Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

                                        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Г.Энэрэл,

хохирогч С.Г,

          шүүгдэгч О.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Оийн Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019000000100 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, О.Э

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг Төмөр замын татах хэсэгт ажлын байран дээрээ хамгаалалтын малгай каскыг иргэн С.Гийн нүүрэн тус газарт шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2020 оны 5 дугаар сарын 28-ны өглөө засварчиддаа зааварчилгаа өгөөд ажилд нь гаргасан. С.Г үзэх ёстой юмаа үзээгүй, нохойн хоол зөөгөөд явж байхаар нь хүлээн авагчаас асуухад хийх ёстой ажлаа хийгээгүй байсан. Тэгэхээр нь би С.Гийг өрөөндөө дуудаад ажлын хариуцлага тооцох гэж уурлаж каск шидсэн. Цилиндрийн счатыг үзэхэд тийм ч их цаг ордоггүй. С.Г өмнө нь ажил дээрээ хувийн ажлаа хийх нь бусад засварчидтай харьцуулахад их байдаг байсан учраас 5 дугаар сарын 25-ны орой ажилчдын өмнө энэ талаар хэлсэн. Хувийн юм хийх бол надаас заавал зөвшөөрөл авах ёстой, депогоос болон хашаанаас нь юм авч гарахдаа зөвшөөрөл ав гэж сануулж хэлсэн. Гэвч дараагийн ээлжин дээр мөн л дээр дурдсан алдаа дутагдлыг гаргаж, ажлаа дутуу, хариуцлагагүй хийсэн байхаар нь уурандаа каск шидсэн. Каск шидсэн нь миний буруу. Би барьж байгаад цохиогүй, санамсаргүй чулуудчихсан.” гэв.

Хохирогч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2020 оны 5 дугаар сарын 28-нд ээлжийн ажилтай байсан, 7.30 минутад О.Э мастераас 05 илчит тэргийг засвараас бэлэнд өгөх зааварчилгаа авсан ч зөрөөд засварт тэрэг авч  тэргэн дээр үзлэг, засвар хийсэн. 17 цагийн үед Батбаяр инженер “ажил тарахаас өмнө агуулахаас маслын шүүр угаадаг бодис аваад ир” гэсэн, агуулахад байгаагүй, гал тогоонд очоод няравт хэлсэн. Гал тогооны хүн нохойн хоол өгсөн юм. Цехэд байж байтал мастер О.Э өрөөнд “ороод ир” гэж утсаар дуудсан. Би ширээний баруун талд зогсож байсан, урд нь зогсох ямар ч боломжгүй. Надруу  уурлаж босч ирээд миний нүүрлүү каск савсан. Миний хүзүүндээ зүүсэн байсан дуу намсгагч чихэвч хойшоо унасан. Тухайн үед гаднаас ахлах мастер, үйлдвэрийн эмч хоёр орж ирээд “...юу болоод байна, гар” гэхээр нь би гараад явсан. Цехэд ороод толинд хартал шүд хөдлөөд байсан. 20 цагт ажлаасаа буугаад гэртээ очоод үзтэл дээд шүднүүд бас хөдөлчихсөн байхаар нь О.Эт утсаар хэлсэн. Намайг счатыг үзээгүй гээд байна, Н гэдэг ахлах засварчин халуун үзлэг хийсэн, О.Э надад тийм үүрэг өгөөгүй, хүлээн авагч л “счатаа үзээрэй” гэж хэлсэн. Би тэр өдөр засварт орсон тэрэгний үйлчилгээ хийгээд маш завгүй байсан. Манай ажил дээр хүн болгон хувийн ажлаа хийдэг, би толгой шийр хуйхлуулж, токарчнаар гуйж юм хийлгүүлсэн нь үнэн. Баяр ёслол мастеруудын өнгө үзэмж байдаг. 10 хоногийн листтэй байсан Э гэдэг хүнд баяр ёслол олгосон, надад олгоогүй, би нягтлангуудаасаа асуухад “олгох ёстой” гэж хэлсэн. Тухайн үед Анхбаяр гэдэг мастер гарч байсан, яагаад баяр ёслолыг хассан талаар асуухад, “мэдэхгүй, бичээд оруулахад хасчихсан байсан” гэж хариулсан.” гэв.

Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн орой 17 цагийн үед ээлжийн мастер О.Э гар утсаар “өрөөнд ороод ир” гэж дуудсан. Би өрөөнд нь ороод ширээнийх нь хажууд зогсож байтал “пизда минь” гэж хэлээд ширээн дээр байсан ажлын хамгаалалтын каск малгайг шүүрэн авч босч ирээд миний нүүрний эрүүн тус газар руу нэг удаа цохисон, цохих үед миний хүзүүнд байсан дуу намсгагч чихэвч арагшаа унасан…Хэрэг болдог өдөр 17 цагийн үед няравтай уулзах гээд гал тогоонд очиход тогооч “нохойны хоол байна, авах уу” гээд нохойны хоол уутанд хийгээд өгсөн...нохойны хоолоо цехэд тавих гээд явж байхыг хараад гар утсаар өрөөндөө дуудан ирүүлж намайг зодсон.” гэсэн мэдүүлэг /хх-8-9/,

О.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...15 цагийн үед өгсөн үүрэг даалгавраа шалгахад гуанзнаас нохойн хоол зөөгөөд явж байсан гэсэн…Тэгээд орой 17 цагийн үед би өөрийнхөө өрөөнд гар утсаар дуудан ирүүлсэн. Тэр үед би “нохойн хоол зөөж байхаар цилиндрийнхээ счатыг үзэхгүй яасан юм бэ” гэж уурласан уурандаа “пизда минь” гэж хараан ширээн дээр байсан ажлын каск малгайг авч шидсэн. Би 2020 оны 5 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед засварчин С.Гийг ажилчдын өмнө босгож “ажлын цагаар ажлаа хийх, хувийн зүйл хийхгүй байх” талаар сануулга өгсөн...каск шидэж түргэн уур гаргасандаа гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хх-13, 34/,

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...18 цагийн үед мастерын өрөөнд дэвтэр бөглөөд сууж байсан. О.Э С.Гийг өрөөндөө дуудан “хүлээн авагчийн өгсөн үүргийг яагаад биелүүлэхгүй байгаа юм, яагаад нохойн хоол зөөгөөд ажлаа хийхгүй байгаа юм, хийх ёстой юмаа хийнэ шүү” гээд загнаж байгаад ширээн дээр байсан ажлын хамгаалалтын каск малгайг авч шидсэн.” гэсэн мэдүүлэг /хх-15/,

Гэрч У.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...18 цагийн үед мастерын өрөөнд дэвтэр бөглөөд, хийсэн ажлаа бичээд сууж байсан. Тэр үед Г гаднаас орж ирсэн, мастер О.Э С.Гийг “нохойн хоол зөөгөөд яваад байгаа сураг дуулдаад байна, илчит тэргээ яагаад үзэхгүй байгаа юм бэ, аль өглөө л үз гэж хэлээ биз дээ” гэж хэлж байгаа сонсогдсон...хоёр каск хоорондоо мөргөлдөх чимээ гарахаар нь эргээд хартал С.Г газраас чихэвчээ аваад юу ч хэлэлгүй гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-19/, 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 02/0148 дугаартай “...С.Гийн биед баруун доод 1, 2, зүүн доод 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-25/,

хохирогч С.Гийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-2/,

Дорноговь аймаг Сайншанд сумын 2 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт /хх-37/,

О.Эын цахим үнэмлэхний хуулбар /хх-38/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/,

хохирогч С.Гээс Дорноговь аймаг Цагдаагийн газарт гаргасан нэхэмжлэл, хүсэлт /хх-47-48/, хохирлын баримтууд /хх-49-50/,

хохирогч С.Гээс шүүх хуралдааны өмнө Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан нэмэлт нотлох баримтууд болон тайлбар нийт 19 хуудас баримт, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгчийн гэм буруу, хохирол төлбөрийн талаар;

Шүүгдэгч О.Э нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Төмөр замын татах хэсэгт ажлын байран дээрээ хамгаалалтын малгай каскыг хохирогч С.Гийн нүүрэн тус газарт шидэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь;

шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Гийн “...Би өрөөнд нь ороод ширээнийх нь хажууд зогсож байтал “пизда минь” гэж хэлээд ширээн дээр байсан ажлын хамгаалалтын каск малгайг шүүрэн авч босч ирээд миний нүүрний эрүүн тус газар руу нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-8-9/, гэрч М.Бийн “...О.Э С.Гийг өрөөндөө дуудан “хүлээн авагчийн өгсөн үүргийг яагаад биелүүлэхгүй байгаа юм, яагаад нохойн хоол зөөгөөд ажлаа хийхгүй байгаа юм, хийх ёстой юмаа хийнэ шүү” гээд загнаж байгаад ширээн дээр байсан ажлын хамгаалалтын каск малгайг авч шидсэн.” гэсэн мэдүүлэг /хх-15/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 02/0148 дугаартай дүгнэлт /хх-25/, хохирогч С.Гийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-2/, Дорноговь аймаг Цагдаагийн газарт гаргасан нэхэмжлэл, хүсэлт /хх-47-48/, хохирлын баримтууд /хх-49-50/, шүүх хуралдааны өмнө Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан нэмэлт нотлох баримтууд болон тайлбар нийт 19 хуудас баримт, зэрэг хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

 Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Эын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хуульд заасан бүх шинжийг хангасан, хуулийн зүйл, хэсэг тохирсон, мөн шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй тул улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч С.Г нь шүүгдэгч О.Эт зодуулсны улмаас түүний биед баруун доод 1, 2, зүүн доод 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл үүсч, улмаар  эмчилгээ хийлгэсний төлбөр, мөн цаашид гарах эмчилгээний зардалд 6.675.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг, баяр ёслолын өдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 01, 05-ны өдрүүдэд ажилласан цалин 850.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснээс шүүгдэгч О.Э нь шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хохирол төлбөрөөс төлөөгүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед “баримтаар тогтоогдсон 1.091.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, маргааш өглөө хохирогчийн дансруу нь шилжүүлье” гэж хохирлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн болно.   

Хохирогчийн нэхэмжлэлээс баримтаар тогтоогдсон 951.000 төгрөг болон баримтгүй боловч зайлшгүй гарсан зардалд тооцон 140.000 төгрөг нийт 1.091.000 төгрөгийг шүүгдэгч О.Эаас гаргуулж хохирогч С.Гэд олгохоор шийдвэрлэв.

Харин нэхэмжлэлээс баяр ёслолын өдрүүдэд ажилласан цалин 850.000 төгрөг, 31, 32, 41, 42-р шүднүүдийг хиймэл буюу имплант шүд хийлгэх, хиймэл яс нэмэх, авдаггүй металл шаазан бүрээс хийлгэх, шүд нөхөн сэргээх, засах эмчилгээ хийлгэх зардал 6.675.000 төгрөг, гоо сайхан, ажлын байрны дарамт, сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг тус тус нэхэмжилснийг нэхэмжлэлийн шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүгдэгч О.Э нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч О.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах” саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлөхийг илэрхийлсэн болон түүний гэмшиж буй хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан 600.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч О.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Шүүгдэгч О.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, энэ хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Оийн Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Шүүгдэгч О.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч О.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, энэ хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Эаас 1.091.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Гэд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын болон бусад зардлын талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХТУНГАЛАГ