Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 192

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Болормаа,

шүүгдэгч Г.Д /цахим сүлжээгээр/,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 825 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Дын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Дд холбогдох 201725011763 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

................. овгийн .................ын ................., 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................./,

- 1998 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 542 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 100 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 8 хоногийн хорих ялыг тэнсэж, хугацаанаас өмнө суллагдсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

- Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 124 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамруулж өршөөн хэлтрүүлж суллагдсан.

Г.Д нь 2017 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 2 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюун ухаан”-ны музейн баруун талд хохирогч Ц.Жид хүч хэрэглэж тал шил 0.75 грамм архи, 270.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси Нөүт 4” загварын гар утас, бэлэн 97.000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдсэн, мөн хохирогч Ц.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.Дын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: ................. овогт .................ын .................ыг дээрэмдэх гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Г.Дыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Г.Дд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Г.Дд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээж,

Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Ц.Ж нь эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэмт хэрэгт учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан ба гэм буруугаа хүлээсэн, гэм буруугийн талаар маргаангүй зэргийг харгалзан үзэж, миний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тухайн зүйл хэсэгт зааснаар ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг нэмж нэгтгэж нийт хоёр жил гурван сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Учир нь дээрмийн хэрэг хоёроос найман жилийн хорих ялтай. Мөн шүүгдэгч Г.Д бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан байгаа. Ингээд шүүх нэмж нэгтгэж хорих ялыг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Г.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Г.Д нь 2017 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 2.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюун ухааны музей”-н баруун талд хохирогч Ц.Жид хүч хэрэглэж түүний тал шил архи, 270.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси-4” загварын гар утас, бэлэн 97.000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдсэн, мөн хохирогч Ц.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Г.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...байрны дунд зам дээр үл таних 2 залуу архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би тэр хоёр залуу дээр очоод “за юу байцгаана даа, архи ууж байгаа юм уу ганц хийгээд өгчих” гэж хэлсэн. Гэтэл тэр хоёр залуу босч ирээд маргалдаж байгаад би одоо хохирогч Ц.Ж гэх залуутай нь барьцалдаж аваад газар унаад ноцолдож ганц нэг удаа цохиж авсан. Тэр үед манай найз Бадрал-Ууган нөгөө залуутай нь ноцолдож байсан. Жанчивдорж бид хоёрыг ноцолдож байхад манай найз Бадрал-Ууган ирээд намайг татаж салгаад одоо явья гэхээр нь би явахдаа газар унасан байсан тал шил архи, мөн хар өнгийн “Самсунг Галакси-4” загварын гар утсыг нь аваад явчихсан юм. Тэгээд цаашаа алхаж байгаад архийг нь хаячихсан ба байрны саадны дунд сууж байгаад би нөгөө гар утсыг нь гаргаж үзчихээд Бадрал-ууганд үзүүлэлгүйгээр буцаагаад халаасандаа хийчихсэн юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

хохирогч Ц.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Батмөнхийн араас алхаад  явж байтал өөдөөс 2 залуу ирж байсан. Гэтэл нөгөө 2 залуугийн нэг нь одоо энэ Г.Д гэх цагаан фудволоктой залуу миний барьж явсан пивоноос “нэг уучихья” гэж хэлсэн санагдаж байна. Тэгээд юунаас болсон юм бүү мэд Г.Д гэх залуу нь манай найз Батмөнхтэй маргалдсан. Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур орж салгасан. Гэтэл Г.Д баруун гараараа миний зүүн шанаа руу цохисон ба тэр үед би газар савж унасан. Тэр залуу миний хүзүүн дээр өвдөглөж сууж байгаад миний нүүр рүү гараараа цохиж гэдэс давсаг хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Батмөнх нөгөө залуутай нь ноцолдоод байсан. Гэтэл намайг зодож байсан залуу миний халаасанд байсан 97.000 төгрөгийг халааснаас ухаж аваад миний “Самсунг Галакси Нөүт 4” загварын гар утсыг аваад явчихсан. Тэр үед 7 дугаар байрны жижүүр эгч “хүн аллаа, цагдаа дуудлаа шүү” гэж хашгирсан болохоор нөгөө 2 явсан. Г.Д намайг зодож байхдаа миний мөнгө утсыг авсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

гэрч Ө.Бадар-Ууганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Г.Дын ард алхаж байсан юм гэтэл Г.Д нөгөө 2 дээр очоод архи нэхсэн юм шиг байсан. Тэгээд нөгөө 2 залуутай маргалдаад эхлэхээр нь би очоод салгах гэсэн. Гэтэл нөгөө хоёр залуугийн намхан залуу нь надтай зодолдох гээд өрөлт аваад унасан. Тэр үед Г.Д одоо энэ хохирогч гээд байгаа залуутай зодолдож байсан. Би нөгөө жижигхэн залуутай ноцолдож байгаад бид хоёр удаагүй больсон. Би Г.Дыг дуудаад одоо явий гээд аваад явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ц.Жийн биед дух, баруун хацарт зулгаралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 6526 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Г.Дын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Дын гаргасан “ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилжээ.

 Анхан шатны шүүхээс Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн доод хэмжээ буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоосноос үзэхэд Г.Дын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэжээ.

2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн шүүгдэгч Г.Дын үйлдлийн оногдуулах ялын хэмжээг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэж түүний үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв болжээ. Харин шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй байгаа нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 825 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 825 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Г.Дыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Шүүгдэгч Ганболдын Даваанямыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Г.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 825 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Ц. ОЧ