Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

 

 

                                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Б.Мөнгөнтуяа,

хохирогч Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хууль ёсны төлөөлөгч Х.Хоролсүрэн /онлайнаар/,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд У овогт Эийн Эт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019000360025 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Э.Э

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Э.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дотоод ажил хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон “МТ Сайншанд” ХХК хооронд харилцан тохиролцож, 2019 оны 1 дүгээр сард нэг жилийн хугацаагаар байгуулсан “Албан хэрэгцээнд шатахуун нийлүүлэх гэрээ”-гээр халхавчлан “албан хэрэгцээнд ашиглана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар “МТ Сайншанд” ХХК-ийн эрхлэгч Т.Уянгыг төөрөгдөлд оруулан нийт 10.726.790 төгрөгийн шатахууныг /усаар/ хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,

албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон “Сод Монгол групп” ХХК-ийн Дорноговь салбар хооронд харилцан тохиролцож, 2018 оны 1 дүгээр сард нэг жилийн хугацаагаар байгуулсан “Албан хэрэгцээнд шатахуун нийлүүлэх гэрээ”-гээр халхавчлан “албан хэрэгцээнд ашиглана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Т.Тыг төөрөгдөлд оруулан 2019 оны 10 дугаар сарын дундуур нийлүүлсэн 2.000.000 төгрөгийн шатахууны талоныг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,

албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон “Шунхлай говь’’ ХХК хооронд харилцан тохиролцож, 2019 оны 2 дугаар сард байгуулсан “Шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр халхавчлан “албан хэрэгцээнд ашиглана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Э.Өийг төөрөгдөлд оруулан 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 1.110.000 төгрөгийн шатахууны талоныг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,

албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин тав трейд” ХХК-ийг “албан хэрэгцээнд ашиглана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч байгууллагыг төөрөгдөлд оруулан 2018 оны 7 дугаар сараас 9 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 341.725 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг зээлээр авч, хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдэд,

мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дотоод ажил хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2019 оны 10 дугаар сард тус аймгийн Сайншанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байхдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулагдах ёстой 1.062.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд;

         Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогч Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хууль ёсны төлөөлөгч Х.Х /онлайнаар/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Манай байгууллагаас энэ олон байгууллагууд өр төлбөрөө нэхээд байснаас өөрөөр хохирсон зүйлгүй.” гэв.

 

           Хохирогч “МТ Сайншанд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Сайншанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хувьд манай компанитай албаны хэрэгцээнд шатахуун нийлүүлэх...гэрээг 2019 оны 1 дүгээр сард байгуулж байсан. 2019 оны 1 дүгээр улиралд Сайншанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралтай тооцоо нийлэхэд 3.000.000 төгрөгийн өртэй гарсан бөгөөд тухайн үед нь бүтээгдэхүүн нийлүүлэхээс татгалзсан...Э.Э “2019 оны 5 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна” гэж өөрөө хэлсэн гэтэл төлбөрөө барагдуулаагүй. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 10.000.000 төгрөгийн шатахуун Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр дээр гарсан байсан...2019 оны 12 дугаар сард манай компанийн зүгээс дээрх авлагын асуудлаа дахин тодруулахад Иргэдийн хурлын нарийн бичгийн дарга нь “наад 10.000.000 төгрөгийн шатахуун авсан асуудал чинь манай байгууллагад хамааралгүй, Э.Э хувьдаа авч ашигласан байна, тэр хүнээр өөрөөр нь төлүүл” гэж хэлсэн....гэрээ байгуулаад явж байх дундуур Э надтай хэд хэдэн удаа утсаар холбогдоод “хувийн журмаар шатахуун өгөөч” гэсэн хүсэлт тавьж байсан, би тэр үед “надад тэгэх эрх мэдэл байхгүй ээ” гэдэг хариуг өгөөд тоодоггүй байсан. Гэтэл дараа нь гэрээнд заасны дагуу тухайн байгууллагынхаа зөвшөөрлийн хуудсыг өөрөө ч авч ирж байсан, жолооч нарт өгч явуулаад усаар тээврийн хэрэгслүүдэд шатахуун авч байсан...эхэндээ нарийн тооцоо нийлээгүй байсан учир багцаагаар 10.905.500 төгрөг гэж мэдүүлж байсан. Дараа нь төв салбар дээр тооцоо хийж, тэр тооцоогоор нь Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай албан ёсоор тооцоо нийлэхэд 10.726.790 төгрөг бодогдсон.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-9-10, 240/,

Хохирогч “Сод Монгол групп” ХХК-ийн Дорноговь салбарын хууль ёсны төлөөлөгч Ч.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Манай компани Сайншанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан хэрэгцээнд бензин шатахуун нийлүүлэх 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай албан ёсны гэрээтэй... шатахууныг усаар нь буюу бензин хэлбэрээр, бэлэн бусаар буюу талон хэлбэрээр авдаг байсан. Сайншанд сумын иргэдийн хурлын дотоод ажил хариуцсан ажилтан Э.Э манай аж ахуй нэгжээс 2019 оны 10 дугаар сарын дундуур 2.000.000 төгрөгийн бэлэн талон аваад явсан...буцаан төлөлт болох 700.000 төгрөгийг 10 сардаа багтааж өгсөн, 1.300.000 төгрөг үлдсэн. 2019 оны жилийн эцсээр акт тавигдаж асуудал үүсэх гээд байсан учраас би өөрөөсөө төлбөрийг нь төлж, байгууллагаа хохиролгүй болгосон. 2019 оны 12 дугаар сард 470.000 төгрөг, 230.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сард 100.000 төгрөг тус тус өгсөн. Энэ нь нийтдээ 800.000 төгрөг болж байгаа юм. Одоо компанийн зүгээс учирсан хохирол байхгүй. Харин надад Эээс нэхэмжлэх 500.000 төгрөг байгаа.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-19-20, 22-23/,

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Сод Монгол групп” ХХК-ийн Дорноговь салбар Сайншанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралтай гэрээ байгуулан, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал  тухайн жилдээ 4.618.000 төгрөгийн шатахууны талон авч хэрэглэсэн. 2019 оноос манайхаас шатахуун аваагүй. Гэтэл 2019 оны 10 дугаар сард 1.300.000 төгрөгийн шатахууны талон авсан байсан. 2019 оны 12 сард жилийн эцсийн тооцоо бодож үзэхэд Сайншанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 1.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан...байгууллагын зүгээс нярав Ч.Тыг “шатахууны үлдэгдэл талоны тооцоог хий” гэж хэлсэн, удалгүй 1.300.000 төгрөгийн шатахууны тооцоог хийж тайлангаа өгсөн. Ч.Т шатахууны тооцоог хувиасаа гаргасан гэж хэлж байсан...манай байгууллагын зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-31/,

         Хохирогч “Шунхлай говь’’ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...“Шунхлай говь” ХХК нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай шатахууны мөнгө талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. 2019 оны 8 дугаар сард 740.000 төгрөгийн төлбөр Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төлөгдсөн үлдэгдэл мөнгө болох 1.110.000 төгрөг төлөгдөхгүй яваад байсан...Сар бүр тооцоо нийлэхэд 1.110.000 төгрөгийн үлдэгдэлтэй гараад байхаар нь би 2019 оны 10 сард шиг санаж байна, Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нягтлан бодогчтой очиж уулзахад “манайх танайхаас 1.110.000 төгрөгийн шатахуун аваагүй, танайд өр төлбөр байхгүй” гэж хэлсэн...Этэй уулзахад “би 1.110.000 төгрөгийг хувиасаа төлнө” гэж хэлээд “одоо төлнө”, “өнөөдөр төлнө” гэж хойшлуулсаар байгаад 2019 оны 11 сард 400.000 төгрөг, үлдэгдэл 710.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сард төлсөн. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-27, 28/,

         Э.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Миний бие Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд дотоод ажил хариуцсан ажилтнаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр дээр “Магнай трейд” XXК-аас Б гэдэг хүнд 10.950.000 төгрөгийн шатахуун аваад өгчихсөн...“Шунхлай” ХХК-аас 2019 оны 8 дугаар сард 800.000 төгрөгийн шатахуун авч ашиглаад түүний төлбөрийг 2019 оны 12 дугаар сард төлж барагдуулсан. “Сод монгол” ХХК-аас 1.300.000 төгрөгийн шатахууны талоныг няраваас нь авч хувьдаа ашигласан...Энэ хугацаанд би албаны шатахуунаас өөрийн машиндаа хийж байсан. Мөн Замын-Үүд суманд амьдардаг О найз маань “шатахуун хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь 300.000 төгрөгт шатахуун хийж өгсөн. Үлдсэн шатахууныг өөрийн машиндаа зарцуулсан. Би нийт 1.300.000 төгрөгийн шатахуун хувьдаа ашиглаад нярав Ч.Т гэж хүнд хохирлын мөнгөнөөс 800.000 төгрөг төлсөн. “Номин трейд” ХХК-аас зээлээр хүнс, бараа авч, өгөлцөж байсан...“Сод монгол” ШТС-аас нийт 2.000.000 төгрөгийн шатахууны талон авснаас 700.000 төгрөгийн төлбөрийг нь тухайн сардаа өгч, 1.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2019 ондоо багтааж 800.000 төгрөгийг төлж 500.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон, үлдэгдэл 500.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлж барагдуулсан...“Шунхлай говь” ХХК-д ямар ч өр төлбөрийн үлдэгдэлгүй, бүгдийг нь төлж барагдуулсан...“МТ Сайншанд” ХХК-аас дан усаар шатахууныг авч байсан. Уг компаниас нийт 10.726.790 төгрөгийн шатахууны тооцоотой байснаас 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1.350.000 төгрөгийг шилжүүлсэн, одоо үлдэгдэл 9.426.790 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, үүнийг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-29-30, 54-55, 57-58, 243-244/,

          

         Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Манай байгууллага 2018 онд “Сод монгол” ШТС-аас, 2019 онд “Шунхлай говь” ХХК, “МТ” Сайншанд ШТС-тай гэрээ байгуулан шатахуун авч байсан. Шатахууны зардал тооцоо, талоныг Э.Э барьдаг байсан. Э.Эийг “Шунхлай говь” ХХК-иас 1.110.000 төгрөгийн шатахуун авч, хувьдаа зарцуулсан байсныг 2019 оны 10 дугаар сард мэдсэн, удалгүй “Сод монгол” ШТС-аас 1.300.000 төгрөг, “МТ” ШТС-аас 10.905.500 төгрөгийн тооцоо гарсан талаар албан бичиг ирсэн...2019 оны 10 сард Э нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрээр “Номин 5 трейд” ХХК-аас 346.000 төгрөг байхаа, тоог нь яг сайн санахгүй байна. Хүнс бараа авсан гэдгийг мэдсэн...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээнд зохиогдох тэмцээний зардал 1.062.000 гаруй төгрөгийг хувьдаа хэрэглэсэн байсан...Би өмнө нь гэрчээр хоёр удаа мэдүүлэг өгсөн. Тэгэхдээ бүх болсон зүйлийг нэгд нэгэнгүй хэлчихсэн...Нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-32-34, 230/,

Хохирогч “Номин тав трейд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Э.Э нь 2018 оны 7 дугаар сарын үед 341.725 төгрөгийн бараа зээлээр авч байсан...Э энэ мөнгөө өгнө гэж байсан боловч одоог хүртэл өгөөгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-66-67, 237-238/,

         Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-2/,

Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дотоод ажил хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хх-40-47/,

Хохирогч “МТ Сайншанд” ХХК-ийн гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт, бусад дагалдах материалыг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-77-95/,

         2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банкны Сайншанд Төрийн сан ... данснаас 1.062.000 төгрөгийн зарлага гарсан баримт /1 дүгээр хх-100/,

         Э.Эийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Дотоод ажил хариуцсан ажилтнаар томилсон Дорноговь аймаг Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18/47 дугаар тогтоол /1 дүгээр хх-113/,

         Э.Эийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Дорноговь аймаг Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоол /1 дүгээр хх-114/,

“МТ Сайншанд” ХХК-ийн “...компанид учирсан 10.276.790 төгрөгийн төлбөрийг төлүүлэх” тухай 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 10/20 дугаар албан бичиг /1 дүгээр хх-152/,

Дорноговь аймаг Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “...10.905.500 төгрөгийн шатахууны төлбөр нь иргэн Э.Эийн өр төлбөр байгаа тул та бүхэн Э.Эт хандана уу” гэсэн утга бүхий 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар албан бичиг,

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан гэрээний хуулбарууд /1 дүгээр хх-141-148/,

Шүүгдэгч Э.Эээс “МТ Сайншанд” ХХК-д 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1.350.000 төгрөгийг /1 дүгээр хх-187/,

2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “МТ Сайншанд” ХХК-д 1.000.000 төгрөгийг /2 дугаар хх-47/,

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “МТ Сайншанд” ХХК-д 1.200.000 төгрөгийг /2 дугаар хх-48/,

2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “МТ Сайншанд” ХХК-д 2.000.000 төгрөгийг /2 дугаар хх-62/, төлсөн тухай банкны баримтууд,

“МТ Сайншанд” ХХК-г төлөөлж Т.У, иргэн Э.Э нарын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” гэрээ /2 дугаар хх-49-50/,

“МТ Сайншанд” ХХК-г төлөөлж Т.Уянга, иргэн Э.Э нарын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Батлан даалтын гэрээ” /2 дугаар хх-51-52/,

Хохирогч Ч.Түмэннастад 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийг төлсөн баримт,

         “Номин тав трейд” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “төлбөр тооцоо болох 341.725 төгрөгийг барагдуулсан, манай компани гомдолгүй” гэсэн утга, агуулга бүхий албан бичиг, төлбөр төлснийг нотолсон банкны баримт /2 дугаар хх-26-27/, зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Э.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд;

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.

Энэ тохиолдолд хууль бус захиран зарцуулалт хийх буюу завших үедээ албан тушаалын байдлаа ямар нэгэн байдлаар дахин ашиглаагүй бол албан тушаалын байдлаа ашигласан гэх нөхцөл байдлаар хүндрүүлэн зүйлчлэхгүй гэсэн байна.

Шүүгдэгч Э.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулагдах 1.062.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сард завшсан болох нь;

шүүгдэгч Э.Эийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

гэрч Х.Хийн; “...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээнд зохиогдох тэмцээний зардал 1.062.000 гаруй төгрөгийг хувьдаа хэрэглэсэн байсан” гэсэн мэдүүлэг болон 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банкны Сайншанд Төрийн сан 281500005206 данснаас 1.062.000 төгрөгийн зарлага гарсан баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг тул шүүгдэгч Э.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ялын санкцыг “... хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байх ба тухайн зүйл хэсгийн гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Харин Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд;

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигладаг шинжтэй, хохирогч өөрийн эд хөрөнгө, түүний эрхийг сайн дураараа өгсөн байдгаараа Эрүүгийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс ялгагддаг.

Түүнчлэн Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн шууд санаатай, идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн байхыг шаарддаг.

Шүүгдэгч Э.Э нь 1 дүгээр хавтаст хэргийн 114 дүгээр талд авагдсан Дорноговь аймаг Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дотоод ажил хариуцсан ажилтнаар томилогдон бусад харилцагч компаниудтай шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулахад гэрээний нэг тал болж байгууллагыг төлөөлж гарын үсэг зурж байсан байна. Тодруулвал, түүний албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг шүүгдэгч нь ажил үүргийнхээ дагуу захиран зарцуулах эрхтэй боловч бусдыг хуурч шатахууныг усаар нь буюу бензин хэлбэрээр, бэлэн бусаар буюу талон хэлбэрээр өөртөө авсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заажээ. Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг тогтоодог.

Шүүгдэгч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөн хохирогч нарын мэдүүлгүүдээр “Э.Эийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг залилсан” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин хохирогч нарын мэдүүлгүүдэд Э.Эийг Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай албанд ажилладаг болохоор нь итгээд шатахуун болон шатахууны талон өгч байсан талаар мэдүүлдэг бөгөөд шүүгдэгчийг албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтуудад заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг үгүйсгэхээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтад хамаарна.

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон “МТ Сайншанд” ХХК хооронд харилцан тохиролцож, 2019 оны 1 дүгээр сард нэг жилийн хугацаагаар байгуулсан “Албан хэрэгцээнд шатахуун нийлүүлэх гэрээ”-гээр халхавчлан “албан хэрэгцээнд ашиглана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар “МТ Сайншанд” ХХК-ийн эрхлэгч Т.Уянгыг төөрөгдөлд оруулан нийт 10.726.790 төгрөгийн шатахууныг /усаар/ хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон “Сод Монгол групп” ХХК-ийн Дорноговь салбар хооронд харилцан тохиролцож, 2018 оны 1 дүгээр сард нэг жилийн хугацаагаар байгуулсан “Албан хэрэгцээнд шатахуун нийлүүлэх гэрээ”-гээр халхавчлан “албан хэрэгцээнд ашиглана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Т.Тыг төөрөгдөлд оруулан 2019 оны 10 дугаар сарын дундуур нийлүүлсэн 2.000.000 төгрөгийн шатахууны талоныг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон “Шунхлай говь’’ ХХК хооронд харилцан тохиролцож, 2019 оны 2 дугаар сард байгуулсан “Шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр халхавчлан “албан хэрэгцээнд ашиглана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Э.Өийг төөрөгдөлд оруулан 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 1.110.000 төгрөгийн шатахууны талоныг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин тав трейд” ХХК-ийг “албан хэрэгцээнд ашиглана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч байгууллагыг төөрөгдөлд оруулан 2018 оны 7 дугаар сараас 9 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 341.725 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг зээлээр авч, хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан болох нь; 

           хохирогч “МТ Сайншанд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Уын “...Сайншанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хувьд манай компанитай албаны хэрэгцээнд шатахуун нийлүүлэх...гэрээг 2019 оны 1 дүгээр сард байгуулж байсан...2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 10.000.000 төгрөгийн шатахуун Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр дээр гарсан байсан...2019 оны 12 дугаар сард манай компанийн зүгээс дээрх авлагын асуудлаа дахин тодруулахад Иргэдийн хурлын нарийн бичгийн дарга нь “наад 10.000.000 төгрөгийн шатахуун авсан асуудал чинь манай байгууллагад хамааралгүй, Э.Э хувьдаа авч ашигласан байна, тэр хүнээр өөрөөр нь төлүүл” гэж хэлсэн...тооцоо нийлэхэд 10.726.790 төгрөг бодогдсон.” гэсэн мэдүүлэг,

хохирогч “Сод Монгол групп” ХХК-ийн Дорноговь салбарын хууль ёсны төлөөлөгч Ч.Тын “...Манай компани Сайншанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан хэрэгцээнд бензин шатахуун нийлүүлэх 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай албан ёсны гэрээтэй...2019 оны жилийн эцсээр акт тавигдаж асуудал үүсэх гээд байсан учраас би өөрөөсөө төлбөрийг нь төлж, байгууллагаа хохиролгүй болгосон.” гэсэн мэдүүлэг,

         хохирогч “Шунхлай говь’’ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Өийн “...2019 оны 8 дугаар сард 740.000 төгрөгийн төлбөр Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төлөгдсөн үлдэгдэл мөнгө болох 1.110.000 төгрөг төлөгдөхгүй яваад байсан...Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нягтлан бодогчтой очиж уулзахад “манайх танайхаас 1.110.000 төгрөгийн шатахуун аваагүй, танайд өр төлбөр байхгүй” гэж хэлсэн...Этэй уулзахад “би 1.110.000 төгрөгийг хувиасаа төлнө” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг,

хохирогч “Номин тав трейд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Мийн “...Э.Э нь 2018 оны 7 дугаар сарын үед 341.725 төгрөгийн бараа зээлээр авч байсан...Э энэ мөнгөө өгнө гэж байсан боловч одоог хүртэл өгөөгүй байгаа.” гэсэн мэдүүлгүүд, болон

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,  

Хохирогч “МТ Сайншанд” ХХК-ийн гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт, бусад дагалдах материалыг хүлээн авсан тэмдэглэл,  

         Э.Эийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Дотоод ажил хариуцсан ажилтнаар томилсон Дорноговь аймаг Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18/47 дугаар тогтоол,

         Э.Эийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Дорноговь аймаг Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоол,

“МТ Сайншанд” ХХК-ийн “...компанид учирсан 10.276.790 төгрөгийн төлбөрийг төлүүлэх” тухай 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 10/20 дугаар албан бичиг,

Дорноговь аймаг Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “...10.905.500 төгрөгийн шатахууны төлбөр нь иргэн Э.Эийн өр төлбөр байгаа тул та бүхэн Э.Эт хандана уу” гэсэн утга бүхий 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар албан бичиг,

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан гэрээний хуулбарууд,

Шүүгдэгч Э.Эээс “МТ Сайншанд” ХХК-д 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1.350.000 төгрөгийг,

2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “МТ Сайншанд” ХХК-д 1.000.000 төгрөгийг,

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “МТ Сайншанд” ХХК-д 1.200.000 төгрөгийг,

2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “МТ Сайншанд” ХХК-д 2.000.000 төгрөгийг тус тус төлсөн тухай банкны баримтууд,

“МТ Сайншанд” ХХК-г төлөөлж Т.У, иргэн Э.Э нарын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” гэрээ,

         “МТ Сайншанд” ХХК-г төлөөлж Т.Уянга, иргэн Э.Э нарын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Батлан даалтын гэрээ”,

Хохирогч Ч.Тд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийг төлсөн баримт,

“Номин тав трейд” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “төлбөр тооцоо болох 341.725 төгрөгийг барагдуулсан, манай компани гомдолгүй” гэсэн утга, агуулга бүхий албан бичиг, төлбөр төлснийг нотолсон банкны баримт, зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд өөрөөр хэлбэл хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгсдөг гэмт хэрэг тул шүүгдэгч Э.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Э нь хохирогч “МТ Сайншанд” ХХК-д 10.726.790 төгрөгийн хохирол учруулснаас 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1.350.000 төгрөгийг /1 дүгээр хх-187/, 8 дугаар сарын 26-ны өдөр “МТ Сайншанд” ХХК-д 1.000.000 төгрөгийг /2 дугаар хх-47/, 8 дугаар сарын 27-ны өдөр “МТ Сайншанд” ХХК-д 1.200.000 төгрөгийг /2 дугаар хх-48/, 9 дүгээр сарын 11-ний өдөр “МТ Сайншанд” ХХК-д 2.000.000 төгрөгийг /2 дугаар хх-62/, төлж барагдуулсан, одоо 5.176.790 төгрөгийн үлдэгдэлтэйгээс гадна хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь “МТ Сайншанд” ХХК-г төлөөлж Т.У, иргэн Э.Э нарын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” гэрээ /2 дугаар хх-49-50/-р нотлогдож байна.

Харин “Сод Монгол групп” ХХК-ийн Дорноговь салбарын хууль ёсны төлөөлөгч Ч.Тд 2019 оны 12 дугаар сард 470.000 төгрөг, 230.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сард 100.000 төгрөг, 5 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, 

         “Шунхлай говь’’ ХХК-д 2019 оны 11 сард 400.000 төгрөг, үлдэгдэл 710.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сард төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй,    

         “Номин тав трейд” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “төлбөр тооцоо болох 341.725 төгрөгийг барагдуулсан, манай компани гомдолгүй” гэсэн утга, агуулга бүхий албан бичиг, төлбөр төлснийг нотолсон банкны баримт /2 дугаар хх-26-27/,

         Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 1.062.000 төгрөг бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Эээс 5.176.790 төгрөгийг гаргуулж хохирогч “МТ Сайншанд” ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч нь бусад хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурьдаж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлснийг, хохирогч “МТ Сайншанд” ХХК-д 5.176.790 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Э.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, тодорхой орлоготой, хохирогч “Сод Монгол групп” ХХК, “Шунхлай говь’’ ХХК, “Номин тав трейд” ХХК, Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч нар нь “нэхэмжлэх зүйлгй, гомдол саналгүй” гэснийг, хохирогч “МТ Сайншанд” ХХК-д 10.726.790 төгрөгийн хохирол учруулснаас 5.176.790 төгрөгийн үлдэгдэлтэй, үлдсэн энэ хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж “Төлбөр барагдуулах тухай” гэрээ байгуулагдсан зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох яг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг 2.700.000 төгрөгөөр тогтоов.

Шүүх шүүгдэгч Э.Эийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

         Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У овогт Эийн Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч У овогт Эийн Эийг “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” мөн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг 2.700.000 төгрөгөөр тогтоосугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Эт шүүхээс оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Эээс 5.176.790 төгрөгийг гаргуулж хохирогч “МТ Сайншанд” ХХК-д олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХТУНГАЛАГ