Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 98

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2020       09            10                                    2020/ШЦТ/98

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт  От холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019001170079 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Ж.О

   Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Ж.О нь Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр баг “Хэтийн булаг”, мөн тус аймгийн Алтанширээ сумын 3 дугаар баг “Бааст” гэх газруудаас 2019 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын хооронд хохирогч З.А-ын 10 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, 9.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогч З.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 6, 7, 8 дугаар сард миний адуунаас 10 тооны адуу алга болсон.

2019 оны 6 дугаар сард Халтар азаргатай зөв талын гуяндаа хөвчтэй, саран тамгатай адуунаас;

1.бор зүсмийн морь, зөв талын гуяндаа хөвчтэй саран тамгатай,

2.зээрд зүсмийн морь, зөв талын гуяндаа саран тамгатай,

3.хонгор зүсмийн байдас, зөв талын ташаан толгой дээр УА тамгатай,

2019 оны 7 дугаар сард эрлийз зээрд азаргатай адуунаас;

1.зээрд зүсмийн гүү, зөв талын гуяндаа хөвчтэй, саран дэвсгэртэй 3 нүдний чандмань тамгатай,

2.бор хээр зүсмийн гүү, зөв талын гуяндаа англи F үсгэн тамгатай,

3.бор гүү /жороо/ зөв талын гуяндаа хөвчтэй, саран дэвсгэртэй, 3 нүдний чандмань тамгатай,

2019 оны 8 дугаар сард хүрэн /зээрд/ азаргатай зөв талын гуяндаа Ча тамгатай адуунаас;

1.бор зүсмийн зөв талын гуяндаа ташаа толгойруугаа харсан саран тамгатай, 2.халтар морь, зөв талын гуяндаа хөвчтэй, саран дэвсгэртэй, 3 нүдний

чандмань тамгатай,

3.шарга үрээ /хязаалан/ зөв талын гуяндаа хөвчтэй, саран дэвсгэртэй, 3 нүдний чандмань тамгатай

4.хойд 2 хөл өсгий цагаан хүрэн буурал халзан /хязаалан/ үрээ зөв талын гуяндаа хөвчтэй, саран дэвсгэртэй, 3 нүдний чандмань тамгатай. Нийт 10 тооны адууг Дорноговь аймгийн Иххэт сум “Хэтийн булаг” гэх газраас бэлчээр дээрээс нь алдсан...Улаанбаатар хотоос Дорноговь аймаг ороход зарцуулсан бензиний 132.000 төгрөгийг нэхэмжилж байна...надад эхлээд 4.800.000 төгрөгөөр нэг удаа, 120.000 төгрөгөөр нэг удаа, нийт 4.920.000 төгрөг өгсөн. 120.000 төгрөгийг нь миний Дорноговь аймаг руу ирж, очиход тээврийн хэрэгсэлдээ хийсэн шатахууны зардлаа суутгасан. Тэгэхээр 9.700.000 төгрөгөөс 4.800.000 төгрөгийг хасахаар үлдэгдэл 4.900.000 төгрөгийг авах ёстой...2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр миний хаан банкны дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-9-10, 108, 113/,

Гэрч Д.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 6 дугаар сарын дунд үед надруу Ж.О...залгаж “миний машины мотор эвдэрчихээд машинаа янзлах гэсэн юм, та надад мөнгө зээлүүлээч, оронд нь мал өгье” гэж хэлсэн. Тухайн үед би Ж.От “тэгвэл би адуу авна, өөр мал авахгүй” гэж тохирсон...5-6 хоногийн дараа Ж.О...“танд адуу бэлдчихсэн, та хүрээд ир” гэж хэлсэн. Би...58-26 ДГО улсын дугаартай цэнхэр өнгийн Пронтер маркийн автомашинтай, хүү Цэрэндоржийн хамт...“Хэтийн булаг” гэх газар Ж.Оын гэрт очсон. Ж.Оын гэрийн гадаа хар зүсмийн азаргатай адуунаас зээрд морь, бор морь, зээрд үрээ /сартай/ тамгыг нь мэдэхгүй байна, 3 адууг Ж.О бугуйлдаж барьж өгсөн...Ж.О уг 3 адууг надад зарахдаа “манай өөрийн адуу, азаргыг нь хүргэнээс авсан” гэж хэлж зарсан ...2019 оны 8 дугаар сарын эхээр Ж.О надруу утсаар “эгчээ, манай энд бороо ороод малдаа явах унаагүй болчихоод мотоцикль авах гээд танд мал зарья, та урьдчилаад 1.500.000 төгрөг өгчих” гэж ярьсан, би Ж.Оын Хаан банкны дансруу гар утсаараа мобайлдаж шилжүүлсэн. Үүнээс хойш...7-10 хоногийн дараа Ж.Отай утсаар ярьж хүү Цэрэндоржтой хамт...“Бааст” гэх газрын худаг дээр...очиход эрлийз хээр зүсмийн азаргатай, 10 гаруй тооны адууг Ж.О хураачихсан ганцаараа мотоцикльтой байж байсан. Ж.О адуугаа хашиж, өөрөө бугуйлдаж зээрд гүү, хээр гүү, бор байдас гэсэн 3 адуу барьж өгсөн. Тэр адуунд зөв талын гуяндаа хөвчтэй, саран дэвсгэртэй 3 нүдний чандмань тамгатай байсан ба тэр адуунд голдуу шарга, цайвар зүсмийн унага, гүүтэй адуу байсан...2019 оны 8 дугаар сарын 20-ны үед Ж.О утсаар “мөнгө хэрэгтэй болчихлоо, мөнгө зээлүүлээч, мал өгье” гэж ярихаар нь би 500.000 төгрөг Хаан банкны дансруу мал авахаасаа өмнө урьдчилж шилжүүлсэн...10 гаруй хоногийн дараа Ж.О надруу яриад “би “Бааст” гэх газар ирчихсэн байна, та ирээд адуугаа авчих” гэж хэлсэн...Баастын худаг дээр очиход Ж.О 10 гаруй тооны адууг хураачихсан байсан...Тэр адуунаас бор зүсмийн морь, шарга үрээ, хүрэн буурал хязаалан үрээ, зээрд хязаалан, 4 адууг өөрөө бугуйлдаж барьж өгсөн. Уг 4 адууны 2 адуу нь хөвчтэй саран дэвсгэртэй 3 нүдний чандмань тамгатай байсан...Үндсэндээ эхний удаад 3 адуу, дунд үед 3 адуу, сүүлийн удаад 4 адуу, нийт 10 адуу өгсөн, дансаар өгсөнтэйгөө нийлээд 7.600.000 төгрөгөөр худалдан авсан.” гэсэн мэдүүлэг /хх-17-18, 142-143/,

Ж.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн; “...Уг 10 адууны 7.800.000 төгрөгөөс машин мөргөсөн 3.000.000, мотоцикль авсан 1.950.000, нийт 4.950.000 төгрөгөө хасаад бодоход 2.850.000 төгрөгийг онцын зүйлд зарцуулалгүй хэрэглээндээ үрсэн байна. Мөн “Сольник” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг 2019 оны 7 дугаар сарын дундуур буюу улсын наадмын дараа авсан...Би эхний үйлдлээ хул зүсмийн 12 настай, бүдүүн мориор тууж байсан. 2, 3 дахь үйлдлүүдээ “Сольник” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклоороо туусан...10 тооны адууг 7.600.000 төгрөгөөр зарсан байна.” гэсэн мэдүүлэг /хх-13-14/,

Ж.Оын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хавьцаа...”Хэтийн булаг” гэх нэртэй газраар өөрийнхөө адууг эрээд явж байтал 20 тооны адуутай таарсан зүүн талын гуяндаа хөвчтэй саран тамгатай бор зүсмийн морь 1ш, зүүн талын гуяндаа саран тамгатай зээрд зүсмийн морь 1ш, хонгор зүсмийн шүдлэн үрээ нийт 3 ширэг морийг ашиг олох зорилгоор шилж аваад гэрийнхээ ойролцоо байх хашаанд оруулсан...Доржоо өөрийнхөө ээж Жаргалмаагийн хамтаар Пронтер маркийн ачааны автомашинтай ирж 3 адууг машинд ачиж, бэлнээр 2.200.000 төгрөг өгчихөөд яваад өгсөн.

Дараа нь 2019 оны 8 дугаар сарын эхээр “би танд мал зарья, та надад урьдчилгаа болгоод 1.500.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хэлтэл зөвшөөрөөд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн...Алтанширээ сумын “Бааст” гэх газраар явж байтал худагнаас зүүн хойшоо...Тэгшбаярын 26 тооны адуу байж байсан...хашиж байгаад зүүн талын гуяндаа амаадаа харсан хөвчтэй, саран тамгатай бор зүсмийн байдас 1ш, хөвчтэй, саран дэвсгэртэй 3 нүдний чандмань тамгатай, зээрд байдас 1ш, хөвчтэй, саран дэвсгэртэй 3 нүдний чандмань тамгатай хээр зүсмийн байдас 1ш нийт 3 адууг ашиг олох зорилгоор шилж бугуйлдаж барьчихаад...ченжид “адууг чинь бэлэн болгочихлоо, хүрээд ир” гэж хэлсэн. Доржоо ээж Жаргалмаагийн хамтаар Пронтер маркийн ачааны автомашинтай ирээд ачаад аваад явсан ба надад 3 адууны мөнгө гэж 400.000 төгрөгийг бэлнээр өгчихөөд явсан, өмнө авсан 1.500.000 төгрөг дээр 400.000 төгрөгийг нэмээд нийт 1.900.000 төгрөгийг би авсан.

Дараа нь 2019 оны 8 дугаар сарын дундуур мөнгөний хэрэг гараад байсан болохоор нь ярьсан. Жаргалмаа эгч надад 500.000 төгрөгийг шилжүүлсэн...хэд хоногийн дараа “Бааст” гэх газар очиход Тэгшбаярын 22 тооны адуу худаг дээр байсан...худгийн хашаа руу хөөж оруулаад хойд хоёр хөл өсгий цагаан хүрэн буурал зүсмийн хязаалан үрээ 1ш, зүүн талын гуяндаа хөвчтэй, саран дэвсгэртэй 3 нүдний чандмань тамгатай, шарга зүсмийн хязаалан 1ш, зүүн талын гуяндаа хөвчтэй, саран дэвсгэртэй 3 нүдний чандмань тамгатай зээрд үрээ 1ш, бор зүсмийн бүдүүн морь 1ш нийт 4 адууг бугуйлдаж барьчихаад ченж рүү залгаж “бэлэн болчихлоо” гэж хэлээд дуудсан, удалгүй Жаргалмаа хүү Доржоогийн хамт ирээд автомашин дээрээ ачаад 4 адууны мөнгө гэж 1.500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Өмнө авсан 500.000 төгрөгтэйгөө нийлээд 2.000.000 төгрөг болж байгаа юм. Тэгшбаярын адуунаас 3 удаагийн үйлдлээр 10 тооны адууг авч ченж Жаргалмаа, хүү Доржоо нарт өгсөн...би эхний үйлдлээ мориор туусан, тэр морь манай аав, ээжийн эзэмшлийн хул зүсмийн 12 настай бүдүүн морь байсан...махлаад өвлийн идшиндээ хэрэглэчихсэн...хоёр, гурав дахь үйлдлээ “Солник” мотоциклоор туусан...энэ мотоциклийг 2019 оны 11 дүгээр сард 1.500.000 төгрөгөөр зарчихсан.” гэсэн мэдүүлэг /хх-61-63, 134-136/,  

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 6 дугаар сарын 03-04-ний өдрийн хооронд өөрийнхөө 58-26 ДГО улсын дугаартай Пронтер маркийн автомашинтайгаа ээжийн хамт Алтанширээ сумын “Өлзийт булаг” гэх газарт Ж.Оын гэрийн гадаа...очиход малынхаа хашаанд хар азаргатай 10 гаруй тооны адууг хашчихсан байсан...Ж.О бор зүсмийн морь, зээрд морь, зээрд үрээ...3 адууг өөрөө бугуйлдаж барьж өгөөд машинд ачиж өгсөн...ээж Жаргалмаа худалдаж авсан 3 адууныхаа мөнгийг өгсөн... 2019 оны 8 дугаар сарын эхээр Ж.Оаас 3 адуу авсан ба би өөрийн ...автомашинтай ээж Жаргалмаагийн хамт Алтанширээ сумын “Бааст” гэх газрын худаг дээр очиход хашаанд 10 гаруй тооны зээрд азаргатай адуу хашаатай байсан ...адуунууд нь хөвчтэй саран дэвсгэртэй 3 нүдний чандмань тамгатай байсан ба уг адуунаас Ж.О нь хээр гүү, бор байдас, зээрд гүү гурвуулаа зөв талын гуяндаа хөвчтэй, саран дэвсгэртэй, 3 нүдний чандмань тамгатай адуу барьж өгсөн... адууны мөнгийг ээж Ж.От өгсөн. Ж.О энэ үед улаан өнгийн мотоцикльтой ганцаараа явж байсан. 2019 оны 8 дугаар сарын 20-ны үед ээж Жаргалмаагийн хамт...Баастын худаг дээр...очиход Ж.О улаан өнгийн мотоцикльтэй ганцаараа ирчихсэн байсан, хашааны гадаа 20 гаруй тооны хүрэн билүү зээрд зүсмийн азаргатай адуу байсан. Уг адуунаас Ж.О бор зүсмийн морь, шарга үрээ, хүрэн буурал хязаалан үрээ, зээрд хязаалан 4 адууг өөрөө бугуйлдаж барьж өгсөн...4 адууны тооцоо мөнгийг ээж Жаргалмаа Ж.От өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-15-16/,

Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Би хуурай ах Амгаланбаатарын 160 гаруй тооны адууг мөн малладаг. 2019 оны 6 дугаар сарын 20-ны үеэр Дорноговь аймгийн Иххэт сум “Хэтийн булаг” гэх газраас Амгаланбаатар ахын халтар азаргатай зөв талын гуяндаа хөвчтэй, саран тамгатай адуунаас бор зүсмийн морь, зөв талын гуяндаа хөвчтэй, саран тамгатай, зээрд зүсмийн морь, зөв талын гуяндаа саран тамгатай, хонгор зүсмийн байдас, зөв талын ташаан толгой дээр УА тамгатай 3 тооны адууг алдсан. Манай адуунууд “Хэтийн булаг”, “Өвсөн” гэх газруудад бэлчээрлэдэг байсан. 2019 оны 7 дугаар сарын 20-ны үеэр Дорноговь аймгийн Алтанширээ сумын “Бааст” гэх газар бэлчээрлэдэг байсан эрлийз зээрд азаргатай адуунаас зээрд зүсмийн гүү зөв талын гуяндаа хөвчтэй, саран дэвсгэртэй 3 нүдний чандмань тамгатай, бор хээр зүсмийн гүү зөв талын гуяндаа англи Р үсгэн тамгатай, бор гүү /жороо/ зөв талын гуяндаа хөвчтэй, саран дэвсгэртэй 3 нүдний чандмань тамгатай 3 тооны адууг бэлчээрээс нь алдаж уг адуугаа хэд хоног эрж хайгаад олоогүй. 2019 оны 8 дугаар сарын 20-ны үеэр Алтанширээ сумын “Бааст” гэх газраас хүрэн /зээрд/ азаргатай, зөв талын гуяндаа Ча тамгатай адуунаас бор зүсмийн зөв талын гуяндаа ташаа толгойруугаа харсан саран тамгатай, халтар морь зөв талын гуяндаа хөвчтэй, саран дэвсгэртэй 3 нүдний чандмань тамгатай, шарга үрээ /хязаалан/ зөв талын гуяндаа хөвчтэй, саран дэвсгэртэй 3 нүдний чандмань тамгатай, хойд 2 хөл өсгий цагаан, хүрэн буурал халзан /хязаалан/ үрээ зөв талын гуяндаа хөвчтэй саран дэвсгэртэй 3 нүдний чандмань тамгатай 4 тооны адуу бэлчээр дээрээсээ алга болсон. Сүүлийн 4 тооны адуу алга болох үед би өөрөө Иххэт сумын төвд явж байсан. Сумруу явахдаа саахалт айлын залуу Ж.От манай адууг харж байгаарай гэж захиж үлдээсэн. Ж.О надруу 18 цаг өнгөрч байхад утсаар “хүрэн азаргатай, зөв талын гуяндаа Ча тамгатай адуу чинь Алтанширээ сумын “Бааст” гэх газарт байна, энэ адуу чинь хэдэн адуу байдаг билээ” гэж асуухад “26 тооны адуу байх ёстой” гэж хэлэхэд Ж.О “адуунаас чинь 4 тооны адуу дутаж 22 тооны адуу байна” гэж хэлсэн. 1 цагийн дараа О дахиж надруу утсаар “4 морийг чинь олоод нийлүүлчихлээ” гэж хэлсэн. Дахиад 1 цагийн дараа залгаад “Алтанширээ сумын “Бааст” гэх газраас “Их хэт” сумын 1 дүгээр баг “Хэтийн булаг”-т танай адууг туугаад ирлээ” гэж хэлсэн. Маргааш өглөө нь О дахиж надруу утсаар “4 морь чинь байхгүй гэж ярьсан.” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,

Хохирогч З.А-аас Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-2/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 472, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаартай дүгнэлтүүд /хх-22, 27/,

Гэрч Д.Ж-ийн Хаан банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-32-50/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-70/,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-75/,

Ж.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-79/,

Ж.Оаас хохирол төлсөн баримтууд /хх-89-90, 145/,

Хохирогч З.А-аас гаргаж өгсөн Улаанбаатар хотоос Дорноговь аймаг ороход зарцуулсан бензиний 132.000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулсан тухай төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 665, 666 дугаартай дүгнэлтүүд /хх-148, 151/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, төлбөрийн талаар;

Шүүгдэгч Ж.О нь Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр баг, “Хэтийн булаг”, мөн тус аймгийн Алтанширээ сумын 3 дугаар баг, “Бааст” гэх газруудаас 2019 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын хооронд хохирогч З.Амгаланбаатарын 10 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, 9.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

хохирогч З.А-ын “... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 6, 7, 8 дугаар сард миний адуунаас 10 тооны адууг Дорноговь аймгийн Иххэт сум “Хэтийн булаг” гэх газраас бэлчээр дээрээс нь алдсан.” гэсэн мэдүүлэг /хх-9-10, 108, 113/,

гэрч Д.Ж-ийн “...Үндсэндээ эхний удаад 3 адуу, дунд үед 3 адуу, сүүлийн удаад 4 адуу, нийт 10 адуу өгсөн, дансаар өгсөнтэйгөө нийлээд 7.600.000 төгрөгөөр худалдан авсан.” гэсэн мэдүүлэг /хх-17-18, 142-143/,

гэрч Б.Цэ-ийн ”...Ж.О бор зүсмийн морь, зээрд морь, зээрд үрээ...3 адууг өөрөө бугуйлдаж барьж өгөөд машинд ачиж өгсөн...2019 оны 8 дугаар сарын эхээр...Ж.О хээр гүү, бор байдас, зээрд гүү гурвуулаа зөв талын гуяндаа хөвчтэй, саран дэвсгэртэй, 3 нүдний чандмань тамгатай адуу барьж өгсөн...2019 оны 8 дугаар сарын 20-ны үед бор зүсмийн морь, шарга үрээ, хүрэн буурал хязаалан үрээ, зээрд хязаалан 4 адууг Ж.О өөрөө бугуйлдаж барьж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-15-16/,

хохирогч З.А-аас Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-2/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 472, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаартай дүгнэлтүүд /хх-22, 27/, гэрч Д.Ж-ийн Хаан банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-32-50/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 665, 666 дугаартай дүгнэлтүүд /хх-148, 151/, зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Оын олон тооны мал хулгайлж, бусдад 9.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл холбогдлыг Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь холбогдох хуулийн зүйл, заалтад заасан бүх шинжийг хангасан, хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.О нь бусдын мал гэдгийг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр 10 тооны адууг бусдад худалдан борлуулсан, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар завшиж, ашиг олсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг “бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Ж.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 9.700.000 төгрөгийн бодит хохирол дээр Улаанбаатар хотоос Дорноговь аймаг ороход зарцуулсан бензиний 132.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ж.О нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгч Ж.О нь өөрийн гэм бурууг ойлгон ухамсарлаж,

2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 4.800.000 төгрөг /хх-89/,

2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр  120.000 төгрөг /хх-90/,

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг /хх-145/,

2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 2.700.000 төгрөг /хх-145/,

2020 оны 9 дүгээр сарын эхээр 80,000 төгрөг, 9 дүгээр сарын 10-ны өдөр 132.000 төгрөгийг тус тус төлж, хохирлыг бүрэн барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар;

          Шүүхээс шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.О нь 3 удаагийн үйлдлээр хохирогч З.А-ын адуун сүргийг бэлчээр дээрээс нь тууж, хашаанд хашиж нийт 10 тооны адууг бусдад худалдан борлуулж, хууль бусаар завшиж, ашиг олсон үйлдэл нь тодорхой цаг хугацаанд хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд, хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу шүүгдэгчийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.     

Шүүхээс шүүгдэгч Ж.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн, урьд “хулгайлах” гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг хувийн байдалд дүгнэлт хийж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа шударгаар хүлээж байгаа зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж, нэг жил арав хоногийн хугацаагаар хорих оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

          Шүүгдэгч Ж.От ял шийтгэл оногдуулахад учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Ногоон овогт Жаргалын Оыг “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3., 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтуудад заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Ж.О энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

6.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХТУНГАЛАГ