингийн хүнд 1.200.000 төгрөг хэрэгтэй байна” гээд 11 дүгээр сарын 20-нд надаас авсан. Түүнээс 7 хоногийн дараа “визний мөнгө” гэж 870.000 төгрөг нэхэхээр нь Натур хорооллын Хард рок-н АТМ-с авч бэлнээр өгсөн. Би iphone6 маркийн утсаа таксинд хаячихсан, энэ талаараа Б.Мид хэлтэл өөртөө байгаа “хуучин iphone6 маркийн гар утсаа засаж өгнө” гээд 80.000 төгрөг авсан. Хэзээ өгснөө санахгүй байна гудамжинд явж байсан. Дараа нь элчингийн хүн хоолонд оруулах гэж байна гэж 80.000 төгрөг өгсөн, бусдыг нь сайн санахгүй байна.” гэв.
Хохирогч У.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...тухайн залуу өөрийгөө М гэж танилцуулсан. “Солонгост найман жил амьдраад ирсэн, одоо ингээд 20-ны өдрүүдээр буцна, солонгос явахаар болвол би тус больё, та хоёр надад их тус боллоо, та хоёр надад аав, ээж шиг минь хүн байна,” гэж хэлсэн...Тэгээд тэр залуу Мандах суманд байхдаа “хүүхдийнхээ нийгмийн даатгалын дэвтрийг гадаад паспорттайгаа явуулаарай” гэж хэлээд бас дансны дугаар явуулсан. Тэгээд надруу ...9 утаснаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр залгаад “танай хүүхдийн виз өмнө нь хоёр удаа буцсан юм байна, би данс явуулъя одоо гялс 680.000 төгрөг хийчих” гэж хэлэхээр нь ... дансны дугаартай Огэдэг хүний дансруу шилжүүлсэн. Тэгээд “манай ах 14 хоногийн дотор виз гаргаж өгнө” гэж хэлсэн...Дараа нь “эгч 100.000 төгрөг дансаар хийчих боломж байна уу” гэхээр нь явуулж байсан, буцаагаад надруу шилжүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны үед Улаанбаатар хотоос ирээд манайд хоёр хоносон, “элчин дээр хүүхдийн чинь бичиг баримт байгаа, тэнд ногооруулчихвал амар байдаг юм, 1.200.000 төгрөг хэрэг болно, та хоёр өгчихгүй юу даа” гэхээр нь М гэх хүний данс руу 1.200.000 төгрөг шилжүүлсэн”. Үүний дараа 2019 оны 11 дүгээр сарын 18-ны үед “эгч 100.000 төгрөг шилжүүлчих, орой өгнө гэхээр нь би шилжүүлсэн, буцааж надад өгөөгүй, нийт 2.052.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-7-8, 10-11, 18/,
Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Тухайн хүн өөрийгөө М гэж танилцуулсан, анх Сайншандад ирчихээд найздаа 20 гаруй сая төгрөг залилуулсан тэрийг олох гээд Хамрын хийдийн тэр хавьцаа явж байгаад танилцаад гэр орон байхгүй гэж манайд эхлээд нэг хоноод, Мандах яваад тэндээсээ Улаанбаатар явсан...эхний 680.000 төгрөг шилжүүлсэн талаар мэдэж байсан, сүүлд явуулдаг 1.200.000 төгрөгийг бол мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-21/,
Хохирогч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “... М “баярлалаа, Солонгос улсаас ирээд удаагүй 7 хонож байна, удахгүй буцна, энд ажлаар ирсэн” чат бичсэн. Тэгээд би яриан дунд “найздаа виз гаргаад өгчих” гэж хэлсэн, “болно ш дээ, намайг буцахад дагаад явахгүй юу даа, би ногоон карттай, нэг хүн авч явах эрхтэй” гэж хэлсэн. “Материалаа бүрдүүлээд мөнгөө бэлдчих, хурдлахгүй бол би буцна” гэсэн. 2019 оны 10 дугаар сарын дундуур надруу залгаад “500.000 төгрөг явуул” гэсэн, би дүүгээсээ зээлээд өгсөн. Хэд хоногийн дараа манай гэрт ирээд “бичиг баримт чинь дутуу байгаа учраас элчингийн хүнд 1.200.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь дүүгээсээ зээлээд шилжүүлсэн...тийзний мөнгө, халаасны мөнгө, элчингийн хүн хоолонд оруулна, утас авч өгнө гэж 1.545.000 төгрөг нийт 3.245.000 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /хх-76, 86/,
Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Манай эгчийг БНСУ-руу найдвартай, баталгаатай авч явна, очоод үйлдвэрт ажилд оруулна, эхний удаа би өөрөө хариуцаж ажиллуулна, дараа нь өөрөө биеэ даагаад ажиллаарай” гэж итгэлийг нь авсан байсан...эгч надаас 500.000 төгрөг, дараа нь 1.200.000 төгрөг авсан, энэ мөнгийг виз мэдүүлэхэд, материал дутуу байх тул хүн гуйж гаргуулах шаардлагатай гээд авсан, мөнгийг эгчийн данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-88/,
Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Н, Э хоёртой юм ярьж байгаад би хүү Чг нь “Бүгд найрамдах Солонгос улсруу гаргаж өгнө” гэж хэлсэн...Би 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр О гэдэг хүний дансруу 680.000 төгрөг хийлгэсэн...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 5014315249 М гэх хүний дансруу “БНСУ-ын виз гаргахад мөнгө дутаад байна” гэж хэлээд 1.200.000 төгрөгийг авсан. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би хүний дансруу 100.000 төгрөгийг Э гэх хүнээр дансаар нь хийлгүүлээд тухайн өдрийн орой буцааж өгсөн...Миний хаан банкны данс шүүхийн шийдвэрээр зээлийн болон мөнгөний өглөгтэй байсан учраас О, М гэдэг хүний дансуудыг ашигласан... Т.Гт Солонгос улсын виз гаргаад өгчихье гэж бодоод түүнээс хоёр хувааж, 3.000.000 төгрөг авсан, хохирлоо барагдуулна, өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна”. гэсэн мэдүүлэг /хх-23-25, 91, 113/,
хохирогчУ.Эын 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-4/, Хаан банк дахь ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-15-16/,
Хаан банкны 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 01/5360/72 дугаартай албан бичиг болон иргэн Бын Оын ...тоот, иргэн Нгийн Мын ... тоот Хаан банк дахь “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /хх-27-29/,
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Оийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл /хх-30/,
хохирогч Т.Гийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хандан гаргасан өргөдөл /хх-71/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-100-104/,
хохирогч Т.Гээс гаргаж, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Бын 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон бичлэг бүхий CD,
Шүүгдэгч Б.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-122/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-133/, Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 322 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-143-144/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-145-149/, мөн шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/682 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-135-140/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 694 дүгээр магадлалын хуулбар, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 5/05 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /хх-52/, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ЦХШЗ/39 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай, шүүгчийн захирамж /хх-57-59/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хохирол төлбөрийн талаар;
1.Шүүгдэгч Б.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт иргэнУ.Эын хүү Чд нь “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 10 дугаар сард виз гаргах бичиг баримтны мөнгө болох 72.000 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 680.000 төгрөг, 11 дүгээр сарын 14-ний өдөр 1.200.000 төгрөгийг тус тус өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, бусдад 1.952.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;
шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч У.Эын “...“хүүхдэд виз гаргаж өгнө” гэхээр нь итгээд эхлээд 72.000 төгрөг, дараа нь надруу 80805049 утаснаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр залгаад “танай хүүхдийн виз өмнө нь хоёр удаа буцсан юм байна, би данс явуулья одоо гялс 680.000 төгрөг хийчих” гэж хэлэхээр нь ... дансны дугаартай О гэдэг хүний дансруу шилжүүлсэн...2019 оны 11 дүгээр сарын 10-ны үед Улаанбатар хотоос ирээд манайд хоёр хоносон, “элчин дээр хүүхдийн чинь бичиг баримт байгаа, тэнд ногооруулчихвал амар байдаг юм, 1.200.000 төгрөг хэрэг болно, та хоёр өгчихгүй юу даа” гэхээр нь М гэх хүний данс руу 1.200.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-7-8, 10-11, 18/, гэрч Д.Нийн “...эхний 680.000 төгрөг шилжүүлсэн талаар мэдэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-21/, хохирогчоос 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-4/, Хаан банк дахь ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-15-16/, Хаан банкны 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 01/5360/72 дугаартай албан бичиг болон иргэн Бын Оын ... тоот, иргэн Нийн Мын ... тоот Хаан банк дахь “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /хх-27-29/, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Оийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл /хх-30/ зэргээр,
2.Шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сард Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Гийг “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар удаа дараагийн үйлдлээр, бусдад 3.245.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;
шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Гийн “...Материалаа бүрдүүлээд мөнгөө бэлдчих, хурдлахгүй бол би буцна” гэсэн. 2019 оны 10 дугаар сарын дундуур надруу залгаад “500.000 төгрөг явуул” гэсэн, би дүүгээсээ зээлээд өгсөн. Хэд хоногийн дараа манай гэрт ирээд “бичиг баримт чинь дутуу байгаа учраас элчингийн хүнд 1.200.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь дүүгээсээ зээлээд шилжүүлсэн...тийзний мөнгө, халаасны мөнгө, элчингийн хүн хоолонд оруулна, утас авч өгнө гэж 1.545.000 төгрөг нийт 3.245.000 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /хх-76, 86/, гэрч Т.Нгийн “...эгч надаас 500.000 төгрөг, дараа нь 1.200.000 төгрөг авсан, энэ мөнгийг виз мэдүүлэхэд, материал дутуу байх тул хүн гуйж гаргуулах шаардлагатай гээд авсан, мөнгийг эгчийн данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-88/, хохирогчоос 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хандан гаргасан өргөдөл /хх-71/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-100-104/, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Бын 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон бичлэг бүхий CD, зэрэг хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Хэргийн үйл баримтаас үзвэл, нэг талаас хохирогчУ.Э нь хүү Чд, хохирогч Т.Г нь өөртөө Солонгос улсын виз гаргуулах гэсэн хүсэл, санаа зорилго нь тэдийг бусдын арга заль мэхэнд автаж мөнгө өгөхөд хүргэсэн буюу тухайн гэмт хэргийн хохирогч болгоход хүргэсэн, нөгөө талаас шүүгдэгч нь анхнаасаа виз гаргаж өгөх санаа зорилго агуулаагүй, хохирогч нараас бэлнээр болон бусдын дансаар дамжуулж шилжүүлсэн мөнгийг авч хувийн хэрэгцээнд хэрэглэх, улмаар хохирогч нарт өөрийгөө ажлаар Солонгос Улсаас түр ирсэн, удахгүй буцна гэж хэлж ойлгуулан “...“манай ах 14 хоногийн дотор виз гаргаж өгнө” гэж хэлсэн”, “элчин дээр хүүхдийн чинь бичиг баримт байгаа, тэнд ногооруулчихвал амар байдаг юм”, “виз чинь гарчихлаа” гэх мэтээр худал хэлэн хуурч, зохиомол байдал үүсгэсэн байх тул шүүгдэгчийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох” шинжийг бүрэн хангасан гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч Б.Мийн дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгчийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.М нь бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөн учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс нийт 5.197.000 төгрөгийг гаргуулж хохирогчУ.Эд 1.952.000 төгрөгийг, хохирогч Т.Гт 3.245.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэж, хохирогчУ.Э нь “2019 оны 11 дүгээр сарын 18-ны үед “эгч 100.000 төгрөг шилжүүлчих, орой өгнө гэхээр нь би шилжүүлсэн, буцааж надад өгөөгүй” энэ мөнгөө нэхэмжилж байна гэх боловч дээрх мөнгө нь виз гаргуулах хүсэл зорилготой хамааралгүй гэж үзэж 100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.М нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.М нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 450 дугаар магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсний дараа дахин гэмт хэрэгт холбогдож,
мөн шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/682 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэн нийт 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 694 дүгээр магадлалаар өөрчлөлт оруулж, түүнд нийт 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд тэрээр оногдуулсан уг ялыг биечлэн эдэлж байсан болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ял дээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 694 дугаартай магадлалаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар нэмж нэгтгэн түүнд нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 162 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох” тухай дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 3 жил 2 сарын хорих ял оногдуулахаас өмнө буюу 2019 онд эдгээр гэмт хэргийг үйлдсэн тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 694 дугаартай магадлалаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, эдгээр ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, бага насны хүүхэдтэй, асаргаанд байдаг өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг зэрэг ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч Б.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 694 дугаартай магадлалаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.М нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоолоор 6 сарын хорих ял оногдуулж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 450 дугаар магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх хүртэл хугацаанд 32 хоног,
мөн шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/682 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “цагдан хоригдсон дөчин дөрөв хоног” гэж заасан бөгөөд шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн үед “шийтгэх тогтоол гаргахаас өмнө 12 хоног урьдчилан хоригдсон” гэсэн тул түүнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/682 дугаар шийтгэх тогтоол гарах өдөр хүртэл 12 хоног,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/682 дугаар шийтгэх тогтоол гарсан өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 118 хоног нийт 32 + 12 + 118 = 162 цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж, 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган үлдээн шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Бийн Мийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Мид энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 694 магадлалаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн цагдан хоригдсон 162 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Моос нийт 5.197.000 төгрөгийг гаргуулж хохирогч У.Эд 1.952.000 төгрөг, хохирогч Т.Гт 3.245.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч У.Эын нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж, 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8.Шүүгдэгч Б.Мид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч шүүгдэгч Б.Мийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ