Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2022/0384

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй

Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн,

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын өмгөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгч: Б.Э,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Б.Э-г Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай“,

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, О.С, өмгөөлөгч Б.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Номин,

Хэргийн индекс: 122/2021/0025/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Э нь Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Б.Э-г Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-аар маргасан байна.

2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр: ”Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 39.1.11, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Б.Э-г Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-гийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих журмын дагуу тооцож, нэхэмжлэгчид олгохыг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчид даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Маргаан бүхий акт Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө гарсан тул актад хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-ыг эшлэсэн нь үндэслэлтэй байна.

3.2. ... Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Б.Э-г ажлаас халах зөвшилцөх санал”-д Эрүүл мэндийн сайд татгалзах санал ирүүлээгүй болно.

3.3. ... Сүхбаатар аймгийн хяналт, аудитын албаны 2021 оны 31-01/07, 31-01/08, 31-01/09 дүгээр актууд хүчин төгөлдөр байгаа тул “хүчин төгөлдөр болоогүй актуудыг үндэслэл болгосон” гэх шүүхийн тайлбар үндэслэлгүй юм.

3.4. ... Б.Э-гийн улсын төсөвт учруулсан хөхирлыг нөхөн төлүүлж буй улсын байцаагчийн акт болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор захиргааны акт гаргаж, сахилгын шийтгэл оногдуулсан хоёр тусдаа асуудлыг анхан шатны шүүх ялгаж салгалгүйгээр дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

3.5. ... Нэхэмжлэгч зөрчил гаргасан болох нь актыг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлсөн зэрэг үйл баримтаар тогтоогдож байгаа болно.

3.6. ... Сүхбаатар аймгийн Засаг дарга сонсох ажиллагааг явуулж, тэмдэглэл үйлдсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа.

3.7. ... Гэвч Б.Э холбогдох баримтад гарын үсэг зурдаггүй, байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан болно.

3.8. ... Иймд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

2.2. Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба Сүхбаатар аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын 2018, 2019, 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулж, улсын ахлах байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” 31-01/07, 31-01/08, 31-01/09 дүгээр актуудаар “буруу шийдвэр гаргасан, төсвийн хөрөнгийн баримтгүй зарцуулсан” гэж үзэн аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Б.Э-д төлбөр тогтоожээ.

2.2. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан Б.Э-гийн гомдлын дагуу Монгол Улсын Сангийн сайд “сануулах шийтгэл хүлээлгэсэн албан тушаалтанд урамшуулал олгосон” үйлдэлд төсвийн хөрөнгийг нөхөн төлүүлсэн “улсын ахлах байцаагчийн 2021 оны 31-01/07 дугаар актыг хэвээр үлдээж, “актад дурдсан зөрчлийн төлбөрийг хариуцах этгээдийг зөв тодорхойлоогүй” гэх үндэслэлээр 31-01/08, 31-01/09 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгож, энэ талаар Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 13-2/3737 дугаар албан бичгээр мэдэгджээ.

2.3. Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолоор дээрх улсын ахлах байцаагчийн 31-01/07, 31-01/08, 31-01/09 дүгээр актуудыг үндэслэлтэй гэж баталж, актуудаар тогтоогдсон зөрчилд холбогдогч албан тушаалтанд сахилгын арга хэмжээ ногдуулах санал бүхий 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 64 дүгээр албан бичгийг Сүхбаатар аймгийн Засаг даргад хүргүүлжээ.

2.4. Үүний дараа Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актаар “анхан шатны баримтгүй зарцуулагдсан төсвийн хөрөнгийг Эрүүл мэндийн газрын дарга Б.Э, нягтлан бодогч Ж.Оюунзул нараар төлүүлэх”-ээр тогтоосон байна.

2.5. Б.Э-гийн Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор, улсын байцаагч нарт холбогдуулан “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хянан шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болоогүй нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

2.6. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д “аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох, чөлөөлөх”-өөр заасан.

2.7. Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 64 дүгээр албан бичгээр сахилгын арга хэмжээ ногдуулах санал ирүүлсэн гэж үзэн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Э-г төрийн албанаас халах арга хэмжээ авахдаа даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Б-г томилох зөвшилцөх саналыг Эрүүл мэндийн сайдад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/1121 дүгээр албан бичгийг хүргүүлснийг хуулийн дээрх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй.

2.8. Өөрөөр хэлбэл, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга урьд нь Сангийн сайдын хүчингүй болгосон улсын ахлах байцаагчийн 31-01/08, 31-01/09 дүгээр актуудын талаар гарсан Дотоод аудитын хорооны 2021 оны 18 дугаар тогтоол, Санхүүгийн хяналт, аудитын газрын 2021 оны 64 дүгээр албан бичгийг тус тус үндэслэн, бодит байдалд зөвшилцөх албан бичгийг хүлээн авч, хариуг ирүүлэх хугацаа олголгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “... шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй байна.

2.9. Энэ тохиолдолд хариуцагчийн “2021 оны 12 дугаар сарын 08-нд зөвшилцөх саналд Эрүүл мэндийн сайдаас татгалзах санал ирээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.10. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж заасан.

2.11. Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дээрх хуульд заасан нөхцөлүүдийг хангаагүй нь хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Захиргааны шийдвэрийн төсөл танилцуулах хуудас зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн.

2.12. Иймд хариуцагчийн “Б.Э шийдвэрийн төслийн талаар танилцуулсан холбогдох баримтад гарын үсэг зурдаггүй, байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байсан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

2.13. Эдгээр нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

3. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж өөрчилж, Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэх дагаж мөрдөхөөр баталсан.

3.1. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт гарах үед Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах тухай зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсныг анхаараагүй, энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

3.2. Гэвч энэхүү дүгнэлт нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР