Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           09           09                                    2020/ШЦТ/94

                                 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Г.Энэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Бт холбогдох эрүүгийн 2019001760108 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Ч.Б

   Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Бурхант” гэх газар хохирогч Г.Мг оюуны хүнд хомсдол өвчтэй, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, “хашаанд үхэр оруулсан” гэх шалтгаанаар түлхэж унагаан, нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ногооны талбай усалж байтал хоёр үхэр яваад орчихоор нь манай хоёр хүүхэд тууж гаргаад хашааны хаалгаа хаачихсан. Дахиад хартал Г.М хоёр үхрийг дахиад туугаад оруулчихсан “чамайг хорлож байгаа юм” гээд хашааны хаалга хаагаад зогсож байсан. Тэгэхээр нь би бачимдаад түлхсэн. Миний хийсэн хөдөлмөрийг хорлоогүй бол би түүнийг цохихгүй байсан. Хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн хүний хөдөлмөрийг ингэж хорлож болохгүй, би арга ядсандаа түлхсэн, гараараа завжийг нь цоолсон, би өөрөө сайн дураараа хэсгийн байцаагчид мэдүүлэг өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, үнэн зөвөөр шүүж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Гэртээ байж байтал гэнэт муухай орилоод байх дуу сонсогдохоор нь зээ охиноо гүйлгэтэл эгчийгээ дагуулаад ороод ирсэн. Г.М орилоод, завжаар нь цус гарчихсан уйлаад орж ирээд “хашаанд нь үхэр оруултал намайг зодчихлоо” гэж хэлсэн. Дагуулж очоод Ч.Бс асуухад “Хашаанд үхэр оруулчихаад гаргахгүй байхаар нь цохисон, ганц цохиурын ая даахгүй пизда чинь” гэж хэлсэн...Бид охиноосоо асуухад цохиулаад арагшаа унасан гэж хэлсэн. Надад тухайн үед авсан зураг байгаа, завж нь шүдэндээ цохигдож цоорч, 3-4 хоног шанаа нь хавдаад ам нь нээгдэхгүй байсан тул бид элэгний нухаш, тараг өгч өл залгуулсан. Сэтгэцийн өвчтэй учраас хоол идэж чадахгүй өлсөхөөрөө орилж хашгичаад шөнө нойргүйтээд байсан учраас бид сахиж хонож байсан. Г.М аливаа юмыг маш их уурлаж цочирдож хүлээж авдаг учраас “үхэр орууллаа” гэж хэлэхэд нь уурласан байх. Хашаанд нь үхэр оруулаад ногоог нь идүүлбэл хохирно гэдэг ойлголт Г.Мд байхгүй. Би Мг эмчилгээнд 4 хоног авч явж байж хавдар нь буусан. Бие султай учраас бие нь улам муудаад, өлдөөд хэцүүдсэн. Ч.Б бидэнтэй муудах болгондоо манай гэрт ирдэг байсан. Нэг удаа манай нөхөртэй муудалцаад манайд төмөр шилбүүр барьж ирээд “үзэх үү” гээд заналхийлсэн...Би хуулиар болон гэрээгээр хүүхдээ хамгаалах үүрэг хүлээсэн, түүнээс биш гэрт нь хорь, хөдөлгөөнийг нь хязгаарла гэсэн юм байхгүй, харин ч байнга нийгмийн харилцаанд оролцуулах ёстой...Бид Мг хэрэг хүлээх чадваргүй гэж хэлсэн болохоос хууль үйлчилдэггүй гэж хэлээгүй. Ч.Б манай нөхөр бид хоёртой хэд хэдэн удаа ам зөрөхдөө бид нарыг цохиж аваагүй байж Г.Мг цохисонд гомдолтой байна. Дараа нь очоод “чи хүний нүүр амыг ийм болтол нь цохичихсон байна” гэхэд “Өө доороос нь орчихож” гээд тавлаад байсан.” гэв.

Насанд хүрээгүй гэрч О.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед Ч.Б ахын хүүхдийнх нь хүүхэд манай гэрт орж ирээд, “Г.М эгчийг ирж аваарай” гэсэн. Тэгээд би хашаанд нь яваад очиход Г.М эгч уйлаад, амнаас нь цус гарсан байдалтай зогсож байсан. Би юу болсон талаар асуухад, “чи наад эгчийгээ аваад яв, бид нарыг усанд явуулахгүй байна, бид нарыг сумын төв яваад ирэхэд хоёр үхэр оруулсан” гэж уурлаад цохисон байсан. Тэгээд болоогүй “сүртэй пизда чинь нэг шанаа даахгүй” гээд хэлээд байж байтал цаанаас нь эхнэр нь болох Соёлоо эгч гарч ирээд, “та нар наад эгчийгээ авч байгаач, дандаа хэрүүл гуйж явж байх юм” гээд уурласан.” гэсэн мэдүүлэг /хх-3/,

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн орчим “Бурхант” гэх газарт хөгжлийн бэрхшээлтэй манай охин Г.Мг Я.Б гэх хөрш айлын хүн зодож, биед нь гэмтэл учруулсан хэрэг болсон байсныг би мэдээд цагдаад хандсан...миний зээ охин Мийн ярьснаар Ч.Б ахын хүүхдийнх нь хүүхэд манай гэрт орж ирээд “Г.М эгч ээ ирж аваарай” гэсэн тэгээд манай зээ охиныг хашаан дээр нь яваад очиход Г.М эгч нь уйлаад зогсож байсан...тэгээд болоогүй “сүртэй пизда чинь нэг шанаа даахгүй” гээд хэлээд байж байтал цаанаас нь эхнэр нь болох Соёлоо гарч ирээд, “та нар наад эгчийгээ авч байгаач, дандаа хэрүүл гуйж явж байх юм” гээд уурласан. Тэгээд зээ охин эгчийгээ дагуулаад гэрлүүгээ харьсан гэж надад ярьсан. Г.М зодуулснаасаа болоод 2, 3 хоног хоол идэж чадахгүй, сэтгэл нь хямарснаас болоод шөнө унтаж чадахгүй, нойрны болон өвчин намдаах эм уулгаж байгаа... Нийт зардал маань 400.000 төгрөг орчим болсон. Иймд бид гаргасан зардлаа нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-6, 29-30/,

Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Хүнсний ногооны талбай дээрээ ногоо услаад байж байтал Г.М гэх группт байдаг эмэгтэй манай гэрээр ороод гарсан байсан. Тэгээд байж байтал манай ногооны талбай руу хоёр тооны үхэр ороод ирсэн, би өөрийн охины хүүхэд болох ачдаа хэлээд ногооны талбайгаас тууж гаргуулсан. Тэгтэл Г.М гэх эмэгтэй манай ачийг хөөж эмээгийнх нь хажууд барьж аваад гарнаас нь чимхэж уйлуулсан, манай гэрийн хүн болох Сай хэрэлдээд байсан...би очоод хоёр үхрийг нь тууж гаргачихаад, “чи яагаад манай ногооны талбай руу үхэр оруулаад байгаа юм бэ” гэхэд, “яадаг юм, би албаар оруулж идүүлж байна, хоролж байна, идүүлнэ” гээд байсан. Би уурлаад зүүн талын шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон, удаа түлхэж унагасан. Би Г.М гэх хүний биед хүрч цохисон нь үнэн, би хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн.” гэсэн мэдүүлэг /хх-7, 39-40/,

Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ; “...Ногооны талбай руу манай хөрш айл болох Гансүхийн охин М үхэр туугаад оруулсан. Би зээ хүүгийнхээ хамт гаргаад хаалгаа хаачихаад хувцсаа угаах гэтэл “үхрийг минь хөөж гаргалаа” гээд эд юм авч шидээд манай зээ хүүг чимхэж уйлуулсан...Эргээд ирэхэд манай нөхөр Г.М нар хоорондоо муудалцсан байсан. Тэгэхээр нь би “ээж, аав хоёр руу нь хүүхэд явуул” гэж дуудуулсан. Ер нь Г.Мийн хажууд байх их хэцүү байдаг.” гэсэн мэдүүлэг /хх-14/,

Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ; “...Би Гийн Мг танина. Манай ажлын сэтгэцийн эмчийн хяналтанд, группт байдаг. Г.Мийн сэтгэцийн өвчин нь хүнд өвчин болохоор өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй тул байнга ар гэрийнхэн болон эмчийн хяналтад байлгах шаардлагатай.” гэсэн мэдүүлэг /хх-47/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 02/0153 дугаар, шинжээч эмч Э.Аын “...Г.Мн биед зүүн шанаа, хацар, эрүүний зүүн доод хэсгийг хамарсан цус хуралт, нурууны цус хуралт, нурууны зулгаралт, тархи доргилт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-9/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батгэрэлээс Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-2/,  

Хүний их эмч, Гын тодорхойлолт /хх-10/,

Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллого /хх-19-26/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27/,

Шүүгдэгч Ч.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-53-65/,  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Бурхант” гэх газар хохирогч Г.Мг оюуны хүнд хомсдол өвчтэй, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, “хашаанд үхэр оруулсан” гэх шалтгаанаар түлхэж унагаан, нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь;

шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

насанд хүрээгүй гэрч О.Мийн “...би хашаанд нь яваад очиход Г.М эгч уйлаад, амнаас нь цус гарсан байдалтай зогсож байсан. Би юу болсон талаар асуухад, “чи наад эгчийгээ аваад яв, бид нарыг усанд явуулахгүй байна, бид нарыг сумын төв яваад ирэхэд хоёр үхэр оруулсан” гэж уурлаад цохисон байсан.” гэсэн,

хохирогч Б.Бийн “..Г.М зодуулснаасаа болоод 2, 3 хоног хоол идэж чадахгүй, сэтгэл нь хямарснаас болоод шөнө унтаж чадахгүй, нойрны болон өвчин намдаах эм уулгаж байгаа.” гэсэн,

гэрч Д.Сийн “...манай нөхөр Г.М нар хоорондоо муудалцсан байсан.” гэсэн,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 02/0153 дугаартай, шинжээч эмч Э.Анхбаярын дүгнэлт, болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бээс Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч Ч.Б нь хохирогчийг оюуны хүнд хомсдол өвчтэй, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, түлхэж унагаасан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай бөгөөд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж дүгнэв.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт болон хуулийн зүйл, хэсгийн талаар маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн “баримтаар нотлогдсон хохирлыг төлнө” гэдгээ илэрхийлсэн болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б “шүүгдэгч Ч.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Мд 400.000 төгрөгийн хохирол учирсан, учирсан хохирлоо гаргуулна” гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар;

          Шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.Бт хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурьдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

         

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цоохорнууд овогт Чулууны Батсуурийг “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Брийг 240 /Хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан 240 /Хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Ч.Бийг оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний болон бусад зардлын талаарх холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Ч.Биас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХТУНГАЛАГ