Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2017/00286

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2017/00286

Дорнод аймаг

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүх хуралдааны Б танхимд явуулж

Нэхэмжлэгч ЖЕ72021662 регистрийн дугаартай, Шарайд овгийн Жалсангийн Мөнгөнчимэгийн хүсэлттэй

Бусдын асрамжинд байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгч Ж.Мөнгөнчимэг нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Мөнгөнчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Даваажалсангийн Даваанямтай 2001 онд танилцан гэр бүл болж хамтран амьдарч эхэлсэн. Энэ хугацаандбидний дундаас хүү М.Төгөлдөр 2006 оны 7 сарын 17-ны өдөр мэндэлсэн. Бид хамт амьдарч байх үедээ гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас хүүгээ эцгээр нь овоглуулж чадаагүй. Нөхөр маань урьд нь гэр бүлтэй байж байгаад гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байсан учраас бид гэрлэлтээ батлуулж чадаагүй явсан. Ингээд бид хамт амьдарч байгаад нөхөр маань 2016 оны 12 сарын 22-ны өдөр өвчний улмаас нас барсан. Ингээд хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл биднийг гэрлэлтийн баталгаагүй учраас хүүгээ эцгийнхээ асрамжинд амьдарч байсныг тогтоолгох шаардлагатай гэсний дагуу шүүхэд хандсан. Иймээс хүү М.Төгөлдөрийг эцгийгээ нас барах хүртэл түүний асрамжинд амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Мөнгөнчимэг нь насанд хүрээгүй хүү М.Төгөлдөрт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор түүнийг эцэг Д.Даваанямын асрамжинд амьдарч байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Мөнгөнчимэг нь Даваажалсангийн Даваанямтай 2001 онд танилцан улмаар гэр бүл болон хамтран амьдарч, энэ хугацаанд тэдний дундаас 2006 оны 7 сарын 17-ны өдөр хүү М.Төгөлдөр төрсөн байх бөгөөд хүү М.Төгөлдөр нь төрсөн цагаасаа хойш эцэг Д.Даваанямыг нас барах хүртэл буюу 2016 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл түүний асрамжинд амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Дорнод аймгийн Засаг даргын тодорхойлолтууд, тус багийн 2011-2016 онуудын хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч С.Ганболд, М.Дарьсүрэн нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.

Иймд нэхэмжлэгчийн Ж.Мөнгөнчимэгийн хүү М.Төгөлдөрийг эцгийнхээ асрамжинд байсныг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удиирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2-т заасныг баримтлан Шарайд овгийн Мөнгөнчимэгийн Төгөлдөр нь 2006 оны 7 сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл Бодонгууд овгийн Даваажалсангийн Даваанямын асрамжинд амьдарч байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН