Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

      2020      08            11                                     2020/ШЦТ/87

 

                                        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Э.Ариунболд,

хохирогч Э.Эрчист, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шонхор овогт Баатарсүхийн Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019000000101 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

   Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг нэгдүгээр амаржих газарт төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зам засварын машинт станцын ахлах инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат гудамж, 23-45 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Шонхор овогт Баатарсүхийн Т /РД:УК94060638/,

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 6 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн ажилчдын байранд Э.Эрчисттэй маргалдан түүний эрх чөлөөнд халдан зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.”гэв.

Хохирогч Э.Эрчист шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Энэ үйл явдал 2020 оны 6 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө болсон. Ажлаа хийж дуусаад ариун цэврийн өрөөнд шүдээ угаагаад зогсож байхад, Б.Т найзтайгаа хамт орж ирээд бие зассан, тухайн үед тэд согтолттой байсан. Бие засчихаад гарч ирэх үедээ Б.Т надаас Отгоо инженер хаана байгааг асуусан, би Отгоо гэдэг инженерийг танихгүй учраас “мэдэхгүй” гэдгээ хэлтэл “Чи Монголын төмөр замынх юм чинь юугаа мэдэх вэ дээ” гэж хэлсэн. Тухайн үед би Тийг согтуу байсныг нь мэдсэн учраас өөр зүйл дуугараагүй. Үргэлжлүүлэн шүдээ угаагаад зогсож байтал Б.Т гарч явахдаа хаалганы баруун талын хавтсыг баруун гараараа цохиж эвдэлсэн, би хойноос нь гараад “хаалга эвдээд гарчихлаа янзлаарай” гэж хэлтэл Б.Т “чи мангар бацаан минь, юу юм бэ?” гэж намайг заамдаж аваад мөргөсөн, зууралдаж байхдаа хөлөөрөө хавсарч газар тархиар унагаасан, намайг унасан хойно хэд хэдэн удаа миний дээрээс цохисон, буцаж босож ирсний дараа дахин хоёр дахь удаа тархиар газар савж унагаасан. Унаад миний гар сулрахад өчөөд нүүр болон гарлуу хэд хэдэн удаа цохисон. Босч ирээд миний нүүр лүү өшиглөснийхөө дараа хэд хэдэн удаа дэвссэн. Тэгээд би босч яваад ажилчдын өрөөнд ороход Улаанбаатар төмөр замын ажилчид сууж байсан, би нийллэг болж байгааг мэдээгүй. Хэргийн материалтай танилцах үед Б.Т намайг “пиздануудаа” гэж хэлсэн гэж мэдүүлсэн байсан. Би согтууруулах ундаа болон тамхи хэрэглэдэггүй, хараалын үг хэрэглэдэггүй. Гэрчийн мэдүүлэг дээр бид хоёрыг ноцолдож байх хооронд хаалганы хавтсыг янзалсан гэж мэдүүлсэн, бүх юм болоод дууссаны дараа шөнийн 2 цагт би өөрөө хаалганы хавтсыг янзлаад зургийг нь дарсан. Тухайн үйл явдал амралтын өрөөнд болсон, маргалдсаны дараа манай инженерүүд болон Улаанбаатар төмөр замын бусад инженерүүд бид хоёрыг салгасан.” гэв.

Хохирогч Э.Эрчист мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; ”... “...2020 оны 6 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 00 цагийн үед би ажлаа дуусчихаад ариун цэврийн өрөөнд шүдээ угаагаад гар утсаа оролдоод зогсож байтал Б.Т нэг найзтайгаа согтуу орж ирээд бие засчихаад гарахдаа надаас “Отгоо инженер хаана байна” гэж асуусан. Би “мэдэхгүй” гэж хариулахад “чи юугаа мэдэхэв дээ, Монголын төмөр замынх юм чинь” гэж хэлээд гараад явсан. Тэгээд гарахдаа хаалганы баруун талд гараа зангидаж байгаад хүчтэй цохиход хаалганы баруун талын хүрээ хугарч унасан. Би эрх, үүргийнхээ дагуу хойноос нь гараад “хөгшөөн чи хаалганы хажуу талыг нураагаад эвдчихлээ, ороод энийгээ янзлаарай” гэж хэлсэн. Тэгээд Б.Т эргэж хараад “чи мангар бацаан минь, асуудал байна уу” гэж хэлээд над руу дайрах үед цуг байсан залуу нь “би янзалчихья” гээд Б.Тийг тайвшир гэж хэлсэн. Тэгээд Б.Т намайг түлхээд ариун цэврийн өрөө рүү хоёр гараараа заамдаад түлхээд оруулсан, намайг заамдан хамрын ойролцоо толгойгооороо хүчтэй мөргөсөн, баруун гараа зангидаж байгаад миний нүүрний зүүн дээд хэсэг рүү 1-2 удаа цохихоор нь би тэвэрч авсан. Тэгээд баруун хөлөөрөө хөшин толгойны ар тал буюу дагз хэсгээр газар унагаасан. ...унагаачихаад цээжний зүүн дээд хэсэг рүү баруун, зүүн гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд би хүзүү хэсгээр нь тэврээд аль болох цохиулахгүйг хичээсэн …намайг дахин толгойны ар тал буюу дагз хэсгээр баруун хөлөөрөө дэгээдэн газар унагаасан. Тэгээд миний дээр дарж унаад миний баруун гарыг хөшиж бариад түлхэж босч ирээд миний нүүрний баруун дээд хэсэгт нүдний ойролцоо 5-6 удаа гараараа цохисон, босч ирээд миний хамарны ойролцоо баруун хөлөөрөө хүчтэй өшиглөөд, нүүрэн дээр 2-3 удаа баруун хөлөөрөө дэвссэн. 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед хагалгаанд ороод 15 цаг 10 минутанд гарч ирсэн. Миний хамрын мөгөөрсөн яснуудыг аваад оронд нь хиймэл яснууд суулгасан байгаа, нийт 1.931.000 төгрөг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-10, 48-49/, 

Гэрч Ж.Гантулга мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Б.Т бид хоёр бие засчихаад гар нүүрээ угаачихаад гарахдаа Б.Т хаалганы хавтас модыг мөрлөсөн, тэгтэл хавтас мод нь унаж чимээ гарсан...ариун цэврийн өрөөнд байсан залуу араас “хаана ирчихээд ингэж танхайраад байгаа юм” гэж хэлэхэд ...Б.Т “яасан” гэж хэлээд урдаас нь яваад очиход Б.Тийг зүүн гараараа нүүрнийх нь баруун дээд хэсэгт нүдний ойролцоо гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд би хаалганы модыг босгочихоод эргээд хартал Б.Т дээр нь гараад тэвэрчихсэн байсан. Тэгээд би нөгөө хоёрыг салгаад босготол нөгөө залуу нь гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-12/,

Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2020 оны 6 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 22 цагийн үед Зүүнбаян сумын цэргийн анги дотор Монголын төмөр замын байранд Монголын төмөр замын инженерүүд урьж дайлсан...ууж сууж байгаад Ж.Гантулга бид хоёр ариун цэврийн өрөө орсон...ариун цэврийн өрөөнд нэг залуу шүдээ угаагаад зогсож байсан...би гарахдаа баруун мөрөөрөө хаалганы хавтас модыг мөрлөөд гарсан...араас нэг залуу араас дуудаад “та нар хаана ирчихээд, яагаад байгаа юм бэ, пиздаануудаа” гэж хэлэхээр нь би эргэж очоод тулж зогсоод “яасан гэнээ хөгшөөн” гэж хэлтэл намайг заамдаад авахдаа миний хүзүүнд зүүдэг эрхийг таслан, миний нүүрний баруун дээд хэсэгт нүдний ойролцоо цохихоор нь баруун гараараа хүзүүгээр нь тэврээд доош дарж унагаад, сэгсрээд нэг удаа нүүр лүү нь цохисон. Ж.Гантулга ардаас салгаж автал нөгөө залуу ариун цэврийн өрөөнөөс гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-14, 31/,

Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 02/0149 дугаартай “...Э.Эрчистийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун, зүүн зовхины цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн зовхины цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлэийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,” гэсэн дүгнэлт /хх-21-22/,

Хохирогч Э.Эрчистээс Дорноговь аймаг Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-2/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-7, 75-79/, Э.Эрчистийн Амбулаториор эмчлүүлэгчийн карт /17-19/, олон зүслэгт компьютер томографийн шинжилгээ /хх-20/, гэм хорын хохиролд 1.931.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох баримтууд /хх-53-67/, өмгөөлөгч Ц.Энхбаяртай байгуулсан “Өмгөөлөх, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-68-70/, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан “Улаанбаатар хотод ЭМЖЖ Чих хамар, хоолойн эмнэлэгт хэвтэн хамрандаа мэс засал хийлгэж, 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар түр алдалттай байсан хугацааны цалингийн зөрүү 1.155.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 350.000 төгрөг нийт 1.505.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна” гэсэн хүсэлт, 1497768, 1465949 дугаартай эмнэлгийн хуудсууд, 

Шүүгдэгч Б.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгчийн гэм буруу, хохирол төлбөрийн талаар;

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 6 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Зүүнбаян сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн ажилчдын байранд Э.Эрчисттэй маргалдан түүний эрх чөлөөнд халдан зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь;

шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

хохирогч Э.Эрчистийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...Б.Т “чи мангар бацаан минь, юу юм бэ?” гэж намайг заамдаж аваад мөргөсөн, зууралдаж байхдаа хөлөөрөө хавсарч газар тархиар унагаасан, намайг унасан хойно хэд хэдэн удаа миний дээрээс цохисон, буцаж босож ирсний дараа дахин хоёр дахь удаа тархиар газар савж унагаасан. Унаад миний гар сулрахад өчөөд нүүр болон гарлуу хэд хэдэн удаа цохисон. Босч ирээд миний нүүр лүү өшиглөснийхөө дараа хэд хэдэн удаа дэвссэн.” гэсэн мэдүүлэг,

гэрч Ж.Гантулгын “...Б.Т дээр нь гараад тэвэрчихсэн байсан. Тэгээд би нөгөө хоёрыг салгаад босготол нөгөө залуу нь гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-12/,

Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 02/0149 дугаартай дүгнэлт /хх-21-22/,

хохирогч Э.Эрчистээс гаргасан; Дорноговь аймаг Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-2/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-7, 75-79/, Амбулаториор эмчлүүлэгчийн карт /17-19/, олон зүслэгт компьютер томографийн шинжилгээ /хх-20/, гэм хорын хохиролд 1.931.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох баримтууд /хх-53-67/, өмгөөлөгч Ц.Энхбаяртай байгуулсан “Өмгөөлөх, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” /хх-68-70/, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан “Улаанбаатар хотод ЭМЖЖ Чих хамар, хоолойн эмнэлэгт хэвтэн хамрандаа мэс засал хийлгэж, 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар түр алдалттай байсан хугацааны цалингийн зөрүү 1.155.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 350.000 төгрөг нийт 1.505.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна” гэсэн хүсэлт, 1497768, 1465949 дугаартай эмнэлгийн хуудсууд, зэрэг хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн салшгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Б.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь энэ хуульд заасан бүх шинжийг хангасан, хуулийн зүйл, хэсэг тохирсон, мөн шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй тул улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Хохирогч Э.Эрчист нь шүүгдэгч Б.Тт зодуулсны улмаас хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун, зүүн зовхины цус хуралт гэмтлүүд авч, мэс засал эмчилгээ хийлгэсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд эмчилгээний зардалтай холбоотойгоор 1.931.000 төгрөгийг нэхэмжилсэн байсан боловч шүүх хуралдааны өмнө 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдалттай байсан хугацааны цалингийн зөрүү 1.155.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 350.000 төгрөг нийт 1.505.000 төгрөгийг нэмж нийт 3.436.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хохирол төлбөрөөс төлөөгүй байна. 

Хохирогч Э.Эрчистийн ажиллаж буй албан газрын тодорхойлолт, цалин орлогын талаарх холбогдох баримтууд шүүхэд ирээгүй тул түүний 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдалттай байсан хугацааны цалингийн зөрүүг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, баримтаар тогтоогдсон 1.931.000 төгрөг дээр өмгөөлөгчийн хөлсөнд хангагдсан нэхэмжлэлийн 10 хувь буюу 193.100 төгрөг нэмж нийт 2.124.100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь өмгөөлөгч Ц.Энхбаяртай “Өмгөөлөх, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан /хх-68-70/ байх бөгөөд өмгөөлөгч Ц.Энхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт “хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10 хувь, ирсэн явсан зардал зэргийг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэх бөгөөд түүний ирсэн, явсан талаарх замын зардал нь баримтаар нотлогдохгүй, үнийн дүн тодорхойгүй байна.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүхээс шүүгдэгч Б.Тийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хэрэгт татагдсан болох нь хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд байх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон тул үүнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, энэ хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Шонхор овогт Баатарсүхийн Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг  дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Төөс 2.124.100 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Эрчистэд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлын талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэмт буруутай этгээдээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болох хүртэл шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХТУНГАЛАГ