Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Г.Энэрэл,

өсвөр насны шүүгдэгч Б.Ш, түүний хууль ёсны төлөөлөгч М.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Бийн Шт холбогдох эрүүгийн 2019000000099 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.Ш.

Холбогдсон хэргийн талаар;

Өсвөр насны шүүгдэгч Б.Ш нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн оройн 22 цагийн үед Дорноговь аймаг Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хараацай” цэцэрлэгийн урд хохирогч Э.Тийн толгой болон нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Өсвөр насны шүүгдэгч Б.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу...” гэсэн мэдүүлэг,   

Насанд хүрээгүй хохирогч Э.Тийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 03-ны оройн 23 цагийн үед унтах гээд хэвтэж байхад Б.Ш “...“Хараацай” цэцэрлэгийн ойролцоо байна, гараад ир” гэж чат бичсэн ...гэрээс гараад “Хараацай” цэцэрлэгийн урдуур зүүн тийшээгээ явж байтал миний араас буюу цэцэрлэгийн урдуур баруун талаас хүн гүйгээд ирэх чимээ гараад эргэж хартал нэг юм шидэх шиг болохоор нь булттал миний цээжний дунд аймхай хэсэг рүү жийж унагаагаад миний дээрээс дараад нүүррүү 7-8 удаа хоёр гараа зангидаж байгаад хүчтэй цохисон. Тэгээд би нэг хөлнөөс нь тэврээд дээшээ босох гэтэл даахгүй байсан. Миний нүүр өвдөөд байсан болохоор хөлийг нь тавиад нүүрээ хамгаалсан. Б.Ш миний толгойны баруун тал дээрээс 2-3 удаа дэвсэлсэн. Тэгээд манай аав “Хараацай” цэцэрлэгийн урд талд байрлах “Чиг” гэдэг нэртэй гутлын дэлгүүрээсээ гарч ирээд “хөөе” гэж хашгиртал Б.Ш миний ар нуруу руу 2-3 удаа өшиглөчихөөд цэцэрлэгийн урдуур баруун тийшээгээ зугтаасан...2019 оны хавар “Dornogovi Crush” гэсэн фэйсбүүк хаягт байрлах миний зурагны доор коммент хэсэгт Б.Ш намайг доромжилсон утгатай үг бичсэн байхаар нь би “энийгээ устга” гэж чатаар хэлтэл “чи ямар том болчихсон юм бэ” гэж хариу бичсэн. Б.Ш таарах болгондоо томроод байхаар нь 5-6 сарын үед “намайг зодолдож чадахгүй суга хэвээрээ байна гэж бодоод байгаа юм биш биздээ” гэсэн утгатай чат бичсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын эхээр төв зааланд сагсан бөмбөгийн тэмцээн үзэхээр ортол заалны үүдэнд Б.Штай таарсан. Би Б.Штай хамт заалруу ороод хоёр давхар руу гардаг хойд талын шатны тэнд намайг “гараад ир, одоо хоёулаа үзье” гээд байхаар нь би “тэр чатыг Ш бичсэн юм аа” гэж хэлсэн. Тэрнээс болж Б.Ш бид хоёр зодолдох болсон...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-55 дугаар хуудас /,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би дэлгүүр дотроо сууж байхад согтуу хүн орилоод байна гэж бодоод гараад хартал манай хүүхдийн хоолой байсан. Хартал манай хүүхдийн ар нурууруу 2-3 удаа баруун хөлөөрөө өшиглөж байсан. Би хүүхэдрүүгээ очиж байх үедээ “хөөе” гэж хашгиртал зодож байсан хүүхэд миний хажуугаар гүйгээд өнгөрсөн. Би хүү Э.Тгийн хамт араас нь 200-300 метр хөөж байгаад гүйцэхгүй болохоороо хөөхөө болиод өөрийн хүү Э.Тг “наадахаа бариад ав” гэж хэлсэн. Удалгүй Э.Т миний өөдөөс “гүйцсэнгүй” гээд хүрээд ирсэн...надад болон манай хүүд гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-53 дугаар хуудас/,

Өсвөр насны яллагдагч Б.Шын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн орой 22 цагийн үед Дорноговь аймаг Сайншанд сумын 7 дугаар багт байрлах “Хараацай” цэцэрлэгийн урд талын хашааны гадаа Э.Т зүүн тийшээ явж байхаар нь араас нь буюу цэцэрлэгийн хашааны баруун талаас нь Э.Т дээр явж очоод эргээд харахаар нь цэцэрлэгийн хашаа руу түлхээд зууралцаад авсан. Тэгээд Э.Т намайг унагаах гээд хоёр хөл рүү маань дайрахаар нь би унахгүй гээд хөлөө татаад арагшаа ухартал намайг хэвлийгээр тэврээд авсан. Тэгэхээр нь би Э.Тийн нурууны зүүн дээд хэсэгт буюу дал хэсэг рүү нь баруун гараа зангидаж байгаад нэг удаа цохиод, толгой хэсэг рүү нь хоёр гараа зангидаж байгаад толгойных нь баруун, зүүн хэсэг рүү нэг нэг удаа цохитол Э.Т улам дайраад байсан...Э.Тийн нүүрний зүүн хэсэг рүү баруун гарын алгаар цохитол “гэмтсэн хамар хөндчихлөө” гэж орилохоор нь зүүн гараа зангидаж байгаад нүүрнийх нь баруун дээд хэсэг рүү нэг удаа цохитол Э.Т миний хэвлийгээр тэврэхээ больсон. Би босоод ар нуруу руу нь нэг удаа өшиглөх үед Э.Тийн аав нь “чи наанаа байж бай” гэж орилсон.” гэсэн мэдүүлэг /хх-22-23 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-1/, хохирогчоос цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-2/, яаралтай тусламжийн хуудас /хх-9-10/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 02/0129 дугаартай “...Э.Тийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-11/, Дорноговь аймаг Сайншанд сумын 1 дүгээр багийн ажлын албаны тодорхойлолт /хх-14/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/, Б.Шын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-47/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-61/, Дорноговь аймгийн прокурорын газрын Прокурорын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 5/10 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол, Дорноговь аймгийн прокурорын газарт насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Э нарын гаргасан хүсэлт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

          Өсвөр насны шүүгдэгч Б.Ш нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн оройн 22 цагийн үед Дорноговь аймаг Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хараацай” цэцэрлэгийн урд насанд хүрээгүй Э.Тг зодож “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

Насанд хүрээгүй хохирогч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний цээжний дунд аймхай хэсэг рүү жийж унагаагаад миний дээрээс дараад нүүррүү 7-8 удаа хоёр гараа зангидаж байгаад хүчтэй цохисон...миний толгойны баруун тал дээрээс 2-3 удаа дэвсэлсэн... миний ар нуруу руу 2-3 удаа өшиглөчихөөд цэцэрлэгийн урдуур баруун тийшээгээ зугтаасан” гэх мэдүүлэг /хх-55/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эын “...манай хүүхдийн ар нурууруу 2-3 удаа баруун хөлөөрөө өшиглөж байсан” гэх мэдүүлэг /хх-53/, өсвөр насны яллагдагч Б.Шын “...би Э.Тийн нурууны зүүн дээд хэсэгт буюу дал хэсэг рүү нь баруун гараа зангидаж байгаад нэг удаа цохиод, толгой хэсэг рүү нь хоёр гараа зангидаж байгаад толгойных нь баруун, зүүн хэсэг рүү нэг нэг удаа цохитол Э.Т улам дайраад байсан...Э.Тийн нүүрний зүүн хэсэг рүү баруун гарын алгаар цохитол “гэмтсэн хамар хөндчихлөө” гэж орилохоор нь зүүн гараа зангидаж байгаад нүүрнийх нь баруун дээд хэсэг рүү нэг удаа цохитол Э.Т миний хэвлийгээр тэврэхээ больсон. Би босоод ар нуруу руу нь нэг удаа өшиглөх үед Э.Тгийн аав нь “чи наанаа байж бай” гэж орилсон.” гэх мэдүүлэг /хх-22-23/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 02/0129 дугаар дүгнэлт /хх-11/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад оролцогч нарын эрхийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.  

Дорноговь аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Шыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Насанд хүрээгүй хохирогч Э.Т, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн байцаалтын шатанд гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд “гомдол, саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Эрүүгийн хариуцлагын талаар;

Өсвөр насны шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

          Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Шт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч Э.Ттэй үл ойлголцож, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Э нар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн, тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 4 сар 1 хоногтой байсан, одоо Дорноговь аймаг дахь Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын засал чимэглэлч мэргэжлийн ангийн 2 дугаар курсэд суралцдаг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, уг арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг, хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх М.Бд тус тус даалгав.

Өсвөр насны хүнд оногдуулсан авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гүйцэтгэж, ажиллагаанд прокурор хяналт тавьж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж хамтран ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлд заасан болно.

Шүүхийн шийтгэх тогтоолоор хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд бүртгэл хөтлөхийг, “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэлээ.    

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч Б.Шт 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулах нь зүйтэй юм.

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны яллагдагч Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтлана” гэж заасан. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд өсвөр насны хүнд оногдуулах ялын төрлийг заагаад энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “нийтэд тустай ажил хийлгэх”, 1.2 дахь заалтад “зорчих эрхийг хязгаарлах”, 1.3 дахь заалтад сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заасан тул өсвөр насны яллагдагчид торгох ял шийтгэл оногдуулах нь эрүүгийн хуулийг зөрчих тул хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Ш нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

          Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч Б.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч И овогт Бийн Шыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Өсвөр насны шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Шт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дорноговь аймаг дахь хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх М.Бд тус тус даалгасугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолоор хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд бүртгэл хөтлөхийг, “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.   

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Шт 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

          8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч Б.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХТУНГАЛАГ