Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

                                        

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Б.Мөнгөнтуяа,

хохирогч Ж.Шатар,

шүүгдэгч Л.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Бура овогт Лутаагийн Хд холбогдох эрүүгийн 1919004280051 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

         Монгол Улсын иргэн, 1959 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймаг Иххэт суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймаг Иххэт сумын 2 дугаар баг “Баянхошуу” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бура овогт Лутаагийн Х /РД:ЕД59041375/,

   Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Л.Х нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймаг Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Булангийн ширээ” гэх газраас хохирогч Ж.Шатарын хүрэн цавьдар зүсмийн зураасан халзан, шүдлэн насны эм тамгагүй нэг тооны адууг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Л.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...би 61 нас хүртлээ насаараа мал малласан, өнчин ишиг ч хулгайлж үзээгүй, аймгийн сайн малчин, мянгат малчин болж байсан. Би алдсан таван үрээнийхээ нэгийг олоод айлын гадаа гурав хоног уяатай байлгасан. Учир нь манай хүргэн Өмнөговь руу тээвэрт явсан байсан, тэгээд би эхнэр хүүхэд, хүргэнээ дуудаж авчраад, айлын гадаа тэр үрээг янзлаад ачаад явуулсан. Хөдөө айлд байсан учраас малын гарал үүслийн бичиг авах боломж байгаагүй, миний үйлдэл хулгай биш гэж ойлгож байна. Хохирогч Ж.Шатарт хэлэхэд “үнэн юм үнэнээрээ гарна, ингэж ээжтэйгээ нийлж хүнийг гүтгэж болохгүй”. Би хулгай хийгээгүй, өөрийнхөө үрээг таньж мэдээд айлын гадаа хийсэн, манай нутгийнхан бүгд гэрчилнэ. Гэрчийн мэдүүлэг авахдаа хэт нэг талыг барьсан. Зарим хүсэлт өгсөн гэрчийг асуугаагүй. Би хилс хэрэгт гүтгэгдээд явж байгаадаа гомдож байна. Ж.Шатарт хэлэхэд “чи үрээгээ олсон гэдгийг би мэдэж байгаа, одоо үнэнээ хэлчих, би наашаа, цаашаа олон явж эрүүл мэнд, эдийн засгаараа их хохирч байна.” гэв.

Хохирогч Ж.Шатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Би 2019 оны 7 дугаар сараас хойш адуугаа хараагүй, манайх 8 дугаар сард хойшоо нутагтаа нүүж очоод би эхнэрээ эмчлүүлэхээр хот явсан. Тэгээд 9 дүгээр сарын 10-ны үеэр буцаж ирсэн. “Л.Лутбаярын гадаа таны цавьдар үрээг нядалчихсан байна” гэж манай дүү Баяраа анх надад хэлсэн. Намайг яваад очих үед толгой, шийр нь байсан. Тэгээд би Л.Хгийн утсыг олоод “та андуурсан юм шиг байна, шүүх цагдаа гэхгүйгээр хоорондоо тохиролцьё” гэж хэлэхэд “тийм юм байхгүй” гэж хариулсан. Би тэр өдөртөө ахлах дэслэгч Ууганбаярыг аваад хэрэг болсон газар очсон.” гэв.

Хохирогч Ж.Шатар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; ”...2019 оны 9 сард С.Лутбаяр, Баяраа хоёроос адуу сурахад “таны адууны зүстэй ойролцоо зүстэй адуу хийсэн, уг адууг хэний адуу гэдгийг мэдээгүй, Л.Х ахын адуу юм байх гэж бодсон” гэж хэлсэн. Намайг очиж үзэхэд манай адууны толгой мөн байсан, дөрвөн шийр нь хүртэл мөн байсан...2019 оны 7 дугаар сард адуугаа үзэхэд манай хамар цагаан, им тамгагүй цавьдар үрээ адуундаа байсан...9 сард адуугаа үзэхээр явж байгаад Л.Лутбаярын гэх айлын гадаа хамар цагаан цавьдар үрээ нядалсан гэдгийг сонсоод очиж үзэхэд манай үрээний толгой мөн байсан, өргөн том духтай, чих томтой, эрүү түүшин томтой, хамар цагаан адуу байсан юм, мөн дөрвөн туурайны урд хэсэгтээ бууралдуу туяатай манай хамар цагаан цавьдар үрээний туурай байсан ...Хохирол төлбөрөө нэхэмжилнэ...Би тухайн адууг засаагүй, засаатайгаа байсан... 2020 оны 4 дүгээр сарын сүүлээр санаж байна. Л.Х гэж хүн өмгөөлөгч Дагийнамжил гэж хүний хамтаар манай хөдөө гэрт ирээд “хохирол төлбөрийг чинь төлж өгнө, би өөрийн адуутай андуураад танай адууг нядалсан байна, прокурор дээр очоод гомдолгүй гэж хэлээд өгөөч” гэж хэлж байсан. Хамт ирсэн Дагийнамжил гэж хүн “гомдолгүй гэж хэлэхгүй бол шүүхээр орж ял авах гээд байна” гэж хэлсэн, би “хохирол, төлбөр барагдуулж өгвөл гомдол, санал байхгүй” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-5-6, 50-51, 80, 165-166/,

          Л.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2019 оны 9 дүгээр сард хамар дээрээ цагаантай, цэгээн дэл сүүлтэй им тамгагүй адууг би “Булангийн ширээ”-ийн баруун хойно өөрийн улсын дугааргүй, улаан өнгийн даюун маркийн мотоциклиор Баяраа гэх хүнтэй хамт Л.Лутбаярын гэрийн хойд талын нуурнаас Ганаа гэх хүний хээр зүсмийн даагатай хамт байхад нь тууж аваачаад Л.Лутбаярын  гэрийн гадна аваачин барьж хашаанд нь гурав хоног уяатай байлгаж байгаад Сайншандаас өөрийн хүргэн хүү болох Г.Эрдэнэсүхийг машинтай дуудан Л.Лутбаярын гэрээс зүүн урд холгүйхэн алж янзалсан. Тухайн үед Г.Эрдэнэсүх, Баяраа, Л.Лутбаяр бид дөрөв хийж янзлаад хүргэнийхээ 84-66 ДГО улсын дугаартай гранд маркийн автомашинд мах, арьсыг нь хийгээд явуулсан...энэ адууг би өөрийн адуу гэж бодоод, итгээд барьж аваад янзалж явуулсан. Тамга байхгүй, им байхгүй байсан, Ж.Шатар гэж хүний адуу байсан юм шиг байна, би хохирлыг төлж барагдуулна...Сайншандад манай охин Энхтуяа зарж борлуулсан, 700.000 төгрөг болсон гэж хэлж байсан...Лайханжавын гэх айлаар орж сураглахад “манай зүүн нууранд Ганаагийн хээр даагыг хураахад цэгээн дэл, сүүлтэй, хамар цагаан хүрэн үрээ хамт явж байсан, тамга нь мэдэгдэхгүй байсан, ус уугаад хойшоо гарсан” гэж хэлээд баруун хойшоо зам зааж өгөөд явсан, олоогүй... Баяраагийн мотоцикльтой сундлаад адуун дээр очиход миний эрээд байгаа хамар цагаан үрээ Ганаа гэж хүний хээр даагатай хамт байсан...би одоог хүртэл өөрийнхөө адууг махалсан гэж бодож байгаа. Цэгээн дэл сүүлтэй тамга тэмдэггүй, хамар цагаан зүсээр нь өөрийн хайж байсан адуу мөн байна гэж таньсан. Хөдөө айлын гадаа адууг махалсан болохоор би гарал үүслийн бичиг аваагүй. Би өөрийнхөө адууг таньсан, урьд нь мэдүүлэг өгөхдөө бодоод, итгээд гэх мэтээр хариуцлагагүй үг хэлжээ” гэсэн мэдүүлэг /хх-11-12, 66-67, 77, 167-168/,

          Гэрч Л.Лутбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны хэдэн сарын хэдэнд гэдгийг нь мартчихсан байна...“им тамгагүй, таван адуу алдсаны нэг адуу нь энэ байна” гээд хүрэн цавьдар, зураасан халзантай шүдлэн үрээг манай гадаа Л.Х, Баяраа хоёр авч ирж уясан...Тухайн үед манай гадаа хийж аваад арьс махыг нь ачаад Сайншанд сум явсан...тэр адууг хийснээс хойш Ж.Бат-Эрдэнэ нь надаас “цэгээн дэлтэй, цавьдар зүсмийн им тамгагүй үрээ” сурсан...   би тухайн үед хулгайн адуу гэдгийг мэдээгүй, надад өөрийн алдсан адуу гэж хэлсэн... Л.Х ах манайд ирээд адуу мал сураагүй. Тэр үед С.Баяржаргал адуугаа туугаад морио юүлэх гээд манайд ирсэн, Л.Х ах С.Баяржаргалтай уулзаад хамт яваад им тамгагүй, хамар цагаан халзан цавьдар үрээ тууж ирээд манай гадаа гурав хоног уяж байгаад аймгаас охин хүргэн, эхнэр нь ирээд нядалж аваад явсан. Л.Х “манай хамар цагаан, цавьдар үрээ байна” гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-9-10, 57-58, 85/,

          Гэрч С.Баяржаргал мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 9 дүгээр сард Л.Х гэх манай хуучин сумын ах, Алтанширээ сумын 3 дугаар багийн иргэн Л.Лутбаяр гэх айлын гадаа очиход намайг хараад ирээд надаас “цэгээн дэлтэй, гадсан сартай, цавьдар зүсмийн адуу” сурсан, “энд байгаа сурагтай” гэхээр нь би Л.Х ахыг өөрийнхөө цэнхэр өнгийн мотоцикль дээр сундлаад цэгээн дэлтэй, цавьдар зүсмийн, гадсан халзантай, тамгагүй үрээний байгаа газар нь дагуулж аваачаад харуулсан чинь Л.Х “манай адуу мөн байна” гэж хэлэхээр нь бид хоёр мотоциклиороо туугаад Л.Лутбаярын гадаа очиж, тэнд барьж уяж орхиод Л.Х ах бид хоёр цуг манайд унтсан. Түүнээс хойш гурав хоногийн дараа...би тэр адууг эмнэг адуу гэхээр нь унагааж өгчихөөд яваад өгсөн...Надаас Ж.Шатарын дүү болох Ж.Бат-Эрдэнэ “цэгээн дэлтэй, цавьдар зүсмийн им тамгагүй, гадсан сартай адууг дараа нь буюу хийж, алж явснаас 10 гаран хоногийн дараа сурахад нь “Л.Лутбаярын гадаа ижил зүсмийн адуу хийсэн, би хэний адуу гэдгийг нь мэдээгүй” гэж хэлсэн...им тамгагүй юм алдчихвал дараа л гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-21, 54-55, 86-87/, 

          Гэрч Г.Эрдэнэсүх мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Л.Х манай хадам аав...Цавьдар юм уу, зээрд гэж хэлэхээр зүсмийн, шүдлэн насны им тамгагүй адуу байсан. Л.Лутбаяр бид хоёр алж, янзалсан...хадам аав Л.Х нь “алдсан хэдэн үрээ, даагануудаа оллоо, авч явж байхаар энд янзалчихья” гээд намайг Сайншанд суманд байхад утсаар яриад дуудахаар нь би очсон...Манай хадам аав Л.Х насаараа адуу маллаж байгаа...адуунууд нь голдуу хонгор, зээрд, цавьдар адуунууд байдаг.” гэсэн мэдүүлэг /хх-23, 170/,  

          Гэрч Г.Мэндбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...энэ адуу нь Ж.Шатарын цэгээн дэлтэй цавьдар гүүний унага нь мөн байна, халзан нь бас мөн байна.” гэсэн мэдүүлэг /хх-40/,

          Гэрч Ж.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Би Ж.Шатар гэх хүний төрсөн дүү нь...манай ах, дүү нарын зарим адуу нь тамгагүй, им хийгээгүй. Цэгээн дэлтэй, цавьдар зүсмийн энэ адуу нь манай төрсөн ах Ж.Шатарын халзан гүүнээс гарсан унага байна. Тухайн үед алга болохдоо шүдлэн үрээ засаатай алга болсон. Би энэ адууг халзангаар нь таньж байна.” гэсэн мэдүүлэг /хх-43/,

          Гэрч Ж.Хаш-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Цэгээн дэлтэй, хамар дээрээ зурвас цагаан нарийхан халзан шүдлэн үрээ байна гэдгийг би толгойны өнгө зүсээр нь таньж байна. Эх нь халзан гүү байгаа, би унага дааганд нь амралтаараа ирэхдээ харж байсан. Энэ адууны төрсөн ахыг нь Хөвсгөл аймаг руу зарж борлуулж байсан болохоор би сайн мэдэж байна. Энэ адуу Ж.Шатар ахын адуу мөн байна.” гэсэн мэдүүлэг /хх-46/,

          Гэрч Б.Батбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Л.Х манай залгаа Их хэт сумын хүн. Өнгөрсөн жил 2019 оны 9 сард намайг адуунд явж байхад “Бага гол” гэх газрын баруун хойно таараад надаас миний санаж байгаагаар хонгор билүү зээрд алагтай 5-6 тооны үрээ сурсан, сартай зээрд үрээ, саргүй зээрд үрээ тамгагүй гэж сурсан. Л.Хгийн сурсан үрээнээс “хоёр адуу нь Бөхбат гэх хүний адуутай хамт байна” гээд туугаад явсан, ямар ч байсан сурсан алаг үрээ нь хамт явсан. Надаас “сартай зээрд үрээ, саргүй зээрд үрээ тамгагүй гэж сурсан, хамар цагаан цавьдар үрээ сурж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-59-61, 83/,

          Гэрч А.Ганбат мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 9 дүгээр сарын эхээр манай хээр даагатай хамт цавьдар зүсмийн тамгагүй шүдлэн, хязаалан багцааны адуу байх шиг байсан...ирж “даагаа ав” гээд Л.Лутбаярын гэрийн утаснаас утасдахад нь очиход хамт явсан цавьдар үрээг барьж аваад уячихсан байсан. Надаас огт адуу мал сураагүй. Би тухайн үед Л.Хг байсан болохоор тэдний адуу юм байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-63/,

          Гэрч Э.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 8 дугаар сарын 20-ны үед санаж байна. “Баастын тал” гэх газарт Л.Хгийн адуу босоо хайруулган тамгатай хонгор алаг үрээ, тамгагүй сартай, саргүй 2 хүрэн даага, босоо холбоотой хос хайруулган тамгатай хамар цагаан цавьдар үрээ, им тамгагүй цавьдар үрээ нийлсэн 5 тооны адуу манай нутгаар яваад байхаар нь би Хүүхнээ ахад “танай адуу Баастын талд байна” гэж хэлсэн, үүний дараа 2019 оны 9 дүгээр сарын 10-ны орчим болов уу Хүүхнээ ах мотоцикльтой адуугаа сураад явж байгаа сураг гарсан...Баастын талд байсан Хүүхнээ ахын адуу 2019 оны 9 сард байхгүй болчихсон байсан, им тамгагүй цавьдар үрээ хамар цагаан байгаагүй, хамар цагаан цавьдар үрээ нь бол холбоотой хос хайруулган тамгатай байсан.” гэсэн мэдүүлэг /хх-81-82/,

          Гэрч О.Энхболд мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Л.Хгийн адуу босоо хайруулган тамгатай адуунууд байдаг...ер нь зээрд голдуу адуу байдаг...би цавьдар үрээ байдаг эсэх талаар сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-90-91/,

          Гэрч Х.Нямдорж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Миний аав Л.Х. Манайх босоо хайруулган тамгатай, жил бүр адуугаа тамгалдаг, 2019 онд бол зарим адуугаа тамгалж чадаагүй, тамгалж чадаагүй адуундаа 2019 оны 4 сард зөв талын гуяны үсийг хяргаж, босоо хайруулган хяргаас хийж байсан. Ганц нэг адуунд хяргаас болон тамга хийгээгүй, ямар зүсмийн адуунд хяргаас болон тамга хийгээгүйг хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-94-95/,

          Гэрч Б.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Шатарын адуунд хамар цагаан цавьдар адуу байдаг...Би зургийг харлаа. Энэ адууны толгой Ж.Шатарын хамар цагаан им тамгагүй засаатай, цавьдар үрээний толгой мөн байна.” гэсэн мэдүүлэг /хх-176-177/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын төвөөс баруун тийш 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Булангийн ширээ” гэх газарт сумаас 39км зайд байв. Уг хэрэг учрал болсон гэх газар очиход ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт харсан хүрэн цавьдар зүсмийн хамар дээрээ нарийхан цагаан халзантай адууны толгой нэг ширхэг, үүнээс 2 метр зайд ертөнцийн зүгээр урагш 4 шийр байх ба уг шийрэн дээр гаргаж хаясан адууны сэвс байх ба уг сэвс нь хуучивтар удсан байдалтай байв.” гэсэн тэмдэглэл /хх-3/ болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4/,

Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ТХҮ-819/054 дугаартай “...шүдлэн адуу нэгжийн үнэ 900.000 төгрөг, одоогийн зах зээлийн дундаж үнийг 900.000 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт /хх-13-15/,

Л.Хд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-18/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/,  

Л.Хгийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-106-113/,

Эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-159, 162/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-160-161/,

Ж.Шатарын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-179-181/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Л.Х нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймаг Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Булангийн ширээ” гэх газраас хохирогч Ж.Шатарын хүрэн цавьдар зүсмийн зураасан халзан, шүдлэн насны эм тамгагүй нэг тооны адууг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Хгийн өгсөн “...би эхнэр хүүхэд, хүргэнээ дуудаж авчраад, айлын гадаа тэр үрээг янзлаад ачаад явуулсан. Хөдөө айлд байсан учраас малын гарал үүслийн бичиг авах боломж байгаагүй, миний үйлдэл хулгай биш гэж ойлгож байна...би эхлээд андуурсан гэж бодож байсан боловч андуураагүй байсан...шилбэнд нь ямар содон тэмдэг байсныг анзаарч хараагүй”. гэх мэдүүлэг,  

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Шатарын өгсөн “...Л.Лутбаярын гадаа таны цавьдар үрээг нядалчихсан байна” гэж Баяраа анх надад хэлсэн...Намайг яваад очих үед толгой, шийр нь мөн байсан. Манай адуу том толгойтой, урт чихтэй, цайруу амтай, цэгээн дэл сүүлтэй, шилбэний үс нь хөх, бууралдуу өнгөтэй...Хохирлоо төлүүлчихвэл өөр гомдол саналгүй. Зээрд болон хүрэн зүс хоорондоо ялгаатай, цавьдар гэж цагаан шаргал дэлтэй адууг хэлнэ. Иххэт сум хадтай, хадтай газрын адууны туурай их цэвэрхэн байдаг, харин манай сум их халуун элстэй учраас адууны туурай сунаад тав муутай болчихдог.” гэх мэдүүлэг,   

мөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Ж.Шатарын ”...Л.Лутбаярын гэх айлын гадаа хамар цагаан, цавьдар үрээ нядалсан гэдгийг сонсоод очиж үзэхэд манай үрээний толгой мөн байсан... дөрвөн туурайны урд хэсэгтээ бууралдуу туяатай, манай хамар цагаан цавьдар үрээний туурай мөн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-50-51/,

гэрч, яллагдагч Л.Хгийн “...2019 оны 9 дүгээр сард хамар дээрээ цагаантай, цэгээн дэл сүүлтэй, им тамгагүй адууг би мотоциклиор Баяраа гэх хүнтэй хамт тууж Л.Лутбаярын гэрийн гадна аваачин барьж хашаанд нь гурав хоног уяатай байлгаж байгаад Сайншандаас өөрийн хүргэн хүү болох Г.Эрдэнэсүхийг машинтай дуудан Л.Лутбаярын гэрээс зүүн урд холгүйхэн алж янзалсан...Хөдөө айлын гадаа адууг махалсан болохоор би гарал үүслийн бичиг аваагүй.” гэсэн мэдүүлэг /хх-11-12, 167-168/,

          гэрч Л.Лутбаярын “...хүрэн цавьдар, зураасан халзантай шүдлэн үрээг манай гадаа Л.Х, Баяраа хоёр авч ирж уясан...Ж.Бат-Эрдэнэ надаас “цэгээн дэлтэй, цавьдар зүсмийн им тамгагүй үрээ” сурсан.” гэсэн мэдүүлэг /хх-9-10, 57-58/,

          гэрч С.Баяржаргалын ”...би Л.Х ахыг...сундлаад цэгээн дэлтэй, цавьдар зүсмийн, гадсан халзантай, тамгагүй үрээний байгаа газар дагуулж аваачаад харуулсан чинь “манай адуу мөн байна” гэж хэлэхээр нь бид хоёр мотоциклиороо туугаад Л.Лутбаярын гадаа очиж, тэнд барьж уяж орхиод Л.Х ах бид хоёр цуг манайд унтсан...Надаас Ж.Шатарын дүү болох Ж.Бат-Эрдэнэ “цэгээн дэлтэй, цавьдар зүсмийн им тамгагүй, гадсан сартай адууг...10 гаран хоногийн дараа сурахад нь “Л.Лутбаярын гадаа ижил зүсмийн адуу хийсэн, би хэний адуу гэдгийг нь мэдээгүй” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-21, 54-55, 86-87/, 

          гэрч Г.Эрдэнэсүхийн “...Хадам аав Л.Х нь “алдсан хэдэн үрээ, даагануудаа оллоо, авч явж байхаар энд янзалчихья” гээд намайг Сайншанд суманд байхад утсаар яриад дуудахаар нь би очсон.” гэсэн мэдүүлэг /хх-23, 170/, 

          гэрч Г.Мэндбаярын “...энэ адуу нь Ж.Шатарын цэгээн дэлтэй цавьдар гүүний унага нь мөн байна, халзан нь бас мөн байна.” гэсэн мэдүүлэг /хх-40/,

          гэрч Ж.Бат-Эрдэнийн “...Цэгээн дэлтэй, цавьдар зүсмийн энэ адуу нь манай төрсөн ах Ж.Шатарын халзан гүүнээс гарсан унага байна.” гэсэн мэдүүлэг /хх-43/,

          гэрч Ж.Хаш-Эрдэнийн “...Цэгээн дэлтэй, хамар дээрээ зурвас цагаан нарийхан халзан шүдлэн үрээ байна гэдгийг би толгойны өнгө зүсээр нь таньж байна...Энэ адуу Ж.Шатар ахын адуу мөн байна.” гэсэн мэдүүлэг /хх-46/,

          гэрч Б.Батбаярын “...Л.Х надаас “сартай зээрд үрээ, саргүй зээрд үрээ тамгагүй гэж сурсан, хамар цагаан цавьдар үрээ сурж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-59-61, 83/,

           гэрч Э.Энхжаргалын “...им тамгагүй цавьдар үрээ хамар цагаан байгаагүй, хамар цагаан цавьдар үрээ нь бол холбоотой хос хайруулган тамгатай байсан.” гэсэн мэдүүлэг /хх-81-82/,

          гэрч Б.Зоригтбаатарын “...Ж.Шатарын адуунд хамар цагаан цавьдар адуу байдаг...Би зургийг харлаа. Энэ адууны толгой Ж.Шатарын хамар цагаан им тамгагүй засаатай, цавьдар үрээний толгой мөн байна.” гэсэн мэдүүлэг /хх-176-177/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3/ болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4/, Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ТХҮ-819/054 дугаартай үнэлгээ /хх-13-15/, Л.Хд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-18/, эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-159, 162/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-160-161/, зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.Х шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд  “...би 61 нас хүртлээ насаараа мал малласан, өнчин ишиг ч хулгайлж үзээгүй...Би хулгай хийгээгүй, өөрийнхөө үрээг таньж мэдээд айлын гадаа хийсэн, манай нутгийнхан бүгд гэрчилнэ...би одоог хүртэл өөрийнхөө адууг махалсан гэж бодож байгаа гээд “Цэгээн дэл сүүлтэй тамга тэмдэггүй, хамар цагаан зүсээр нь өөрийн хайж байсан адуу мөн байна гэж таньсан.” гэж тайлбарлаж байгаа хэдий ч түүний мэдүүлгүүд нь гэрч С.Баяржаргалын ”...Надаас Ж.Шатарын дүү болох Ж.Бат-Эрдэнэ “цэгээн дэлтэй, цавьдар зүсмийн им тамгагүй, гадсан сартай адууг...10 гаран хоногийн дараа сурахад нь “Л.Лутбаярын гадаа ижил зүсмийн адуу хийсэн, би хэний адуу гэдгийг нь мэдээгүй” гэж хэлсэн” гэх /хх-55/, гэрч Г.Мэндбаярын “...энэ адуу нь Ж.Шатарын цэгээн дэлтэй цавьдар гүүний унага нь мөн байна, халзан нь бас мөн байна.” гэх /хх-40/, гэрч Ж.Бат-Эрдэнийн “...Цэгээн дэлтэй, цавьдар зүсмийн энэ адуу нь манай төрсөн ах Ж.Шатарын халзан гүүнээс гарсан унага байна.” гэх /хх-43/, гэрч Ж.Хаш-Эрдэнийн “...Цэгээн дэлтэй, хамар дээрээ зурвас цагаан нарийхан халзан шүдлэн үрээ байна гэдгийг би толгойны өнгө зүсээр нь таньж байна...Энэ адуу Ж.Шатар ахын адуу мөн байна.” гэх /хх-46/, гэрч Б.Батбаярын “...Л.Х надаас “сартай зээрд үрээ, саргүй зээрд үрээ тамгагүй гэж сурсан, хамар цагаан цавьдар үрээ сурж байгаагүй.” гэх /хх-61, 83/, гэрч Э.Энхжаргалын “...им тамгагүй цавьдар үрээ хамар цагаан байгаагүй, хамар цагаан цавьдар үрээ нь бол холбоотой хос хайруулган тамгатай байсан.” гэх /хх-81-82/, гэрч Б.Зоригтбаатарын “...Ж.Шатарын адуунд хамар цагаан цавьдар адуу байдаг...Би зургийг харлаа. Энэ адууны толгой Ж.Шатарын хамар цагаан им тамгагүй засаатай, цавьдар үрээний толгой мөн байна.” гэх /хх-176-177/ мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Мөн шүүгдэгч Л.Х нь “...Цэгээн дэл сүүлтэй, хамрынхаа голд цагаантай, им тамгагүй, засаатай, зээрд цавьдар үрээ” хайж явсан гэж,

хохирогч Ж.Шатар нь “...цэгээн дэл сүүлтэй, хамрынхаа голд цагаантай, им тамгагүй, засаатай, хүрэн цавьдар зүсмийн үрээ” алдсан гэж тус тус тайлбарлах бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаан даргалагчаас “Зээрд цавьдар болон хүрэн цавьдар зүс хоорондоо адилхан уу? гэсэн асуулт тавихад

хохирогч “Зээрд болон хүрэн зүс хоорондоо ялгаатай, цавьдар гэж цагаан шаргал дэлтэй адууг хэлнэ” гэж,

шүүгдэгч “Цэгээн дэл сүүлтэй адууг хүрэн цавьдар, цавьдар зээрд, хонгор зээрд гэх мэт янз бүрээр нэрлэдэг, гэхдээ эдгээр нь хоорондоо ижил” гэсэн хариултыг өгсөн тул даргалагчаас хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтэд /гэрэл зурагт адууны шийрний үс буурал байв./ үндэслэн “адууны шилбэнд ямар содон тэмдэг байсан бэ?” гэсэн асуултыг тавихад

шүүгдэгч “ямар нэгэн содон шинж тэмдэггүй байсан. Нядлахад туурайнаас дээш шилбэний арьс үлддэг, анзаарч хараагүй” гэсэн хариултыг,

хохирогч “шилбэний үс нь хөх, бууралдуу өнгөтэй” гэсэн хариултыг тус тус өгсөн, дээрх асуулт хариултуудаас хохирогчийн мэдүүлгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэсэн, үнэн зөв байна гэж үнэлэв.

          Иймээс шүүгдэгч Л.Хгийн бусдын адууг хараад “манай адуу мөн байна” гэж бэлчээр дээрээс нь тууж айлын гэрийн гадна аваачин барьж хашаанд уяж, өөрийн хүргэнийг Сайншанд сумаас автомашинтай дуудан ирүүлж, “алдсан хэдэн үрээ, даагануудаа оллоо, авч явж байхаар энд янзалчихья” гэсэн шалтгаан зааж адууг унагаж төхөөрч, арьс, махыг нь бусдад худалдан борлуулан өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар завшиж, ашиг олсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.  

          Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна.” гэж заасан, “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа үндэсний баялаг болсон малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар өөрийн эзэмшилдээ авч захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой. “Мал хулгайлах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь мал бүхий иргэн, аж ахуйн нэгжийн шудрагаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөө, мал сүргийн генетик, нөөцийн аюулгүй байдал хөндөгдөж байдагт оршино.

          Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Л.Х санаатайгаар хулгай хийгээгүй, харин андуурсан уу, минийх байсан уу гэдэг эргэлзээнээс одоо ч гарч чадахгүй байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Ж.Шатар өөрийн адуугаа эзэнгүйдүүлж орхиод 2 сар гаруй хугацааны дараа хүний өгсөн мэдээллээр энэ асуудлыг хөндөж гаргаж ирсэн. Тэгэхээр эзэнгүй алдуул мал байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй” гэсэн санал, хүсэлтийг гаргасан бөгөөд Эрүүгийн хуульд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байхыг хуульчилсан тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй. 

          Шүүгдэгч Л.Хгийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймаг Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Булангийн ширээ” гэх газраас хохирогч Ж.Шатарын хүрэн цавьдар зүсмийн зураасан халзан, шүдлэн насны эм тамгагүй нэг тооны адууг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл холбогдлыг Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь холбогдох хуулийн зүйл, хэсэгт заасан шинжийг хангасан, хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

          Хохирол төлбөрийн талаар;

Шүүгдэгч Л.Хгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 900.00 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох нь хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ болон бусад баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчээс 900.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Шатарт олгохоор шийдвэрлэв.  

Эрүүгийн хариуцлагын талаар;

          Шүүхээс шүүгдэгч Л.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...Нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санктай. Тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 61 настай, насаараа мал маллаж, шударга хөдөлмөрөөр амьдарч байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэсэн санал, хүсэлтийг тус тус гаргав.

          Энэ гэмт хэрэг нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэгдсэн, өөрөөр хэлбэл 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөж байсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд үйлдэгдсэн бөгөөд тухайн цаг хугацаанд бусдын малыг хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж заасан, шүүгдэгч Л.Хгийн хувьд 1959 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 61 настай /РД:ЕД59041375/ байх тул ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Л.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүйгээс түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх улмаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

Бусад асуудлын талаар;

Шүүгдэгч Л.Х нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын “Хаяа” багийн иргэн Т.Баяржаргал, Э.Энхжаргал, М.Болдчулуун нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанаар хүсэлтийг хэлэлцээд хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Учир нь: Мөрдөн байцаалтын шатанд Төрмөнхийн Баяржаргал /хх-171-173/, Энэбишийн Энхжаргал /хх-81-82/ нараас гэрчийн мэдүүлэг авсан байх тул тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй байна.

Харин тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/140 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн хугацаанд Мижиддоржийн Болдчулууныг гэрчээр асуулгах хүсэлтийг яллагдагч Л.Х болон түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нар гаргаж байгаагүй, энэ талаар асуудал хөндөж тавиагүй, түүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй тул шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бура овогт Лутаагийн Хг “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Шүүгдэгч Л.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Л.Хүүхэндүү энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Хгээс 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Шатарт олгосугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХТУНГАЛАГ