Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 229

 

Ч.Сүрэнхорлоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/01005 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Сүрэнхорлоогийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Баяраад холбогдох,

 

Гэм хорын хохиролд 18 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Отгонбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Батбуян,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Майзориг, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Сүрэнхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Плас Бенз” автосервис засварын төвд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 00-91 УНТ улсын дугаартай “Бенз МЛ 350” маркийн автомашиныхаа рулийн аппаратыг солиулахаар хүлээлгэж өгсөн. 3 хоногийн дараа очиход засвар хийж дууссан сэлбэг сольж тавьсны төлбөр гэж 3 000 000 төгрөг авсан. Мөн мотор дуугарч байгааг арилгаад өгье манай инженерүүд засах арга олсон гэхээр нь машинаа өгөөд явсан бөгөөд моторын засвар үйлчилгээ гэж мөн 3 000 000 төгрөг авсан.

Гэвч машины моторыг засах биш харин ч ашиглах боломжгүй болгосон бөгөөд шинээр сольж тавихаас өөр аргагүй гэсэн хариу хэлсэн.

Засвар хийж байх хугацаандаа миний машиныг хувьдаа ашиглан унаж хэрэглэж байснаас гадна хятад сэлбэг тавьсан, зүүн талын толь болон баруун урд талын дугуйг сольсон, урд нүүрний гоёлыг эвдээд наасан, рулийн гидрийн дээд аппарат, мотор болон бусад агрегатын тос гоождог болгосон зэрэг алдаатай техник үйлчилгээ үзүүлсэн.

Мотор засварын үйлчилгээндээ 1 жилийн баталгаат хугацаа гаргаж өгсөн хэдий ч мотор солихоос нааш ашиглах боломжгүй болгосон бөгөөд шинээр мотор авч тавихад     35 345 710 төгрөг болохоор байна.

Миний хувьд шинэ мотор авахуулдаггүй юмаа гэхэд бага явалттай моторыг худалдан авах мөнгийг гаргуулмаар байна. Иймд тухайн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж миний эд хөрөнгөд учирсан гэм хорыг уг автосервисийн эзэн н.Баяраагаар арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Машины бусад гэмтлийн хохирлыг нэхэмжлэхгүй бөгөөд моторын төлбөр 18 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Баяраа шүүхэд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Сүрэнхорлоо нь манай засварын төвд “Бенз МЛ 350” маркийн машин засварлуулах үйлчилгээ авсан. Бид засварын үйлчилгээний төлбөр зардалд 3 000 000 төгрөг авч, үйлчилгээ үзүүлсэн. Энэ төлбөрийн 1 000 000 төгрөг нь масло, шүүр болон бусад зардлууд, 2 000 000 төгрөг нь мотор засварлах ажлын зардал болдог. Мотор задлахад 7 хоногийн ажил болдог бөгөөд нэхэмжлэгчийн моторыг өөрийнх нь хүссэнээр 3 удаа бүрэн задалж угсарсан ба энэ ажлыг хийхэд их хэмжээний зардал, цаг орсон.

Нэхэмжлэгч Ч.Сүрэнхорлоогийн машин анх засуулахад нь утаа хаядаг, трактор шиг дуутай, мотор нь доголдсон, тос гоожсон байдалтай байсан ба моторыг задалж, оношилж үзэхэд дээрх гэмтлүүд нь моторын гильц, поршин нь хэт элэгдэлд орж, блокны цилиндр холхио үүсч элэгдсэнээс шалтгаалсан байсан учраас моторын блок, поршин хоёрыг сольж тавих шаардлагатай талаар хэлсэн.

Гэтэл тэрээр шинээр сольж тавих боломжгүй, боломжоороо засаад өгөөч гэж хүссэн. Бид засварын газрын нэг ажилтнаа тусгайлан томилж моторын гильц, поршин зардаг маш олон газруудаар явуулж судлуулахад Монголд тийм гильц, поршин зардаг газар байгаагүй. Нэхэмжлэгчид энэ талаар хэлэхэд  өөрөө шинээр блок, поршин тавихгүй гэсэн учраас өөрийнх нь зөвшөөрснөөр моторын утаа хаядаг, тачигнаж дуугардаг, доголдсон, тос гоождог гэмтлийг их элэгдсэн, бага элэгдсэн гильц, поршинг сөөлжүүлж тавих байдлаар засч өгөөд, цаашид моторын блок, гильц, поршин солихгүй бол бүрэн засагдах боломжгүйг нь тайлбарласан.

Мөн үйлчлүүлэгчийн байдлыг харгалзан хөнгөлөлт үзүүлж хуучин, эсхүл шинэ сэлбэг худалдаад аваад ирвэл үнэгүй суурьлуулаад өгөх боломжийг ч санал болгосон. Одоогоор нэхэмжлэгчийн машин нь зүгээр явж байгаа, засуулснаас хойш манай засварын газар дээр хэд хэдэн удаа машинтайгаа ирсэн. Гэтэл энэ байдлыг Ч.Сүрэнхорлоо буруугаар ашиглаж, цаашид шинээр сэлбэг тавих хэмжээний гэмтэлтэй байгааг хэлсний төлөө биднийг машины моторыг солих гэмтэл учруулсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Манай байгууллага моторыг нь засварлаж өгснөөс биш, ямар ч гэмтэл, доголдол учруулаагүй, харин ч нэмэлтээр моторын ремений урд шарик, машины урд нүүрийг үнэгүй сольж өгсөн. Бид засуулахаар ирүүлсэн машинуудыг хувьдаа хэрэглэх, сэлбэг хэрэгслийг нь солих асуудал байдаггүй.

Нэхэмжлэгчийнхтэй ижил хуучин  машины одоогийн зах зээлийн үнэлгээ нь ч 15 000 000 төгрөг хүрэхгүй байгаа.

Иймд Ч.Сүрэнхорлоогийн моторын төлбөр гэж 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт тус тус зааснаар Plus бенз авто сервисийн эзэн Э.Баяраагаас гэм хорын хохиролд 18 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Сүрэнхорлоогийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ч.Сүрэнхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хариуцагч гүйцэтгэсэн ажилд нэг жилийн баталгаат хугацаа гаргаж өгсөн байна хэмээн дүгнэсэн хэдий ч гүйцэтгэсэн ажлын доголддын талаар ямар нэг баримт ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой эсвэл гэм хорын шаардах эрхтэй холбоотой гэж тодорхойлсноос үл хамааран шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой байсан гэж бодож байна. Нэхэмжлэгч талаас шинжээч томилуулах хүсэлтийг хоёр ч удаа гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шинжээчээр “Итгэлт эстимэйт” ХХК-ийг томилсон боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөө тус байгууллагаар шинжилгээ хийлгэхээс татгалзсан тул Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийг томилсон" гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүхийн шинжилгээ хийлгэх хүсэлт гарган "Моторын эвдрэлийн шалтгаан, үүссэн цаг хугацааг тогтоолгох" хүсэлт гаргасан хэдий ч шүүхээс "Моторын эвдрэлийн шалтгаан, үүссэн цаг хугацаа, моторын зах зээлийн үнийг тогтоолгох" гэж хүсэлтийг өөрчлөн захирамж гаргаж “Итгэлт эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. “Итгэлт эстимэйт” ХХК-ийн ажилтан нь иттэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбогдон, нэхэмжлэгчийн байрны гараашид очиж машиныг үзсэн бөгөөд манайх үнэлгээний компани моторын эвдрэлийг бид тогтоож мэдэхгүй гэсэн хариу өгсөн. Үүний дагуу иттэмжлэгдсэн төлөөлөгч нь шинжилгээ хийлгэхээс татгалзсан. Шүүхээс дахин шинжээч томилон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийг томилсон боловч уг газар нь шинжилгээ хийхгүй олон хоног явсны эцэст 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2/559 тоот албан бичгээр шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариу өгсөн мөртлөө "авто машины хөдөлгүүр нь олон тооны систем механизмуудаас бүрдсэн төвөгтэй хийцтэй зүйл бөгөөд хөдөлгүүрийг задалж, угсарч засварласны дараа түүнийг асааж, тодорхой хугацаагаар ажиллуулахад техникийн байдал өөрчлөгдөж хөдөлгүүрийн эвдрэлийг ялангуяа уг эвдрэл үүссэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй байдаг" гэсэн утгагүй тайлбар гаргаж түүнийг нь шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон байна. Мотор нь машины гол эд анги бөгөөд засварын газрын буруутай үйл ажиллагаанаас болж одоог хүртэл машиныг ашиглаж чадахгүй гараашид зогссоор байна. Хариуцагч талын хувьд мотор зүгээр машиныг ашиглаж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч бодит байдал дээр ашиглах боломжгүй байгаа бөгөөд техникийн мэдлэггүй хүн ч уг машиныг асааж үзвэл эвдэрсэн эвдрээгүйг нь тодорхойлох боломжтой байхад шинжилгээ хийх боломжгүй гэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байна.

Нэхэмжлэгч нь бенз автомашины засварын чиглэлээр мэргэшсэн хэмээн итгэж засварын ажил гүйцэтгүүлсэн боловч хариуцагч тал нь ямар нэг хуулийн этгээдийн эрхгүй мөртлөө “Плас бенз” автосервис гэсэн тамга ашиглан үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлж байсан байна. Хариуцагч талаас "моторт 1 жилийн баталгаат хугацаа гаргаж өгөв" гэсэн бичиг үйлдэж өгсөн хэдий ч бид моторын гилцийг аваад ирвэл 1 жилийн дотор засч өгнө гэсэн болохоос моторт баталгаат хугацаа өгөөгүй хэмээн хариуцлагаас зугтаж байна. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 352.2-т "...гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдотой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, шаардах эрхтэй гэж заасан байдаг. Мотор нь дуутай байсан болохоос биш ашиглах боломжгүй байгаагүй юм. Хариуцагч нь уг эвдрэлийг засаж чадна гэж амлан үйлчилгээний хөлс авсан байдаг. Хэрэв хариуцагчийн хэлсэн шиг гилц, поршин нь элэгдэлд орсон машиныг ашиглах боломжгүй байсан бол 1 жилийн баталгаат хугацаа олгохгүй байсан болов уу гэж бодож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагч талыг моторын эвдрэлийг засаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Сүрэнхорлоо нь хариуцагч Э.Баяраад холбогдуулан гэм хорын хохиролд 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн 00-91 УНТ улсын дугаартай “Бенз МЛ” маркийн автомашиндаа засвар үйлчилгээ хийлгүүлэхээр Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Плас бенз” автосервисийн засварын төвд хүлээлгэн өгсөн, уг засварын төвийг иргэн Э.Баяраа нь хуулийн этгээд байгуулалгүйгээр хувиараа хариуцан ажиллуулдаг, эхний засвар үйлчилгээний хөлс 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн, дараа нь автомашины моторт засвар үйлчилгээ хийлгүүлэхэд                    3 000 000 төгрөгийн хөлсийг төлсөн. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар иргэн Э.Баярааг тодорхойлсон нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн байж болохоор зохицуулсан Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч өөрийнх нь автомашины моторт засвар үйлчилгээ үзүүлэхдээ моторыг эвдэж дахин ашиглах боломжгүй болгосныг гэм хорын хохирол учруулсан гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээнэ.

 

Иймд автомашинд 18 000 000 төгрөгийн хохирол бүхий гэм хор учирсан болон уг гэм хор хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал буюу нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хор хариуцагчийн гэм буруутай үйлдлийн хооронд шалтгаант холбоо байгаа гэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн автомашины моторт засвар үйлчилгээ хийсэн талаар маргаагүй боловч хариуцагчийн гэм буруугаас автомашины моторыг дахин засварлах боломжгүй болж эвдэрсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй.

 

Нэхэмжлэгч нь автомашины моторын эвдрэлийн шалтгаан, цаг хугацааг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан /хх 23 дахь тал/ ба уг хүсэлтийг шүүх хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШЗ2016/00312 тоот захирамжаар /хх 31 дэх тал/ “Итгэлт эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон боловч уг компани шинжээчээр ажиллахаас татгалзсан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээхдээ уг компанийг үнэлгээ хийх боломжгүй гэх үндэслэлийг заасан, нэхэмжлэгч  2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дахин хүсэлт /хх 39 дэх тал/ гаргасныг шүүх хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШЗ2016/02270, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШЗ2016/03189 тоот захирамжаар ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг шинжээчээр томилж, тус сургууль 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2/559 тоот албан бичгээр шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй гэх хариуг ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч талаас дээрх баримттай танилцаж, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй.

 

Харин шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт 2 дахь удаагаа шинжээч томилохдоо өөрийн санаачилгаар томилсон агуулгатай дүгнэлт хийсэн нь алдаатай болжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч уг алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох аль ч үндэслэлд хамаарахгүй байна.

 

Шинжээчээр томилогдсон байгууллагын албан бичигт “автомашины хөдөлгүүр нь олон тооны систем механизмуудаас бүрдсэн төвөгтэй хийцтэй зүйл бөгөөд хөдөлгүүрийг задалж, угсарч, засварласны дараа түүнийг асааж, тодорхой хугацаагаар ажилуулахад техникийн байдал өөрчлөгдсөн, хөдөлгүүрийн эвдрэлийг, ялангуяа уг эвдрэл үүссэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй байдаг. Ч.Сүрэнхорлоогийн автомашиныг засварын газарт засварлаж хөдөлгүүрийн техникийн байдалд өөрчлөлт оруулсан, мөн хөдөлгүүрийг асааж хөдөлгөөнд оролцсон байна” гэж тэмдэглэснийг шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт иш таталгүй, өөрийн дүгнэлт мэтээр тодорхойлон бичсэн нь буруу боловч үүнийг хэргийн баримтын хүрээнд залруулан дүгнэх боломжтой байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох зөрчилд хамаарахгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгч тал шинжээч томилуулах хүсэлтээ /хх 23 дахь тал/ “моторын эвдрэлийн шалтгаан, цаг хугацааг тогтоолгох” талаар тодорхойлсон байхад шүүх моторын үнэлгээ тогтоолгохоор нэмж заасан нь талуудын зарчимд нийцэхгүй байх боловч энэ талаар шинжээч дүгнэлт гаргаагүй, зохигчдын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.  

 

Нэхэмжлэгч талын гаргасан бичгийн нотлох баримт болох хариуцагчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Авто машины засвар үйлчилгээний хуудас ¹64” гэх баримтад “мотор авч засвар үйлчилгээ хийсэн ажил, моторын тос шүүр сольсон”, “моторт 1 жилийн баталгаа гаргаж өгөв” гэх тэмдэглэл, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Авто машины засвар үйлчилгээний хуудас ¹13” гэх баримтад “…мотор засвар үйлчилгээ, моторын тос шүүр…” гэсэн тэмдэглэл /хх 5, 6 дахь тал/, “МСМ групп” ХХК-ийн Автомашины хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн лавлагаагаар моторын үнэ 35 345 710 төгрөг гэх баримтууд нь нэхэмжлэгчийн автомашины мотор эвдэрсэнд хариуцагчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэдгийг нотлохгүй байна. Хэрргийн 24-30 дахь талд авагдсан баримтууд нь уг автомашинд 2012-2013 онд хийсэн засвар үйлчилгээтэй холбоотой тул хариуцагчид хамааралгүй юм.

 

Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчимтай нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээний доголдлын талаар шаардах эрхтэй, энэ талаар баримт ирүүлээгүй гэж хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмыг зөрчсөн боловч, шүүх энэ талаар шийдвэр гаргаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой алдаанд тооцохгүй юм.

 

Нэхэмжлэгчийн автомашины моторт засвар, үйлчилгээ хийлгүүлэхэд төлсөн               3 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай гомдлыг хянах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүх гэм хорын хохиролд 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээгээр хязгаарлагдах тул анхан шатны шүүхэд гаргаж, хэлэлцэгдээгүй шаардлагыг давж заалдах шатны шүүх хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Хариуцагч нь ажил үйлчилгээндээ 1 жилийн хугацаатай баталгаа гаргаж өгсөн байх ба уг баталгаа нь автомашины моторыг дахин ашиглах боломжгүй болгосноор гэм хор учруулсныг нотлох баримт биш тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/01005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Сүрэнхорлоогоос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА