Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2022/0318

 

 

 

                                              

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2022/0318

Улаанбаатар хот

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

           Илтгэгч: Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э

Нэхэмжлэгч: Ч.Б

  Хариуцагч: СХДЗД

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.У

Хэргийн индекс: 128/2022/0018/З.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Б СХДЗД-д холбогдуулан “СХДЗД-ын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/631 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-аас СХДЗД-д холбогдуулан СХДЗД-ын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/631 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0184 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэн Ч.Б-д СХДЗД-ын 2014 оны А/321 дугаартай захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, "Хамба"-ын 2 дугаар гудамжны 12 тоотод иргэний ахуйн зориулалттай 199 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу гэрчилгээ, кадастрын зураг авч баталгаажуулж, газартаа хашаа, байшинтай 380-н тогтой ахуйн зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байсан.

3.1 Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ч.Б намайг газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай СХДЗД-ын захирамж 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шуудангаар манайд ирүүлэн Миний хүү Б.Б гардаж авсан юм. Газрын төлбөрөө нэхэмжлэлийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 9792 төгрөгийг төлсөн байсан.

3.2 Дээрх захирамжид заасан үндэслэлүүд нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд надад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй миний хүү уг газар дээрээ ахуйн зориулалтаар хашаа, байшинтай амьдарч байхад үндэслэлгүйгээр миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул шүүхэд хандсан. Анхан шатны шүүх миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болж иргэн намайг эд хөрөнгөөр хохироолоо.

3.3 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулсан, үүнийг буруутгах боломжгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй, Миний бие АНУ-д ажиллаж амьдарч байгаа. СХДГЗБА-аас надад мэдэгдэл ирүүлээгүй, мэдэх боломжгүй юм.

3.4 Маргаан бүхий эрх зүйн акт болох Засаг дарга захирамжийнхаа үндэслэх хэсэгт захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т заасан 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх, боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж зааж хуулийг буруу хэрэглэсэн байхад энэ үндэслэлээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй гэдэг дүгнэлт хийж байгаа нь ямар хууль үндэслэж зөвтгөж байгаа нь ойлгомжгүй байна.

3.5 СХДГЗБА нь иргэн Ч.Б-тай газар эзэмших эрхийн гэрээ байгуулаагүй, гэрээг дүгнээгүй, гэрээний дагуу газрын төлбөрийн нэхэмжлэх явуулаагүй байж дан ганц иргэн Ч.Б-д зориулсан захирамж гаргаж гэрээнд заасан нөхцөлийг удаа дараа зөрчсөн гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийг тус тус зөрчиж байгаа юм.

3.6 Газар зохион байгуулалтын алба нь иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрээг дүгнэж ажиллах ёстой энэ нь төрийн захиргааны байгууллагын үүрэг юм. Гэрээ байгуулаагүй байж гэрээнд заасан нөхцөл болзлыг удаа дараа биелүүлээгүй гэж үзэх ямар ч боломжгүй юм. Дээрх хууль зүйн алдаатай, хууль буруу хэрэглэсэн Засаг даргын захирамжийг анхан шатны шүүх зөвтгөж байгаа нь илт нэг талыг барьж, хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.7 Иргэн Ч.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

         4. Хариуцагч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

2.1. Хариуцагч СХДЗД 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар иргэн Ч.Б д Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-12 тоот, 199 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000526651 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

2.2. Дүүргийн газрын алба Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”-ийг газар эзэмших гэрээнд тусгахаар заасан.

2.3. Хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгч Ч.Б-д газар эзэмшүүлсэн ч дээрх хуульд заасны дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогджээ.

2.4. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж заасан үүргээ биелээгүй гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв  дүгнэсэн гэж үзлээ.

2.5. СХДГА 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17/2187 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр цар тахлын үед үйл ажиллагаа явуулах боломжгүй, цаашид газрын төлбөрийг хугацаанд төлөх талаар өргөдөл гаргаж, мэдэгдлийг хүчингүй болгуулахаар хандсан, улмаар нэхэмжлэгчид 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид дахин мэдэгджээ.

2.5. Үүний дараа нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр газрын төлбөрийг төлсөн нь хэрэгт авагдсан “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”[1]банкны шилжүүлгийн мэдээлэл[2] зэрэг баримтуудаар нотлогдож байна.

2.6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.

2.7. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, тэдгээрээс гаргаж өгсөн зураг зэрэг баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн “газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй” гэх үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүх энэ талаар “нэхэмжлэгч тухайн зориулалтын дагуу газраа ашиглаж байсан“ гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

2.8. Өөрөөр хэлбэл, хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгчтэй газар ашиглах гэрээ байгуулаагүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж буруутгах үндэслэлгүй.

2.9. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан.

2.10. Хариуцагч албан тушаалтан хуульд заасны дагуу тухайн нөхцөл байдлыг тодруулалгүй, маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус шийдвэр болжээ.

2.11. Тодруулбал  Ч.Б  нь 2014 онд газар эзэмших эрх үүссэнээс хойш газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн, тухайн газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй зэрэг  Газрын тухай хуульд заасан   эрх, үүргийн зөрчил гаргасан байдал тогтоогдохгүй байхад  Ч.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн СХДЗД-ын захирамж хууль бус байна.  

2.12. Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийсэн атлаа зөвхөн “газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, маргаан бүхий захирамжийг гарснаас хойш төлбөрөө төлсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий байх  шаардлагыг хангаагүй байна.

            3. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан СХДЗД-ын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай”  2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/631 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                          

 

                                                  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 52 дахь тал

[2] Хавтаст хэргийн 12, 13 дахь тал