| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/0332/и |
| Дугаар | 00332 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 00332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1956 онд төрсөн, 61 настай, эрэгтэй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүдийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг Хөнжил гэх газарт оршин суух “Ач хариад” овогт Долгоржавын Норовбанжил /РЕ-56060975/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.Норовбанжил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Норовбанжил шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Хөвсгөл аймгийн Жаргалант суманд мал маллаж байгаад сумын төв орж Хөдөө аж ахуйн банканд 1991 оноос 1996 оны 6 дугаар сарыг хүртэл манаачаар ажиллаж байсан юм. Одоо банканд ажиллаж байсан жилээ тогтоолгох гэж шүүхэд хандаж байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Хөдөө аж ахуйн банк”-ны 44 дүгээр тооцооны төвд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 18-ныг хүртэл манаачаар ажиллаж байсныг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Норовбанжил нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Монголын Хөдөө аж ахуйн банкны Хөвсгөл аймаг дахь 44 дүгээр тооцооны төвд /хуучнаар/ 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 18-ныг хүртэл манаачаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн цалин хөлсний архивын лавлагаа, 70 дугаар дансны хуулбар,
Нэхэмжлэгч Долгоржавын Норовбанжилд нээж олгосон №179731 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,
Монголын Хөдөө Аж Ахуйн банкны Хөвсгөл аймаг дахь 44-р тооцооны төвийн эрхлэгчийн 1996 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай “....1996 оны 03 дугаар сарын 18-наас халах...манаачаар ажиллаж байгаад халагдсан...Д.Норовбанжил нартай цалин хөлс, тэтгэмжийн тооцоог хийж дуусгахыг Ня-бо Ж.Энх-Амгаланд зөвшөөрсүгэй....” гэх тушаалын хуулбар,
Гэрч Ж.Энх-Амгалангийн: “....Д.Норовбанжил нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөдөө аж ахуйн банкны 44 дүгээр тооцооны төвд 1991 оны 2 дугаар сараас 1996 оны 6 дугаар сарыг дуустал манаачаар ажиллаж байсан....” гэх мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Д.Норовбанжилийн ажиллаж байсан талаарх лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10/92 дугаартай “....Д.Норовванжилийг томилсон тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч Д.Норовбанжилийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Ач хариад” овогт Долгоржавын Норовбанжил /РЕ-56060975/-г Монголын Хөдөө аж ахуйн банкны Хөвсгөл аймаг дахь 44 дүгээр тооцооны төвд /хуучнаар/ 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 18-ныг хүртэл манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Норовбанжилийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ