Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 013/2018/01790/и |
Дугаар | 001/ХТ2018/01790 |
Огноо | 2018-12-07 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2018/01790
Ш.Мын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00501 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 207/МА2018/00084 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Ш.М
Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох
166 453 634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.07-ны өдрийн 142/ШШ2016/00979 дүгээр шийдвэрээр Ш.М намайг Э албан тушаалд эгүүлэн тогтоож, Э ХХК-с надад 2015.08.19-ний өдрөөс 2016.07.07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 40,772,594 төгрөг гаргуулах, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган авч, миний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг Э ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж 2016.09.12-ны өдрийн 146 дугаар магадлал, мөн Улсын Дээд шүүхээс хянаж 2016.12.16-ны өдөр 001/ХТ2016/01412 дугаар тогтоол тус тус гаргаж, уг шийдвэр хэвээр үлдсэн. Миний бие нь 2013 онд СЗХ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, төслийн удирдагч, улсын байцаагчийн үүргийг тус тус гүйцэтгэж байх үед Э ХХК-ийн удирдлага Э ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн Оношлогоо-эмчилгээний төвийг удирдлага, зохион байгуулалтаар хангахад өндөр ур чадвартай менежер шаардлагатай ажиллах санал тавьсан. Ингээд намайг тус төслийн удирдагч буюу Оношлогоо-эмчилгээний төвийн ашиглалтын өмнөх захиргааны захирлаар ажиллуулахаар тус үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Д 2013.07.15-ны өдрийн 70/01 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулсан болно. Улмаар тус ашиглалтын өмнөх захиргааг 2014 оны 4-р сард татан буулгаж, Оношлогоо-эмчилгээний төвийг шинэчлэн зохион байгуулж, тус төвийн захирлаар намайг томилж, 2014.04.14-ны өдрийн 97/19 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулсан болно. Төвийн захирлын хамрах ажил үүрэг нь зөвхөн барилга, дэд бүтцийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, удирдан зохион байгуулах төдийгүй олон улсын стандартын шаардлагыг хангасан эмнэлгийн тусламж үйлчилгээг Япон улсын нарийн мэргэжлийн экспертүүдтэй хамтран хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах зэрэг хэд хэдэн багц ажил үүргийг давхар гүйцэтгэх зэргээс үүдэн үйлдвэрийн удирдлагын зүгээс 2014.04.14-ний өдрийн 97/19 тоот хөдөлмөрийн гэрээнд 2014.10.21-ний өдөр МУ-ын хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.1, 21.1.6-р заалтуудыг үндэслэн нэмэлт өөрчлөлтийг оруулсан болно. Тус гэрээнд ажил олгогч болох Ерөнхий захирал Ц.Даваацэрэн нь хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болох ...Ажилтанд Улаанбаатар хотод 2 өрөө байр, өөрийн нэг хүүхдийг жилийн 10.000 /арван мянган ам.доллар/ хүртэл төлбөртэй нөхцөлтэйгээр гадаадад сургах... гэсэн дээр дурдсан нэмэлт өөрчлөлтийг оруулсан байдаг. Манай охин М.Хишигдэлгэрэх нь 2014 онд СЭЗИС-ийн АССА 2+2 төслийн НББ-ийн ангид элсэн орсон. Э ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох сургалтын төлбөрийг төлөх байсан хэдий ч зөвхөн эхний жилийн төлбөрийг төлсөн болно. Э ХХК нь онцгой үүрэг гүйцэтгэж байгаа удирдлагын багийн ажилтнуудтай нэмэлт нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээг байгуулж, хэрэгжүүлдэг хэдий ч миний хувьд ялгавартай хандаж буйд гомдолтой байна. Миний бие Э ХХК-ийн удирдлагад дээр дурдсан гэрээгээр тохиролцсон үүргийг биелүүлэх хүсэлтийг 2017.06.16-ны өдөр хүргүүлсэн боловч Э ХХК нь 2017.08.01-ний 130/574 тоот албан бичгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар Э ХХК-аас Улаанбаатар хотод 2 өрөө байрны төлбөр болох 118.526.634.00 төгрөг/орон сууцны дундаж талбай 53.10 м2, үнэ 2,232,140 төг/, өөрийн нэг хүүхдийн гадаадад сургах 2 жилийн сургалтын төлбөр болох 20.000 ам.доллар/ 2018.03.23 өдрийн ханш 1 ам.дол=2,396.35 төгрөг/-тай тэнцэх 47.927.000 төгрөг буюу нийт 166,453,634 төгрөгийн төлбөрийг гаргуулахыг Э ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.М нь Э ХХК-ийн Эрдэнэт Медикал оношлогоо эмчилгээний төвийн захирлаар томилогдон ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2015.08.19-ний өдрийн Б/971 дүгээр тушаалаар ажлаас халагдаж түүнтэй байгуулсан 2014-04- 14-ний өдрийн 97/19 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул 97/19 тоот хөдөлмөрийн гэрээнд оруулсан 2014-10- 21-ний өдрийн нэмэлт өөрчлөлт мөн адил цуцлагдах буюу хүчингүй болсонд тооцогдоно. Уг нэмэлт өөрчлөлтөд ямар нэг орон сууцыг ажилтанд өмчлүүлэх болон худалдан авч өгөх, эсхүл орон сууцны үнийг төлөх тухай асуудлыг тусгаагүй, мөн ажилтны нэг хүүхэд дотоодын сургууль буюу Санхүү эдийн засгийн Их сургуульд суралцсан тохиолдолд сургалтын төлбөр олгох тухай заалт байхгүй. Иргэний хуулийн 311 дүгээр зүйлд Албаны орон сууцны тухай харилцааг зохицуулсан. Мөн зүйлийн 311.1-д Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ гэж хуульчилсан. Хуульд заасны дагуу албан тушаалын байдалтай нь холбогдуулан олгосон ажил олгогчийн хөнгөлөлт буюу Хөдөлмөрийн нэмэлт гэрээгээр тохирсон тохиролцоо нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаар мөн адил хүчингүй болно гэх үндэслэлтэй тул Э ХХК-нь орон сууц гарган өгөх эсхүл орон сууцаар хангах, худалдан авч өгөх, орон сууцны үнийг төлөх нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8-д заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор заасан байх тул 97/19 тоот хөдөлмөрийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үйлчлэх хугацаа дуусгавар болсонд тооцно. 311.2-т Энэ хуулийн 311.1-д заасан этгээдийн албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна. Нэхэмжлэгч нь Тэнхлэг зууч гэх үл хөдлөх хөрөнгийн компанийн шүүхэд хандаж гаргасан Үнийн мэдээлэл гаргаж өгөх тухай гэх баримт болон Блюмосайк ХХК-ийн иргэн Ш.Мад холбогдуулан гаргасан тодорхой дугааргүй нэхэмжлэх гэсэн баримт, мөн ам.долларын ханшийн мэдээ, орон сууцны үнийн талаарх мэдээлэл зэрэг баримтууд нь ямар зорилгоор хэрэгт хавсаргасан нь ойлгомжгүй, хэргийн хянан шийдвэрлэхэд ямар нэг ач холбогдолгүй баримтууд байна. Тэнхлэг зууч ХХК нь Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн хэлбэлзэл болон бодит зах зээлийн үнэлгээг бие даан тогтоодог байгууллага биш. Энэ утгаар нь авч үзвэл шүүхэд хандан гаргасан дээрх баримт нь шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болгох эцсийн буюу бодит баримт нотолгоо биш юм. Өөрөөр хэлбэл аливаа хэрэг маргаан нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой тохиолдолд хэргийн оролцогч талуудтай ашиг сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн шинжээчийг томилон үнэлгээг гаргах эрх зүйн зохицуулалттайг дурдах нь зүйтэй. Иймд дээрх үндэслэлээр Э ХХК нь иргэн Ш.Мад Улаанбаатар хот дахь 2 өрөө орон сууцны төлбөрийг төлөх болон түүний хүүхдийн 2 жилийн хугацаан дахь сургалтын төлбөрийг төлөх нь хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00501 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1,21.1.3,128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан Э ХХК-с 166,453,634 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Мад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 990,218 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас 990,218 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 207/МА2018/000084 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00501 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Э ХХК-ийн Эрдэнэт Медикал оношлогоо эмчилгээний төвийн захирлаар томилогдон ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2015.08.19-ний өдрийн Б/971 дүгээр тушаалаар ажлаас халагдсан. Улсын дээд шүүхийн 2016-09-12-ны өдрийн 001/ХТ2016/01412 дугаартай тогтоолоор Ш.Мын урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш Ш.М нь ажилгүй байсан хугацааны цалинг удаа дараа шүүхээр тогтоолгон авсан хэдий ч нэмэлт гэрээнд заасан заалтыг хэрэгжүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй байсаар 2018-03- 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т зааснаар нэмэлт гэрээнд заасан заалтыг хэрэгжүүлэхийг Ш.М нь 2016.09.12-ний өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд Э ХХК-аас шаардах эрх нь нээлттэй байсан. Уг эрхээ эдэлж дээрх хөөн хэлэлцэх хугацааны дотор Э ХХК-иас шаардаагүй. Үүнийг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 119.1-т “Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана” гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг шүүгч танилцуулахдаа “...хариуцагч Э ХХК-иас 116,453,634 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Мад олгосугай” гэж шийдвэрлэсэн атлаа бичгээр албажиж гаргасан шүүхийн шийдвэртээ 166,453,634 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь “Тэнхлэг зууч” гэх үл хөдлөх хөрөнгийн компанийн шүүхэд хандаж гаргасан “Үнийн мэдээлэл гаргаж өгөх тухай” гэх баримт болон Блюмосайк ХХК-ийн иргэн Ш.Мад холбогдуулан гаргасан тодорхой дугааргүй “нэхэмжлэх” гэсэн баримт, мөн ам.долларын ханшийн мэдээ, орон сууцны үнийн талаарх мэдээлэл зэрэг баримтууд нь ямар зорилгоор хэрэгт хавсаргасан нь ойлгомжгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангаагүй баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх энэ талаар харгалзан үзсэнгүй. Мөн “Тэнхлэг зууч” ХХК нь Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн хэлбэлзэл болон бодит зах зээлийн үнэлгээг бие даан тогтоодог байгууллага биш. Энэ утгаар нь авч үзвэл шүүхэд хандан гаргасан дээрх баримт нь шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болгох эцсийн буюу бодит баримт нотолгоо биш юм. Өөрөөр хэлбэл аливаа хэрэг маргаан нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой тохиолдолд хэргийн оролцогч талуудтай ашиг сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн шинжээчийг томилон үнэлгээг гаргах эрх зүйн зохицуулалттай атал нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгон хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Ш.М 2018-03-29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Э ХХК-аас орон сууцны дундаж талбай 53.10 м2, үнэ 2,232,140 төгрөгөөр тооцон Улаанбаатар хотод 2 өрөө байрны төлбөр болох 118.526.634 төгрөг, өөрийн нэг хүүхдийн гадаадад сургах 2 жилийн сургалтын төлбөр болох 20.000 ам.доллар буюу 47.927.000 төгрөг нийт 166,453,634 төгрөг /хх 1/ шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгч 2015-08-19-ний өдөр ажлаасаа халагдсан тул 2014-04-14-ний өдрийн 97/19 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан...гэрээ цуцлагдсан тул 2014-10-21-ний өдрийн өөрчлөлт мөн цуцлагдана ...өөрчлөлтөд орон сууцны талаар тусгаагүй, сургалтын төлбөрийн заалт байхгүй...” гэж маргасан /хх 39-40/байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Ш.М Э ХХК-ийн Эрдэнэт Медикал оношлогоо эмчилгээний төвийн захирлаар ажиллаж байгаад Э ХХК-ийн Ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/971 дүгээр тушаалаар ажлаасаа халагдсан боловч Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 142/ШШ2016/00979 дугаартай шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосныг давж заалдах болон хяналтын шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Ажилтан нь хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй юм.
Ш.М шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд 2014-04-14-ний өдөр байгуулагдсан 97/19 дугаартай “Эт ажиллах тухай хөдөлмөрийн гэрээ”, уг гэрээнд 2014-10-21-ний өдөр оруулсан “...ажилтан Улаанбаатар хотод хоёр өрөө байр, өөрийн нэг хүүхдийг жилийн 10,000 ам.доллар хүртэл төлбөртэй байх нөхцөлтэй гадаадад сургах” гэсэн өөрчлөлтийг /хх 5-7/-г үндэслэжээ.
Э ХХК-ийн Ерөнхий захирлын 2015 оны Б/971 дүгээр тушаал үндэслэлгүй байсны улмаас нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсоноор зохигчийн хооронд 2014-04-14-ний өдөр байгуулагдсан 97/19 дугаар хөдөлмөрийн гэрээ нэмэлт өөрчлөлтийн хамт хэвээр үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, ажилтан шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон нь хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах бус, харин хуучин буюу цуцлагдсан гэрээг сэргээх үндэслэл юм. Иймд “...цуцлагдсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн шаардлага гаргасан...” гэх агуулга бүхий тайлбар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл болохгүй байна.
Орон сууцны үнэлгээтэй холбоотой үндэслэлийг эс зөвшөөрсөн тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй тул тус шүүхэд гаргасан гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг зөрчинө.
Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн үндэслэлийг танилцуулсан байдал нь бичгээр үйлдсэн шийдвэрээс буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан дүгнэлтээс зөрөөгүй байна. Иймд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийхдээ “...166,453,634 төгрөг...” гэхийг “...116,453,634 төгрөг...” гэж танилцуулсан нь хэргийн шийдэлд нөлөөлөх ноцтой зөрчил биш байх бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй тул энэ тухай гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй гэж үзлээ.
Хоёр шатны шүүх Ш.Мын нэхэмжлэлийн талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00501 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 207/МА2018/000084 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 990,218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Б.УНДРАХ