| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2020/0105/э |
| Дугаар | 100 |
| Огноо | 2020-09-23 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 100
2020 09 23 2020/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,
иргэдийн төлөөлөгч Д.Энхбаатар,
хохирогч О.Н,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт М Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019001070104 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Д.М
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Д.М нь архидан согтуурсан үедээ Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр О.Н-тай маргалдаж, улмаар түүний цээжин тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий, цээжний хөндийд нэвтэрч, элэг өрцийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дарамрагчаа “эхнэрээ авч ирнэ” гээд аймаг яваад ирэхдээ 3 шил 0.75л “Соёрхол”, 2 шил 0.75л “Хараа” нийт 5 шил архи шөнийн 2-3 цагийн үед авч ирсэн. Тэрийг нь бид алтнаас хойшоо гарч уусан. Н, Д нар маргалдаад байсан, тэгээд С, Н, түүний эхнэр, мөн У бид хэд миний машинд орж суусан. Гэтэл Д эхнэрээ “архи уулаа” гээд загнасан, цохисон эсэхийг мэдэхгүй байна, ямар ч гэсэн эхнэр нь уйлаад цүнхтэй хувцсаа аваад явчихсан. Би араас нь машинаараа явж үүрээр гэрэл тусгаж олж суулгаад “Хаа байсан тэндээс энэ хүртэл ирчихээд юундаа маргалддаг юм” гэж хэлээд байж байсан. Тэгээд бид дөрөв шил архиа уугаад үүр цайх үеэр хөдөлж өөр газар очсон. Үлдсэн нэг шил архиа худгаас км гаруй зайтай газарт очиж ууж дуусгасан. Н, Д нар намайг зодоод, Д-гийн эхнэр нь “Та хоёр нийлж хүн аллаа шүү дээ” гэж орилоод байсныг би санаж байна. Улаанаа гэдэг залуугийн талаар “битгий хэлээрэй” гэсэн учраас би тэр үедээ хэлээгүй, тэгээд тэр Улаанаа зугтаагаад явчихсан.” гэв.
Хохирогч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “А, Н хоёрыг аваад ир” гээд Дг Сайншанд явуулсан захисан 2-3 шил архийг аваад А, Нг нарыг аваад ирсэн. 26-ны өглөө бид нар архиа уусан, Д эхнэртэйгээ маргасан, гэхдээ сүртэй зүйл болоогүй. Сүүлдээ би “ядраад байна” гэж хэлээд эхний шил архийг дараагийн шил архины талтай уучихаад унтаж амарсан. Энэ хэд үргэлжлүүлээд уусан, нэг мэдэхэд худаг дээр ирчихсэн, Мг “машинаар хүчтэй давхиад байна” гэж ярилцаж байсан. М машиныхаа хөгжмийг чангалчихаад Дийн машиныг тойроод дрифт хийгээд давхиад байсан. Би машинаас гарч ирээд “чиний дугуй чинь хагарчихаж, машиныхаа ард байгаа запас дугуйгаа хийхгүй бол машин чинь эвдрээд болохоо байлаа” гэж хэлсэн. Гэтэл юу болсон нь мэдэгдэхгүй агсраад “та нарыг хутгалж ална, дайрч ална” гээд байсан. Тэгэхээр нь би “хутгалж алахгүй юу” гэж хэлчихээд шээх гээд машины ард талд зогсож байтал ард хагархай дугуй эргэж байгаа юм шиг сонин чимээ сонсогдохоор нь эргээд хартал М учиргүй хурдтай ирж байсан. Би дээшээ үсрээд копутан дээр нь цохигдоод арагшаа даваад унаад, баруун гар, нүүр цус болсон, би Мд “чиний төлөө хэлж байхад яаж байгаа юм” гээд хараалын үг хэлэхэд өөдөөс “хутгална шүү” гээд байсан. Би “чи муу тэгэхгүй юу, чиний хутгална гэж юу байдаг юм” гэж маргасан. М машинаасаа бууж ирээд өөдөөс агсраад байхаар нь хавирч унагасан, гэтэл хэвлийн хөндий рүү сэрүү оргиод байхаар нь хартал хутгалчихсан байсан. Эмнэлэг явах замдаа миний ухаан санаа орж гараад байсан, Сайншандад ирж байж сэргэсэн. Улаанаа хамт байж байгаад биднийг дөнгөж ууж эхэлж байхад “ах дээрээ очно” гээд айл руу явчихсан, Уд бидний багаж төхөөрөмж байгаа, М тэрийгээ л авах гээд байгаа байх. Хэргээс хойш надтай огт холбоо бариагүй.” гэв.
Хохирогч О.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Д өөрийнхөө машинаар Сайншанд руу явж Н өөрийнхөө эхнэр А нарыг аваад 3 дугаар сарын 26-ны үүрээр ирсэн. Тэд нар ирэхдээ 3 шил 0.75гр “Ерөөл” архи авч ирсэн...архиа ууж байхад Д.М агсарч эхэлсэн... сүүл рүүгээ тэвчихээ байгаад Д.Мтай муудалцаж эхэлсэн...Д.М над руу “бүгдийг чинь ална шүү, чамайг хутга шаана шүү” гэж заналхийлж байсан...би хэрэлдэхээ болиод бие засчихаад машин руу суух гэж байтал араас машинтайгаа хурдтай ирэхээр нь дайрах гэж байна гэж бодоод үсрэхэд салхины шилээр намайг мөргөж, би даваад газар унасан...Д.М дээр очоод газарт хавирч унагаасан, гэтэл миний хэвлий хэсгээр сэрүүн оргиод явчихсан цамцаа сөхөөд үзтэл цус гарсан, намайг хутгалчихсан байсан. Би “намайг хутгалчихлаа шүү дээ” гээд Д.Мгийн цээжин тус газарт болон гуян тус газар луу нь 2-3 удаа өшиглөөд “намайг хутгалчихлаа шүү дээ” гээд орилтол тэр хэд гүйж ирсэн, Сүхчулуун Д.Мг дарж газарт унагаад хутгыг нь шидсэн, Д.М нэлээд их хэмжээний согтолттой байсан...эмчилгээний зардалд нийт 1.862.498 төгрөг зарцуулснаас Д.М 885.000 төгрөг төлсөн, би өөрөөсөө 977.498 төгрөг эмчилгээнд зарцуулсан баримт хэргийн материалд хавсаргасан, мөн баримтгүйгээр 2.400.000 төгрөг гаргасан үүнийг Д.Мгаас гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-16-17, 18, 152, 183/,
Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...найз Сүхчулууны хамт алт олборлож байгаа гэх газар ирээд Амбуул /Н/, Дармаа /Д/ нартай таарсан. Бид дөрөв 3 хоног нэг бригад болж ажилласан. Дармаа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Сайншанд руу яваад 3 дугаар сарын 27-ны үүрээр буцаж ирсэн. Дармаагийн авч ирсэн “Ерөөл” 0.75 архийг хувааж ууцгаасан. Тэгээд бид нар ууж, сууж байхад Амбуул намайг “залхуу, ажил хийж чадахгүй байна” гэж уурлаж байсан. Тэр хэлсэн үгнээс нь болж тухайн үедээ муудаад зодолдоход хамт байсан хүмүүс салгаж байсан...нэг ухаан ороод сэрэхэд...Дармаа эхнэртэйгээ хамт, мөн цагдаа ирсэн байсан. Тэр үед би Дармаагаас юу болсон талаар асуухад “Амбуул та хоёр хоорондоо зодолдож муудаад Амбуулыг чи хутгалсан шүү дээ, санахгүй байна уу” гэж хэлж байсан. Сүхчий, Амбуул, Дармаа бид дөрөв нийт 3 шил 0.75 гр “Ерөөл” архи уусан, тухайн үед хоол, унд хэрчих зориулалттай тонгорог машины урд хайрцагт байсан...Би согтуудаа Ныг хутгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн хутга Сы хутга байгаа юм. Миний машины урд хайрцаганд явдаг байсан, намайг машиндаа унтаж байгаад сэрэхэд хутга миний машинд байсан. Би ямар асуудлаас болж маргасанаа санахгүй байна. Ааас уучлалт гуйж машинд нь учруулсан хохирлоо төлж барагдуулсан, О.Ныг хагалгаанд орох үед нь 885.000 төгрөг өгсөн, цаашид эмчилгээнд гарсан зардал, мөнгийг нь төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хх-19, 179-180/,
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Мандах сумаас гарах гэтэл хөдөөнөөс О.Н, Д.М, Сүхчи нар нь 3 шил 0.75гр архи болон бусад шаардлагатай хүнсний зүйлийг захиж, бид нар бүгдийг бэлдэж гарч явсан. 3 дугаар сарын 26-ны үүрээр алт гарсан гэх газар нь ирж, Д.М, С, Ннартай уулзаж, алт гарсан газраасаа 5км орчим яваад зогсоод авсан 0.75гр архиа ууж байх үед Сүхчин, Д.М нар хоорондоо маргалдсан...үргэлжлүүлэн уусаар хоёр шил архи дуусгаж, би нөхрөө аваад 5 орчим км яваад амарцгааж байсан...Д.М үлдсэн нэг шил архиа ууя гээд задалсан... Д.М машинаараа Ныг миний машинтай хамт хавсраад цөм мөргөчихсөн. Тэгээд нөхөр Дарамрагчаа бид хоёр машинаасаа буухад мөргүүлсэн, Н толгойноос нь цус гарчихсан байдалтайгаар машин дээрээ очоод жолооч талд сууж байсан Д.Мг цохиод авангуут Сүхчин, Дарамрагчаа нар очиж салгаад хорьж байтал Наранбаатар дахин очоод машин дотроо Мтай хоорондоо зодолдохоор нь Ныг Сүхчин, Д хоёр салгаж аваад цааш явсан, би нөхөр Дарамрагчаад “М хутга барьчихсан сууж байна, Ныг холдуул” гэж ярилцаад зогсож байтал Наранбаатар шууд яваад...Д.М дээр очиод хоорондоо зодолдохоор нь бид нар очиж салгатал Наранбаатар тухайн газраа хэвтсэн байдалтай, хэвлий хэсэгтээ гараараа дарчихаад “миний энд халуу оргиод байна, намайг хутгалчихсан юм шиг байна” гэж хэлэхэд нь бид нар Ныг өөрийнхөө альфарт машинд суулгаад сумын эмнэлэгт хүргэсэн...Д.М О.Нын хэвлийн тус газар хутгалчихсан байсан. О.Н “намайг хутгалчихлаа” гээд орилоод байсан...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Д.М машинд учруулсан эвдрэлийн мөнгө болон миний куртикний үнийг төлж барагдуулсан цаашид энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй байх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хх-21, 22,153/,
Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Сайншанд руу явж өөрийн эхнэр Б.А, О.Нын эхнэр Н нарыг аваад дэлгүүрээс идэх, уух юм болон 3 шил 0.75гр “Ерөөл” архи аваад 3 дугаар сарын 27-ны өглөө үүрээр алт ухаж байгаа гэх газар ирсэн. Мандах суманд ирээд О.Н болон Сүхчий, Заяа нартай уулзаж тус газраас 4км зайтай газар очиж, авч ирсэн архиа ууцгаасан... Заяа, О.Н хоёр хоорондоо машины цонхоор хэрэлдээд, муудаад байсан ...сүүлдээ машинаас гарч хоорондоо зодолдож, маргалдаж эхэлсэн...Тухайн үед манай эхнэр машинд орж ирээд надад “О.Ныг салгаад ав, Заяа чинь хутгатай байна шүү” гэж хэлэхээр нь гараад салгах гээд очиход тэр хоёр зууралдаж, зодолдож байгаад гэнэт О.Н “намайг хутгалчихлаа” гэж хэлэхэд нь хартал хэвлий хэсгээс нь цус алдаж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-23, 24/,
Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2020 оны 3 дугаар сарын 26-ны өглөө үүрээр Дарамрагчаа Сайншандаас эхнэр А, О.Нын эхнэр Н нарын хамтаар ирцгээсэн. Бид нар алт гарч байгаа гэх газраас хойш зайтай очиж зогсоод архи ууцгаасан. Тэгээд би 3 дахь архиа задалж байхад нь Д.Мгийн машинд ороод урд талд нь унтаад өгсөн, унтаж байтал нэг мэдэхэд “түс тас” гээд машин юм мөргөөд сэрээд хартал жолооч талын суудалд М суучихсан байсан...Н тухайн үед М руу “чи машиныг арай л дэндүү мөргөлөө, яаж байгаа юм бэ” гэж уурлахад тэр хоёр заамдалцаад, ноцолдоод эхэлсэн...А гэнэт “хүн хутгалчихлаа шүү дээ” орилоод байхаар нь яваад очиход Нын хэвлийн хэсгээс маш их цус гарсан байсан...тэгээд бид гүйгээд очтол М хутга барьчихсан, Нын хэвлийнээс их хэмжээний цус гарсан байдалтай хоёулаа зогсож байсан...би Мг “яаж байгаа юм бэ, чи” гээд түлхтэл арагшаа савж газарт биеийн зүүн хэсгээрээ унасан...Д.Мд “чи хүн алчихлаа шүү дээ, яаж байгаа юм бэ” гэхэд юу ч дуугарахгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй суугаад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-25, 26/,
Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...О.Н Д.М нар ам зөрөлцөөд муудалцаад байсан...А намайг дуудаад байхаар нь явж очиход “Ныг Д.М хутгалчихлаа, сум явья, хурдал” гэж хэлсэн...манай нөхөр О.Ныг М хутгалчихсан, мөн Анхбаярын машины араас өөрийн приус маркийн машинаараа мөргөчихсөн байсан, ямар асуудлаас болж маргаж манай нөхрийг хутгалсан талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг.” /хх-27, 28/,
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн хохирогч О.Нын өвчний түүх /хх-48-110/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Э.Аын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 02/087 дугаар “...О.Нын биед хэвлийн хөндий, цээжний хөндийд нэвтэрч, элэг өрцийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-111-112/,
Хохирогч О.Наас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-122-134/,
Шүүгдэгч Д.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-157/,
Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтай, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Ч.Уын гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-160/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хохирол төлбөрийн талаар;
Шүүгдэгч Д.М нь гэм буруугийн санаатай хэлбэрээр 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Нтай маргалдаж, түүний цээжин тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий, цээжний хөндийд нэвтэрч, элэг өрцийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;
хохирогч О.Нын “...Д.М над руу “бүгдийг чинь ална шүү, чамайг хутга шаана шүү” гэж заналхийлж байсан...араас машинтайгаа хурдтай ирэхээр нь дайрах гэж байна гэж бодоод үсрэхэд салхины шилээр намайг мөргөж, би даваад газар унасан...Д.М дээр очоод газарт хавирч унагаасан, гэтэл миний хэвлий хэсгээр сэрүүн оргиод явчихсан цамцаа сөхөөд үзтэл цус гарсан, намайг хутгалчихсан байсан.” гэсэн,
гэрч Б.Аын “...Д.М машинаараа Ныг миний машинтай хамт хавсраад цөм мөргөчихсөн...би нөхөр Дд “М хутга барьчихсан сууж байна, Ныг холдуул” гэж ярилцаад зогсож байтал Н шууд яваад...Д.М дээр очиод хоорондоо зодолдохоор нь бид нар очиж салгатал Н тухайн газраа хэвтсэн байдалтай, хэвлий хэсэгтээ гараараа дарчихаад “миний энд халуу оргиод байна, намайг хутгалчихсан юм шиг байна” гэж хэлэхэд нь бид нар Ныг өөрийнхөө альфарт машинд суулгаад сумын эмнэлэгт хүргэсэн.” гэсэн,
гэрч Э.Дийн “...Тухайн үед манай эхнэр машинд орж ирээд надад “О.Ныг салгаад ав, Заяа чинь хутгатай байна шүү” гэж хэлэхээр нь гараад салгах гээд очиход тэр хоёр зууралдаж, зодолдож байгаад гэнэт О.Н “намайг хутгалчихлаа” гэж хэлэхэд нь хартал хэвлий хэсгээс нь цус алдаж байсан.” гэсэн,
гэрч Л.Сы “...Н тухайн үед М руу “чи машиныг арай л дэндүү мөргөлөө, яаж байгаа юм бэ” гэж уурлахад тэр хоёр заамдалцаад, ноцолдоод эхэлсэн...А гэнэт “хүн хутгалчихлаа шүү дээ” орилоод байхаар нь яваад очиход Нын хэвлийн хэсгээс маш их цус гарсан байсан...тэгээд бид гүйгээд очтол М хутга барьчихсан, Нын хэвлийнээс их хэмжээний цус гарсан байдалтай хоёулаа зогсож байсан.” гэсэн,
гэрч О.Нийн “...О.Н Д.М нар ам зөрөлцөөд муудалцаад байсан...А намайг дуудаад байхаар нь явж очиход “Наранбаатарыг Д.М хутгалчихлаа, сум явья, хурдал” гэж хэлсэн...манай нөхөр О.Ныг М хутгалчихсан, мөн Аын машины араас өөрийн приус маркийн машинаараа мөргөчихсөн байсан.” гэсэн мэдүүлгүүдээр, мөн
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн хохирогч О.Нын өвчний түүх,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Э.Аын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 02/087 дугаар дүгнэлт,
Хохирогч О.Нааас гаргаж өгсөн хохирлын баримтууд,
Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтай, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Ч.Уын гаргасан шинжээчийн дүгнэлт, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд шүүгдэгч Д.Мгийн үйлдэл нь “зэвсэг, хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх ба Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч Д.Мгийн хохирогч О.Нын цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Мг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч О.Н нь “эмчилгээний зардалд нийт 1.862.498 төгрөг зарцуулснаас Д.М 885.000 төгрөг төлсөн, би өөрөөсөө 977.498 төгрөгийг эмчилгээндээ зарцуулсан, мөн баримтгүйгээр 2.400.000 төгрөг гаргасан. Үүнийг Д.Мгаас гаргуулж авмаар байна.” гэсэн бөгөөд
хохирогчоос гаргаж өгсөн 977.498 төгрөгийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан хавтаст хэргийн хх-124 дүгээр талд авагдсан “Монос Дорноговь” ХХК-с эм авсан 37.200 төгрөг, хохирогчийн эмчилгээний төлбөрийн 50.796 төгрөг, хх-128 дугаар талд авагдсан улавч, маск, малгайн үнэ 21.800 төгрөг, хх-129 дүгээр талд авагдсан алчуур, саван, сойз зэрэг эд зүйлсийн үнэ 31.000 төгрөг, унтлагын хувцасны үнэ 30.000 төгрөг, хх-130 дугаар талд авагдсан шүүхийн шинжилгээний албанд төлсөн 8.800 төгрөг, эмний үнэ 20.250 төгрөг зэрэг нийт 199.846 төгрөгийг гэм буруутай этгээд болох Д.Мгаас гаргуулж хохирогчид олгохоор, үлдэх 777.652 төгрөгийн шаардлагыг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
хохирогчийн баримтгүйгээр нэхэмжилсэн гэх 2.400.000 төгрөгийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас Төрийн банкны эзэмшлийн Toyota Alphard маркийн автомашинд 860.000 төгрөгийн хохирол учирсан нь хавтас хэргийн 39 дүгээр талд авагдсан “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Аын “...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Д.М машинд учруулсан эвдрэлийн мөнгө болон миний куртикний үнийг төлж барагдуулсан цаашид энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй байх хүсэлтэй байна.” /хх-153/ гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч Б.Ат төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоос 885.000 төгрөг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг харгалзан үзэж хамгийн бага хэмжээгээр хорих ял оногдуулах” гэсэн саналыг тус тус гаргасныг дурьдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Д.Мгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчоос баримтаар гарсан зардлаас 885.000 төгрөгийг төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулахаар санал болгосон хорих ялаас доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах...” гэж заажээ.
Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн хэмжээгээр нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн нотлогдсон боловч тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул дээрх заалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин шүүгдэгчийн ар гэрийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М “...гэрчүүд бүгд миний эсрэг байгаа учраас Улаанаагаас мэдүүлэг аваад хэн нь буруутайг асуулгаж, Улаанаа гэдэг нөхрийг авч ирж шалгуулмаар байна. Анхбаяр, Дарамрагчаа нар “Улаанаагийн талаар битгий дурсаарай” гэж хэн хэлсэн, ямар зорилгоор яагаад тэр хүнийг зугтаалгасныг асуулгамаар байна, тэр нөхөр бид нарыг бодвол согтолт нь гайгүй байсан, болсон үйл явдлыг бүгдийг нь мэдэж байгаа гэж бодож байна” гэсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүнээс “Улаанааг гэрчээр асуулгаснаар юуг тогтоолгохыг хүсээд байна вэ?” гэсэн асуултад “сайн тайлбарлаж чадахгүй байна” гэсэн бөгөөд тэрээр хэрэг бүртгэлтийн шатнаас эхлэн өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулсан, өмнө нь энэ талаар шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь огт дурьдаагүй, Улаанааг гэрчээр асуулгаснаар хэрэг хянан шийдвэрлэх ямар ажиллагааг явуулах, шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх эсэх талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлаж чадаагүй тул хүсэлтийг хүлээн авах, улмаар нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21см урттай, ажлын хэсэг нь 9.5см, бариул хэсэг нь 11.5см урттай, хутганы үзүүр хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон эвхэгддэг 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Мд 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Мгаас 199.846 төгрөгийг гаргуулж хохирогч О.Нт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 777.652 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2.400.000 төгрөгийн хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21 см урттай, ажлын хэсэг нь 9.5 см, бариул хэсэг нь 11.5 см урттай, хутганы үзүүр хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон эвхэгддэг 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосоноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ
ШҮҮГЧ Н.АДЪЯА
ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН