| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2020/0083/э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2020-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
улсын яллагч Г.Энэрэл,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Б Гид эрүүгийн 2019001520102 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Б.Г
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймаг Сайхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Ө” гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Э.Цын толгой болон нүүрэн тус газарт гараараа цохин, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч Б.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн; “...2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр эхнэртэйгээ, найзтайгаа хамт хөдөө явахаар болсон, тэгээд эхнэрээ “пиво аваад өгөөч” гэж гэхэд аваад өгсөн. Сумын төвөөс гараад найзтайгаа пивоо уусан...эхнэрээ хардсанаас болоод хэрүүл, маргаан үүсгэж, эхнэрийнхээ нүүрэнд нэг удаа цохисон чинь хамраас нь цус гарсан. Хадам ээж цагдаа дуудсан байсан.” гэв.
Хохирогч Э.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...А ахын гэрт байж байтал Б.Г араас ороод ирсэн гэрт нь бид хоёр жаахан хэрэлдэж байгаад гэрээс гарсан, гэрийнх нь гадаа муудалцаад Б.Г миний нүүр рүү хоёр удаа цохисон. Эхлээд цохиход нь миний хамраас цус гараад би айл руу орж цаас авч хамраа бөглөчихөөд байж байтал зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон...манай ээж О намайг харчихаад цагдаа дуудсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй, бид хоёр учраа олсон, одоо хамт амьдарч байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-5-6, 38/,
Яллагдагч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Манай эхнэр Э.Ц нэг пиво авч өгсөн, тэрийг аваад сумаас зүүн хойш гараад ойрхон хөдөө зогсоод П бид хоёр хувааж ууж байхдаа би эхнэр Э.Цтай жаахан маргалдсан. Тэгтэл Э.Цмашинаа асаагаад сумруу явсан, би араас нь алхаад очиход манай сумын захын айл болох А ахын хашаанд нь Э.Ц машиндаа сууж байсан. Би очоод “намайг орхиод явлаа” гэж уурлаад хэрэлдэж, маргаж эхэлсэн, би уурандаа нэг удаа нүүр, нүд хэсэг рүү нь цохисон, цаашид хэсэг зуур юу болсон эсэх талаар санахгүй байна. Э.Цын хамраас гарсан цусыг нь арчиж цэвэрлэж байгаад хамт хөдлөөд хадам аавын гэрийн гадаа очоод гэрт нь ортол манай хадам ээж О уурлаад цагдаад мэдэгдсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Э.Цаас уучлалт гуйж одоо бол учраа олж эвлэрсэн байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-35-36/,
Гэрч Ц.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...гэрийн гадаа хүмүүс маргах шиг чимээ сонсогдохоор нь гараад хартал Б.Г эхнэр Э.Цгаа хамт байж байсан. Э.Цын хамраас цус гарсан бололтой, тэгээд би “та нар чинь яаж байгаа хүүхдүүд вэ” гэж хэлсэн. Тухайн үед тэр хоёроос өөр хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-39/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын баримт /хх-42-45/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-18-22/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-23-24/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02/0120 дугаартай шинжээч эмчийн “...Э.Цын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, баруун шуу, зүүн шууны цус хуралт, дээд уруулын шарх гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-15/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Ө” гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Э.Цын толгой болон нүүрэн тус газарт гараараа цохин, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гийн өгсөн; “...эхнэрээ хардсанаас болоод хэрүүл маргаан үүсгэж, эхнэрийнхээ нүүрэнд нэг удаа цохисон чинь хамраас нь цус гарсан” гэх мэдүүлэг, хохирогч Э.Цын “...муудалцаад Б.Г миний нүүр рүү хоёр удаа цохисон...эхлээд цохиход нь миний хамраас цус гараад би айл руу орж цаас авч хамраа бөглөчихөөд байж байтал зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-5-6, 38/, гэрч Ц.Сын “...гараад хартал Б.Г эхнэр Э.Цтайгаа хамт байж байсан. Э.Цын хамраас цус гарсан бололтой, тэгээд би “та нар чинь яаж байгаа хүүхдүүд вэ” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-39/ болон хавтаст хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02/0120 дугаартай дүгнэлт /хх-15/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Ц мөрдөн байцаалтын шатанд “Миний бие Э.Цнь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нөхөртөө зодуулж, биедээ хөнгөн гэмтэл авсан. Миний хувьд одоогоор өвдөж байгаа газар байхгүй, хохирлын тал дээр маргаантай зүйл байхгүй. Нөхөр минь надаас уучлалт гуйн буруугаа хүлээн ойлголцсон. Одоогоор бид хоёр хамт амьдарч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Гид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Гийн орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 250.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүгдэгч Б.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Гид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г овогт Бийн Гийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Гид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 250.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ