Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01766

 

Л.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 214 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Л.Ц

         Хариуцагч: “М” ХХК

         Хариуцагч: Э.А нарт холбогдох

         Үндсэн нэхэмжлэл: Нийт 30 сая төгрөг гаргуулах тухай,

         “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл: Нийт 10,724,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

         Нэхэмжлэгч Л.Цгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ц, хариуцагч Э.А, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2001-12-25-ны өдрийн 125 тоот захирамжаар олгосон Ерөө сумын Хонгорын нуруу гэх газарт байрлах 94 га газрыг хариуцагч нарын хууль бус үйлдлээс болж 2012 оноос өдийг хүртэл ашиглаж чадалгүй хохирч байна. Энэ талаар  хууль хяналтын байгууллагад хандаж 3 шатны шүүхийн 6 удаагийн хуралдааны эцэст  хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2017-06-05-ны 221-р тогтоол, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017-09- 28-ны өдрийн 6/2760 дугаар шийдвэрийн дагуу уг газрын хууль ёсны эзэмшигч нь намайг мөн болохыг тогтоосон. 2012 оноос хойш хариуцагч нарын буруутай үйл ажиллагаанаас хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газраа зориулалтын  ашиглаж чадахгүй байгаа тул тухайн эзэмшил газраас олсон ашиг орлогыг нэхэмжилнэ. Иймд  хохиролд 29 сая  төгрөг,  нэр төрийг гутаан доромжилж нэр төрд халдсан  сэтгэл санааны хохиролд 1 сая төгрөг нийт 30 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Л.Цгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Засаг даргаас захирамж гаргаж надад 800 га газрыг 2007 онд эзэмшүүлсэн, түүн дотор Л.Цгийн газар хамт явж байсан байна. Гэтэл 2015 онд энэ асуудал гарч шүүхээр шийдэгдсэн. Би хуулийн дагуу Засаг даргын захирамж гарч надад энэ газар олгогдсон. Энэ 84 га газрыг Засаг даргын захирамж гаргаад Л.Цд буцаагаад өгчихсөн. “М” ХХК-ийн газрыг эзэмших эрхийг хэн ч хүчингүй болгоогүй. 29 сая төгрөгийн хохирлын талаар баримт алга. нэр төрийг гутаасан мэдээлэл тараагаагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

        Хариуцагч М ХХК сөрөг нэхэмжлэлдээ: Л.Ц 94 га /84.36/ газрыг эзэмших эрхгүй атлаа Засаг даргатай хуйвалдаж түүнийг зарж мөнгө угаасан. М ХХК-ийн эрх ашигт хууль бусаар халдсан А/435, 289 тоот захирамжуудыг хууль бус  гэдгийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар шийдвэрийн тогтоолоор хүчингүй болгосон юм. Гэтэл  Засаг дарга байсан н.Бүрэнбат давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргаж албан тушаалаа урвуулан ашигласан юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх н.Бүрэнбатын хүсэлтээр хүчингүй болгож, 84 га талбай 2 эзэнтэй хэвээр үлдсэн юм. Хууль хэрэгжиж, шударга ёс үйлчилдэг бол Цэрмаад 84 га газар давхар эзэмшүүлсэн Аймгийн Засаг даргын А/435, Сумын засаг даргын 289 тоот захирамжууд хүчингүй юм. 94 /84.36/ га талбайг М ХХК-д 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газар гэдэг нь баримтаар нотлогдож байгаа. Л.Ц хууль бусаар эзэмшсэн мөртлөө хуулинд заасан үүргээ биелүүлээгүй учир эзэмших эрхээ хүчингүй болгуулсан нь бас баримтаар нотлогдож байгаа. Иймд Л.Ц болон Засаг дарга М.Г нараас М ХХК хохирлоо нэхэмжилж авах нь шударга ёсонд нийцнэ. М ХХК 2017 онд 84.36 га-д уринш хийж 2018 онд тариалалт хийхэд бэлэн болгосон юм. Уринш хийхэд гарсан зардал 10,724,600 төгрөг болсон. Уринш хийсэн талбайг М ХХК-д мэдэгдэлгүйгээр Б.Батмөнхөд зарсан тул 2018 онд 84.36 га талбайд тариалалт хийх боломжгүй боллоо. Иймд уг  зардлаа М ХХК олж авах ёстой. Энэ хохирлыг иргэн Л.Ц болон М.Г нараас гаргуулж М ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч Э.А гаргасан хариу тайлбартаа: Тус сумын өндөр настан Л.Ц нь сумын Засаг даргын 2001-12-25-ны өдрийн 128 тоот захирамжаар 94 га газар эзэмших эрх үүссэн боловч 2007 оныг хүртэл тухайн газраа зориулалтын дагуу огт ашиглаагүй газрын төлбөрөө төлөөгүй. 2002 онд батлагдаж 2003 оноос хэрэгжиж эхэлсэн Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ шинээр авах хүсэлт гаргаагүй гэрээ байгуулаагүй. Тухайн газар нь олон жил ашиглагдаагүй орхигдож атаршиж хөрсний доройтолд орсон талбай болсон байсныг М ХХК нь сэргээн эзэмших хүсэлт гаргасны дагуу М ХХК-д эзэмшүүлсэн.2007 оноос хойш  газрын төлбөрөө  төлж газраа зориулалтын дагуу эзэмшиж ирсэн. Л.Ц газрыг зориулалтын дагуу огт ашиглаагүй, төлбөрөө хугацаанд төлөөгүй, сүүлд нь нөхөн төлснийхөө дараа 1 нэгж талбарын 32,61 га газрыг Цогтнэм ХХК-д эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж зарсан.Үүнээс үзвэл, Л.Ц тариалангийн газрыг зарах сонирхолтой хүн гэдэг нь илт  байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

         Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга М.Г тайлбартаа: Би толгой мэдэж газрын асуудлыг шийдээгүй, харин Улсын Дээд шүүхээс шийдвэрлэсний дагуу уг газрыг шилжүүлэхийг газрын даамалд хэлж хийлгэсэн юм. Энэ хохирлыг би төлнө гэдгийг ойлгохгүй байна. Ямар учраас, ямар үндэслэлээр төлөх ёстой болж байна. Өмнөх Засаг дарга нар энэ хохирлыг хариуцах ёстой байх. Би өөрийгөө буруугүй гэж үзэж байна гэжээ.

       Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 214 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Цгийн нэхэмжлэл, М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 307,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 186,544 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээжээ.

       Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 214 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

       Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх хуулийг гажуудуулж буруу хэрэглэж шийдвэрлэсэн. “М” ХХК-ийн захирал Пүрэвжав хэний ч зөвшөөрөл тогтоол, захирамж, шийдвэргүйгээр миний эзэмшлийн газрыг 2012 оноос 2017 оныг дуустал эзэмшиж байгаа. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2018-05- 08-ны өдрийн 129 тоот тодорхойлолт “...М ХХК-ийн 2012-2017 онуудад Сэлэнгэ аймгийн Ерөө суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, 94 га талбайд 2007 онд уриншилсан, 2008 онд улаан буудай тарьсан, 2009 онд уриншилсан, 2010 онд улаан буудай тарьсан, 2011 онд уриншилсан, 2012 онд улаан буудай тарьсан, 213 онд уриншилсан, 2014 онд улаан буудай тарьсан, 2015 онд гуурсанд улаан буудай тариалсан, 2016 онд маргаантай тул өнжсөн, 2017 онд уриншилан ашиглаж байгаа нь үнэн болно...”, мөн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2018-03 -20-ны өдрийн 90 тоот албан бичигт “... М ХХК-ийн жил бүр нийт тариалсан талбайгаас хураан авсан ургацын мэдээг тус тус тодорхойлж нотолсон байгаа. Эдгээр нь  хэрэгт авагдсан  байхад нотлох баримтгүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2007-04-17-ны өдрийн 52 дугаар захирамж, 2007-05-07-ны өдрийн 59 дугаартай захирамж, 2013 оны 141 дугаартай захирам нь миний эрхийг хөндөөгүй надад ямарч хамааралгүй. Эдгээр захирамж гаргасан эрх бүхий албан тушаалтнаас хохирлоо нэхэмжлэх үндэслэлгүй гэж үздэг. Худал хуурамчаар миний газрыг эзэмшиж ашиглаж, ашиг олж байгаа хүнийг яах болж байна. Өнөөг хүртэл миний эрхийг хөндөж яваа хүн шүү дээ. Хавтас хэргийн 3-4-р хуудсанд хууль бусаар миний газрыг эзэмшиж ашиглаж ургац тариалж хурааж авсан баримтуудаар энэ үйлдэл нотлогдож байна. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр миний газрыг хууль бусаар шилжүүлэн авч хууль ёсоор эзэмшиж ашиглаж, ашиг олж байсан үйлдлээ таслан зогсоолгүй өнөөдрийг хүртэл хохироож яваа нь “М” ХХК учраас энэ компаниас хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй гэж бодож байна. Захиргааны хэргийн шүүх Засаг даргын удаа дараа газар эзэмшүүлэх тухай гаргасан захирамж нь хууль зөрчсөн талаар гомдлыг хэлэлцэн 3 шатны шүүхийн шийдвэрээр иргэн Л.Ц миний газрыг “М” ХХК хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсныг тогтоож өгсөн.“М” ХХК-ийн захирал Пүрэвжав нь 4 жил шахам намайг гүтгэж доромжилж хууль бусаар миний газрыг эзэмшиж ашиглаж байснаа хүлээн зөвшөөрөхгүй явсан. Би хавар 3 сард яаманд очиж газраа хууль бусаар ашиглуулсны хохирлоо гаргуулахад 100 сая шахам төгрөг болж байсан. Би тэмдэгтийн хураамж төлөх мөнгөгүй учраас сард авдаг тэтгэвэр 290,000 төгрөгөөр тооцож 29 сая төгрөг нэхэмжилж байгаа. Мөн шат шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд намайг гүтгэж доромжилж, нэр төрд нь халдаж сэтгэл санааны хохирол учруулсны төлбөрт 1 сая төгрөг нэхэмжилж байна. “М” ХХК нь иргэн Л.Ц миний эзэмшлийн газарт 2012 онд 701 га-д улаан буудай тариалж, нэгж талбайгаас 15.0 цн буюу 1052 тн, 2014 онд 800 га-д тариалснаас 792 га-д удаал буудай тариалж, нэгж талбайгаас 25.0 цн буюу 1980 тн, 2015 онд 896 га-д улаан буудай тариалж 1250 тн тус тус ургац хураан авсан. Нийт 84.36 га газарт ногдох тариалсан ургацын цэвэр ашгийг тогтоолгохоор шинжээч томилж үнэлгээг гаргуулахыг хүсч байна. Миний бие 1983 оноос 2000 он хүртэл газар тариалан эрхэлж байсан. Газраа зарсан гэх ямарч баримт байхгүй. Гэрчүүд намайг мэднэ. Би шинэчлэгдсэн захирамжаар 84 га газрын талбайг “М” ХХК-д өгсөн ямар ч захиргааны акт байхгүй. 2015 оны 289, 2015 оны А4/435 дугаартай захирамжуудыг хууль ёсны гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэрүүд гарсан байгаа. Энэхүү нотлох баримт бүрийг үнэлж ирэлгүй дутуу мөчид шийдвэрлэсэн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хуулийн дагуу миний нэхэмжилсэн хохирлыг гаргуулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Л.Ц 2018-03-20-ны өдөр шүүхэд хандаж “М” ХХК, Э.А нараас 30,000,000 төгрөг шаардаж, үндэслэлээ “...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хонгорын нуруу гэх газарт байрлах 94 га газрыг хууль ёсны эзэмшигчийн хувьд 2012 оноос хойш  зориулалтын ашиглаж чадаагүй тул хохирлыг сард авдаг тэтгэврийн хэмжээ буюу 290,000 төгрөгөөр тооцон 29,000,000 төгрөг, нэр төрийг гутаасан тул сэтгэл санааны хохирол 1,000,000 төгрөг болно...” гэж тайлбарлажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх 25-27, 29/ байна.

      “М” ХХК сөрөг нэхэмжлэл /хх 35-37/ гаргаж “...2017 онд 84.36 га-д уринш хийж 2018 онд тариалалт хийхэд бэлэн болгоход 10,724,600 төгрөг зарцуулсан ...гэтэл уг газрыг мэдэгдэлгүй бусдад зарсан тул Л.Ц болон Ерөө сумын Засаг дарга М.Г нараас...” уг мөнгийг шаардсан бөгөөд шүүх хуралдаан дээр Л.Цд холбогдох шаардлагаас /хх 91/ татгалзжээ. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Шүүх хэрэгт авагдсан баримт буюу Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2018-03-20-ны өдрийн 90 дугаартай албан бичиг /хх 3/, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2018-03-13-ны өдрийн 75 дугаар /хх 4/ мөн 2018-03-06-ны өдрийн 67 дугаар /хх 49/, 2018-05-08-ны өдрийн 129 дугаар /хх 84/ албан бичиг, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017-06-05-ны өдрийн 221 дүгээр тогтоол /хх 5-10/, Дээд шүүхийн тамгын газрын 2017-09-28-ны өдрийн 6/2760 дугаар албан бичиг /хх 11/, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 22, 23/ болон орлогын дэлгэрэнгүй тайлан зардлын тооцооны хамт /хх 51, 52/, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 128 /хх 40/, 2007 оны 52, 59 /хх 41, 42/ 2015 оны 182, 289 /хх 10, 11, 47/, 2018 оны 53 дугаар /хх 33, 48/ захирамжууд, газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай 2018-01-12-ны өдрийн гэрээ /хх 32/, газар эзэмших 000575495 дугаартай /хх 34/ болон 0291680 дугаартай /хх 43/ гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын газрын даамлын 2018-04-02-ны өдрийн 71 дугаартай тодорхойлолт /хх 50/.,  Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-10-07-ны өдрийн б/107 дугаар захирамж /хх 61/, газар эзэмшүүлэх тухай 2013-08-22-ны өдрийн гэрээ кадастрын зураг 2008-04-03-ны өдрийн актын хамт /хх 44-46/-г үндэслэн шүүх шийдвэр гаргасан байх тул уг баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх гомдлын талаар дүгнэлт хийнэ.

        2. Хэрэгт буй баримтаар, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 128 дугаар захирамжаар Ерөө сумын Хонгорын нуруу гэх газарт тариалангийн зориулалттай 94 га газрыг Л.Цд эзэмшүүлсэн боловч 2007 оны 52 дугаар захирамжаар хүчингүй болгосныг 2015 оны 256, 289 дугаар захирамжаар Л.Цгийн газар эзэмших эрхийг сэргээснээр маргаан үүссэн, Захиргааны хэргийн шүүх М ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогджээ. 

       Л.Ц нь хариуцагч нараас нийт 30,000,000 төгрөг гаргуулахыг шаардахдаа “...  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хонгорын нуруу гэх газарт байрлах 94 га газрыг хууль ёсны эзэмшигчийн хувьд 2012 оноос хойш зориулалтын дагуу ашиглаж чадаагүй тул хохирсон...” гэсэн үндэслэл зааж М ХХК ашиг олж байсан нь Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2018 оны 90, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2018 оны 75, 129, мөн сумын газрын даамлын 2018 оны 71 дугаар албан бичгээр тогтоогдоно гэсэн агуулга бүхий тайлбар өгсөн байна.     

        М ХХК маргааны зүйл болсон газрыг эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу эзэмшиж, ашиглаж байсан ба уг хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.

        Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2018 оны  90, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2018 оны 75, 129, мөн сумын газрын даамлын 2018 оны 71 дугаар албан бичгүүдээр М ХХК нь ашиг олж байсан нь тогтоогдоно гэх агуулга бүхий тайлбар өгсөн боловч эдгээр баримт нэхэмжлэлийг нотлохгүй байна. 

         Нэхэмжлэлийн үндэслэл болсон албан бичигт ургац хураан авсан, уриншилсан болон буудай тариалсан талаарх мэдээлэл авагдсан нь ашгийн хэмжээг тодорхойлохгүй байх тул нэхэмжлэлийн талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах эрх зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

      Шүүх зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан танилцуулж /хх 17-19, 54, 56/, зохигчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйл, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

       Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.

       2. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

       Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

       Хариуцагч М ХХК сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан дээр Л.Цд холбогдох шаардлагаас татгалзсан байхад шүүх хэргийг бус, харин сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  73, 117 дугаар зүйлийн зохицуулалтад нийцээгүй байна.

       Түүнчлэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй буюу нэхэмжлэгч биш этгээдэд холбогдуулан гаргасан “сөрөг нэхэмжлэл”-г хүлээн авч, М.Гыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийн “...сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж ...сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ...” гэснийг зөрчжээ. 

        Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, М ХХК нь Л.Цд холбогдох сөрөг нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, М.Г, Л.Ц нарт холбогдуулан гаргасан “сөрөг нэхэмжлэл”-тэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.        

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 214 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК, Э.А нараас нийт 30,000,000 төгрөг гаргуулах тухай Л.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 117, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Цд холбогдох сөрөг нэхэмжлэлээс М ХХК татгалзсаныг баталж, М.Г, Л.Ц нарт холбогдох сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.   

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1295 дугаар  захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ