Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

 

            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Б.Мөнгөнтуяа,

гэрч Б.О,

хохирогч Б.П,

шүүгдэгч С.Ш, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Сийн Шод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1719001030115 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, С.Ш.

   Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч С.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг алба хаагчдын 24 айлын орон сууцанд байх гэртээ хохирогч Б.Пг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч С.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр манай ангид аймгаас шалгалт ирсэн, надад архи дарс уух боломж байгаагүй. Б.П өдөр намайг дуудахад нь “завгүй байна” гээд очоогүй. Шалгалт шөнийн 12 цаг өнгөрөөгөөд явсан, тэгээд нэг шил “Болор” архи аваад очиход О.Б, Э.Б, Б.О, Б.П нар нэг шил архи уугаад сууж байсан. Би авч ирсэн архиа задлаад 3 хундага уусан. Э.Б “намайг тоохоо больж ээ” гээд байхаар нь би “цагдаад дургүй” гэж тоглоом шоглоом болгож хэлсэн. Гэтэл тэд бид хоёрыг муудалцаж байна гэж бодсон, О.Б унтаж амарсан, би гэрлүүгээ явах гэтэл Б.П “би чамайг гэрт чинь хүргэж өгье” гээд дагаад явсан. Гэртээ согтуу очсон учраас манай эхнэр уурлаж “гар” гэж загнасан, манай эхнэр заставын ахмад Н.Тийг утсаар дуудсан байсан. Н.Т ахмад ирээд Б.Пг “явж амар” гэж хэлэхэд нь үг дуугүй гараад явчихсан. Маргааш өглөө Б.Пгийн бие эвгүй болчихсон гэж О.Б хэлэхээр нь очиж уулзаж “яасан хөгшөөн” гэхэд “яагаа ч үгүй” гээд яваад өгсөн. Зодоон болсон талаар ч яриагүй, гэтэл 2-3 хоногийн дараа Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас дуудсан.” гэв.

Хохирогч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ханги боомтод очиж хоёр өдөр ажиллаад 2017 оны 9 дүгээр сарын 28-ны орой ажил дуусаад хоол идсэн. О.Б бид хоёр хоол идэхдээ нэг шил архи уусан, нөгөө хоёр ганц нэг татаад бараг уугаагүй. Дахиад нэг шил архи аваад боомтын байран дахь Э.Бийн гэрт очсон. С.Ш “шалгалтаа явуулчихаад очно” гэсэн. Шөнө 12 цагийн үед нэг шил архитай ирсэн, Э.Б, С.Ш нар маргаан үүсгээд, маргааны шинжтэй болонгуут би С.Шыг аваад гарсан. Коридорт нь юм ярьж зогсож байгаад гэрт нь ороод маргалдаж, цохилцсоноо санаж байна, нэг мэдэхэд би доор нь байсан. Нэг мэдэхэд Н.Т ирчихсэн хажуунаас өшиглөөд “харь” гэсэн. Гараад шатаар буухдаа 4 хөллөөд хаалга тогшоод нөгөө хэд дээрээ орсон. Удалгүй эмч ирж тариа хийсэн, маргааш нь С.Ш орж ирэхээр нь “цээжээр хатгаад байна, хавирга хугарсан байх, гэхдээ зүгээр” гээд тухайн үедээ юм яриагүй. Маргааш нь би ажилдаа гарч чадаагүй, нөгөө хэд ажлаа дуусгаад явах үед би  машины суудал дээр байнга хэвтээ явсаар Сайншандад ирсний маргааш эмнэлэг тоггүй байсан, орой нь бүр болохоо байгаад эмнэлэгт үзүүлэхэд Э эмч “рентгений эмч алга, маргааш ир” гэсэн, яг явах гэж байтал рентгений эмч ирж таараад зураг авахуулсан чинь “уушиг чинь унасан байна, яаралтай хэвт, яаж хэд хоног яваад байсан юм” гэж хэлсэн.” гэв.     

С.Шын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, Учир нь би Б.Пг зодсон, нүдсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15, 164-165/, 

Хохирогч Б.П мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...С.Ш гаднаас орж ирэхдээ нэг шил “Болор” архи авч орж ирсэн. Тэр авч ирсэн архинаас би 2-3 татсан, нилээн согтсон. С.Штой хамт дээшээ гэр лүү нь ороод бид хоёр муудалцаад хоорондоо 2-3 цохилцсон. Тэгээд байж байтал гаднаас хилийн цэргийн Н.Т орж ирээд миний гуя руу өшиглөөд “харьж амраач” гэсэн...С.Ш намайг цохисоны маргааш өглөө нь Ханги боомтын цагдаагийн байранд орж ирээд надаас уучлалт гуйсан...Тэгээд дараа нь “уушиг унасан гэх оноштойгоор Улаанбаатар хот руу эмчилгээнд орох гээд явах гэж байна” мөнгө төгрөггүй байгаа талаараа С.Шод хэлэхэд “олдсон нь энэ байна хүнээс нэмж мөнгө олж өгье” гээд над руу эмчилгээний мөнгө гэж 2.000.000 төгрөг манай эхнэр Б.Бийн данс руу шилжүүлсэн...С.Шын гэрийн коридорт бид хоёр хоорондоо зодолдоод байсан...3 давхар луу С.Шын гэр лүү ороод гэрийнх нь коридор буюу үүдний хэсэгт тэр уураа надад гаргаж муудалцаж байгаад нэг мэдэхэд би доор нь орчихсон цохиулж байсан...Тэгээд би гараад доошоо шатаар бууж явахад миний цээж хэсгээр гэнэт өвдөөд эхэлсэн. Би их өвдөөд байсан учир шатаар хурдан буугаад хаалга тогших хоорондоо 4 хөллөж суусан...би С.Шод зодуулсан талаараа О.Б, Б.О нарт хэлсэн...Би өмнө өгсөн мэдүүлэгт адилхан эр хүнийг хэрэгт хийгээд яахав гэж бодоод мэдүүлээгүй... 2017 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Н.Т миний баруун гуя ташаа орчимд нэг удаа өшиглөхөд уушиг, хэвлийн хэсэг орчимд өвдөлт зовиур мэдрэгдээгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 10-11, 119-120, 128-129, 2 дугаар хх-93-94/, 

          Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2017 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө 00 цаг 20 минутын үед гэртээ ирэхдээ их ханиалгасан “хүнд зодуулсан амьсгалж болохгүй байна, хавирга хугарсан байх” гэсэн зовиур хэлж ирсэн...2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очсон...рентгэн зураг авхуулчихаад очиход “зүүн талын уушиг унасан ажиллахгүй байна, 2-3 хоног өвдөөд яагаад амьд яваад байсан юм бэ” гээд манай нөхөрт мэс засал хийгээд цээжинд нь гуурс тавьсан...С.Ш гэдэг хилийн цэрэгт ажилладаг залуу хамт байсан хүмүүс рүү нь агсраад байхаар нь манай нөхөр С.Шыг гэр лүү нь хүргэж өгөхөөр аваад гарсан...нэг мэдсэн чинь зодуулж байсан, “ямар шалтгаанаас болж зодуулсан талаараа мэдэхгүй байна, учир нь би тухайн үед согтуу байсан” гэж хэлж байсан...Улаанбаатар хот руу нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношоо тодруул гэж Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч зөвлөж, 13/А маяягт бичиж өгсөн. Энэ талаар С.Шод утсаар хэлэхэд 2.000.000 төгрөг явуулаад шаардлагатай бол нэмж явуулья гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 13, 115-116/,

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...цагдаагийн байранд Б.П гэх хүн орон дээр хэвтчихсэн цээжрүүгээ “заагаад өвдөөд байна” гэж хэлсэн...дуудлага өгсний дараа намайг очиход Б.Пгийн ташааны орчим хөх туяа орчихсон байсан...Б.П архи уучихсан байсан ч согтолт нь гайгүй байх шиг байсан намайг юм асуухад хаана өвдөж байгаа талаараа хариулж байсан учир согтуу нь гайгүй юм байна гэж бодсон.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 16/,

          Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Б.П утсаар залгаад хилийн цэргийн С.Шыг дуудаад байсан... С.Ш орж ирэхдээ нэг шил “Болор” архи авч орж ирсэн...тэр архиа талд нь ортол уугаад байж байтал С.Ш над руу үг хаяад байсан учир Б.П С.Шыг аваад гарсан...Б.П өрөөнд орж ирээд хэвтсэн, хэсэг хугацааны дараа ёолоод байсан учир О.Б эмч дуудаж, эмч орж ирээд Б.Пгийн биеийг үзэж тариа хийгээд гарсан...Б.П “амьсгалж болохгүй байна” гээд цээжээ бариад байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн хх-17/,

Гэрч Л.Дорж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2017 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө нэг цагийн орчим авто тээврийн үндэсний төвийн жолооч А манай хаалгыг нүдээд хаалга тайлж өгөхөд “манай ажилтныг хоёр хүн зодчихжээ ороод үзээдэхээч” гэхэд би дагаж бууж очсон, цагдаагийн байранд авто тээврийн ажилтан Б.П газар зассан орон дээр доошоо хараад хэвтчихсэн байсан. Яасан ийсэн талаар асуухад Б.П өөрөө юм яриагүй, харин цуг байсан авто тээврийнхэн “Б.Пг хоёр хүн зодсон байна” гэж хэлсэн. Б.П өөрөө босч ирээд “С.Ш хаана байна” гэж асуучихаад “00” ороод буцаад хэвтээд өгсөн...Б.Пгийн цамцыг нь сөхөж үзэхэд аль талыг нь санахгүй байна нэг талынх нь ташааны орчим улайсан байсан. Мөн доошоо хараад цээжээ дарж эвхэрчихээд байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 18/,

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Б.П С.Штой гараад 10 орчим минутын дараа хаалга хүчтэй нүдэхээр нь хаалга тайлахад Б.П гадаа элгээ тэврээд эвхрээд унасан “намайг алах гэж байна” гээд ёолоод хэвтээд байсан. Дараа нь Б.П надад хэлэхдээ “С.Ш гэрлүүгээ ороод муудалцаад газар унагаж байгаад цээж рүү өшиглөсөн” гэж ярьж байсан. С.Ш анх орж ирэхдээ гайгүй байсан, архи ууж байхдаа Э.Бийг “чи том болжээ” гээд агсраад байхаар нь О.Б, Э.Бийг өмөөрч тэр хоёр муудалцсан. Б.П С.Штой найз гээд аваад гараад буцаж орж ирэхдээ зодуулаад орж ирсэн, “С.Ш намайг өшиглөсөн” гэж ярьж байсан. Б.Пгийн бөөрний хавьд улайж хөхөрсөн байхыг бодоход ганц, хоёр  цохиогүй, нилээн цохисон байх.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 122/,

Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2017 оны 9 дүгээр сарын 28-ны орой зааг явж ирчихээд Б.П бид хоёр нэг шил 0.75 литрийн Экс архи уусан...хилийн цэргийн дэслэгч С.Ш орж ирээд хамт уусан...Штой би ам мурийгаад яриа таарахгүй болохоор нь хажуу өрөө лүү ороод унтсан. Тэгээд унтаж байтал Б.О намайг сэрээгээд “Б.П хүнд зодуулчихлаа, мөлхөж орж ирлээ” гэхээр нь би босож харсан чинь хувцас нь нил шороо болчихсон байсан. Тэгээд би хилийн цэргийн Дийг дуудаад “эмчээ дууд” гэсэн...бөөрний орчимд улайлттай байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24/,

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...нэг дүгээр давхарт бууж ирээд дарга гэрийнхээ зүг, би орцны хаалгаар гарах гэж байхад 3 давхраас шатаар танихгүй залуу их хурдан бууж ирж цагдаагийн байр байдаг коридор луу яваад орчихсон...Тэгээд би жижүүрийн өрөөндөө сууж байхад 20-иод минутын дараа Дорж хошууч цагдаагийн байранд дуудахаар нь яваад очиход түрүүний залуу доошоо хараад дөрвөн хөллөөд хэвтчихсэн юм ярьж чадахгүй байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 121/,

Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...манай нөхөр С.Ш шалгалтынхныг гаргаж өгнө гээд надаас салаад би гэрлүүгээ орсон. Тэгээд 20-30 минутын дараа гэртээ П гэх тээвэр зохицуулалтын хувцастай согтуу хүнтэй орж ирсэн...шөнө унтаж байхад утас дуугараад авахад “Б.П өвдөөд байна, С.Шыг хүргэж өгөөд ирэхдээ зодуулчихаад ирлээ” гэж хэлэхээр нь би нэг давхар луу цагдаагийн гэр лүү бууж очсон...Сувилагч Э Б.Пгийн хувцсыг сөхөөд үзэхэд...нэг талынх нь далны доор алгын чинээ газар тэв тэгшхэн, нидэрчихсэн юм шиг улайчихсан байсан.” гэсэн мэдүүлэг //1 дүгээр хавтаст хэргийн 168-169/,

Шинжээч, эмч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...хохирогч Б.Пгийн биед зүүн уушигны шалчийлт, цээжний хөндийд хий, шингэн хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал үүссэн. Хохирогч Б.Пгийн баруун гуя, ташаа орчимд нэг удаа өшиглөснөөр цээжинд гэмтэл үүсгэгдэх боломжгүй.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн хх-91-92, 101/,

Шинжээч, эмч Э.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Б.Пгийн биед үзлэг хийхэд баруун гуя болон ташаа, баруун дал орчимд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Мөн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхэнд бас тухайн газруудад гэмтэл авсан байсан талаар тусгагдаагүй. Хэрэв тухайн газруудад гэмтэл авсан байсан бол 328 дугаартай дүгнэлтэд тусгагдах ёстой...Зүүн уушигны шалчийлт гэмтлийн улмаас цээжний хөндийд хий шингэн хурж байгаа юм. Зүүн уушигны шалчийлт гэмтэл нь ихэвчлэн зам тээврийн осолд орох, эсхүл өндрөөс унах үед үүсдэг, цөөн тохиолдолд бусдад зодуулсан үед үүсэх боломжтой байдаг.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45, 173/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Э.Анхбаярын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаартай “...Б.Пгийн биед зүүн уушигны шалчийлт, цээжний хөндий дэх хий хуралт, шингэн хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, эмч Г.Э, Н.Т, С.Ч нарын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 491 дугаартай “...шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогч Б.Пгийн биед зүүн уушигны шалчийлт, цээжний хөндийд хий, шингэн хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, цээжний хөндийд хатгалт хийж хий шингэн соруулсан байдал /2017.10.01/ тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хохирогч Б.Пгийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хохирогчийн баруун гуя болон ташаа орчимд нэг удаа өшиглөх үед үүсгэгдэх боломжгүй.” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 83-87/,

Хохирогчийн эхнэр Б.Бийн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 3-4/,

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 4569 дугаартай өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 27-41/,

Б.Бийн Хаан банкны ... дугаартай данс руу С.Шоос 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн тухай гүйлгээний баримт /1 дүгээр хавтаст хэргийн 59/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1 дүгээр хавтаст хэргийн 112-114/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 130/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгчийн гэм буруу, хохирол төлбөрийн талаар;

          Шүүгдэгч С.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг алба хаагчдын 24 айлын орон сууцанд байх гэртээ хохирогч Б.Пг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Пгийн өгсөн “...би С.Шыг аваад гарсан. Коридорт юм ярьж зогсож байгаад гэрт нь ороод маргалдаж, цохилцсоноо санаж байна, нэг мэдэхэд би доор нь байсан...Гараад шатаар буухдаа 4 хөллөөд хаалга тогшоод нөгөө хэд дээрээ орсон. Удалгүй эмч ирж тариа хийсэн, ...рентгений эмч “уушиг чинь унасан байна, яаралтай хэвт, яаж хэд хоног яваад байсан юм” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг,   

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Б.Пгийн “...С.Ш намайг цохисоны маргааш өглөө нь Ханги боомтын цагдаагийн байранд орж ирээд надаас уучлалт гуйсан...Тэгээд дараа нь “уушиг унасан гэх оноштойгоор Улаанбаатар хот руу эмчилгээнд орох гээд явах гэж байна” мөнгө төгрөггүй байгаа талаараа С.Шод хэлэхэд “олдсон нь энэ байна хүнээс нэмж мөнгө олж өгье” гээд над руу эмчилгээний мөнгө гэж 2.000.000 төгрөг манай эхнэр Б.Бийн данс руу шилжүүлсэн...С.Шын гэрийн коридорт бид хоёр хоорондоо зодолдоод байсан...3 давхар луу С.Шын гэр лүү ороод гэрийнх нь коридор буюу үүдний хэсэгт тэр уураа надад гаргаж муудалцаж байгаад нэг мэдэхэд би доор нь орчихсон цохиулж байсан...Тэгээд би гараад доошоо шатаар бууж явахад миний цээж хэсгээр гэнэт өвдөөд эхэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 10-11, 119-120, 128-129/,

гэрч Б.Бийн “...2017 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө 00 цаг 20 минутын үед гэртээ ирэхдээ их ханиалгасан “хүнд зодуулсан амьсгалж болохгүй байна, хавирга хугарсан байх” гэсэн зовиур хэлж ирсэн...2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт...рентгэн зураг авхуулчихаад очиход “зүүн талын уушиг унасан ажиллахгүй байна, 2-3 хоног өвдөөд яагаад амьд яваад байсан юм бэ” гээд манай нөхөрт мэс засал хийгээд цээжинд нь гуурс тавьсан...С.Ш гэдэг хилийн цэрэгт ажилладаг залуу хамт байсан хүмүүс рүү нь агсраад байхаар нь манай нөхөр С.Шыг гэр лүү нь хүргэж өгөхөөр аваад гарсан...нэг мэдсэн чинь зодуулж байсан...гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 13/,

гэрч Б.Эийн “...цагдаагийн байранд Б.П гэх хүн орон дээр хэвтчихсэн цээжрүүгээ “заагаад өвдөөд байна” гэж хэлсэн...Б.Пгийн ташааны орчим хөх туяа орчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 16/,

гэрч Э.Бийн “...Б.П өрөөнд орж ирээд хэвтсэн, хэсэг хугацааны дараа ёолоод байсан учир О.Б эмч дуудаж, эмч орж ирээд Б.Пгийн биеийг үзэж тариа хийгээд гарсан...Б.П “амьсгалж болохгүй байна” гээд цээжээ бариад байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн хх-17/,

гэрч Л.Дийн “...2017 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө нэг цагийн орчим автотээврийн үндэсний төвийн жолооч А манай хаалгыг нүдээд хаалга тавьж өгөхөд “манай ажилтныг хоёр хүн зодчихжээ, ороод үзээдэхээч” гэхэд би дагаж бууж очсон, цагдаагийн байранд авто тээврийн ажилтан Б.П газар зассан орон дээр доошоо хараад хэвтчихсэн байсан...Б.Пгийн цамцыг нь сөхөж үзэхэд аль талыг нь санахгүй байна нэг талынх нь ташааны орчим улайсан байсан. Мөн доошоо хараад цээжээ дарж эвхэрчихээд байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 18/,

гэрч Б.Оын “...Б.П С.Штой гараад 10 орчим минутын дараа хаалга хүчтэй нүдэхээр нь хаалга тайлахад Б.П гадаа элгээ тэврээд эвхрээд унасан “намайг алах гэж байна” гээд ёолоод хэвтээд байсан. Дараа нь Б.П надад хэлэхдээ “С.Ш гэрлүүгээ ороод муудалцаад газар унагаж байгаад цээж рүү өшиглөсөн” гэж ярьж байсан...Б.П С.Штой найз гээд аваад гараад буцаж орж ирэхдээ зодуулаад орж ирсэн, “С.Ш намайг өшиглөсөн” гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 122/,

гэрч О.Бы “...хилийн цэргийн дэслэгч С.Ш орж ирээд хамт уусан...унтаж байтал Б.О намайг сэрээгээд “Б.П хүнд зодуулчихлаа, мөлхөж орж ирлээ” гэхээр нь би босож харсан чинь хувцас нь нил шороо болчихсон байсан. Тэгээд би хилийн цэргийн Доржийг дуудаад “эмчээ дууд” гэсэн...бөөрний орчимд улайлттай байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24/,

гэрч Д.Нийн “...Д хошууч цагдаагийн байранд дуудахаар нь яваад очиход түрүүний залуу доошоо хараад дөрвөн хөллөөд хэвтчихсэн юм ярьж чадахгүй байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 121/,

гэрч Ц.Оийн “...Сувилагч Б.Э Б.Пгийн хувцсыг сөхөөд үзэхэд нэг талынх нь далны доор алгын чинээ газар тэв тэгшхэн, нидэрчихсэн юм шиг улайчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 168-169/,

шинжээч, эмч Г.Эын “...хохирогч Б.Пгийн биед зүүн уушигны шалчийлт, цээжний хөндийд хий, шингэн хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал үүссэн.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн хх-91-92, 101/,

шинжээч, эмч Э.Анхбаярын “...Зүүн уушигны шалчийлт гэмтлийн улмаас цээжний хөндийд хий шингэн хурж байгаа юм. Зүүн уушигны шалчийлт гэмтэл нь ихэвчлэн зам тээврийн осолд орох, эсхүл өндрөөс унах үед үүсэх боломжтой, цөөн тохиолдолд бусдад зодуулсан үед үүсэх боломжтой байдаг.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45, 173/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Э.Анхбаярын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, эмч Г.Э, Н.Т, С.Ч нарын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 491 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 83-87/,

хохирогчийн эхнэр Б.Бийн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Шын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж Дорноговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч С.Ш нь согтуурсан үедээ хохирогч Б.Птэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ш “би эрүүл байсан, зодолдоогүй, хохирогчид гар хүрээгүй, өшиглөөгүй, ноцолдоогүй, гэртээ орж хувцсаа солиод бэлтгэлийн хувцас, пүүз өмсөөд гэрт байсан “Болор” архийг аваад Э.Бийнд орсон, ажил дээрээ ногоон дижитал эрээн хувцастай байсан” гэж тайлбарлах бөгөөд эдгээр нь;

хохирогч Б.Пгийн “....гэрт нь ороод маргалдаж, цохилцсоноо санаж байна, нэг мэдэхэд би доор нь байсан...С.Ш намайг цохисоны маргааш өглөө нь Ханги боомтын цагдаагийн байранд орж ирээд надаас уучлалт гуйсан... эмчилгээний мөнгө гэж 2.000.000 төгрөг манай эхнэр Б.Бийн данс руу шилжүүлсэн...ажлын ногоон хувцастай, цэргийн хагас түрийтэй гуталтай байсан” гэх,       

гэрч Б.Бийн “...манай нөхөр С.Шыг гэр лүү нь хүргэж өгөхөөр аваад гарсан...нэг мэдсэн чинь зодуулж байсан...гэж хэлж байсан.” гэх,

гэрч Б.Оын “...С.Штой найз гээд аваад гараад буцаж орж ирэхдээ зодуулаад орж ирсэн, “С.Ш намайг өшиглөсөн” гэж ярьж байсан...Шод зодуулчихлаа гэж хэлсэн...Нуруу, бөөр хавьд нь юманд нидэрсэн мэт улайсан байсан...шалгалт ирсэн гээд ажлын ногоон эрээн хувцастайгаа орж ирсэн.” гэх,

гэрч О.Бы “...Б.О намайг сэрээгээд “Б.П хүнд зодуулчихлаа, мөлхөж орж ирлээ” гэхээр нь би босож харсан чинь хувцас нь нил шороо болчихсон байсан.” гэх,

гэрч Ц.Оийн “...манай нөхөр С.Ш шалгалтынхныг гаргаж өгнө гээд надаас салаад би гэрлүүгээ орсон. Тэгээд 20-30 минутын дараа гэртээ Пүрэвсүрэн гэх тээвэр зохицуулалтын хувцастай согтуу хүнтэй орж ирсэн...Сувилагч Б.Э Б.Пгийн хувцсыг сөхөөд үзэхэд нэг талынх нь далны доор алгын чинээ газар тэв тэгшхэн, нидэрчихсэн юм шиг улайчихсан байсан.” гэх, мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, эмч Г.Э, Н.Т, С.Ч нарын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 491 дугаартай “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэсэн дүгнэлт зэргээр няцаагдаж байна. 

Гэрч Ц.О шүүгдэгчийн эхнэр нь бөгөөд Мөрдөн байцаалтын шатанд түүнд Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 дэх хэсэгт заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тайлбарлахад “Би Үндсэн хуульд заасан эрхийг эдлэхгүйгээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө” гэснээр мэдүүлэг өгсөн байх тул гэрч Ц.Оийн өгсөн “...Сувилагч Э Б.Пгийн хувцсыг сөхөөд үзэхэд нэг талынх нь далны доор алгын чинээ газар тэв тэгшхэн, нидэрчихсэн юм шиг улайчихсан байсан.” гэх мэдүүлгийг үнэлсэн болно.

Шүүгдэгч С.Шын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Пд хохирол, хор уршиг учирсан нь баримтуудаар тогтоогдсон бөгөөд тэрээр хохирогчийг эмчилгээ хийлгэж байх үе шатанд 2.000.000 төгрөгийг хохирогчийн эхнэрийн хаан банкны дансаар шилжүүлсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч С.Шыг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас “шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн гомдол саналгүй гэсэн мэдүүлэг болон төрийн албанд ажиллаж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11.000.000 төгрөгөөр торгох” саналыг, 

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “С.Шын хувийн байдал, төрийн албанд ажилллаж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.           

          Шүүхээс шүүгдэгч С.Шын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой, хохирол нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жилийн хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

          Шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт С Шыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Шод шүүхээс оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Шод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЭНХТУНГАЛАГ