| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2017/0956/Э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 191
Ч.Тд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Оюунжаргал,
шүүгдэгч Ч.Т /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ч.Тд холбогдох 1703000010110 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
.............. овгийн .............ын ............., 1992 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэл үйлчилгээний менежер мэргэжилтэй, ............. ажилтай, ............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............./,
Ч.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны шөнө 00.45 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жуков “Хаан” банкны урд талын замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин 2.14 хувийн согтолттой үедээ иргэн Ч.Уянгын эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ИНЕГ-ын Газрын тусгай үйлчилгээний албаны эзэмшлийн “УАЗ Фургон” загварын 54-86УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард зогсож байсан жолооч Ж.Быг тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, “УАЗ Фургон” загварын 5489УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 965.000 төгрөгийн шууд, 1.070.600 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газраас: Ч.Тулгын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Элжигэн овогт Чулуунбаатарын Тулгыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Ч.Тулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Тд оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ч.Тулгын 664945 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлж, 01533361 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож,
энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ч.Тулгын дундын өмчлөлд бүртгэлтэй Ү-2204000769 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байр, 245 тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, уг орон сууцыг битүүмжилсэн Тээврийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 32 дугаар тогтоолыг хүчингүй болгож,
шүүгдэгч Ч.Тас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ч.Уянгаас 914.823 төгрөг гаргуулж хохирогч Дагва овогт Жамбалдоржийн Батчулуунд олгож,
иргэний хариуцагч нь гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,
хохирогч Ж.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Ч.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаанд цагдан хоригдох явцад цагдан хорих байрны хүнд хэцүүг мэдэрч, олон зүйлийг бодож өнгөрүүллээ. Миний бие гэм буруугаа ойлгож, Батчулуун болон гэр бүлийнх нь өмнө үнэхээр их гэмшиж байгаагаа хүлээн эмчилгээний зардал 1.800.000 төгрөг өгсөн ба үлдэгдэл 915.000 төгрөгийг барагдуулахаас гадна цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөх болно. Иймд надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ч.Тулгын өмгөөлөгч Ж.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ч.Тулгын хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээж чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлж хохирогчоос уучлалт гуйсан байдаг. Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргаангүй болно. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн санкцийн хорих ялын хувьд 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. Тэгэхээр анхан шатны шүүх Ч.Тулгын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсоныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдсэн. Харин Ч.Тулгын зүгээс эмчилгээний зардалд нийт 1.800.000 төгрөгийг төлсөн байгаа буюу шүүхээс бол цаашид гарах нэхэмжлэлээ иргэний шүүхээр хандан гаргах эрхийг нь зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл Ч.Тулгын зүгээс бол хохирол төлбөр баримтын хэмжээнд бүрэн төлж барагдуулсан гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирол төлбөрийг төлж барагдуулсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэхээр байгааг анхаарна уу. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж болно” гэжээ. Ч.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон залуу хүний цаашдын ирээдүйг бодолцож хуульд заасан боломж нөхцөлийг харгалзан үзэж заавал хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү. Мөн Ч.Т 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа бөгөөд дээрх хугацаанд хорих ялын хүнд хэцүүг өөрийн биеэр мэдэрч үйлдсэн хэрэгтээ илүү их гэмшиж ухаарч байгаа болохыг анхаарч Ч.Тд оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж өгнө үү.” гэв.
Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь согтуугаар авто тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн хохирол төлбөр дутуу төлөгдсөн байсан. Энэ байдлыг харгалзан үзэж шүүхээс найман сарын хорих ял оногдуулсан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Ч.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Ч.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны шөнө 00.45 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Жуков-Хаан” банкны урд талын замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин 2.14 хувийн согтолттой үедээ иргэн Ч.Уянгын эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын 70-67УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж ИНЕГ-ын Газрын тусгай үйлчилгээний албаны эзэмшлийн “УАЗ-Фургон” загварын 54-86УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард зогсож байсан жолооч Ж.Быг тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, “УАЗ-Фургон” загварын 5489УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвэрсний улмаас засварын зардалд 965.000 төгрөгийн шууд, нийт 1.070.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Ч.Тулгын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн “...Хохирогч Батчулууны ар гэрээс уучлалт гуйж байна. Өөрийн гэм бурууг ойлгож байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Уучлаарай.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 11-18 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Б.Молор-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...шүүгдэгч И.Тулга нь манай байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Манай байгууллагад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 11-18 дугаар хуудас/,
иргэний хариуцагч Ч.Уянгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогч Батчулууны эмчилгээний төлбөрийг төлье. Хохирогчийн талаас 10.000.000 төгрөгийн байрны лизинг төлж өг гэсэн. Одоо нэг дор төлөх боломжгүй, цаашид бага багаар төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 11-18 дугаар хуудас/,
хохирогч Ж.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ИНЕГ-ын баазын жолооч бөгөөд миний жолоодож байсан 54-89 УБК улсын дугаартай УАЗ фургон загварын автомашин Жуковын урд зам дээр явж байгаад кардан эвдрээд 3 дугаар эгнээнд зогссон. Би ослын гурвалжин тавиад аваарын гэрлээ асаагаад зогсож байсан. Автомашины доогуур орж карданаа шалгачихаад автомашины хойд багажны хаалгыг онгойлгоод багаж авах гээд зогсож байхад гэнэт тас хийгээд явчихсан. Юу ч болж байгааг мэдээгүй. 20-30 метр орчим 2 автомашины дунд хавчуулагдаад хэсэг явсан. Миний автомашин 1 дүгээр эгнээ рүү шидэгдээд явсан байсан. Тэр автомашин зогсоход би газар ойчсон. Хоёр хөлний дунд чөмөг хугарал, шилбэ бяцралттай, уушги бяцралтай байна. Нарийн шинжилгээ хийгдээгүй байна. Миний биеийн байдал хүнд байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-28 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Б.Молор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай байгууллагын 54-89 УБК улсын дугаартай УАЗ фургон загварын тээврийн хэрэгсэлд 1.070.600 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан болох нь Вендо үнэлгээний компанийн хохирлын үнэлгээ хийсэн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд буруутай этгээдээс 1.070.600 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас/,
иргэний хариуцагч Ч.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний эзэмшлийн 70-67 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирол 2 сая орчим төгрөг болно. Гэхдээ би өөрийн төрсөн дүү Ч.Тас миний эзэмшлийн автомашинд учруулсан хохирлыг нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас/,
гэрч А.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1 цагийн орчимд болов уу, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Жуковын “Хаан” банкны урд талын төв замд явж байхад явган хүний гарцны яг цаад талд 3 дугаар эгнээнд улаан өнгийн “Тоёота Приус 20” загварын автомашин, “УАЗ фургон” загварын автомашины араас мөргөсөн байдалтай, уг автомашины урд талд нэг хүн газарт хэвтэж байсан. Харин 1 дүгээр эгнээний дагуу байдаг автомашины зогсоолын орчимд 10-15 метрийн зайтай “фургон” загварын автомашин ард тал нь эвдрэлтэй зогсож байсан. “Фургон” загварын автомашины хойд гупер, кирло хонхойгоод орсон байдалтай байсан. Харин “Тоёота Приус” загварын автомашины урд талын хамар хэсгээрээ нилээн эвдрэлтэй хойшоо чихэгдэж орсон байдалтай байсан. Урд талд нь хэвтэж байсан хүн хөдөлж чадахгүй, хөлнөөс нь цус гарсан байдалтай байсан. Би ослыг хараад 102 болон 103 дугаарт өөрийн “80021019” дугаарын утаснаас дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар хуудас/,
гэрч М.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 16 цагт манай бүлгийнхэн ажил дээрээ цуглаад “Ван Эвэнт Холл”-д хуримын үйл ажиллагаа болох байсан тул явсан. Тэгэхэд Ч.Т улаан өнгийн “Тоёота Приус 20” загварын автомашинтайгаа явсан. Ч.Т гарч орж явж байхдаа уусан юм шиг байна лээ, нилээн халчихсан байсан. ...Шөнийн клубээс гарах болоход Ч.Т байгаагүй бөгөөд би хааччихав гээд утас руу нь залгахад Ч.Тулгын утас нь холбогдохгүй, Ч.Тулгын гадаа тавьсан автомашин нь байхгүй байсан. Тэрнээс хойш гэртээ харьчихаад байж байхад 1 цаг өнгөрч байхад манай бүлгийн дарга Баттүшиг над руу залгаад “Ч.Т согтуу автомашин барьж байгаад хүн мөргөсөн гэж байна, та нар хэзээ салсан” гэж асууж байсан. Би хуримнаас гарахдаа автомашиныхаа түлхүүрийг өг гэхэд смарт түлхүүртэй байсан болохоор өөрөө автомашинд суухад шууд асааж болно гээд надад түлхүүрээ өгөөгүй юм. “Би согтуу автомашин барихгүй” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ж.Бы биед 2 дунд чөмөг яс, 2 хөлийн шилбэ ясны далд хугарал, аарцаг ясны хугарал, зүүн 6 дугаар хавирганы хугарал, баруун тахимны хууларсан шарх, 2 гуяны зулгаралт, баруун гуяны цус хуралт, зүүн шагайн дотор талын шарх, аарцаг ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх 11570 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,
“...Шинжилгээнд ирүүлсэн УАЗ Фургон 54-89 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны механизм ажиллагаатай эд анги бүрэн, ...Автомашины толь, дугуй, салхины шил зэрэг эд ангиуд бүрэн байна. Автомашины зүүн талын хойд хаалганы доод ирмэг дотогш шахагдаж хаалга хонхойж гажсан, кардан гол чагтан холбоос хэсгээрээ салсан, баруун урд талын амортизатор салсан зэрэг гэмтлүүдтэй байна. Автомашинд үүссэн гэмтэл нь осолд нөлөөлөхгүй. Ослын улмаас тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалга гажиж ангайсан, зүүн талын гишгүүр дотогш шахагдсан гэмтлүүд гарсан байна.” гэх 5020 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
“...Шинжилгээнд ирүүлсэн “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийн тоормосны аппарат бүрэн, гар тоормос бүрэн, тоормосны ABS шахагдаж битүүмж алдагдсан. Жолооны механизмын холбоос бүрэн. Явах эд анги бүрэн, дуут дохио бүрэн гэмтэлтэй, баруун, зүүн талын урд их гэрэл шахагдаж хагарсаны улмаас эд анги бүрэн бус болсон, урд салхины шил цуурч хагарсан, шил арчигч бүрэн хагас ажиллаж гацсан, дугуй бүрэн, зүүн урд дугуй хавтаж, хагарсан, толь бүрэн, зүүн талын толь цуурч хагарсан. Дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осолд нөлөөлөхгүй. Автомашины урд хэсэг бүхэлдээ дотогш чихэгдсэн, автомашины капот шахагдаж нугарсан, зүүн, баруун талын гэрэл шахагдаж хагарсан, гэрлийн дээд хөндлөвч төмрүүд гулзайсан, зүүн урд талын далбаа шахагдаж нугарсан, урд салхины шил цуурч хагарсан, хөдөлгүүрийн хэсэг бүхэлдээ дотогш шахагдаж, хөдөлгүүрийн урд талын хөндлөвч төмөр дотогшоо гулзайсан, радиатор гулзайж битүүмж алдагдсан, агаар шүүгч, холмигийн хоолой хагарсан, гал хамгаалагч хагарсан, помп хагарсан, конвертер шахагдсан, хөргөлтийн шингэн хадгалах сав хагарсан, сэнс сэнсний хүрээ хагарсан, агаар оруулах, шингэн дамжуулах тусгай гуурсууд хагарсан, тоормосны ABS шахагдаж тоормосны битүүмж алдагдсан, тоормосны шингэн байхгүй, зүүн талын толь цуурч хагарсан, урд бамбайн зүүн доод булан хагарсан, дотогш хонхойсон гэмтлүүдтэй байна. Хэргийн материалд тоормосны мөр тэмдэглэгдээгүй тул тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй.” гэх 4880 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,
“...54-89УБК улсын дугаартай “УАЗ-Фургон” загварын автомашины жолооч Ж.Б нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй, 70-67УБУ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашины жолооч Ч.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 2.7 “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй, тухайн осол нь замын барилга байгууламж бусад хүчин зүйлээс нөлөөлсөн гэх үндэслэлгүй, ослын схем зураг шинжээчийн тайлбаруудыг шинжилж үзэхэд тоормосны мөр илрээгүй байгаа учраас зогсох арга хэмжээ аваагүй байна. 2 дугаар хариултад тусгагдсан замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэх 549 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “Ч.Тулгыг шалгахад 2.14 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
Бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 121-124 дүгээр хуудас/,
Хохирлын баримт /1 дүгээр хавтаст хэргийн 138-155 дугаар хуудас/,
Өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 157-176дугаар хуудас/,
Тээврийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 32 дугаар тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 198-199 дүгээр хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Ч.Тулгын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
ИНЕГ-ын Тусгай үйлчилгээний албаны эзэмшлийн “УАЗ-Фургон” загварын 54-86УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б нь тухайн үед Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй бөгөөд жолоодож явсан тээврийн хэрэгслийнх нь кардаан гол чагтан холбоосны хэсгээрээ салсны улмаас замын 3 дугаар эгнээнд зайлшгүй зогсолт хийж, жолооч нь автомашины арын хаалгыг нээж түлхүүр багаж авахаар зэхэх үед нь шүүгдэгч Ч.Т нь “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон ирж мөргөсөн байна. Техникийн шинжээчийн дүгнэлт, ослын газрын зураг зэргээс тээврийн хэрэгслийн тоормозны мөр гараагүй байгаа нь шүүгдэгч Ч.Т тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогчийг хоёр тээврийн хэрэгслийн хооронд хавсран мөргөж 20,50 метр газарт түрж явсан үйл баримт тогтоогджээ.
Шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарын гаргасан “хорих ялыг тэнсэж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Учир нь, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж “...шүүгдэгч Ч.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар хуульчлагдсан бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон чөлөөлөх үндэслэлийн аль алинд хамаарахгүй болсон бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалтаас дүгнэхэд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Тар төлүүлэхээр шийдвэрлэсэн 915.000 төгрөгийг хохирогч Б.Батчулуунд төлсөн талаархи баримтыг гаргаж ирүүлсэн байгааг, мөн шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар хохирогч Б.Батчулуун нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Ц. ОЧ