Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

 

 

      2020      08            12                                        2020/ШЦТ/89

 

                                        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Г.Энэрэл,

хохирогч М.Б,

     шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

     Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Хд холбогдох эрүүгийн 2019000000105 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

  Г.Х

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Зүүнбаян хүүхдийн цэцэрлэгийн орчим гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч М.Бийн толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, өшиглөн, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн орчимд эхнэрээ хайж ажил руу нь очсон. Өөдөөс гараад ирэхээр нь үг дуугүй шууд хоёр нүднийх нь дунд баруун гараа атгаж байгаад цохисон чинь уначихсан. Хэрэлдээд байж байтал А ах гарч ирээд салгасан, Т эгч ирээд “эхнэрээ зодож болохгүй” гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан.” гэв.

          Хохирогч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2020 оны 6 дугаар сарын 15-ны шөнө 22 цагийн орчимд манай том охин Ц, дунд охин Ж нар гадаа тоглож байгаад олдохгүй байхаар нь хайгаад ажил руугаа орчихоод гарч явтал цэцэрлэгийн төв хаалгаар манай нөхөр нилээн согтсон байдалтай өөдөөс гараад ирэхээр нь айсандаа буцаад зугтаатал ар дагзруу цохиод унагаачихсан. Би зугтаах гээд арагшаа харчихсан байсан учраас яг яаж цохисныг нь мэдэхгүй, өшиглөсөн, дээрээс 2-3 удаа дэвссэн. Би хоёр гараараа нүүрээ хамгаалаад манаач Н.Ат “Намайг аллаа, авраач” гэж хэлтэл гарч ирээд болиулах гэсэн боловч манай нөхөр үгэнд нь орохгүй байсан. Ертөнцийн зүгээс зүүн талаас Тунгалагтамир эгч бэртэйгээ хамт гүйж ирж дундуур орж салгаад, бэр нь намайг тайвшруулж цэцэрлэгийн урд талд аваачиж суулгасан би “цагдаа дуудаад өг” гэж гуйснаар цагдаа дуудсан. Дуудлагаар ирсэн цагдаа Амар намайг эмнэлэгт үзүүлсэн, манай нөхөр архи уусан үедээ хардаад, муухай зан авир гаргадаг учраас би айсандаа зугтаж яваад, эрүүл болсон хойно нь эргэж ирдэг. Би зүрх муутай бас манай хоёр охин аавыгаа согтуу үед “өөр тийшээ явья” гэж гуйгаад байдаг. Хүмүүс машинаа янзлуулахаараа архи өгчихдөг, архи уучихаад хэрүүл хийгээд, миний үгэнд орохгүй байсан учраас би явчихсан. Гомдол гаргаснаас хойш дахин архи уугаагүй, надаас уучлалт гуйсан, одоо бид хамтран амьдарч байгаа.” гэв.

          Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “... Г.Х согтуу өөдөөс гарч ирээд миний толгойны ард тал буюу дагз хэсэг рүү баруун хөлөөрөө хүчтэй нэг удаа газар унатал өшиглөсөн. Намайг газар хэвтэж байхад толгой дээрээс 3-4 удаа дэвсэлсэн. Миний толгойны ар тал буюу дагз хэсгийн үснээс чирсэн. Цэцэрлэгийн манаач Н.Ааас “авраач, салгаад өгөөч” гэж гуйхад бид хоёрыг салгаж чадаагүй. Би 12 жил Г.Хтай хамтран амьдарч байна, архи уухаараа намайг зоддог...7 хоногийн 5 өдөр нь архи уудаг. Архи уухаараа зан характер нь өөрчлөгдөж намайг элдвээр харааж янз бүрээр хэлж, хүн болгонтой хардаж зоддог.” гэсэн мэдүүлэг /хх-16, 42-43, 45-46/,

          Г.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Би шууд баруун гараа зангидаж байгаад хоёр нүдний дунд нэг удаа цохитол газар унасан. М.Б бид хоёр муудаад байж байтал А ах цэцэрлэг дотроос гарч ирээд намайг тэврээд салгасан, би баруун хөлөөрөө 2-3 удаа өшиглөх оролдлого гаргасан, онож өшиглөсөн эсэхээ мэдэхгүй байна...Миний зодох болсон шалтгаан гэвэл гэртээ 2-3 хоног ирж хоноогүй, бас архи уугаад байхаар нь зодсон. Би өөрийн эхнэр М.Бийг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна, өмнө би эхнэр М.Бийн биед нь хүрч хохирол учруулж байсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хх-23, 38/,

Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...1 дүгээр 58 айлын гадаа хадам ээж Тунгалагтамиртай сууж байхад цэцэрлэгийн гадаа эмэгтэй хүн орилсон. Хадам ээжтэйгээ очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн муудалцаж байсан. Тэгээд бид хоёрыг очиход нэг эрэгтэй хүн цэцэрлэгийн зүүн хаалганы довжоон дээр сууж байсан, эмэгтэй нь өөдөөс нь хараад зогсож байсан. Эрэгтэй нь “чи гэртээ ирж хонодоггүй, архи уугаад явдаг биз дээ” гэж хэлж байсан. Харин эмэгтэй нь “чи намайг байнга зоддог биз дээ” гэж хэрэлдэж байсан. Тэгээд тэр эгч урагшаа явахаар нь би араас нь очтол уйлаад “цагдаа дуудаад өг” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-19/,

Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...гадаа түжигнэлдээд эмэгтэй хүн орилохоор нь би гарч очтол М.Б газар хэвтчихсэн, Г.Х хажууд нь зогсож байсан. Би очоод Г.Хг “боль, чи эхнэрээ зодож яаж байгаа юм бэ” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-21/,

Хохирогч М.Бийн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-2/, Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-4-11/, Хамтарсан багийн дүгнэлт /хх-12/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 02/0145 дугаартай “...М.Бийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, дагзны баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-26/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/,

Хохирогч М.Б, шүүгдэгч Г.Х нараас Дорноговь аймгийн Прокурорын газарт хандах гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлтүүд /хх-63-64/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн гэм буруу, хохирол төлбөрийн талаар;

Шүүгдэгч Г.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Зүүнбаян хүүхдийн цэцэрлэгийн орчим гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч М.Бийн толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, өшиглөн, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь;

шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Бийн “...Г.Х согтуу өөдөөс гарч ирээд миний толгойны ард тал буюу дагз хэсэг рүү баруун хөлөөрөө хүчтэй нэг удаа газар унатал өшиглөсөн. Намайг газар хэвтэж байхад толгой дээрээс 3-4 удаа дэвсэлсэн. Миний толгойны ар тал буюу дагз хэсгийн үснээс чирсэн” гэсэн мэдүүлэг /хх-16, 42-43, 45-46/, гэрч Э.Эын “...эрэгтэй, эмэгтэй хоёр хүн муудалцаж байсан. Тэгээд бид хоёрыг очиход нэг эрэгтэй хүн цэцэрлэгийн зүүн хаалганы довжоон дээр сууж байсан, эмэгтэй нь өөдөөс нь хараад зогсож байсан. Эрэгтэй нь “чи гэртээ ирж хонодоггүй, архи уугаад явдаг биз дээ” гэж хэлж байсан. Харин эмэгтэй нь “чи намайг байнга зоддог биз дээ” гэж хэрэлдэж байсан. Тэгээд тэр эгч урагшаа явахаар нь би араас нь очтол уйлаад “цагдаа дуудаад өг” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-19/, гэрч Н.Аын “...гадаа түжигнэлдээд эмэгтэй хүн орилохоор нь би гарч очтол М.Б газар хэвтчихсэн, Г.Х хажууд нь зогсож байсан. Би очоод Г.Хг “боль, чи эхнэрээ зодож яаж байгаа юм бэ” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-21/, хохирогч М.Бийн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-2/, Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-4-11/, Хамтарсан багийн дүгнэлт /хх-12/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 02/0145 дугаартай гэсэн дүгнэлт /хх-26/, баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Хг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд “Миний бие нөхөр Г.Хг уучилсан, цаашид гомдол гаргах нэхэмжлэх зүйл байхгүй, эв зүйгээ олж, нэг гэрт хамтран амьдарч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Хд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Хгийн орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүгдэгч нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Г.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Хг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Хд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХТУНГАЛАГ