| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2020/0067/э |
| Дугаар | 96 |
| Огноо | 2020-09-10 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 96
2020 09 10 2020/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
улсын яллагч Г.Энэрэл,
хохирогч М.Н,
шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Нт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1919003950071 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Г.Н
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 10 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 487 тоотод байх М.Нийн монгол гэрт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, тог, цахилгааныг дур мэдэн залгаж дураараа авирласны улмаас хохирогч М.Нйн монгол гэр шатаж, 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлсэн. Баруун талын гэрийн хаалга сийгээд шөнөдөө хүйтэн байсан учраас түр зуур М.Нийн гэрт хоносон, эхлээд эмээгээс асуухад зөвшөөрсөн мөртлөө дараа нь цагдаад мэдүүлэг өгөхдөө зөвшөөрөөгүй гэж мэдүүлсэн. Гадаа тогны дөрвөлжин унтраалга байсан, тэрийг баруун тийшээ дараад унтраачихсан байхаар нь зүүн тийш нь дараад асаасан. Тог залгасныхаа дараа утас, хөргөгч ажиллуулсан. 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээс гарахдаа хөргөгч залгаатай орхисон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Би 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Мааньзавт байдаг Т гэдэг хүний хашаанд гэрээ барьсан. Тэр үед би жирэмсэн байсан учраас 10 дугаар сарын 04-ний өдөр байр түрээслэхээр болоод Төмөрбат гуайд хэлээд, гэрээсээ хэрэгтэй юмнуудаа аваад явсан. 10 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр ажлаасаа ирээд гадаа байдаг унтраалгаа унтрааж тог салгаад, өөрийнхөө үлдээсэн бичиг баримтууд болон өвлийн хувцсаа аваад явсан. Би 10 дугаар сарын 18-нд гэрээ шалгаад хашааны завсраар харахад манай гэрийн хаалга цоожтой, өрх бүтээсэн хэвээрээ байсан. 10 дугаар сарын 21-ний орой 21 цаг өнгөрч байхад над руу Н залгаад “Би эмээгийн охин байна, танай хажуу гэрийг манай найз худалдаж авч байгаа, тогоо залгуулмаар байна, тогны мөнгө 14.000 төгрөг гарсан байна, мөнгөө төл” гэж хэлэхээр нь би “маргааш төлчихөөд хэлье” гэсэн. Маргааш нь дахиж холбогдоогүй, 10 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчимд Төмөрбат над руу гуай яриад “танай гэрт юм хийж болох уу” гэхээр нь “нөхрөөсөө асуугаад хэлье” гэсэн. Мөн би “танай охин гээд хүн залгасан” гэж хэлэхэд “аан тийм үү” гээд утсаа салгасан. Тухайн үед миний утасны цэнэг дуусч унтраад, 10-20 минутын дараа асаахад Төмөрбат гуайгаас “Манай хашаанд гэр шатсан дуудлага гарсан, танай гэр шатаад байгаа юм биш үү” гэсэн зурвас ирсэн байсан. Би нөхөртэйгээ 6 цагт очоод үзэхэд манай гэр шатаад дуусчихсан байсан. Давж заалдах шатны шүүх хуралдааны дараа Г.Н төлбөрөө хувааж төлье гэхээр нь зөвшөөрсөн боловч одоо хүртэл огт мөнгө өгөөгүй, утас нь холбогдоогүй. Өчигдөр надтай гудамжинд тааралдаад “гэр өгье” гэхээр нь “шүүх хурал дээр ярилцья” гэсэн. Манай гэр давхар туургатай, шалтай гэр учраас би 1.410.000 төгрөгөө авмаар байна.” гэв.
Хохирогч М.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би гэрээ шалгаж үзэхээр Мааньзавын хашаанд очиход...манай гэрийн хаалга цоожтой, өрх нь бүтээлттэй байсан...10 дугаар сарын 23-ны...16 цагийн үед над руу хашааны эзэн Төмөрбат гуай “манай хашаанд гал гарсан, дуудлага ирсэн байна, утсаа ав” гэсэн мессеж бичсэн байсан, тэгээд хашаанд очиход гэр шатчихсан байсан...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Төмөрбатын охин байна” гэж Г.Н надтай яриад “тог залгуулах гэсэн юм, тогныхоо мөнгийг хийгээч ээ, манай найз танай хажуу талын гэрийг авах гэж байгаа юм” гэж ярьсан...Г.Н гэх хүн надаас зөвшөөрөл аваагүй.” гэсэн мэдүүлэг /хх-15-16, 38-39/,
Г.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр худалдаж авах гэж байсан гэрийнхээ зүүн талын гэрт ганцаараа хоносон...би зүүн талын гэр лүү тогны утсыг хаяагаар оруулсан. Хаяагаар оруулж хөргөгчийг тогонд залгаж ажиллуулсан ба хөргөгч ажиллаж байсан. Тэр тогны утас тоггүй, тогийг нь салгачихсан байсан ба би Мөнхөө ах руу утсаар асууж, тогны утсыг өөрөө залгасан ...М.Нийн гэрт амьдарч байхдаа тог хэрэглэж байсан. 10 дугаар сарын 23-ны өглөө 8.10 цагт гэрээсээ гарахдаа хөргөгчөө залгаж үлдээсэн ба тогтой байсан. Би М.Ням-Өлзийтэй худал утсаар ярьж, хууль бусаар М.Нийн гэрт 3 хоног амьдарсан. Учруулсан хохирлоо төлж барагдуулна.” /хх-13-14, 43-44, 73-74/,
Гэрч Т.Нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “... 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед эмээ Р.Тын хамт хашаанд байдаг контейнероос өвлийн хувцсаа авах гээд очиход манай хашаанд манай гэрийн зүүн талд байсан гэрийн хаалга нь онгорхой, хаалганы цүү нь цоожтойгоо хамт сугарчихсан гэрийн үүдэнд газар байсан. Гэр дотор Г.Н ганцаараа байсан.” гэсэн мэдүүлэг /19-20/,
Гэрч Р.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 16 цаг өнгөрч байхад хашаандаа очиход манай гэрийг худалдаж авах нөгөө хүүхэн багш М.Нйн гэрт орчихсон, гэр орныг нь цэвэрлэчихсэн, өөрийнхөө гэрт байгаа юм шиг байж байсан...10 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 28 минутанд 3 дугаар багаас нэг эмэгтэй хүн яриад “улаан контейнертэй айл мөн үү, гэр чинь шатаад байна” гэж хэлсэн...М.Нийн гэр шатсан байсан...10 дугаар сарын 22-ны өдөр 16 цаг өнгөрөөд очиход миний зарах гэж байсан гэрийг авах гэж байсан хүүхэн гэр лүү тог оруулаад хөргөгч залгачихсан сууж байсан. Тэр хүүхэн ярихдаа “манай ах ирээд тог залгаж өгсөн” гэж ярьж байсан ...М.Нийн гэрийн хаалганы цоожны цүү нь хаалганы модноосоо сугарч, цүүтэйгээ газар хэвтэж байсан. Тэгээд М.Нийн гэрт ороод сууж байхад Г.Н ганцаараа гаднаас орж ирсэн. Тэгээд би “энэ гэрийн хаалга яагаад онгорхой байгаа юм бэ” гэж асуухад Г.Н “мэдэхгүй” гэж хэлсэн. Би Г.Нийг М.Нийн гэрт оруулаагүй...“яагаад гэр онгорхой байгаа юм бэ” гэж асуухад “би Ням-Өлзий гэдэг хүнрүү яриад хонож болох талаар асуухад зөвшөөрсөн” гэж хэлсэн...Сүүлд Нөөс сонсоход “эмээгийн охин байгаа юм, танай гэрт ороод хоноё” гэхэд нь “би зөвшөөрсөн” гэж надад хэлсэн...Тухайн өдөр манай гэрт тогны утас оруулж ирсэн байсан. Нээс “хэн утас оруулж ирсэн юм бэ” гэж хэлэхэд “манай ах Мөнхөө гэх хүн оруулж ирсэн” гэсэн. Би юу боллоо гэж хүний гэрт өөр хүнийг оруулах талаар зөвшөөрөл өгөх вэ дээ.” гэсэн мэдүүлэг /хх-9-10, 17-18, 29-30, 78/,
Гэрч Б М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Би 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Мааньзавт айлын хашаанд барьсан гэртээ орж өвлийн хувцас, бичиг баримтаа аваад гарахдаа тогоо үзэхэд манай гэр тогтой байсан ба гэрийн урд талд хашаан дотор байх гэрийнхээ 16-тай автоматыг буулгаж тоггүй болгочихоод хашааны хаалгыг хаачихаад явсан...Манай гэр нь 5 ханатай, давхар бүрээстэй, шалтай ба гал тогооны угсраа тавилга, 1 суурин “Dell” компьютер, газан плитка, шалны хулдаас, гэрийн хөшиг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-11/,
Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын 5 дугаартай “...Г.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй, болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай бөгөөд урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байсан болно. Г.Н нь хэрэг хариуцах чадвартай.” гэсэн дүгнэлт /хх 41-42/,
Тус аймгийн Онцгой байдлын газрын шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай “...Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл болон гал түймрийн шаталтын хурд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргээс нэгтгэн үзэхэд шатах материал цахилгааны улмаас гал түймэр гарсан байх магадлалтай байна. Цахилгааны аюулгүй байдал хангаагүйгээс гал гарахад хүргэсэн байх магадлалтай.” гэсэн дүгнэлт /хх 24-25/,
Гомдол, мэдээллийг хүлээн авсан бүртгэл /хх-3/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-8/,
Хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн 433 дугаартай дүгнэлт /хх-55/,
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 435 дугаартай “...Г.Н нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Н нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн баримт үгүй, хэрэг хариуцах чадвартай.” гэсэн дүгнэлт /хх-61-63/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-94/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-96/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 487 тоотод байх М.Нийн монгол гэрт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр амьдарч, тог, цахилгааныг дур мэдэн залгаж дураараа авирласны улмаас хохирогч М.Нийн монгол гэр шатаж, 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;
шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
хохирогч М.Нийн “...би жирэмсэн байсан учраас 10 дугаар сарын 04-ний өдөр байр түрээслэхээр болоод Р.Т гуайд хэлээд, гэрээсээ хэрэгтэй юмнуудаа аваад явсан. 10 дугаар сарын 18-нд гэрээ шалгаад хашааны завсраар харахад манай гэрийн хаалга цоожтой, өрх бүтээсэн хэвээрээ байсан...миний утасны цэнэг дуусч унтраад, 10-20 минутын дараа асаахад Р.Т гуайгаас “Манай хашаанд гэр шатсан дуудлага гарсан, танай гэр шатаад байгаа юм биш үү” гэсэн зурвас ирсэн байсан...Манай гэр давхар туургатай, шалтай гэр учраас би 1.410.000 төгрөгөө авмаар байна.” гэсэн,
гэрч Р.Тын “...10 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 28 минутанд 3 дугаар багаас нэг эмэгтэй хүн яриад “улаан контейнертэй айл мөн үү, гэр чинь шатаад байна” гэж хэлсэн...М.Нийн гэр шатсан байсан...10 дугаар сарын 22-ны өдөр 16 цаг өнгөрөөд очиход миний зарах гэж байсан гэрийг авах гэж байсан хүүхэн гэр лүү тог оруулаад хөргөгч залгачихсан сууж байсан.” гэсэн,
гэрч Б Мийн “...Би 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Мааньзавт айлын хашаанд барьсан гэртээ орж өвлийн хувцас, бичиг баримтаа аваад гарахдаа ...16-тай автоматыг буулгаж тоггүй болгочихоод хашааны хаалгыг хаачихаад явсан.” гэсэн мэдүүлгүүд, болон
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт,
Гомдол, мэдээллийг хүлээн авсан бүртгэл,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн 433 дугаар үнэлгээ, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдлоо.
Шүүгдэгч Г.Н нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 487 тоот хашаанд барьсан байсан хохирогч М.Ням-Өлзийгийн Монгол гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч 2 хоног амьдарсан, улмаар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 8.10 цагт гэрээс гарахдаа хөргөгчийг тогонд залгаж үлдээсний улмаас хохирогчийн Монгол гэр шатсан үйлдлийг хохирогчийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Хүний орон байр халдашгүй байх эрх чөлөөг Монгол Улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэний ч...орон байранд нь хууль бусаар халдахыг хориглоно” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “Иргэний...орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Н энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай бөгөөд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж дүгнэв.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрч орсон хэргийн үйл баримт болон хуулийн зүйл, хэсгийн талаар маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч Г.Нийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Нд 1.410.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хохирол төлбөрөөс төлөөгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед “1.410.000 төгрөгийг төлөхийг төлнө” гэдгээ илэрхийлсэн болно.
Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Нээс 1.410.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Нд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүхээс шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “тус зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хамгийн бага хугацаагаар оногдуулах” саналыг тус тус гаргасан ба шүүх шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нт хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд шүүгдэгчийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Нийг “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийг 240 /Хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан 240 /Хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Г.Нт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Нээс 1.410.000 /Нэг сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч М.Нд олгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ